1990 оноос хойш анхны удаа нэг ам.доллар 160 иентэй тэнцлээ

Япон иений ханш ам.долларын эсрэг суларсаар байна. Даваа гарагт /2024.04.29/ ханш огцом унаж нэг ам.доллар 160 иентэй тэнцжээ.
Тодруулбал нэг ам.доллар 155.01 иен байснаас 160.245 иенд хүрсэн байна. Энэ жил гарснаас хойш иений ханш ам.долларын эсрэг 11 хувиар сулраад байгаа юм.
Даваа гарагт нэг ам.доллар 160.245 иенд хүрсэн нь 1990 оны дөрөвдүгээр сараас хойш үзэгдээгүй хэмжээ. Өнгөрсөн сард Японы төв банк (BOJ) сүүлийн 17 жилд анхны удаа бодлогын хүүгээ нэмсэн.
Тус улсад инфляц нэмэгдэж байгаа учир Японы төв банк бодлогын хүүгээ -0.1 хувь байсныг 0-0.1 хувь болгосон юм. Бодлогын хүү нэмэгдэх үед тухайн улсын валютын ханш нэмэгддэг.
Гэвч хөрөнгө оруулагчид бодлогын дахин нэмэгдэхгүй хэсэг хугацаа өнгөрнө гэж бодож байгаа учир иенээ ам.доллар болгон арилжсаар байгаа юм.
Японы валютын топ мэргэжилтэн Масато Канда төв банкнаас иений ханшийг нэмэх арга хэмжээ авах эсэх тал дээр мэдэгдэл хийхээс татгалзжээ.
Мөн даваа гараг бүх нийтийн амралтын өдөр байсан тул Японы Сангийн яамнаас мэдэгдэл гаргаагүй байна. Японы төв банкны ерөнхийлөгч Казүо Үэда өнгөрсөн долоо хоногт хуралдсаныхаа дараа хэвлэлийн бага хурал хийхдээ мөнгөний бодлого валютын ханшийг онилохгүй гэсэн юм.
Үэда ингэж мэдэгдсэний дараа хөрөнгө оруулагчид төв банк бодлогоо хэвээр үлдээхээр болсонд сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн байна. Япон 2022 онд гурван удаа иений ханшийг хэт унахаас сэргийлсэн алхам хийсэн.
Анх 2022 оны есдүгээр сард нэг ам.доллар 152 иентэй тэнцэхэд ойртох үед Японы төв банк ам.доллар зарж, иен их хэмжээгээр худалдан авсан юм. Япон валютынхаа ханшийг хамгаалахын тулд 9.2 их наяд иен буюу 60.78 тэрбум ам.доллар худалдан авсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.