ДЭЛХИЙ

2021 оны ДХЭЧ-ний шагналт сэтгүүлч Мариа Ресса: Мангастай тэмцэхийн тулд өөрөө мангас болж л болохгүй

Өнөөдөр Нобелийн шагналыг хоёр сэтгүүлч хүртжээ. Энэхүү шагналыг өвөртөлсөн хоёр сэтгүүлчийн нэг нь Мариа Ресса юм. Тиймээс бид өмнө нь орчуулан хүргэсэн түүний ярилцлагыг сэргээн нийтэлж байна.

Мариа Анжелита Ресса бол Филипин-Америк гаралтай зохиолч, сэтгүүлч бөгөөд тэрбээр “Rappler” мэдээллийн агентлагийн үүсгэн байгуулагчдын нэг юм. Өмнө нь Ресса 20 гаруй жилийн турш Зүүн өмнөд ази дахь “CNN” агентлагийн ахлах сурвалжлагчаар ажилласан байдаг.

2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр “Rappler” агентлаг цахим талбар дээр хуулийн этгээдийн талаар худал мэдээлэл тараасан гэх хэргээр Мариа Ресса баривчлагдсан. 2020 оны зургадугаар сарын 15-нд Манила хотын шүүх түүнийг буруутай гэж үзжээ. Тэрбээр Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутертегийн эсрэг цогтой шүүмжлэгч бөгөөд олон улс Рессаг баривчилж ялласан хэрэг нь улс төрийн зорилготой гэдэгт нэгэн дуугаар санал нийлдэг.


Ресса 1963 оны аравдугаар сарын 2-ны өдөр Манила хотод мэндэлжээ. Аав нь Рессаг нэг настай байхад нас барсны дараа түүний ээж охидоо өвөөд нь үлдээгээд АНУ-руу явсан байна. Рессагийн ээж АНУ-д хүнтэй гэрлээд Филиппин улс руу буцаж очин хоёр охиноо Америкт авчирсан аж. Тэд Нью-Жерси мужийн Томс Ривер хотод нүүн очиж, суурьшжээ. Ресса Принстоны их сургуульд молекул биологи болон театрын урлагаар суралцаж 1986 онд Англи хэл дээр бакалаврын зэрэг, театр болон бүжгийн урлагийн батламжтай төгссөн байна.

Тэрбээр Филиппин улсын “PTV-4” сувагт анх ажиллаж, сэтгүүлчийн гараагаа эхэлжээ. Үүний дараа Ресса 1987 онд “Probe” нэртэй телевизийн нэвтрүүлгийг үүсгэн байгуулсан байна. Үүний зэрэгцээ 1995 он хүртэл “CNN” агентлагийн Манила хот дахь товчооны даргаар ажиллажээ. Дараагаар нь Ресса 1995-аас 2005 оны хооронд “CNN” агентлагийн Жакарта хот дахь товчоог удирдсан байна.

Тэрбээр 2004 оноос эхлэн “ABS-CBN” сувгийн хэлтсийн захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үедээ “CNN”, “Wall Street Journal”-д нийтлэл оруулдаг байсан аж. Ресса 2010 онд тэр үед Филиппиний Ерөнхийлөгчөөр ажилласан Бенинго Акиног шүүмжлэн бичиж “Wall Street Journal”-д нийтлүүлжээ.

Ресса яагаад шүүхэд дуудагдах болов

Филипин-Хятад гаралтай иргэн Вильфредо Кенг Филиппин улсын Ерөнхий шүүгч Ренато Коронад хахууль өгсөн талаар “Rapples” агентлаг 2012 онд нийтэлсэн байдаг. Харин Кенг 2017 оны аравдугаар сард шүүхэд хандсан байна.

Кенг 2012 онд Ерөнхийлөгч Бенинго Акиногийн 2012 онд батлагдсан Цахим гэмт хэргээс сэргийлэх хуульд үндэслэж, шүүхэд хандсан аж. Харин “Rapples” агентлаг тэрхүү хууль батлагдахаас өмнө тус нийтлэлийг бичсэн ч шүүгчид буруутайд тооцжээ.

Хожим нь дахиад 2019 оны хоёрдугаар сарын 13-нд Манила хотын шүүгч Мариа Рессаг баривчлах тушаал гаргажээ. Үүнээс нэг өдрийн дараа Ресса 1900 ам.долларын барьцаагаар тэнсэн харгалзаж, суллагдсан байна.

Учир нь тухайн жилийн долдугаар сард цахим орчинд хуулийн этгээдэд холбогдох худал мэдээлэл тараасан гэх бас нэгэн хэргээр Рессаг шүүх хурал явагдсан аж. Шүүх хурлын эхний өдөр Ресса “Энэ хэрэг хуулийг дэндүү мушгин, гуйвуулж байна” гэж хэлсэн байна. Харамсалтай нь 2020 оны зургаадугаар сарын 15-нд шүүгч Райнелда Эстасио-Монтеса түүнийг гэм буруутай гэж үзжээ.

Ресса 1980 онд Филиппиний одоогийн Ерөнхийлөгч Родриго Дутерте Давао хотын дарга байхад нь ярилцлага хийж байсан аж. Харин 2015 онд Ресса түүнтэй дахин ярилцлага хийхэд Дутерте гурван хүний амь насанд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

2016 онд Дутерте Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа “Rapples” агентлаг түүний онлайн тролл нарын тухай бичиж эхэлжээ. Мөн “Rapples” агентлаг Дутертегийн хар тамхины эсрэг хийж байгаа тэмцлийн улмаас хүний эрхийг зөрчин, хэрэгтнүүдийг шүүхээр оруулахгүйгээр амь насыг нь хөнөөж байгаа талаар илчлэн мэдээлсэн байна.

Үүнд Дутерте хариу өгөхдөө “Rapples”-ийг Филиппин бус Америкчуудын өмч тул үндсэн хуулийг зөрчиж байна хэмээжээ. Мөн тэрбээр  “Rapples-ийн мэдээлэл дан ганц худал байгаад зогсохгүй тус агентлаг Филиппинийх гэдэг нь худал” гэсэн байна. Үүний дараа Филиппиний үнэт цаас, биржийн комисс (SEC) “Rapples” агентлагаас зуу зуун баримт бичиг шаардаж эхэлжээ. Үүний дараа Филиппиний засгийн газар “Rapples” агентлагийг татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж эхэлсэн байна.

Тэрбээр 2018 онд “TIME” сэтгүүлийн оны онцлох хүн, 2019 оны “TIME” сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд багтсан бөгөөд хамгийн сүүлд 2021 оны дөрөвдүгээр сард ЮНЕСКО/Гильермо Каногийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг авсан байна.

2020 онд Мариа Рессагийн тухай “A Thousand Cuts” нэртэй баримтат кино гарчээ. Рамона Диазын найруулсан тус кино дээр Мариа Ресса болон Родриго Дутертегийн засгийн газрын тэмцлийг  харуулдаг аж. “A Thousand Cuts” кино өнгөрсөн нэгдүгээр сарын 8-ны баасан гарагт “PBS” суваг дээр гарсан байна. Үүний өмнө “ELLE” сэтгүүл Рессатай ярилцсаныг орчуулан хүргэж байна.

-Баримтат кино өнгөрсөн зун таныг киберлибелийн хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийн араас давж заалдаж байгаа талаар гараад дуусаж байсан. Одоо хэрэг ямар шатандаа явж байна вэ?

-Кино намайг шүүхээс гэм буруутай гэж яллаж буйгаар төгссөн санагдаж байна. Тэр өдрөөс хойш намайг найман удаа баривчлах тушаал гарсан. Уг нь арваннэгдүгээр сарын 27-нд тэнсэн харгалзах торгуулийн төлбөрийг төлсөн.

Кино намайг яллагдахаас өмнө болсон нэгэн том зүйлийг үзүүлээгүй нь тавдугаар сарын 5-нд Филиппиний хамгийн том телевизийн нэвтрүүлэгч “ABS-CBN”-ий үйл ажиллагаа зогссон явдал. Энэ нь АНУ-д “CBS” эсвэл Их Британид “BBC”-ийн үйл ажиллагаа зогсож байгаатай адил. Өөр нөхцөл байдалд тус телевиз хаагдахгүй байсан. Гэхдээ КОВИД-ийн нөхцөл байдал бол шал өөр зүйл юм. Сонирхолтой зүйл нь засгийн газар хүч чадлаа улам чангатгах тусам хүмүүс өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж байна. Хүмүүс ажлаа алдсаны улмаас айдастаа автаж байгаа ч дуу хоолойгоо илүү хүчтэй илэрхийлж эхэлсэн, ялангуяа цахимаар. Энэ надад маш сонирхолтой санагдаж байгаа.

-Таныг гэм буруутай гэж үзсэний дараа, “The Atlantic” агентлаг мэдээлэхдээ “21-р зуунд ардчилал ингэж мөхнө” хэмээн онцолсон. Энэ дүгнэлт тухайн үед таны сэтгэлд бууж байсан мэдрэмжийг илэрхийлэх үү?

-Шүүхийн шийдвэрийг сонсоод би балмагдсан. Засгийн газар биднийг айлган сүрдүүлж, дуу хоолойг маань боогдуулахаар оролдож байгааг би мэдэж байсан л даа. Харин сэтгүүлчид тэдний хүссэнээр нь байдаггүй. Бид албан тушаалтанд хариуцлагыг нь хүлээлгэх үүрэгтэй.

Бидэн рүү дайралт хийж эхлэх үед л хэрэг бишдлээ гэдгийг мэдсэн. Гэхдээ үүнээс цааш байдал хэр муудахыг мэдэхгүй байна л даа. Гэхдээ би бодлоо өөрчлөхгүй. Би нэг бол үнэт зүйлийнхээ төлөө бат зогсоно, үгүй бол өөрийгөө алдана. Баривчлах тушаал гарсан нь л гээд надад итгэмээргүй явдал санагдсан л даа. Гэхдээ одоо надад мянган мэсийн шархаар амьсгал хурааж байгаа мэт санагдаж байна. Амьсгал хураагаагүй ч миний эрхийг боогдууллаа, энэ илүү ноцтой асуудал. Сүрдүүлэгт автаж огт болохгүй. Тэгэх л юм бол та өөрөө өөрийгөө боомилж байна гэсэн үг. Өөрийнхөө хүслээр өөрийнхөө эдлэх эрхийг хөсөр хаяж байна гэсэн үг.

-Баримтат киноноос харахад та өөрт аюул учирч болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь илт мэдэгдэж байсан. Та яаж айдасгүйгээр, ингэж хүлээн зөвшөөрөх хүчийг өөрөөсөө гаргасан бэ?

-Би 57 настай, 35 жилийн турш сэтгүүлчээр ажилласан. Тэд над руу, “Rapples”-ийн эсрэг дайралт хийж эхлэх үед би нас тогтож, өөрийгөө хэн бэ гэдгийг олж мэдсэн байсан. Хэрвээ би юу хийж байгаагаа ухаараагүй байсан бол мэргэжлээ гутааж, өөрөө өөрийгөө алдах л байсан.

Би тохиож болох хамгийн муу зүйл буюу шоронд суух талаар бодоод, үнэхээр тэгвэл үнэндээ надад нэг их нөлөө үзүүлэхгүй юм байна. Тэгэлгүй өнгөрсөн ч ялгаа нэг их байхгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэднээс айж амаа хамхисан гэж бодъё л доо, тэглээ гээд юу чөөрчлөгдөхгүй шүү дээ. Харин тэмцэж, эрхийнхээ төлөө дуугарснаар ирээдүйг өөрчилж чадна гэдэг би итгэж байна. Учир нь бидний хийж чадах ганц зүйл нь энэ.

-Та нэг удаа ярихдаа, сошиал медиагаар цагт 90 гаруй үзэн ядсан зурвас хүлээн авч байгаа гэсэн. Багийн ахлагчийн хувьд таны хамтран ажиллагчдад ч гэсэн ижил зүйл тохиолдож байгаа гэдгийг анзаарсан байх. Та тэднийг аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?

-Таны хэлсэнчлэн бусдад маань ч ижил зүйл тохиолдож байгааг анзаарсан. Баримт кинонд гардаг “Rapples”-ийн сэтгүүлч Пиа Ранада үзэн ядсан зурвас хэд хэдэн удаа хүлээж авч байсан. Тэр цагт л би ямар нэгэн юм хийх ёстой гэдгийг ухаарсан.

Би өөрөө үнэт зүйлээ ойлгосон, туршлагатай, зоригтой нэгэн байгаа ч залуу сэтгүүлчдэдээ санаа зовсон. Хорин хэдэн настай, өөрийгөө дөнгөж олж нээх явцад нь ийм зүйл тохиолдоно гэдэг маш хэцүү шүү дээ. Тийм учраас би сэтгүүлчдэдээ, сошиал багтаа мэргэжлийн зөвлөгөө авахыг санал болгосон ч филиппин мэргэжилтнүүд ийм тохиолдол дээр ажиллаж байгаагүй юм билээ. Тийм учраас олон улсын байгууллагаас зөвлөгөө авч байгаа.

-Киноны төгсгөлд та хамтран ажиллагчдадаа “Мангасын эсрэг тэмцэхдээ өөрөө мангас болж болохгүй” гэж хэлж байсан. Та үүгээрээ юуг илэрхийлэх гэсэн бэ?

-Надад энэ их чухал агуулга санагддаг. Сошиал медиа дээр зөв үзэл бодолтой маш олон сайн хүмүүс өөрийн дуу хоолойгоо сонсгох ганц арга нь сөргүүлж, дайралт хийх гэж боддог. Би үүний эсрэг зогсдог. Филиппин дэх дарангуй тогтолцоотой тэмцэх гэж оролдож буй улс төрийн намууд ч тэр, сэтгүүлчид ч тэр, өөрсөдтэй нь ижилхэн бохир арга ашиглаж болохгүй. Учир нь тэгвэл бид ч бас өөрийн ёс зүйгээ алддаг. Хэрвээ тийм л зөв үзэл бодолтой бол тэмцэх өөр арга олох хэрэгтэй. Хүмүүсийг хууран мэхэлж, өөрийн ёс зүйгээ хаяж болохгүй. Ардчиллын үнэ цэн, сэтгүүл зүйн эрхэм зорилго л биднийг чиглүүлж байх учиртай.

Бид олон нийтийг нэгтгэх ёстой. Аливаа зүйлийг бүтээхэд хамтрагчид хэрэгтэй шүү дээ. “Rapples”-ийг нэгтэн барьдаг зүйл бол бидний ижил үзэл бодол юм. Манай Ерөнхийлөгч ёс бус үг хэллэг ашиглалаа гээд би тэгж болохгүй. Бусад хүмүүс буруу зүйл хийсэн учраас би ч мөн ижил зүйл хийж болохгүй. Ингээд л болоо. Мангасыг ялахын тулд мангас болж болохгүй.

-Өөрийнхөө тухай тэр киног үзээд та ямар нэг шинэ ухаарал авсан уу?

-Би энэ хугацааны турш яагаад тэгж их ядарснаа ойлгосон. Миний хамгийн сайн найз намайг стоик арга барилтай гэж хэлдэг. Учир нь гэвэл ямар нэгэн муу зүйл тохиолдож байхад эсвэл шуурхай мэдээ хийх болоход би тунгаан бодохын тулд өөрийн сэтгэл хөдлөлөө дарж сурсан. Би тийм тохиолдолд шууд л өөрийн мэдэлгүй дуугаа намсгада ирдэг. Ингэж сурсан нь надад маш их тус болсон. Гэхдээ болсон үйл явдлыг бүхэлд нь базаж харвал нөгөөх л бодлууд дахин төрсөн л дөө. Энэхүү хэрэг юунд хүргэхийг, яаж төгсөхийг үнэхээр мэдэхгүй байна.

Эх сурвалж: ELLE, The Atlantic

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-03 14:10

Сэтгүүлчид амьдр�##�ын хоёр т�##�д зогсож болохгүй.
Зөвхөн үнэн зөвийн т�##�д зогсох ёстой...

Зориг
Зориг
2021-10-09 10:34

Филифиний ард түмэн азтай байна. Жинхэнэ тэмцэгч ерөнхийлөгчтэй болсон. Эцсийн дүндээ хар тамхигүй, хахуульгүй нийгэм үлдэнэ. Ийм нийгэм яг үнэндээ хуулийг хатуу чанд сахиулдаг дайчин удирдагчийн үед л бий болдог. Солонгосын Пак, Туркын Ататюрк, Сингапурын гээд цөөхөн хүн байна даа. Одоо филипиний Дутерте

Холбоотой мэдээ

Back to top button