Top StoriesНийгэм ярилцлага

Сэтгэлийн шархны көүч Ц.Батшүр: Богино хугацаанд үр дүнтэй аргаар асуудлыг нь шийддэг

Траума гэх үг сүүлийн үед сэтгэл судлалын салбарт түгээмэл яригдах болжээ. Хэн нэгний сэтгэлд шарх үлдээсэн үйл явдлын талаар хөндөөд байх нь хэцүү ч гэлээ насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүдийн ирээдүйн амьдралд чухал нөлөө үзүүлдгийг судалгаагаар нотлоод байгаа юм. Бид сэтгэлийн шарх, траума гэж их ярьдаг ч нөгөө талаар үүнийгээ сайн таньж мэддэггүй. Таны сэтгэлийн мухарт далд хэлбэрт та өөрөө ч санахгүй, мэдэхгүй, бүр төсөөлж ч чадахгүй зүйлсээс та траума буюу сэтгэлийн шархтай болчихсон байдаг. Энэ нь буцаад таны амьдралд нөлөөлж, заримдаа бүр сэтгэл гутралд оруулж, амьдралыг хэцүү болгодог. Иймээс манай улсад саяхнаас л танигдаж эхэлж байгаа мэргэжлийн нэг болох Сэтгэлийн шархны көүч Ц.Батшүртэй ярилцлаа.

-Сэтгэлийн шархны көүч гэхээр хүмүүст шинэлэг нэр томьёо ч гэсэн бидний амьдралын нэг хэсэг. Таны бодлоор сэтгэлийн шарх гэдэг ойлголтын талаар ярилцлагаа эхэлье.

-Сэтгэлийн шарх гэдэг зүйлийг хүмүүс сүүлийн үед их ярих болсон. Биднийг бага байхад энэ талаарх ямар ч мэдлэг, мэдээлэл байхгүй байлаа шүү дээ. Хүний амьралд сайн муу, сайхан муухай зөндөө л асуудал гарч байгаа. Хүнд хэцүү зүйлс тохиолдохоор тухайн хүнд таагүй мэдрэмжийг үлдээчихдэг. Дээрээс нь тархийг гэмтээчихдэг. Энэ таагүй мэдрэмжээр амьдралаа удирдуулаад яваад байхыг л сэтгэлийн шарх гэж яриад байгаа юм.

-Сэтгэлийн шарх гэдэг зүйлийг эдгээхгүйгээр урагшлах ямар ч боломжгүй-

Гэрэл зургийг Б.Мягмарбаяр

-Өмнө нь 10 гаруй жил барилгын салбарт ажилласан гэлээ. Тэгэхээр энэ салбарт хэзээ, яаж оров?

-Би гуравдугаар курсээсээ ар гэр, мөнгөний асуудлаас болоод чөлөө авах шаардлагатай болсон. Тэгээд сургуулиасаа чөлөө авсан хүн чинь мөнгө олохын тулд хар бор ажил хийж эхэлсэн л дээ. Тухайн үед олон төрлийн ажил дундаас барилгын ажил арай цалин өндөр юм байна гэдгийг мэдээд “Ганцхан сар л ажиллаад үзье” гэж эхэлж байсан ажлаараа 10 гаруй жил ажилласан байдаг.

Багаасаа л ямар нэгэн зүйлд суралцах дуртай нэгэн байсан. Хэдий би барилга дээр ажилладаг байсан ч хажуудаа байнга бал дэвтэр цүнхлээд л явдаг байсан л даа. Ковид гарснаас хойш миний хувьд аз завшаантай зүйл болсон. Учир нь тухайн үед хувь хүний хөгжлийн сургалтууд цахимаар явагдаад эхэлсэн. Тэр цагаас л бага багаар сургалтад суух эхлэл минь тавигдсан. Ковидын дараа ч гэсэн танхимаар сургалт ороход нь очиж суудаг болсон. Хэдий хүсэл сонирхлоороо сургалтад суудаг байсан ч гэсэн миний хүсэж байсан өөрчлөлт гарч өгөхгүй байсан. Тэгээд л миний дотор нэг зүйл болохгүй байгаа юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн. Энэ чухам юу байсан бэ гэвэл "Би өмнөх амьдралдаа маш том сэтгэлийн шарх авчихсан байсан юм. Тэрийгээ хэнд ч хэлэхгүй дотроо буглаад л яваад байсан. Энэ чигээрээ удаан хугацаанд явчихсан болохоор бие болон сэтгэлд маш хүчтэйгээр нөлөөлж хэдий урагшлах алхмууд алхам тутамдаа хийж байсан хэдий ч ахиц гарахгүй байсан. Тэгээд л би сэтгэлийн шарх гэдэг зүйлийг эдгээхгүйгээр урагшлах ямар ч боломжгүй юм байна гэдгийг ойлгоод өөрт таарсан сургалт, багшийг хайж эхэлсэн. Хамгийн азтай нь яг тэр үед "Nara Thompson" багш гарч ирсэн юм. Багш минь нийгэмд дардаг, нуудаг сэдвүүдийн нэг болох сэтгэлийн шархны сургалт явуулж көүч нарыг бэлддэг байсан. Тэр цагаас хойш би сэтгэлийн шархны тухай шат дараалалтай суралцаад өнөөдөр сэтгэлийн шархны көүч гэдэг мэргэжлийг эзэмших хэмжээнд хүрчихсэн байна даа.

-Манай улсад сэтгэлийн шархны көүч хэмээх нэршил хэдийд орж ирсэн юм бол?

-Манайд сэтгэлийн шархны көүчээр ажилладаг хүмүүс байдаг үгүйг нь мэдэхгүй. Гэхдээ сэтгэлзүйчид, хүний хөгжлийн төвийн багш нар энэ чиглэл рүү хөрвөөдөг. Миний мэдэхийн одоогоор бол сэтгэлийн шархны көүч мэргэжлээр нарийсаад сураад төгссөн таван хүн байгаа. Сүүлийн үед сэтгэлийн шарх гэдэг зүйлийг эдгээхгүй бол хэчнээн сайн сайханд уриалсан ч төдийлөн өөрчлөлт гардаггүй. Өөрөөр хэлбэл сэтгэлийн шарх гэдэг нь хүний өөрчлөлтийн эх үндэс нь юм байна гэж үзээд мэргэжил болох хүртлээ яригдаж, дэвшигдэж ирсэн.

-Саяхан л сургалтаа төгссөн шүү дээ. Одоогоор хэр олон хүн хандаж байна. Таны нээсэн Фейсбүүк групп дээр талархлаа илэрхийлсэн олон хүн байсан?

-Миний хувьд өмнө нь хувь хүний хөгжлийн сургалтаар сураад сууриа маш сайн бэлдчихсэн байсан. Одоо над руу хандаж байгаа хүмүүсийн дийлэнх нь сайн сайхан талаа мартчихсан, дандаа л өөрийгөө гоочилдог, сэтгэл ханамжгүй байдалтай болчихсон байдаг. Тухайн хүмүүстэй хамгийн түрүүнд ярилцаад хувь хүнийх нь талаар ойлголтуудыг оношлоод “Чи ийм, ийм давуу талуудтай юм байна. Чамд амжилтад хүрэх маш том боломж байна” зэрэг өөрийнх нь мэдэхгүй өнцгүүдийг хэлж өгдөг. Ингэснээр үйлчлүүлэгч нар минь “Би энэ хорвоод маш олон зүйлийг хийх боломжтой юм байна” гэсэн ойлголтыг олж хардаг.

Монгол хүмүүсийн хувьд олон улсад сэтгэлийн шарх маш ихтэй гэж тооцогддог. Бид нийгэм, соёлоосоо хамаараад багаасаа л аав ээжтэйгээ нээлттэй ярьдаггүй, ярьсан ч бидний мэдрэмжийг ойлгодоггүй байсан болохоор өмнөө тулгарч буй асуудлуудаа дотроо нуугаад буглуулчихдаг. Энэ нь цааш явсаар сэтгэлзүйн асуудлууд руу түлхээд оруулчихаад байдаг. Тэгэхээр сэтгэл хөнгөн амьдаръя гэвэл мэдрэмжээ илэрхийлж байх хэрэгтэй. Мөн дотор байгаа асуудлуудаа сэтгэлзүйч, көүч, ментор зэрэг мэргэжлийн хүмүүсээс тусламж авч сэтгэлээ эмчлүүлж байх хэрэгтэй.

-Насны хувьд хэдээс хэдэн насны хүмүүс хандаж байна вэ?

-Хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь 30-аас дээш насны эмэгтэйчүүд байдаг. Над руу ч гэсэн мөн адил 30-50 насны эмэгтэйчүүд илүү холбогдож, көүч хийлгэдэг.

Хүн болгоны дотор дотоод хүүхэд гэдэг зүйл байдаг. Тэр дотоод хүүхэд бага насандаа шарх авчихсан байвал тэр насандаа л гацаад үлдчихдэг. Хэдий бид 30,40,50 настай хүмүүс харагдаж байгаа ч ухамсрын нас нь 6,9,14 гэдэг ч юм уу тэр хүүхдийн сэтгэхүйгээр амьдралдаа хандаад байдаг. Өөрөөр хэлбэл том болсон жоохон хүүхдийн сэтгэхүйтэй хүмүүс л амьдралын жүжиг тоглоод яваад байна. Тийм учраас энэ дотоод хүүхэд гэдэг зүйлийг нэн түрүүнд чөлөөлөх хэрэгтэй. Гомдсон, айсан тэр дотоод хүүхдийг чөлөөлж одоо байгаа насан дээрээ ирүүлэх хэрэгтэй байдаг.

Надад хандаад маш том эдгэрлийг авсан нэгэн эмэгтэйн жишээг дурдахад, “Тухайн эмэгтэйг бага байхад аав ээж нь “Миний охин ч мундаг шүү. Өөрөө өөрийгөө болгоод, амиа аваад явчихна даа. Энэ хүүхдэд ч санаа зовох зүйл байхгүй, мундаг юм чинь” гэсэн хандлагыг гаргаж тоохгүй ч гэдэг юм уу өөрөөс нь арай сул дорой, хайр халамж их шаардсан хүүхдэдээ илүү анхаарал тавиад явчихдаг байсан байгаа юм. Тэгэнгүүт тухайн хүүхэд “Манай аав ээж зөвхөн ах, дүүг минь надаас илүү үздэг. Намайг тоодоггүй, хайрладаггүй” гэсэн ойлголтыг багаасаа авчихсан байгаа юм. Өөрөөр хэлбэл эцэг эхээсээ хайр горьдсон жоохон хүүхэд болоод явчхаж байна шүү дээ. Хэдий энэ эмэгтэй том болсон ч гэсэн миний зааварласнаар аав ээждээ чин үнэнээр гомдоллож дотроо буглаад байгаа бодлуудаа хэлсэн байдаг. Ингэхдээ, “Та намайг бага байхад ах дүү нараас илүү үздэггүй, хайрладаггүй, анхаардаггүй байсан” гэж ярьж байх жишээний. Харин ээж нь, “Үгүй ээ. Ээж нь чамд итгэж ирээдүйд амьдралаа хангалттай аваад явна гэж боддог байсан болохоор ах, дүү нарт чинь илүү их хайрыг зориулаад байсан юм” гэдэг үгийг сонсоод тэр хүн өмнө нь бодож байсан сөрөг бодлууд нь эерэг болж ирсэн.

Мөн өөр нэг үйлчлүүлэгчийн талаар ярих юм бол, “21 насандаа би нэгэн хүнтэй учирсан. Нээх удалгүй тэр залуу намайг хуурч байсан. Үүнийг нь би уучилсан ч гэсэн цаашлаад гар хүрч зоддог болсон. Энэ бүх зүйлээс болж би бие болон сэтгэлийн шархыг таван жилийн турш амсаж байсан. Ингэж зовохдоо яагаад тэр хүнийг нэг ч удаа цагдаад өгөөгүй хүлцэн тэвчээд яваад байдаг байсан. Энэ бол миний хамгийн том алдаа” гэж ярьж байсан.

Үүнээс харахад нийгэмд маш их хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүд байдаг юм байна. Эдгээр хүмүүс 5,10,20 жил амьдрал гэдэг нэрийн доор тэвчээд амьдраад ирсэн байна. Яагаад тэвчээд байна вэ гэхээр, маш их хүлцэнгүй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэггүй, өөртөө итгэлгүй хүмүүс байгаад байдаг. Энэ байдлыг хэн бий болгочихсон бэ гэхээр нөгөө л эцэг эх нь багаас нь хаалттай өсгөсөнд л хүн өөрийн гэсэн үнэ цэнийг мэдэхгүй хүчирхийлэлд олон жил зовоод байгаа байж таарсан.

-Бид сэтгэлийн шархаа далдалж нуухдаа гаргуун. “Зүгээрээ” гэдэг энгийн боловч их хүчтэй үгээр өнөөх шархаа бүтээж, хөнгөхөн санаа алдалт, зөөлөн инээмсэглэлээр илж орхидог-

-Дандаа л эмэгтэйчүүд ханддаг бололтой?

-Тийм ээ. Надад хандсан хүмүүсийн 90 хувь нь эмэгтэй. Хувь хүний хөгжлийн сургалтад сууж байгаа хүмүүсийн хүйсийг харахад дандаа л эмэгтэйчүүд байдаг. Энэ мэт зүйлээс болоод эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоцрох хандлага байгаад байдаг. Учир нь хэн бүхэнд ойлгомжтой санагдах байх. Жишээ нь “Эрэгтэй юм байж яасан шалчигнасан юм, чимээгүй байгаач. Эрэгтэй хүн хэзээ ч уйлдаггүй юм” зэргээр эрэгтэй хүүхдүүдийг багаас нь мэдрэмжийг нь маш ихээр дарчихсан байгаад байдаг. Ингээд доторхоо хэнд ч уудалдаггүй эрэгтэйчүүдийн хувьд архи, тамхи, мөрийтэй тоглоом зэрэг донтолтуудаар сэтгэлийнхээ хэцүү байгаа байдлыг түр аргацааж байдаг юм билээ. Надад эрэгтэй хүмүүс ч гэсэн олон хандаасай гэж хүсдэг.

-Хүн, хүний сэтгэлийн шархнаас хамаарч харилцан адилгүй цагаар көүчээ хийдэг үү?

-Надад хандсан хүмүүстэй эхний ээлжид уулзаж ярилцаад шарх нь хүнд, хөнгөн зэргээс шалтгаалаад 1-4 удаагийн уулзалт хийдэг. Эхлээд онлайнаар тэр хүн юу л яримаар байна, тэр бүгдийгээ ярь гэдэг. Тэрэн дундаас нөгөө хүнээ оношлоод дараа нь уулзаж ажилладаг.

-Сэтгэлийн гэмтэл авч байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?

-Сэтгэлийн гэмтэл янз янзаар илэрч болдог. Нэг хэсэг нь уйлаад, нөгөө хэсэг нь чив чимээгүй болох нь ч бий. Сэтгэлийн гэмтэлд өртөх магадлалтай хүмүүс нас бага байх тусам өртөх магадлалтай. Учир нь ухамсарт тархи нь бүрэн хөгжөөгүй байдаг тул тодорхойгүй байдал нь л нэмэгдээд байдаг гэсэн үг. Тодорхойгүй байдал нэмэгдсэн учраас хариулт ерөөсөө гарч ирдэггүй. Яагаад гэдэг асуултын хариуг олж чадахгүй байна гэдэг маань илүү их гэмтэх магадлалтай байгааг илэрхийлдэг.

-Сэтгэлзүйн асуудлуудтай хүн удаан хугацаанд дотроо тээгээд яваад байвал бие нь дагаад өвдөөд эхэлдэг-

-Бид сая олон янзын мэдрэмжийн тухай ярилаа. Тэгвэл энэ сэтгэлийн шарх гэдэг зүйл бидний бие эрхтэнд хэрхэн нөлөөлдөг юм бэ?

-Сэтгэл өвдвөл бие өвдөнө гэдэг үг байдаг. Сэтгэлзүйн асуудлуудтай хүн удаан хугацаанд дотроо тээгээд яваад байвал бие нь дагаад өвдөөд эхэлдэг. Хамгийн түрүүнд мэдрэгддэг эрхтэн бол ходоод. Мөн сүүлийн үед хортой болон хоргүй хавдрууд, онош нь тодорхойгүй өвчнүүд ч бий болж байна. Энэ бүх зүйл ерөөсөө л гомдол, харуусал, уур зэрэг сөрөг сэтгэлийн мэдрэмжүүдээс үүсэлтэй. Бид сэтгэлзүйн асуудлаа шийдэхгүй яваад байх юм бол өөрсдийнхөө биеэ өвтгөөд эхэлдэг.

Маш удаан хугацаанд гомдол тээсэн хүмүүсийн эцсийн зам нь зүрх, хавдрын өвчлөл байгаад байдаг. ХАВ ДАР гэдэг үгийг бас ингэж ойлгож болно. Бид сэтгэлийнхээ асуудлыг хав дарсаар байгаад хавдар тусах асар өндөр эрсдэлтэй. Тийм болохоор хүн аль болох гомдлоо тайлж аль болох өнгөрсөнд харууссан харууслаа тавьж явуулж, өөрийгөө уучилж сурах хэрэгтэй.

-Хүн ямар нэгэн хүнд зүйл болохоор сэтгэлзүйчид ханддаг. Та бүхний хувьд тэдгээр хүмүүсээс  ялгарах онцлог нь юу вэ?

-Сэтгэлзүйч бол өнгөрсөн дээр илүү ажилладаг хүнийг хэлдэг. Тухайн үйлчлүүлж байгаа үйлчлэгчээ аргадсан, аясаар нь байх зөөлөн энергитэй хүмүүс байгаад байдаг. Бидний хувьд илүү хурдтай өнгөрсөн болон ирээдүй хоёрыг холбож ажилладаг. Көүч хүн бол сэтгэлзүйчийг бодвол хурд ихтэй хүмүүс байна уу даа гэж харсан. Тэгэхээр миний хувьд богино хугацаанд маш өндөр үр дүнтэй аргыг хэрэглэдэг.

Магадгүй сэтгэлзүйч 8-10 минутын уулзалтаар тэр хүний сэтгэлийн шарх нь дээр нь ажиллаж байхад миний хувьд 3-4 удаагийн уулзалтаар маш богино хугацаанд өндөр дүн, өөрөөр хэлбэл сэтгэлийн шархтайг нь тойруулаад байх биш халз тулуулдаг аргыг хэрэглэдэг.  

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Өнгөрсөнд бидэнд харамсах зүйл маш олон байж болно. Гэхдээ бид өнөөдрөөрөө амьдрах шаардлага гарч байгаа. Амьдрал өөрөө дандаа үргэлжлээд л явдаг. Дуусахгүй үргэлжилдэг.

Бид ч гэсэн амьдралын л нэг хэсэг. Хүмүүс биднийг яаж анхаарах бол гэдэг дээр бид санаа зовдог. Хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол. Тэрийгээ залгичихсан гэж байна. Энийгээ залгичихсан байна гэж тэрэн дээр хэт их анхаарал тавьж өөрөө өөрийгөө буруутгасан буруутгал дээрээ  нэмээд хүмүүс намайг яаж харах бол доо. Хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг дээр төвлөрөх нь тийм сайн зүйл биш. Харин өнөөдөртөө санаа тавь.

Зарим нь хэтэрхий ирээдүйд санаа тавиад байдаг. Өнгөрсөнд гэдэг нь нөгөө харамсалтайгаа хамт насан туршдаа амьдраад байдаг. Ирээдүйд гэхээр хүмүүс намайг яаж харж байгаа бол, намайг юу гэж байгаа бол,  ирээдүйд би хүнтэй сууж болох юм болов уу? Болохгүй юм болов уу гэж.  Хань ижлээ алдсан хүн ихэнхдээ ийм зовлонд учирдаг шүү дээ. Хүмүүс намайг муухайгаар хэлэх байх гэж. Тэгж амьдрах хэрэггүй. Заримдаа бид өнөөдөртөө амьдрах шаардлага гардаг. Өөрөө өөртөө өнөөдөр. Яагаад гэвэл амьдрал үргэлжилсээр байх болно. Нэгэнт үргэлжилж байгаа энэ амьдралд бид олдож байгаа аз жаргалынхаа амтыг нь мэдэрч амьдрах нь сайн зүйл. Амьдрал дуусаагүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Anna
Anna
3 сар 31, 2024 07:58

Ps#aaa psychiatrist blh gj ingj ih zowoh herg bgmuda nadad. Anghad zurgan jil, rezindented 2 jil...etc.

Зочин
Зочин
3 сар 31, 2024 12:54

Кк
Мөнгө

Зочин
Зочин
3 сар 31, 2024 13:19

Тоосгоо өр.чаддаг юмаа хий

Заас
Заас
3 сар 31, 2024 15:11

Нээхч мундаг гэж хэлж чадахгүйч өөриигөө өөрчилсөндсөнд мундаг гадаадад гарч суруул их юм мэдэн шүүү тэд чинь биднээс маш олон зуун жилээр хөгжиж байнашдэээ көүчээр

Зочин
Зочин
4 сар 1, 2024 01:08

Би чадна юм бишүү. Онлайн сург�##�танд суунгуутаа өөрийгөө бараг сэтгэлзүйч гээд бодчихсон барилгачин бнашд…

Холбоотой мэдээ

Back to top button