АНУ-д нүүрэндээ гоо сайхны процедур хийлгэсэн 3 эмэгтэй ХДХВ-ийн халдвар авчээ

АНУ-ын Нью-Мексико мужид зөвшөөрөлгүй гоо сайхны газраас үйлчилгээ авсан гурван эмэгтэй ХДХВ-ээр халдварлажээ. АНУ-ын холбооны эрүүл мэндийн ажилчид энэ нь гоо сайхны процедураар дамжин ХДХВ халдварласан байж магадгүй анхны тохиолдол гэж мэдэгдсэн байна.
Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (CDC) өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн өвчлөл, нас баралтын тайландаа тус гурван тохиолдлыг дурдсан юм. Тайлангаас харвал тэрхүү гоо сайхны газрыг 2018-2023 оны хооронд шалгаж үзэхэд нэг удаагийн тариа, хэрэгслийг давтан ашигласан байж магадгүйг илрүүлжээ.
ХДХВ бохирлогдсон тариагаар дамжиж болдог гэдгийг олон жилийн өмнө тогтоож байсан. Энэ гурван тохиолдол нь гоо сайхны процедураас халдварласан байж болзошгүйг харуулсан анхны тохиолдол гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм.
Нью-Мексико мужийн эрүүл мэндийн хороо 2018 онд 40 гаруй насны ямар нэгэн эрсдэлт хүчин зүйлгүй эмэгтэй ХДХВ-ээр оношлогдсоны дараа тус гоо сайхны газрыг шалгаж эхэлжээ.
Шалгалтын ажил 2018 оны намар эхэлсний дараа тус газар халгаа барьсан юм. Мөн тэрхүү гоо сайхны газрын эзэн нь зөвшөөрөлгүйгээр анагаахын процедур үйлдсэн хэргээр яллагдсан байна.
АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв тус тайландаа гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэм баримтлахыг албаныхан шаардах нь хэр чухал болохыг энэ тохиолдол харууллаа гэж бичжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.