Нийгмийн

ТОМИЛОЛТ: Баянгол уурхайд шилэн хоргоор холбогдсон, 1500 хүний багтаамжтай хотхон ашиглалтад орлоо

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш гадаад дотоодын зах зээлээс 1.6 тэрбум ам.доларын хөрөнгө босгосон “Болдтөмөр Ерөө гол ХХК”-ийн Баянгол төмрийн хүдрийн уурхай өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.11.24/ ажилчдадаа зориулан Баянгол цогцолбор хотхоноо нээж, ашиглалтад орууллаа.

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байх уг цогцолбор нь гэрээсээ хол ажиллаж буй ажилтан албан хаагчдынхаа тав тухтай байдлыг хангах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж зорилготойгоор сүүлийн хоёр жилийн хугацаанд барьж байгуулагдсан. Спорт заал, ресторан, эмнэлэг, банк, фитнесс танхим бүхий 18 объекттой. Уг объектууд ажилчдыг гадагш орж, гарахгүйгээр бүх цогцолбороор явах боломжтой буюу шилэн хоргоор холбогдсон зохион байгуулалттай юм байна.

Нээлтийн ажиллагааны үеэр Болдтөмөр Ерөө гол компанийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү:

АЖИЛТНЫ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭЭР ХИЧЭЭЖ БАЙНА

Болдтөмөр Ерөө гол компанийн 15 жилийн ойд зориулсан гурав дахь томоохон бүтээн байгуулалтын нэг болох Баянгол цогцолбор хотхон нь нийт 16 мянган м.кв талбай бүхий 18 объекттой, 15 мянган м.кв талбай бүхий зам талбай гадна тохижилтын ажлыг хамруулсан тус бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр Гантулга трейд ХХК болон бусад олон аж ахуйн нэгжүүд ажиллалаа. Ажилтныхаа эрүүл ахуй, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах болон бусад нийгмийн баталгааг нь хангахад ихээхэн чармайлт гарган ажиллаж байна. Их бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон уурхайчид, ажилчид, хамт олон та бүхэндээ баярлалаа.

Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн Баянгол уурхайн Гүйцэтгэх захирал Ц.Ганбат:

ӨМНӨ МОДОН БАЙШИНД АМЬДАРДАГ БАЙСАН БОЛ ОДОО БҮРЭН ЦУТГАМАЛ ЦОГЦОЛБОРТ АЖИЛЧДАА АМЬДРУУЛНА

Манай компани 15 жилийн ойн хүрээнд Баянгол цогцолбор хотхоноо ашиглалтад орууллаа. Уг хотхон нь 1500 хүн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж, бүх шийдлүүдийг шийдэж өгсөн. Энд оффис, зочид буудал, ээлжийн ажилчдын амрах байр, спорт заал, гал тогоо, бохир цэвэрлэх станц, уурын зуух зэрэг бүрдэж байгаа. Сүүлийн хоёр жилд эрчимтэй ажиллаж уг цогцолборыг барьж байгуулж дуусгалаа. Манай компанийн Баянгол уурхай 1100 ажилтантай. Цогцолбор байгуулагдсанаар ажилтнууд бидний хувьд ажиллах таатай нөхцөл бүрдэж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэж байгаа тул баяртай байна. Өмнө модон байшинд ажилчид амьдарч, ажилладаг байсан бол уг хотхон ашиглалтад орсноор бүрэн цутгамал байранд амьдрах боломжтой болсон. Ажилчид гэр бүлээрээ байх боломжийг хангаж, хоёр өрөө байруудыг тусад нь шийдэж өгсөн.

Мөн тус байрны онцлог нь ээлжийн ажилчид байрнаасаа гарахгүйгээр шууд спорт заал, гал тогоо руугаа шинэ хоргоор дамжин орж гарч боломжтой юм.

ФОТО: НЭЭЛТИЙН ЁСЛОЛ

ФОТО: МОНГОЛ УЛСАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨМӨР ЗАМ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 10 ЖИЛ, БОЛДТӨМӨР ЕРӨӨ ГОЛ ХХК БАЙГУУЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙ

Нээлтийн ёслолын дараа Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн 15 жил, Монголиан транс ложистик ХХК-ийн 10 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо. Энэ үеэр Монгол улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон баяр хүргэж, ажилтан албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм.

“Болдтөмөр Ерөө гол” ХХК нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойшх 15 жилийн хугацаанд нийт 303.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд үүнээс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 133.9 тэрбум төгрөг, Гаалийн болон НӨАТ-ын төлбөрт 76.2 тэрбум төгрөг, нийгмийн даатгал эрүүл мэндийн шимтгэлд 19.3 тэрбум төгрөг зэргийг төлсөн байна.

Харин тус компани энэ хугацаанд орон нутгийн төсөвт нийт 1.6 тэрбум, үүнээс түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 199.6 сая төгрөг, тусгай зөвшөөрлийн төлбөрт 435.2 сая төгрөг, газрын төлбөрт 296.1 сая, үл хөдлөх эд хөрөнгийн татварт 272.3 сая, авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварт 290.2 сая, ус ашигласны албан татварт 161.8 сая төгрөгийн татварын шимтгэл төлжээ.

Мөн тус компани гадаад дотоодын 500 гаруй аж ахуйн нэгж багууллагатай жилд дунджаар 170 гаруй тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг худалдан авч хамтран ажилласан байдаг. Ингэхдээ 2019 онд л гэхэд 231 ажилтанг ажлын байраар хангасан тухай тус компанийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү дурдав. Нийт ажилчдын 73 хувь нь 18-35 хүртэлх насны залуус эзэлж буйгаас 279 нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэд байдаг аж.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Балбар
Балбар
2019-11-29 17:01

Оюутолгойгоос дээр юм даа. Тэгэхэд Оюутолгойн ажилчдын байр гэж 3D зөөврийн блокон байшин. Хураагаад аваад явчихаж болдог гэж байгаа.

нарантуяа
нарантуяа
2020-05-30 21:31

танай байгууллагат ажилд орох өргөдөлийг цахимаар хүлээж авдаг уу ямар хаягаар орох вэ

Холбоотой мэдээ

Back to top button