Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: Монголд анх удаа хаягдал аккумулятороос хар тугалган гулдмай, хуванцар, гипс үйлдвэрлэж эхэллээ

Налайх дүүрэгт байгуулсан “Электрокем Монгол” компанийн жилд 12000 тонн хар тугалган батарейг хоргүй технологиор дахин боловсруулах хүчин чадалтай үйлдвэрээс мэдээлэл бэлтгэлээ.

Хэрэглээнээс гарсан хуучин аккумуляторууд туузан дамнуургаар “өгсөж” аварга том алган тээрэм руу орно. Эндээс аккумуляторын эд ангиуд ангилан ялгагдаж үйлдвэрийн процесс эхлэх аж.

-Монгол улсад жилд 350 хүн хар тугалгын бохирдлоос үүдэж нас бардаг-

Мэдээллийн эхэнд хүргэхэд, манай улсад жилд 450 мянган ширхэг буюу 7500-8000 тонн хар тугалгын батарей /аккумулятор/ хэрэглээнээс хасагдаж хаягддаг. Байгаль орчны чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг Pure earth ТББ-ын 2015 онд хийсэн “Mongolia and Pollution” судалгаагаар Монгол улс дахь хар тугалгын бохирдол нь агаарын бохирдлын дараа орох хоёр дахь нас баралтын шалтгаан болдог. Манай улсад жилд 3000 хүн бохирдлоос үүдэлтэйгээр нас бардаг бөгөөд үүний 350 тохиолдол нь хар тугалгын бохирдлоос шалтгаантай гэж дүгнэжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 онд технологийн бус горимд хар тугалгын батарейг дахин боловсруулах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдэд шалгалт хийхэд үйлдвэрийн орчимд хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.6-100 дахин, хар тугалгын сульфат 100-466 дахин их, хүнцлийн агууламж 3.8-7.2 дахин их тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл дотооддоо олон улсын дээрх судалгааг ийн баталгаажуулжээ.

Монгол улсад өнөөг хүртэл хаягдал аккумуляторыг технологийн бус горимоор боловсруулж ирсэн. Энгийнээр ойлгуулахад, иргэдийн хэрэглээнээс хасагдсан аккумуляторууд хоёрдогч түүхий эд авдаг цэгээс дамжсаар технологийн бус горимоор боловсруулах жижиг үйлдвэрүүдэд ирнэ. Энд гар аргаар нүдэж бутлаад хуванцар хэсгийг хаяж, хүчлийг нь саванд тосч, металл хэсгийг сугалж аваад, анхан шатны хайлуулалт хийгээд БНХАУ руу гаргадаг. Өөрөөр хэлбэл дээр өгүүлсэн 8000 тонн хаягдал аккумулятороос зөвхөн металл хэсгийг нь авч хуванцар, хүчлийг хаяна.

Энэ хаягдлаас “хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.6-100 дахин, хар тугалгын сульфат 100-466, хүнцлийн агууламж 3.8-7.2 дахин их, уг бохирдлоос шалтгаалан жилд 350 нас бардаг” гэсэн үг. Зөвхөн хүхрийн хүчил гэхэд нийт хаягдлын 20 хувь буюу 1300 тонн гардаг байна. Зураг дээр, технологийн бус үйлдвэрүүд хүхрийн хүчлийг 1 тонны хуванцар саванд хураажээ. Харин хэзээ, хаана, хэрхэн яаж устгадаг нь тодорхойгүй өдий олон жил болжээ.

Технологийн бус горимын үйлдвэрт аккумуляторын хүчлийг хураасан байдал

Бас нэгэн судалгаа. Мөнөөх Pure earth ТББ болон Швэйцарийн “Green Cross Switzerland” ТББ хамтран 2016 онд дэлхий дээрх бохирдлын судалгааг гаргахад ашиглалтаас гарсан хар тугалгын батарейг технологийн бус аргаар дахин боловсруулах процесс “хамгийн их бохирдол” үүсгэдэг гэдэг тодотголтойгоор мөн илэрч. Хар тугалга нэгэнт хүний биед орж бохирдуулсан бол урт хугацаанд хадгалагдаж улмаар хорт хавдар үүсгэдэг байна.

Тиймээс манай улсад өндөр технологийн үйлдвэрийн зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсч одоогийн Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн Засгийн газраас 2019 онд хар тугалгын батарейг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах MNS6783 стандартыг баталсан нь “Электрокем Монгол” компанийн энэхүү өндөр технологийн үйлдвэр нээгдэхийн эхлэл болжээ.

-Хүй нэгтэй хүн төрөлхтнөөс туслалцаа хайсан нь-

Өндөр технологийн үйлдвэр нээж ажиллуулах шаардлага бий болсон тул “Электрокем Монгол” ХХК дэлхийн хэмжээнд хар тугалгын зөв зохистой хэрэглээ, бохирдлын асуудлыг хариуцаж ажилладаг Олон улсын хар тугалгын холбоо /International lead association/-нд хандаж, зөвлөмж хүссэн.

Бохирдолд хил хязгаар үгүй, энэ дэлхий хүйгээрээ холбоотой учраас тус холбоо бидний хүсэлтийг дэмжиж зөвлөх томилж өгснөөр ажил эхэлсэн” гэж “Электрокем Монгол” ХХК-ийн захирал ярив. Тэд зөвлөхтэй болсноор мэдлэгтэй болж, жижиг зах зээлд тохирсон өндөр технологийн үйлдвэр барих төслийн анхны алхмууд тавигдсан. Үүнтэй зэрэгцээд бохирдлыг шийдэх уг төсөл маань бизнес байж болох бололцоотой юу гэдэг асуудал үүсчээ. Өөрөөр хэлбэл монгол улс дахь хар тугалгын бохирдлын энэ шийдэл эдийн засгийн агуулгаар ашигтай ажиллахаас өөр аргагүй. Том зорилгод хүрэх зам тодорхой ашиггүйгээр урагшлахгүй.

Бизнес төсөл болгохын тулд дахиад л олон улсын мэргэшсэн байгууллагад хандаж зөвлөмж авсан. “Global Lead Technologies Pty” компаниас технологийн нөү хау, зохих тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зөв удирдлага зэрэг аргачлалд суралцаж, улмаар найз нөхөд, бизнесийн түнш, банк санхүүгийн байгууллагууд руу хандсаар санхүүжилтээ босгож чаджээ.

Тэднээс онцлоход, Монголын анхны нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан “Инвескор РИ Сайкл” хувьцаанд хөрвөх нөхцөл бүхий өрийн хэрэгслийн санхүүжилт олгосон нь энэ үйлдвэр бий болоход онцгой үүрэг гүйцэтгэжээ. “Инвескор РИ Сайкл” хөрөнгө оруулалтын сан нь “Рио Тинто Монгол” болон “Инвескор Санхүүгийн Групп” хамтран байгуулсан Монголын анхны нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан юм. Мөн Голомт банкнаас урт хугацаат ногоон зээлийн санхүүжилт олгосон нь үйлдвэрийн үйл ажиллагааг цаашид санхүүгийн бэрхшээлгүйгээр удирдан явахад том дэмжлэг болж байгаа ажээ.  

Олон улсын хар тугалгын холбоо дэлхийн даяар үйл ажиллагаа явуулж буй энэ чиглэлийн үйлдвэрүүдэд аудит оруулж, дүгнэлт гаргадаг.  

Энэ чиглэлийн үйлдвэр нь  суурин газраас хол, үер усны аюулгүй, утаа хургаж тогтохгүй, доороо усан сангийн нөөцгүй байршилд байх ёстой гэх зэрэг үйлдвэрийн байрлалаас эхлээд ашиглаж буй техник, технологи, ажилчдын аюулгүй байдал, эрүүл мэнд, үйл ажиллагааны зөв удирдлага зэрэг бүх асуудлыг анхнаасаа дээрх аудитын шалгуурт тэнцэх байдлаар төлөвлөж, гүйцэтгэсэн байна. Техник, технологи нь гар ажиллагааны оролцоо багатай. Үйлдвэрээс гарах утаа, тоосонцор стандарт үзүүлэлт хангасан. Усаа саармагжуулж дахин ашигладаг. Эднийх эдгээр шаардлагын дагуу үйлдвэрээ цогцлоож ирэх намраас аудитын шалгалтад орохоор бэлдэж байгаа.

-Ашиглалтаас гарсан аккумуляторууд алган тээрэмд бутлагдаж 4 төрлийн бүтээгдэхүүн болно-

Бид үйлдвэрийн процесстой танилцлаа.

Хуучин аккумуляторууд туузан дамнуургаар дамжиж алган тээрэмд орно. Тээрмийн дуу чимээг тусгаарлах зорилгоор багахан хэмжээний байшин тээр өндөрт барьчхаж. Тээрмээс хуруун чинээ хэмжээгээр жижиглэгдэж усан санд орно. Ингээд хуванцар хэсэг усан дээр хөвж хар тугалгатай хэсэг доошоо орох гэх мэтээр төрөл төрлөөр ялгагдана.

Хүчиллэг усыг шохойн зуурмагтай ээдүүлэх байдлаар лаг болгосны дараа даралтат прессээр шахаж гөлтгөнө буюу гипс болгож гаргана. Энгийнээр өгүүлэхэд тонны цагаан саванд хураагдаж хаачсан нь мэдэгдэхгүй алга болдог шингэн хүчил гөлтгөнө болчхож байгаа гэсэн үг.

Хар тугалга агуулсан хэсгээ 5-6 цаг бусад өдөөх бодисын хамтаар эргэлдэх зууханд хайлуулсны дараа цэвэршүүлэх ажиллагаа эхэлнэ. Мөн л өөр төрлийн бодисын тусламжтайгаар энэ удаад бүр 24 цагийн цэвэршүүлэх процессийг хийснээр 99,97 хувийн цэвэр хар тугалга үйлдвэрлэнэ. Дараа нь цутгах машинд цутгаснаар тус бүр 25 кг жинтэй гулдмай үйлдвэрлэгдэнэ.

Онцлоход ангилах явцад ашигласан усаа саармагжуулж, дахин ашигладаг бол хайлуулах зуухаас гарах утааг бохирдлыг барих үүрэг функцтэй долоон төрлийн дамжлага бүхий тоног төхөөрөмж ажиллаж шүүснээр агаарт зөвхөн зэрэглээ адил хий л гарах аж. Зөвхөн энэ хэсгийг бүтээн байгуулахад төслийн санхүүжилтийн 40 хувь зарцуулагджээ.

Нэмж дурьдахад, тус үйлдвэр ийн ажилласнаар өнөөдөр барилгын гипс буюу гөлтгөнө, хуванцарын бэлдэц, экспортод гаргах хар тугалган гулдмай шууд үйлдвэрлэгдэж байна. Цаашид бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жил 500 тонн гөлтгөнө жилд үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл технологийн бус горимоор боловсруулж хаачсан тодорхойгүй савлачихдаг байсан аюултай хүчлийг энд саармагжуулж 500 тонн хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн болгож байна.

Мөн буталж, цэвэрлэж үйлдвэрлэсэн хамгийн сайн чанарын хуванцар эндээс гарч байна. Цаашдаа үйлдвэрлэлдээ шат нэмж арматур тусгаарлагч, подон зэрэг хуванцар эд зүйл үйлдвэрлэж эхэлнэ. Ингэснээр жилд 5000 ширхэг нарс мод тайрагдахаас хамгаалах тооцоолол бий. 

Харин дунджаар гурван ширхэг аккумулятороос бий болох 25 кг бүхий 99,97 хувь цэвэршүүлсэн хар тугалган гулдмай экспортод гарна.  

-Монгол улсаас гарч байгаа бүх аккумулятор манай үйлдвэр дээр ирвэл бохирдлыг тэр хэмжээгээр бууруулж чадна-

Тус үйлдвэрийн ерөнхий инженер М. Авирмэдтэй ярилцлаа.

-Үйлдвэр ингээд ажиллаж эхэлснээр олон улсын байгууллагын болон мэргэжлийн хяналтын газрын судалгаагаар тогтоогдсон хар тугалгын бохирдол яаж буурах вэ?

-Бид дангаараа 100 хувь гэж хэлж чадахгүй. Нэгэнтээ МУ-ын засгийн газраас батлаад гаргасан стандарт хангуулах ажлыг холбогдох байгууллагууд хийх нь их чухал байгаа. Бид нар одоо “Манай үйлдвэр дээр ирээд стандарт шалгуурыг хэрхэн хангаж ажиллахтай танилцаач” гэж холбогдох хүрээлэлдээ, хэрэгжүүлэгч газруудаа урьж байгаа. Нэг нь хөрөнгө оруулалт хийж зардал гаргаад ажиллаж байхад нөгөө хэсэг нь зөвхөн зоосны нүхээр хардаг байж болохгүй. Хэрэгтэй юмыг нь сугалж аваад, хэрэггүй хэсгүүдэд нь улс орноороо хордоод сууж байдаг байж болохгүй байхгүй юу. Ийм байхад манайх үйлдвэрээ барьчихлаа гэдэг чинь бохирдол арилсан гэсэн үг биш. Харин монгол улсаас гарч буй бүх аккумулятор манай үйлдвэр дээр ороод ирэх юмбол хар тугалгын бохирдлыг бид яг тэр хэмжээгээр нь байхгүй болгож чадна. Баттай хэлнэ. Өөрөөр хэлбэл бид энэ үйлдвэрийн хашаагаар хэдэн хувь нь орж ирнэ тэр хэмжээгээр л бохирдлыг бууруулна гэсэн үг.

-Үйлдвэртэй танилцсаны дараа бүх аккумулятор танай үйлдвэрийн хаалгаар орж ирээсэй гэж хүсч байна?

-Цаашдаа бид монголд аккумулятор цуглуулдаг нэгдсэн сүлжээ бий болгоно. Дээрх стандартад зөвхөн дахин боловсруулах стандартыг яриагүй. Цуглуулах, хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах гэж үг бий. Одоо дахин боловсруулах хэсгээ л хийчихсэн байна. Цуглуулах, хадгалах, тээвэрлэх процесс дараагийн шатны зорьж буй ажил. Ер нь бол олон улсын туршлагыг нь монголдоо хэрэгжүүлнэ. АНУ 99-100, Европын холбоо 95 стандартын дагуу цуглуулж чадаж байгаа. Манай улс 70-80 хувьтай цуглуулдаг гэдэг ч стандартын биелэлт асуудалтай. Үүнийг стандартаар цуглуулахын тулд НҮБ аюултай хог хаягдлыг цуглуулж, ангилах савуудыг баталсан. Бид ийм савнуудыг цуглуулах цэгүүдэд байрлуулна. Аккумулятор энэ саванд орсон нөхцөлд орчин тойрныг бохирдуулах асуудал эрс буурна.  

-Одоо танай дээр хэдэн хувьтай цуглуулж байна вэ?

-Шаардлага байгаа ч хангалттай хэмжээгээр биш. Монгол улсад хар тугалган батарейг технологийн дагуу боловсруулах нь маш чухал ажил. Тиймээс энэ сурвалжлагыг уншиж байгаа хүмүүс бидний мэдээллийн дагуу ажиллаасай. Хар тугалга бидний цусанд агаар салхиар дамжиж ордог. Технологийн бус горимд батарейг дахин боловсруулах үед хар тугалгын исэл болон сульфат нь шааранд үлдэж хоцордог. Энэ шаар энгийн хог хаягдал дээр хаягдсанаар жижиг ширхэгтэй хар тугалгын тоосонцорууд агаар салхиар дэгдэж бид түүгээр нь амьсгалан хорддог.

-Үйлдвэрийн орчинд ажилтнууд, мэргэжилтнүүдээ хэрхэн хамгаалдаг вэ?

-Манай үйлдвэрт дэгдэх тоосонцорыг барих иж бүрэн систем ажилладаг. Мөн дээр нь хамгийн сайн фильтертэй маскийг хэрэглэдэг. Бас эрүүл ахуйн хоёр шатлалт системийг нэвтрүүлсэн. Ажлын дараа ажилчид air shower гэж нэрлэдэг кабинаар дамждаг. Air shower ажлын хувцас дээр тогтсон байж болох бохирдлыг даралттай хийгээр дээрээс нь үлээж, доод хэсгээрээ сорж авах зориулалттай. Дараа нь ажлын хувцсаа угаалгад өгч, бүгд шүршүүрт орж гэртээ харихын өмнө огт бохирдолгүй болох юм. Энэ нь Олон улсын хар тугалгын холбооны аудитын шалгуурыг нэг хэсэг юм. 

Манай улсад 2023 оны байдлаар 1.2 сая тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн, мөн 190000 малчин өрхийн 74 хувь нь эрчим хүчний нар болон салхин үүсгүүр ашиглаж байна. Эндээс ашиглалтын хугацаа нь дуусч хаягдах хар тугалгын батарейг MNS6783 стандартын дагуу цуглуулж, тээвэрлэж “Электрокем Монгол” шиг хамгийн орчин үеийн үйлдвэрт боловсруулбал бид дэлхий нийтэд "хамгийн" гэх тодотголтой хар тугалгын бохирдол, хор хөнөөлөөс ангижрах боломжтой юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 24, 2024 07:53

Шингэнийг нь яадаг юм дээ одоо. Өмнө нь олон жил хөрсөнд нь шингээсэн дээ

Зочин
Зочин
4 сар 24, 2024 08:36

хуучин аккумуляторыг хаана, ямар үнээр авч байгааг хэлж өгнө үү.

Холбоотой мэдээ

Back to top button