Ши Жиньпин сүүлийн таван жилд анхны удаа Европт айлчилж байна

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин хамгийн сүүлд 2019 оны гуравдугаар сард Итали буюу Европт айлчилж байсан юм. Түүнийг Италийн эрх баригчид ёслол төгөлдөр угтан авч, Ромын эзэнт гүрний дурсгалт газруудыг сонирхуулан, төрийн зоог барих ёслолд алдарт Андреа Бочелли дуулсан байдаг.
Үүнээс гадна 2019 оны айлчлалаар нь Итали Ши Жиньпиний нэрийн хуудас болсон “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн юм. Тэгвэл Ши Жиньпин сүүлийн таван жилийн анхны Европ дахь айлчлалаа Францад хийж байна.
Тэрбээр Францад Монголын цагаар ням гарагийн /2024.05.05/ 22:00 минутын орчим газардсан юм.
Гэвч өнгөрсөн гуравдугаар сард Итали албан ёсоор “Бүс ба Зам” санаачилгаас гарсан. Мөн Европ БНХАУ-ын харилцаа сүүлийн таван жилд хурцадсаар ирлээ.
Өнгөрсөн хэдхэн долоо хоногийн хувьд л гэхэд Европын холбоо БНХАУ-ын салхин сэнс болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг шалгаж эхэлсэн. Мөн Хятадын хамгаалалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Nuctech” компанийн оффист нэгжлэг хийсэн юм.
Герман болон Их Британийн албан тушаалтнууд БНХАУ-тай холбоотой тагнуулын гэмт хэрэг хийсэн хэмээн зургаан хүнийг баривчилж, ял тулгасан байгаа.
Энэхүү айлчлалаар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ши Жиньпинтэй хэлэлцэхдээ худалдааны тэнцвэргүй байдлыг багасгах, Украины дайнд ОХУ нөлөөлөхийг уриалах магадлалтай байна.
Элисейн ордны зөвлөх түүний айлчлалын өмнө “БНХАУ-ын эрх баригчдыг худалдааны тал дээр бидэнд баталгаа өгөхийг шахах хэрэгтэй” хэмээжээ.
Гэхдээ мэргэжилтнүүд Европ болон БНХАУ-ын хооронд худалдааны маргаан үүссэн байгаа учир Макрон зорилгодоо хүрэх хүндрэлтэй байх болно гэж үзэж буй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.