Хаитид гэмт бүлэглэлүүд төрд эрх мэдэлтэй болох зорилготой байна

Карибын тэнгист оршдог Хаити улсад гэмт бүлэглэлүүдийн улмаас эмх замбараагүй байдал үүссэн. Тус улсын томоохон бүлэглэлүүд хамтран “Viv Ansanm” буюу “Хамтдаа амьдаръя” нэртэй эвсэл үүсгэсэн байгаа.
Тэрхүү гэмт бүлэглэлүүдийн эвсэл Хаитийн нийслэл Порт-о-Пренсийн ихэнхийг эрх мэдэлдээ авчээ. Эмх замбараагүй байдлын улмаас тус улсын засгийн газар үйл ажиллагаагүй болж, бүлэглэлүүдийн шаардлагаар Ерөнхий сайд Ариел Хенри ажлаа хүлээлгэн өгсөн.
Ийм учраас өнгөрсөн долоох хоногт засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх долоон гишүүн, хоёр ажиглагч бүхий зөвлөлийг үүсгэсэн юм.
Карибын тэнгисийн бүс нутгийн нийгэмлэг (CARICOM) тэрхүү зөвлөлийг санаачилсан тул гэмт бүлэглэлийн гишүүд, олон улсын хоригт орсон хүмүүсийг гишүүн болохыг хориглосон.
Тэгвэл Хаитийн томоохон гэмт бүлэглэлүүдийн ахлагч нар улс төрийн эрх мэдэл тэдэнд өгөхгүй бол нөхцөл байдлыг дордуулна гэж сүрдүүлжээ. “Viv Ansanm”-ийн удирдагч Жимми Шеризьер “Viv Ansanm хэлэлцээ хийхэд бэлэн. Бид нар бүгдээрээ хэлэлцээний ширээнд сууна үгүй бол бидэнтэй хамт ширээ устана” гэсэн юм.
НҮБ-ын тооцоолсноор энэ оны эхний гурван сард гэмт бүлэглэлийн хүчирхийллийн улмаас цаг тутам нэг хүн амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.