Гадаад мэдээДЭЛХИЙЯрилцлага

Нобелийн шагналт сэтгүүлч Дмитрий Муратов: Эрх чөлөөг минь хумих хэрээр би зогсолтгүй ажилладаг

ОХУ-ын сэтгүүлч, Нобелийн Энх тайвны шагналтан Дмитрий Муратов гуравдугаар сарын 8-17-ны хооронд Женевт болсон Олон улсын кино наадам болон Хүний эрхийн форумт оролцжээ.

Новая Газета сонины ерөнхий эрхлэгч асан тэрбээр 2021 онд Мариа Рессатай хамт “Ардчилал, энх тайвны суурь болж өгдөг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахад гаргасан хүчин чармайлтыг нь үнэлсэн” тул Нобелийн комисс Энх тайвны шагнал хүртсэн.

Муратовыг 2023 онд ОХУ-ын эрх баригчид гаднын агент хэмээн тодотгосон 200 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн агентлагийн жагсаалтад оруулж байв.

Женев дэх арга хэмжээнд оролцохдоо Муратов Швейцарын “Heidi News” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр Владимир Путиний авторитар засаглал “дижитал дарангуйлал”-ын шинэ хувилбар болж, ард түмнээ хэрхэн айдсаар удирддаг болох мөн Украины дайн, Алексей Навальныйн үхлийн талаар ярьсан байна.

Eguur агентлаг тавдугаар сарын 3, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж уг ярилцлагыг орчуулан хүргэж байна. Нобелийн шагналт сэтгүүлч Дмитрий Муратов хэвлэлийн эрх чөлөө боогдмол ОХУ-д хэрхэн зогсолтгүй ажиллаж, амьдардгаа өгүүлжээ.

-Heidi News: Оросын олон мянган иргэн Алексейн Навальныйн оршуулах ёслолд оролцсон. Энэ  танд итгэл найдвар өгсөн үү?

-Дмитрий Муратов: Миний хэлэх гэж байгаа зүйл хачирхалтай санагдаж магадгүй. Ингэж хэлэх хэрэггүй байх л даа. Саяхан би амьдралдаа оролцож байсан хамгийн том хоёр оршуулах ёслолд очсон. Михайл Горбачевтэй салах ёс гүйцэтгэхээр хэн ч ирэхгүй гэж хүмүүс ярьсан ч тэнд олон хүн хэдэн цагийн турш дугаарлаж зогссон юм. Ард түмэн энх тайвныг хүсэмжилж байна. Дайнаас зайлсхийхийг ангаж цанган хүсэж эхэллээ. Алексей Навальныйн оршуулах ёслолд би олон мянга хүмүүсийн дунд гурван цаг дугаарлан алхсан. Ёслолд маш олон залуус, оюутнууд оролцож, хажуугаар өнгөрөх машинууд сигналаа дарж, дохио өгч байсан.

Тэдний Навальныйн биед хийсэн зүйл надад бараг төсөөлөгдөж байна. Түүний цогцсыг арчилж, тордоогүй нь илт харагдсан. Шоронд 27 хоногийн турш хадгалсан шүү дээ. Тэр үргэлж хошигнодог, баяр баясгалантай хүн байсан. Тэгтэл түүний биеэс эцсийн шим тэжээлийг нь ховх сорсон мэт харагдсан. Оршуулах ёслолд оролцсон хүмүүс болон тэдний авчирсан цэцэг түүний биеийг дулаалцуулж чадсан юм. Салах ёс гүйцэтгэгчид түүнд эрх чөлөөний төлөө тэмцэх нь зөв үйл байсан гэж хэлсэн. Ард түмэнд эрх чөлөө хэрэгтэй. Тэвчих тэнхээгүй болтлоо тэмцсэн түүний биед зориулсан асар том хүндэтгэлийн ёслол болж өнгөрсөн. Тэр ёслол манай улсын түүхэнд үүрд мөнхөд үлдэх болно.

-Хэдий эрсдэлтэй ч гэсэн Навальный ОХУ руу буцахаар шийдсэн. Та ч гэсэн ийм шийдвэр гаргасан шүү дээ?

-Би өөрийнхөө талаар нэг их яримааргүй байгаа ч нэг юм хэлье. Бид үргэлжлүүлэн ажиллана. Төр биднийг зогсоох оролдлого хийх хэрээр би зогсолтгүй ажилладаг. Тэд сонин хэвлэхийг хориглон, вебсайтуудыг ч бас хаадаг. Найзууд минь надаас “Яагаад үргэлжлүүлэн ажилласаар байгаа юм бэ” гэж асуудаг л даа. Миний ажил учраас би үргэлжлүүлэн зүтгэдэг юм. Бас нэг зүйл нэмж хэлэхэд цэргийн тусгай ажиллагааг дэмжихгүйгээр эх орноо хайрлах боломжтой юу? Мэдээж боломжтой.

-Кремль хэвлэл мэдээллийн хэрэгслийг дарж, мэдээнд хяналт тавихын тулд асар их хүчин чармайлт гаргадаг. Оросуудын мэдээллээр хангагдсан байгаа түвшнийг та хэрхэн үнэлж байна вэ. ОХУ-ын дрон Украины Одессад гэр бүлүүд, нялх хүүхдүүдийг хөнөөж буйг оросууд хэвлэлээр хардаг уу?  

-Путин болон түүний засаглал зорилгодоо хүрсэн гэж би бодож байна. Тэд мэдээллийн салбарыг хяналтдаа авсан. “Facebook”-ийг хориглосон, “Instagram”-ийг ч гэсэн. Нэмээд 200 гаруй хэвлэлийг хаасан байгаа. Бас нэг чухал зүйл бий. Бид телевизийг суртал ухуулгын хэрэгсэл харин интернэтийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэж боддог байсан юм. Ийм учраас ОХУ-д телевизор шиг олон компьютертой болох үед үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ялалт байгуулна гэж итгэж байлаа.

Тэгтэл юу гээч? Үгүй ээ! Өнөөдөр Орост телевизороос илүү компьютер бий. Засгийн газар интернэтийг эрхшээлдээ оруулсан учраас суртал ухуулга хүчтэй явагдсан хэвээр байна. Тэд энэ ажилдаа өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг хөлсөлж ажиллуулдаг. 80 сая хэрэглэгчтэй хамгийн том сошиал платформ болох Вконтактег (VK) хар. Энэ платформыг төр хянадаг. Орос цахилгааны барааны дэлгүүрүүдэд ихэвчлэн Андройд системтэй утас худалдаалагддаг юм. Эдгээр утаснуудад суртал ухуулгын хэрэгслүүдийг урьдчилан суулгасан байдаг.

-Тэгэхээр Орос иргэд Украинд нялх хүүхдүүд амь үрэгдэж буйг мэдэхгүй байгаа гэсэн үг үү?

-Тийм, учир нь ийм мэдээг уншихын тулд VPN хэрэгтэй. Гэвч төр одоо VPN-үүдийг хориглох эрх мэдэлтэй болсон. VPN-тэй хүмүүсийн утсыг хянах боломжтой гэж бодож байгаа учир хүмүүс ашиглахаас эмээж эхэлсэн. Бид VPN-ийн тусламжтай бие даасан хэвлэлүүд уншигчдаа хадгалж үлдэнэ гэж бодсон ч одоо уншигчдын тоо 70 хувиар буураад байна. Мэдээ мэдээллийг эрэлхийлдэг хүмүүсийн сэтгэлд айдас суусан. Маш ноцтой нөхцөл байдал. Энд үүсээд буй нөхцөл байдал бол хуучны дарангуйлал огт биш. Харин шинэ үеийн, дижитал дарангуйлал.

-ОХУ-ын ард түмэнд үргэлжлүүлэн мэдээлэл хүргэх боломжгүй болсноороо бүтэлгүйтэн, ялагдсан мэт мэдрэгдэж байна уу?

-Бид 30 жилийн турш үйл ажиллагаагаа явуулсан. Үнэхээр хичээн, зүтгэж ажилласан. Үүний эцэст эх оронд маань шинэ үе гарч ирсэн юм. Гайхалтай үе, 20-40 насныхан. Тэд өрөвч сэтгэлтэй бас мэргэшсэн хүмүүс. Үүнээс гадна хувь хүний өвөрмөц шинэ чанартай, энэ нь тэднийг хамгаалдаг. Бусад тэдэнд халдаж чадахгүй, өөрсдийн орон зайгаа улс орны хил мэт чухалчилж үздэг.

Бас тэд зөвхөн мөнгө олох бус сайн сайхан зүйлс хийж бүтээх мөрөөдөлтэй. Тэдний үеийнхэн нийгмийн олонх болж хараахан амжаагүй. Цэргийн тусгай ажиллагаа тэр үеийн нэлээд хэсгийг Оросоос гарахад хүргэсэн юм. Гэхдээ тэд амьдарсаар байгаа. Бид ажлаараа тэдний төлөө бүхнээ зориулж хөрөнгө оруулсан. Тэдний ирээдүйд бид хөрөнгө оруулсан.

Путиний одоо юу хийж байгааг хар. Тэр өнгөрснийг өөрчилж байна. “Fox News”-тэй ярилцлага хийхдээ тэр мянган жилийн өмнө амьдарч байсан хүн, болсон үйл явдлуудын талаар ярьсан. Путин бол өөрт нь ОХУ-ын түүхийг дахин бичих даалгавар дээрээс өгсөн гэж итгэсэн хүн. Тэр яг юу хүсэж байгаа вэ? Барууны эсрэг Дэлхийн хоёрдугаар дайнд ялахыг хүсэж байгаа. Бид ирээдүйг бүтээхээр хичээж байхад Путин болон түүний дэглэм өнгөрсөн дээр ажилласаар. Одоохондоо өнгөрсөн ялж байна. Гэхдээ удахгүй ирээдүйд ялагдах болно.

Эх сурвалж: Geneva Solutions


ОХУ-ын сэтгүүлч Дмитрий Муратовтой хамт Дэлхийн энх тайвны Нобелийн шагнал хүртэж байсан Мариа Рессагийн ярилцлага

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Коба
Коба
2024-05-03 11:08

Пошёл он на хуй

Холбоотой мэдээ

Back to top button