Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙХөрөнгийн, Крипто зах зээлЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

FTX: Дэлхийн гуравдах том криптовалют арилжааны компани дампуурч, $11 тэрбумын хохирол учруулсан түүх

Товч агуулга: Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.03.28/ АНУ-ын шүүх “FTX” компанийн захирал асан Сэм-Банкман Фридийг хөрөнгө оруулагчдаас 8 тэрбум ам.долларыг завшсан гэм буруутай гэж үзэн 25 жил хорих ял оноосон. Мөн шүүх түүнийг 11 тэрбум ам.доллар буцаан төлөхийг тушаасан юм. Тэгвэл нэгэн цагт дэлхийн гуравдах хамгийн том криптовалютын арилжааны платформ байсан “FTX” компани хэрхэн дампуурсан бэ?


АНУ-ын дүүргийн шүүгч Люьис Каплан ял оноохдоо Банкман Фрид хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй гэдгийг онцолсон юм. Каплан “Тэр буруу юм хийж байгаа гэдгээ мэдэж байсан. Гэмт хэрэг гэдгийг нь ч мэдэж байсан. Тэр баригдах эсэх дээрээ муухан бооцоо тавьсандаа л харамсаж байгаа. Харин тэр олгогдсон эрхийнхээ дагуу буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөнгүй” гэжээ.

Зургийн эх сурвалж: CNN

Хурлын үеэр Банкман-Фрид 20 минутын турш үг хэлэхдээ “FTX”-ийн хэрэглэгчид хохирсон хэмээж мөн хамтран ажиллагсдаасаа уучлал гуйсан байна. Харин гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй юм.

Холбооны прокурорууд хурлын дараа 11 тэрбум ам.долларын нөхөн төлбөр тавьж буйдаа тайлбар хийжээ. Тодруулбал 8 тэрбум нь Банкман-Фрид “FTX” компанийн үйлчлүүлэгчдийг залилан мэхэлж, өөртөө завшсан мөнгө болон олсон мөнгөө угаахад ашигласан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой.

Нэмж 1.72 тэрбум ам.доллар төлөх нь хөрөнгө оруулагчдыг хуурч босгосон хөрөнгө оруулалтын нөхөн төлбөр юм. Үлдсэн 1.3 тэрбум ам.доллар бол “FTX”-ийн арилжааны зээлдүүлэгчдэд төлөх ёстой дүн.

“FTX” компанийн түүх

“Futures Exchange” буюу “FTX” компанийг Сэм Банкман-Фрид болон Гэри Ванг нар 2019 оны тавдугаар сард үүсгэн байгуулсан. Тус компани нь “Alameda Research” нэртэй худалдааны фирм дор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

“Alameda Research” фирмийг Банкман-Фрид, түүний найз экс охин Кэролин Эллисон болон “Jane Street” компанид ажиллаж байсан хүмүүс 2017 онд үүсгэн байгуулжээ.

Дэлхийн хамгийн том криптовалютын арилжааны платформ болох “Binance” компанийн захирал Жао Чангпенг “FTX” фирмийг үүсгэн байгуулагдсаны дараа тус компанийн 20 хувийг 100 сая ам.доллароор худалдаж авсан юм.

“FTX” нь үүсгэн байгуулагдсаныхаа дараа “Liquid Global”, “LedgerX”, “Blockfolio” гэх мэт өрсөлдөгчдөө өндөр дүнтэй худалдан авах замаар зах зээлдээ ноёрхол үүсгэсэн.

Мөн тус компани Super Bowl гэх мэт томоохон тэмцээнүүдэд сурталчилгаагаа тавьж, “NBA”-ийн Miami Heat багийн цэнгэлдэх хүрээлэнд компанийхаа нэрийг өгөх зэргээр өндөр дүнтэй маркетинг хийсэн юм.

Miami Heat багийн цэнгэлдэх хүрээлэн, зургийн эх сурвалж: Bizjournals

Эдгээр маркетингийн кампанит ажил нь хүмүүс тус компаниас үүсгэж өгсөн дансанд мөнгөө байршуулж, дундаж банкнаас илүү өндөр ашиг олох боломжтой гэж амлаж байв.

2021 онд Биткойны ханш пуужиндаж 10 мянган ам.доллароос 64 мянган ам.долларт хүрэхтэй зэрэгцэн криптовалютын зах зээл томорсон. Ингэснээр хэрэглэгчдийн анхааралд “FTX” орж, венчур капитал хөрөнгө оруулагчид 2 тэрбум гаруй ам.доллар тус компанид хөрөнгө оруулсан юм.

FTX” компанийн нуран уналт

2021 оны сүүл болон 2022 оны эхээр Биткойны ханш огцом буурч, бусад криптовалютууд ч гэсэн дагаж унасан. Үүний улмаас криптовалют арилжааны олон компани хаалгаа барьж эхэлсэн ч “FTX” өрсөлдөгчдөө худалдан авч хүрээгээ тэлсээр байжээ.

Гэвч тус компанийн өсөлт 2022 оны арваннэгдүгээр сард зогссон юм. 2022 оны арваннэгдүгээр сарын 2-нд “CoinDesk” сайт “Alameda Research” худалдааны фирм “FTX” компаниас гаргасан FTT цахим токенээс өндөр хамааралтай байгаа талаар нийтлэл оруулжээ.

Криптовалют арилжааны компаниуд шинэ үйлчлүүлэгч татахын тулд өөрсдийн гэсэн токен гаргадаг. Олон хүн тус токенд хөрөнгө оруулах тусам ханш нь нэмэгддэг юм. Ийм учраас платформууд токен худалдаж авахад урамшуулал санал болгодог байв.

Зургийн эх сурвалж: Reuters

“FTX” нь 2019 оны тавдугаар сард FTT нэртэй цахим токенээ гаргасан. Тэд токен худалдаж авсан хүмүүст хөнгөлөлт, NFT урамшуулал гэх мэт зүйлс санал болгодог байсан юм.

CoinDesk” сайт “FTX”-ийн санхүүгийн байдлын тайланг ил болгож компанийн төрөлжилт дутмаг байгааг онцолжээ. Мөн тус нийтэл “Alameda Research” болон “FTX” компани үйл ажиллагааны хувьд хэт холбоотой буйг харуулсан байна.

Санхүүгийн байдлын тайланд 9 тэрбум ам.долларын өр төлбөр, 900 сая ам.доллар актив хөрөнгөтэй байгааг жагсааж, 8 тэрбум ам.долларын сөрөг үлдэгдэлтэй болсныг бичсэн байжээ.

“Alameda Research” фирм үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай мөнгөө “FTX” компаниас зээлж ирсэн юм. Тэрхүү зээл нь ихэвчлэн үйлчлүүлэгчдийн хадгаламжаас гардаг гардаг байсан нь тогтоогдсон.

“Coindesk” нийтлэлээ оруулснаас 10 өдрийн дотор “FTX” компани дампуурсан байдаг. Тус компани дампуурахаасаа өмнө дэлхийн гуравдах хамгийн том криптовалют арилжааны платформ байсан юм.

Нийтлэл цацагдсаны дараа “Binance” компани “FTX”-ийг сангаа буруу зарцуулж, үүнийгээ нуун дарагдуулсан хэмээн эзэмшдэг бүх FTT токенээ худалдахаа мэдэгдсэн.

Шүүх хурлын гар зураг, зургийн эх сурвалж: CNN

Үүний улмаас FTT токений үнэ хурдацтай унаж, “FTX”-ийн хэрэглэгчид мөнгөө хадгаламжаасаа татаж эхэлжээ. Ингэж их хэмжээний зарлагын гүйлгээ хийгдэх үед тус компани олон тэрбум ам.доллар алдсан юм. Банкман-Фрид хэрэглэгчдийн хадгалуулсан 8 тэрбум ам.долларыг салхинд хийсгэсэн байснаа олох зорилгоор “Alameda Research” фирмийг хөрөнгөө зарахыг тушаасан ч хангалттай хэмжээний мөнгө босгож чадаагүй байна.

2022 оны арван нэгдүгээр сарын 8-ний өдөр “FTX” тус 8 тэрбум ам.долларыг төлж чадахгүйд хүрч дампуурлаа зарласан юм. “Binance” компани крипто зах зээлийн уналт даамжирхаас сэргийлж “FTX”-ийг худалдаж авахаа мэдэгдсэн ч төд удалгүй энэ шийдвэрээсээ буцсан. Ингэснээр “FTX” нуран унасан юм.

Мөрдөн байцаалтын явцад Банкман-Фрид алдагдсан 8 тэрбум ам.долларыг тансаг эд зүйл худалдан авч, маркетингийн ажлаа санхүүжүүлж, улс төрчдөд хандивлаж дуусгасан нь илэрсэн. Нэгэн цагт дэлхийн гуравдах хамгийн том криптовалют арилжааны платформ байсан “FTX” ийнхүү хөрөнгөө буруу менежмент, хөрвөх чадвар дутмаг, их хэмжээний зарлагын гүйлгээний улмаас нуран унажээ.

Эх сурвалж: CNN, Techtarget

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 2, 2024 09:00

Койнд орсон анхдагч нар л хожсон болхоос үлдсэн хүмүүс бүгд шатаад дуусна. Компаниуд нь ч дэлбэрнэ

Холбоотой мэдээ

Back to top button