ОРОН НУТАГСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ТОМИЛОЛТ: Монголд анх удаа хувийн хэвшил тоон удирдлагатай ВАГОН ЗАСВАРЫН ДЕПО барьж, ашиглалтад орууллаа

2019 оны аравдугаар сарын байдлаар Монгол улсын төмөр замын тээврийн орлого 587 тэрбум буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.9 хувиар өссөн, төмөр замаар нийт 23 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 9.4 хувиар өссөн гэсэн тоон мэдээ байна.

Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй төмөр замын тээврийн хөгжил дахин нэг алхмаар урагшилсан үйл явдал өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.11.24/ боллоо. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд шинээр хувийн хэвшлийн Хөдлөх бүрэлдэхүүний засварын депо ашиглалтад орж, 60 гаруй ажлын байр шинээр бий болголоо. Энэ нь Монгол Улсдаа хоёр дахь засварын депо гэдгээрээ онцлогтой.

Уг Хөдлөх бүрэлдэхүүний засварын депо ашиглалтад орохоос өмнө Монгол Улсын 11 мянга гаруй вагон тодорхой засвар үйлчилгээг зөвхөн нэг цэгт буюу УБТЗ-ын Зүүнхараа дахь вагон депод хийж гүйцэтгэдэг байлаа. Уг засварын депогийн хүртээмж хүнд, өөрийн вагонуудын засварыг хийхээс гадна хувийн хэвшлүүдийн вагон засварыг завсар зайгаараа хийж гүйцэтгэдэг тул эд ангиудыг засварлуулахаар илгээхэд нэг сар гаруйн дараа буцаж ирдэг байсан талаар албаны хүн хэлж байна. Харин шинэ бүтээн байгуулалтын дүнд дээрх засвар үйлчилгээг өдөрт нь хийж гүйцэтгэх боломж бүрджээ.

Уг бүтээн байгуулалтыг Монгол улсын нийт тээврийн 45 хувийг дангаар хийдэг Болдтөмөр Ерөө гол ХХК 15 жил, Монголиан транс ложистик ХХК 10 жилийн ойдоо зориулан өөрийн хөрөнгөөр барьж, ийн ашиглалтад оруулж буй юм. Ганцхан жилийн дотор байгуулсан уг депо нь ОХУ, БНХАУ, ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн микропроцессор, компьютерийн удирдлага бүхий төхөөрөмжүүд, үл эвдэх сорилын иж бүрэн суурь машинууд, багажууд, төмөр боловсруулах суурь машинууд, засварчдын ажлыг хөнгөвчлөх ухаалаг тоног төхөөрөмжүүд, төмрийн үртсээр ажиллах хуурай цэвэрлэгээний машин зэрэг сүүлийн үеийн төхөөрөмжүүдээр тоноглогдсон ба өдөрт гурав, жилдээ 1000 ачааны вагонд засвар хийх хүчин чадалтай юм байна.

Ингэснээр хувийн хэвшил өмнө нь хүртээмжийн хувьд хүнд байсан засварын депогийн ачааллыг хоёр дахин бууруулж, өөрсдийн компанийн 3003 вагонд засвар үйлчилгээ үзүүлэхээс гадна бусад хувийн хэвшил, улсын байгууллагуудын вагонд ч Монгол улсын стандартын дагуу бүх засвар үйлчилгээг хийх боломжтой болж байна.

Шинээр ашиглалтад орж буй Хөдлөх бүрэлдэхүүний засварын депогийн Вагон засварын хэсэг нийт таван цехтэй. Үүнд:

НЭГ. ЗАСВАРЫН ЦЕХ

ХОЁР. АВТО УГСРААНЫ ТАСАГ

ГУРАВ. ТЭРГЭНЦЭР ЦЕХ

ДӨРӨВ. ХОС ДУГУЙН ЦЕХ

ТАВ. МЕХАНИК ЦЕХ

Уг таван цехийн зарим тоног төхөөрөмжүүдийн үйлчилгээг сонирхуулбал, төмрийн үртсийг хуурай аргаар цэвэрлэх технологи нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, ажлын байрны аюулгүй байдлыг хүргэсэн байх юм. Удирдлагын хавтангаар ажилладаг тул ажилтан зөвхөн тохиргоог хийж, тоног төхөөрөмж өөрөө өндөр даралтаар үлээжж, авто угсрааны эд ангиудыг цэвэрлэнэ.

Мөн БНХАУ-ын Райлтеко ХХК-д үйлдвэрлэгдсэн хос дугуйн голын хүзүүнээс хайрцган гүүшинг сугалах, хос дугуйн голын хүзүүнд хайрцган гүүүин шахаж суулгах, далд гэмтлийг оношлох, мөн тус улсад үйлдвэрлэгдсэн хос дугуй угаах машин, бэхэлгээ чангалагч,  “Сайфү” ХХК-д үйлдвэрлэгдсэн хос дугуйн голын дунд хэсэг, голын хүзүүг үл эвдэх сорилын хэт ягаан туяагаар шалгах, “NHS-CTI” ХХК-д үйлдвэрлэгдсэн хос дугуйн элдэгдэлтэй өнхрөх гадаргуйд механик боловсруулалт зэргийг хийж гүйцэтгэдэг.

“Монголиан транс ложистик” ХХК өмнө ОХУ-аас оруулж ирсэн вагоны засвар үйлчилгээг өөрсдийн хүчин чадлыг ашиглан хийж чаддаг байсан бол БНХАУ-ын вагон зүтгүүрүүдийг засварлах тоног төхөөрөмж, технологи байхгүй тул эд анги гэмтсэн тохиолдолд Зүүнхараа дахь вагон депо руу явуулдаг байсан нь ийн шийдэгдэж байна.

“Монголиан транс ложистик” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Сүхбаатар:

УЛСЫНХАА ТӨМӨР ЗАМЫН САЛБАРТ БИДНИЙ ОРУУЛЖ БУЙ ХУВЬ НЭМЭР ГЭЖ ОЙЛГОН АЖИЛЛАЖ БАЙНА

Манай логистикийн салбар чухал үүрэгтэй. Учир нь бүтээгдэхүүний гадаад дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өртөгийг бууруулах ажил төмөр замын тээвэртэй салшгүй холбоотой байдаг. Энэ агуулгаар бид одоогоос 10 жилийн өмнө төмөр замын салбарын босгоор алхан орж байлаа. Манай компани одоогоор ОХУ-д үйлдвэрлэгдсэн 1000, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн өргөн царигийн 2000 гаруй вагонтой үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь Монгол улсад байгаа вагоны 40-45 хувийг эзэлж байна. Дэлхий олон улсад, тэр тусмаа ачаа тээврийн хамгийн том тоглогчдын нэг болох ОХУ-ын төмөр замын салбарт ч тээврийн үр ашгаа нэмэгдүүлэх ажлыг төмөр замын салбарын либералчлалын нэг хэсэг болгож, ачааны вагон түүний засварын ажлыг хувийн хэвшилд бүрэн шилжүүлж шийдсэн байдаг. Төмөр замын тээврийн тухай хууль манай улсад 2004 онд батлагдаж, 2012 онд өөрчлөлт орсон. Уг өөрчлөлт нь манай улсын төмөр замын хөгжил дэвшилд чухал үүрэгтэй шийдэл болж, энэ дагуу либералчлал явагдаж байгаа. Үүний нэг илрэл болж өмчийн олон хэлбэрт аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшлийн ачааны вагонтой болж байгаа юм. Вагонтой бол заавал вагон засвар хийлгэж байх ёстой гэж ойлгоно.

2019 онд Зам тээврийн хөгжлийн яамнаас зөвшөөрөл олгосны үндсэн дээр БНХАУ-ын Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэлийн корпорацийн “Qiqihar Rolling stock”  компанийн ачааны  вагон үйлдвэрлэлийн мэргэжлийн стандарт бүхий зураг төслийн зөвлөмж, технологийн шийдлийг үндэслэн ОХУ, БНХАУ-ын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудаас орчин үеийн шийдэл бүхий, хөдөлмөрийн нөхцөл хөнгөвчилсөн, ажлын бүтээмж өндөртэй, олон улсын ISO стандартын шаардлага хангасан, тоон удирдлагатай тоног төхөөрмж, орчин үеийн суурин болон зөөврийн багажуудаар засварын газраа бүрэн тоноглосон.

Ийнхүү бид бусдын эзэмшлийн ачааны вагоныг Монгол улсын стандартын дагуу засвар хийх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаг хангаж ажиллах зориулалттай төслийн бүтээн байгуулалтын ажлыг маш богино хугацаанд буюу нэг жилийн хугацаанд амжилттай хийж хэрэгжүүллээ. Энэ бол зөвхөн манай компанийн асуудал бус улсынхаа төмөр замын салбарт бидний оруулж буй хувь нэмэр гэж ойлгон ажиллаж байна.

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа:

МОНГОЛ УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХҮЧИН ЧАДАЛ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭЖ БАЙНА

Улсын хөгжлийн тогтвор болсон төмөр замд шинэ байгууллага үүсэн бий болж байгаад их бэлгэшээж баярлаж байна. Төмөр замын тээврийн салбарт хөдлөх бүрэлдэхүүний засвар, найдвартай ажиллагаа маш чухал. Өнөөдөр Баянголын төмөр зам дээр нээгдэж буй хөдлөх бүрэлдэхүүний депо нийт 3000 гаруй вагонд засвар үйлчилгээ хийж, тээврийн найдвартай үйл ажиллагааг хангахаар шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шинэ технологийг нэвтрүүлсэн депо. Өнөөдрийг хүртэл бүх вагон зүтгүүрийн засварыг УБТЗ-ын Зүүнхараа дахь вагон депогийн хамт олон хийж гүйцэтгэдэг байсан. Энэ депо ашиглалтад орсноор Монгол улсын төмөр замын тээврийн вагоны үйлдвэрлэл, засвар, угсрах хүчин чадал хоёр дахин нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. Ингэснээр цаашид тээврийн вагоны тоо ч нэмэгдэнэ. Өнөөдөр хувийн байгууллагууд өөрийн вагоныг ч худалдаж авч байна. Тэдний найдвартай үйл ажиллагааг хангахад дээрх хоёр байгууллага маш чухал ач холбогдолтой.

Хөдлөх бүрэлдэхүүний засварын депогийн орлогч дарга О.Эрдэнэчулуун:

ОЛОН УЛСЫН ISO ХАНГАСАН, 2019 ОНД ҮЙЛДВЭРЭЭС ГАРСАН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДТЭЙ

Манай депогийн барилга шорооны ажил 2018 оны наймдугаар сарын 20-нд эхэлж, энэ өвөлдөө бид тоног төхөөрөмжүүдээ угсарч эхэлсэн. Бүх тоног төхөөрөмж бүрэн автомат, сүүлийн үеийн тоон системтэй тул хүмүүсийн үйл ажиллагааг хөнгөвчилж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан. Бид бүх төхөөрөмжүүдээ ОХУ, БНХАУ, ХБНГУ-уудаас авсан бөгөөд олон улсын ISO хангасан, 2019 онд үйлдвэрээс гарсан тоног төхөөрөмжүүд бий. Хятад вагон засварыг Монгол улсад хийх боломжгүй байсан. Технологи, тоног төхөөрөмж нь байдаггүй байсан. Иймд Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн 3003 вагоныг засахын тулд, бусад хэвийн хэвшлүүдийн ч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангахаар өөрсдөө барьж гүйцэтгэх хэрэгцээ шаардлага бий болж шийдэлд хүрсэн. Манай засварын депо өдөрт гурав, сард 90 вагон, жилдээ 1000 вагон засна гэсэн урьдчилсан тооцоо бий. Засварлагдсан галт тэргүүд гурван жилийн баталгаатай, гүйлтээрээ 250 мянган км газар гүйх боломжтой.

Баянгол төмөр замын Вагоны албаны дарга А.Жигжидсүрэн:

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН 260 ВАГОНД Ч ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖТОЙ

Манай цех үндсэн зургаан тасагтай. Вагоны бүх эд ангиуд, салгалтын эд ангид засвар үйлчилгээ хийнэ. Манайхтай ижил төстэй вагонтой газар бол МТЗ. Тэдний 260 вагонд засвар үйлчилгээ хийх боломжтой. Манайд нийт 60 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд ашиглалтын хэсэгт 30 гаруй гээд нийт 90 хүн ажиллаж байна. Боловсон хүчний хувьд бид аль болох орон нутгийн иргэд авахыг эрмэлзсэн. Учир нь тогтвортой ажиллах боловсон хүчин бидэнд чухал. Бусад газраас ийм сайхан тоног төхөөрөмж дээр ажиллаж сурчхаад яваад өгчихдөг тул боловсон хүчний асуудал бидэнд тулгамдсан асуудал байлаа.

“Болдтөмөр Ерөө гол” ХХК нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойшх 15 жилийн хугацаанд нийт 303.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд үүнээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 133.9 тэрбум төгрөг, Гаалийн болон НӨАТ-ын төлбөрт 76.2 тэрбум төгрөг, нийгмийн даатгал эрүүл мэндийн шимтгэлд 19.3 тэрбум төгрөг зэргийг төлсөн байна.

Мөн тус компани гадаад дотоодын 500 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай жилд дунджаар 170 гаруй тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг худалдан авч хамтран ажилласан байдаг. Ингэхдээ 2019 онд л гэхэд 231 ажилтанг ажлын байраар хангасан тухай тус компанийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү дурдав. Нийт ажилчдын 73 хувь нь 18-35 хүртэлх насны залуус эзэлж буйгаас 279 нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэд байдаг аж.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close