"Зам барихдаа ус зайлуулах хоолойгоо буруу байршуулж 10 гаруй айл усанд өртсөн"

Чингэлтэй дүүргийн 19-дүгээр хороо Тахилт-4-ийн гудамж талбай зам барихдаа ус зайлуулах хоолойг буруу газар байршуулснаар ойр орчмын айл өрхүүд нь усанд автжээ. Тодруулбал өмнө нь уулын оройгоос гол руу ус урсаж ордог байсан бол голын наана нь зам барьснаар ус урсах гарцыг хааж 10 гаруй айл өрх усанд автаж гэртээ орж чадахгүй байдалд хүрээд байна.
Тус хорооны иргэн Б: Зам тавьснаас болж манай энэ хавийн айлууд үерт автчихлаа. Өмнө нь энэ зам байхгүй байхад ямар ч ийм үерт автах тохиолдол гарч байсангүй. Замаа тавихдаа хоолой хийж өгөөгүй учраас л иргэд эд хөрөнгө, бие махбодын хохиролд учирлаа. Манай энэ ойр орчмоор 3-4 айлын жорлон усаар дүүрчихсэн, хашаа нь шагайгаараа татсан устай байна. Харин манай дүүргийн иргэдийн хурлынхан өчигдөр зам тээврийн хөгжлийн яаманд хүсэлт гаргаж энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, замыг сэтлэх ажлыг хийнэ гэсэн" гэлээ.
19 дүгээр хорооны Тахилт 4 орчимд 200 гаруй айл өрх оршин суудаг. Тэд 15-20 жил энэ газраа оршин сууж байгаа бөгөөд өнгөрсөн жилүүдэд нэг ч удаа үерийн усанд автаж байгаагүй ч гэсэн тооцоо судалгаагүй төрийн ажлаас болж ийн хохирч байгаагаа тус хорооны иргэд хэлж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.