ЕХ-ноос “Apple”, “Google”, “Meta” компанийг монополын эсрэг хуулийг зөрчсөн эсэхийг шалгана
Европын холбоо саяхан цахим зах зээлийн хуулийг шинээр баталсан юм. Гуравдугаар сарын 7-ноос эхэлж хэрэгжсэн тус хууль нь технологийн томоохон компаниудыг өрсөлдөх орон зайг жижиг компаниудад гаргаж өгөх зорилготой.
Тэгвэл Европын монополын эсрэг агентлаг даваа гарагт /2024.03.25/ мэдэгдэл хийхдээ “Apple”, “Google”, “Meta” компанийг цахим зах зээлийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалгана гэжээ. Хэрвээ хууль зөрчсөн нь тогтоогдвол тэдгээр компаниуд их хэмжээний торгууль төлөх шаардлагатай болно.
Тодруулбал шинээр тогтоосон хуулийн дагуу Европын холбоо эдгээр компаниудын олон улсын нийт ашгийн 10 гаруй хувь хүртэл мөнгөн дүнгээр торгож болох юм. Европоос гадна АНУ-ын эрх баригчид өрсөлдөөнийг хаасан үйл ажиллагаа явуулсан байж магадгүй гэж үзэж буй.
Технологийн томоохон компаниуд цахим зах зээлийн хуулийн шаардлагыг биелүүлэхийн тулд мянга мянган инженер ажиллуулж байгаа хэмээн мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Европын комисс даваа гарагт компаниудын авсан арга хэмжээ хангалтгүй байж магадгүй хэмээжээ.
Энэ талаар Европын холбооны зах зээлийн асуудал хариуцсан дарга Тиерри Бретоноос хууль хэрэгжиж эхлээд хоёр долоо хонож байхад арай эртэдсэн шалгалт уу гэж асуусан байна. Үүнд тэрбээр “Хууль бол хууль. Бид зүгээр суугаад хүлээж болохгүй” гэж хариулсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.