Гадаад мэдээДЭЛХИЙ

Жо Байден Дональд Трампыг эрүүгийн хэргээр буулгаж авах уу

Дональд Трамп шүүхийн өмнө буруутгагдсан АНУ-ын түүхэн дэх анхны ерөнхийлөгч асан болсон. Түүний эсрэг үүсгэсэн шүүхийн хэргүүдийн цаг хугацааны сонголт анхаарал татаж буй. Тодруулбал сонгуулийн жилийн өмнө буюу 2023 онд түүнийг дөрвөн эрүүгийн хэрэгт буруутгасан юм. Үүнтэй холбогдуулан Жо Байден цор ганц өрсөлдөгчөө эрүүгийн хэргээр буулган авахыг оролдож байна уу гэх хардлага явж буй. Трампын хувьд бол яг л тийм зүйл болж байгаа гэх байр суурийг илэрхийлсэн.


АНУ-ын түүхэнд ерөнхийлөгч эсвэл ерөнхийлөгч асан шүүхийн өмнө гэмт хэрэгт буруутгагдаж байсан удаа үгүй. Гэтэл өнгөрсөн жил Ерөнхийлөгч асан Дональд Трамп эрүүгийн дөрвөн хэрэгт буруутгагдаж, АНУ-ын түүхэнд анхны удаа шүүхийн өмнө буруутгагдсан ерөнхийлөгч асан болсон юм.

Трамп болон түүний дэмжигчид эдгээр хэргийг улс төрийн хавчлага гэж үзэж буй. Өнгөрсөн жил өөрийнх нь эсрэг дөрвөн эрүүгийн үүсгэсний дараа Трамп “Болж байгаа зүйлсийг харвал энэ нь улс төрийн хавчлага гэдгийг та нар ойлгох болно. Америкийн хувьд их харамсалтай өдөр байна. Ийм зүйл хэзээ ч болох ёсгүй, Бүгд найрамдах намын анхан шатны сонгуулийг тэргүүлж мөн Байденыг илт илүүрхэж байгаа хүнийг хавчиж буй явдал. Хэрвээ ялж чадахгүй бол хавчиж, ял оноо гэдэг шүү дээ” гэсэн байдаг.

Зургийн эх сурвалж: History.com, White House

Түүнд эрүүгийн хэргээс гадна иргэний хэргүүд үүсгэсний нэг нь энэ жилийн эхээр явагдаж дууссан. Хурлын эцэст шүүгч Трампыг торгууль төлөхийг тушаасан юм. Тодруулбал Нью-Йорк хотын Манхэнттан дүүргийн шүүгч Артур Ф.Энгорон хоёрдугаар сард Дональд Трамп болон түүний хүүхдүүд, бизнес холбоотнууд, компанийг нь 355 сая ам.долларын торгуулийг хүүтэй төлж, Нью-Йорк мужид бизнес хийхийг нь гурван жилээр хоригложээ.

Трамп шүүгчийн гаргасан шийдвэрийг “Улс төрийн өрсөлдөгчөө дарах гэсэн зэвсэг... төгс компани, их мөнгө, гайхалтай үл хөдлөх хөрөнгө барьсан байхад шийтгэлээ” гэсэн юм.

Тэгвэл Нью-Йоркийн шүүх хурал болон түүний эсрэг ямар дөрвөн эрүүгийн хэрэг үүссэн байгааг харцгаая.

Нью-Йоркийн шүүх хурал

Энэ хэргийн шүүх хурал 2023 оны аравдугаар сараас 2024 оны нэгдүгээр сарын хооронд явагдаж дууссан. Шүүгч Артур Ф.Энгорон хоёрдугаар сарын 16-нд шийдвэрээ гаргасан.

Хэргийг Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Летита Жеймс 2019 оноос эхлэн шалгасан байна. Шүүх Трампыг зээл авч, гэрээ хэлцэл хийхийн тулд хөрөнгийн мэдээллээ худал мэдүүлдэг байсан буруутай гэж үзсэн юм.

Тодруулбал шүүгч Энгорон Трампын өөрийн “Trump Organization” компанийн дээд удирдлагуудтай хуйвалдан зөвшилцөж олон жилийн турш Трамп тауэр, Мар-а-Лаго зэрэг үл хөдлөх хөрөнгөнийхөө жинхэнэ үнийг хуурамчаар мэдүүлж банк, даатгалын компаниудыг хууран мэхэлсэн гэж дүгнэжээ.

Дональд Трамп залилангийн шүүх хурлын үеэр, зургийн эх сурвалж: Reuters

355 сая ам.долларыг хүүтэй төлөх ёстой гэж шүүгч Энгорон шийдсэн. Ерөнхий прокурор Жеймсийн ажлын хэсэг мэдээлэхдээ Трамп хүүд 98.6 сая ам.доллар төлөх ёстой гэж мэдээлсэн байна.

Үүнийг нэмбэл 453.3 сая ам.доллар болно. Шүүгч мөн түүний хоёр хүү Эрик Трамп, Дональд Трамп Жуниор нарт торгууль тавьсан тул нийт төлөх дүн 464 сая ам.доллар хүрсэн юм.

Торгуулийг төлөх хугацааг шүүх эхэндээ өнгөрсөн даваа гараг /2024.03.25/ хэмээн тогтоосон байсан юм. Тэгвэл даваа гарагт давж заалдах шатны шүүхэд хурал болж 464 сая ам.доллароос 175 саяыг нь эхний ээлжид төлж болно гэх шийдвэрийг гаргаж төлөх хугацааг 10 хоногоор сунгав.

464 сая ам.долларыг бүтнээр нь нэг удаа төлөхгүй болсон нь Трампын хувьд сайн мэдээ. Гэхдээ тэр 10 хоногийн дотор 175 саяыг төлж чадахгүй бол шүүхээс түүний хөрөнгийг хурааж авах юм.

1.Нью-Йорк - Ам таглахаар өгсөн мөнгөний хэрэг

Энэ хэрэг нь Дональд Трампыг шүүхийн өмнө буруутгагдсан анхны АНУ-ын ерөнхийлөгч асан болгосон. Уг хэргийг Нью-Йорк хотын Манхэттан дүүргийн Ерөнхий прокурор Элвин Брагг шалгасан юм.

Брагг Трампыг гэр бүлээс гаднах харилцаанд орсон эмэгтэйдээ амыг нь таглах мөнгө өгөхийн тулд бизнесийн бүртгэлээ хуурамчаар үйлдсэн гэж буруутгасан байна.

Тодруулбал 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө насанд хүрэгчдийн кино жүжигчин Сторми Даниэлст мөнгө шилжүүлжээ. Даниэлс энэ талаар ярихдаа Трамптай бэлгийн харьцаанд орсныхоо талаар ам нээхгүй бай гэж 130 мянган ам.доллар өөрт нь өгсөн гэсэн юм.

Сторми Даниелс, Дональд Трамп, зургийн эх сурвалж: BBC

АНУ-д ам нээхгүй байхаар мөнгө өгөх нь хууль бус зүйл биш. Гэхдээ Трамп энэ мөнгийг өгөхдөө ашигласан схем нь хууль бус гэж Ерөнхий прокурор Брагг үзээд буй.

Ам таглах мөнгөө бизнесийн бүртгэлээ хуурамчаар үйлдсэн хэмээн Трампын эсрэг 34 зүйл ангиар хэрэг үүсгэсэн байгаа. Тэрбээр эдгээр хэрэгт гэм буруугүй гэж мэдэгдэл гаргасан. Энэ хэргийн шүүх хурал даваа гарагт /2024.03.25/ эхлэх байсан ч хойшлогдож, дөрөвдүгээр сарын 15-нд эхлэх болсон юм.

Түүний эсрэг үүсгэсэн зүйл анги бүр 4 хүртэлх жилийн ял оноож болно. Гэхдээ шинжээчид түүнд хорих ял оноох магадлал бага гэж үзэж буй.

2. 2021 оны Капитолын бослого болон 2020 оны сонгууль

2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Вашингтон хотноо томоохон үйл явдал болсон. Сонгуульд булхай орж Жо Байден ялалт байгуулсан гэж эсэргүүцлийн жагсаал хийсэн Трампын дэмжигч нар Конгрессын байрт хүчээр нэвтрэн орсон билээ.

Энэ талаар АНУ-ын Хууль зүйн яам Трампыг сонгуулийн үр дүнг өөрчлөх гэж хууль бусаар хуйвалдсан эсэхийг шалгахын тулд мөрдөн байцаах ажлыг эхлүүлсэн. Мөрдөн байцаалтын ахлахаар АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд өмгөөлөгч Жэк Смитийг томилсон юм.

Шалгалтын явцад холбооны прокурорууд Трампыг сонгуулийн үр дүнг өөрчлөхийн тулд албаны хүмүүсийг дарамталж, албаар сонгуульд булхай орсон гэж худал мэдээлэл тараан, нэгдүгээр сарын  6-нд болсон бослогыг ашиглан Байдены ялалтыг баталгаажуулах явцыг удаашруулах гэж оролдсон гэж буруутгажээ.

2021 оны нэгдүгээр сарын 6-нд Конгрессын ордны өмнө цугласан жагсагчид, зургийн эх сурвалж: Los Angeles Times

Энэ хэрэг дээр прокурорууд түүний эсрэг 4 анги зүйлээр буруутгасан байна. Одоогийн байдлаар хэргийг Трамп давж заалдсан учир шүүх хурлын эхлэх өдрийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байгаа.

АНУ-ын Дээд шүүх Трампын өмгөөлөгчдийн дэвшүүлсэн ерөнхийлөгч асан бусад иргэний адил яллагдах боломжгүй гэх аргументыг авч хэлэлцэж, шийдвэр гаргана. Дээд шүүх энэ талаар дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тус аргументыг сонсголыг явуулж зургаадугаар сар гэхэд шийдвэрээ гаргах юм.

Гэхдээ шүүх хурал арваннэгдүгээр сарын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө болох магадал бага байгаа. Мөн Трамп ялалт байгуулбал ерөнхийлөгчийн эрхээ ашиглан өөртөө өршөөл үзүүлж болно.

3.Жоржиа мужийн сонгуулийн хэрэг

2020 оны ерөнхийлөгчийн сонгуулиар бас нэг дуулиант хэрэг болсон нь Жоржиа мужид явуулсан санал хураалттай холбоотой. Энэ хэргийн мөрдөн байцаалтыг тус мужийн прокурор Фани Уиллис явуулж буй.

Трамп болон бусад 18 хүн Жоржиа мужийн санал хураалтын үр дүнг өөрчлөхөөр хуйвалдсан гэж үзсэн байна. Энэ хэргийг мөрдөн байцаах болсон шалтгаан нь Трампын "11,780 ширхэг санал ол" гэж Жоржиа мужийн сонгуулийн томоохон албан тушаалтан руу ярьсан дуудлага нь ил болсон явдал юм.

Прокурорууд түүнийг 13 зүйл хэрэгт буруутай гэж үзсэн. Одоогийн байдлаар шүүгч тэдгээрээс гурван зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгосон байгаа. Прокурорууд шүүх хурлыг наймдугаар сард эхлүүлэхийг зорьж буй. Гэхдээ шүүх хурал эхлэх өдрийг тодорхой болгоогүй байна.

Дональд Трампын шоронгийн зураг, зургийн эх сурвалж: ABC News

Жоржиа мужийн сонгуулийн хэрэг нь Дональд Трампыг шоронгийн зураг авахуулахад хүргэсэн гэдгээрээ интернэтэд алдартай. Хэрэг үүсгэснээс хойш яллагдагчаар татагдсан Трампын өмгөөлөгч асан Сидни Пауэлл, Кеннет Чесебро нар гэм буруугаа хүлээсэн байгаа юм.

4. Нууц материалын хэрэг

Гуравдугаар хэрэгт дурдсан өмгөөлөгч Жэк Смитийн мөрдөн байцаах ажлыг нь ахлан явуулж буй өөр нэг зүйл нь нууц материалын хэрэг. АНУ-ын Хууль зүй яамнаас Трампын эсрэг хоёр хэрэг үүсгэсний нэг нь энэ юм.

Прокурорууд Трампыг дээд зэргийн нууцлалтай материалыг хууль бусаар зөөж, хадгалсан хэрэгт буруутгаад буй. Тэд түүнийг мөрдөн байцаагчдын шаардсан бичиг баримтыг нуун дарагдуулахын тулд өөрийн туслах, өмгөөлөгчтэйгөө хамтран ажилласан гэж үзжээ.

Тэдгээр нууц баримт бичгүүдэд Америкийн ердийн болон цөмийн зэвсгийн хөтөлбөрүүд, АНУ-ын батлан хамгаалах бодлогын сул талууд, гадаадын довтолгоонд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө гэх мэт зүйлс байжээ. Трамп энэхүү чухал баримтуудыг бүжгийн өрөө, шүршүүр, оффисын болон унтлагын өрөөндөө хадгалсан гэдгийг прокурорууд онцолсон байна.

Хадгалсан байсан нууц материалууд, зургийн эх сурвалж: PBS News

Гэртээ авчирсан баримтуудаа Трамп албаныханд мөрдөн байцаалтын үеэр хураалгахгүйн тулд нуужээ. Дээрээс нь Трампын өмгөөлөгч нар түүний эзэмшилд байсан бүх нууц бичиг баримтыг шилжүүлж өгсөн гэж Холбооны мөрдөх товчоонд худал мэдэгдсэн байна. Тэд мөрдөн байцаагчдыг санаатайгаар төөрөгдүүлээгүй хэмээсэн юм.

Түүнтэй хамт туслах Уолт Наута, үл хөдлөх хөрөнгийн менежер Карлос де Оливейра нар холбооны мөрдөн байцаагчдаас баримт нуун дарагдуулах гэж оролдсон гэх хэрэгт буруутгагдсан юм.

Нууц баримттай холбоотой хэрэгт Трамп нийтдээ 40 анги зүйлд буруутгагдаад буй. АНУ-ын дүүргийн шүүгч Эйлин Кэннон шүүх хурлын товыг тавдугаар сарын 20-нд гэж тогтоосон ч хойшлогдож магадгүй гэдгийг онцолсон байна.


Дээр дурдсан шүүхийн хавтаст хэргүүд бүгд 2023 онд үүсгэгдсэн. АНУ-ын албан тушаалтнууд Сонгуулийн жилийн яг өмнө, кампанит ажлаа явуулах үед нь ийнхүү иргэний болон эрүүгийн хэргүүдийн шүүх хурлыг нь эхлүүлэхээр ажиллаж байгаа нь сонирхол татмаар.

Энэ жилийн сонгуульд Ардчилсан намаас Байден, Бүгд найрамдах намаас Трамп өрсөлдөх нь тодорхой болсон. Ер нь бол Байдентай өрсөлдөх хүн Трампаас өөр байхгүй. Гэтэл хоёр том өрсөлдөгчийн нэг нь сонгуулиас нэг жилийн өмнө хууль эрх зүйн асуудалд орлоо. Ийм учраас зарим Трампыг дэмжигчид Байден түүнийг эдгээр хэргүүдээр дарж авахыг оролдож байна гэж үзэж буй.

Эх сурвалж: Associated Press, BBC, NPR

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-29 08:11

Энэ зөнөг өөрөө гэр бүлээрээ авилгач шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button