Английн төв банк бодлогын хүүг 16 жилийн дээд хэмжээнд хэвээр үлдээлээ

Английн төв банк бодлогын хүүгээ 16 жилийн дээд хэмжээнд буюу 5.25 хувьд барихаар шийджээ. Тус улсын төв банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүд бодлогын хүүг хэвээр үлдээхийг 7:2 харьцаатай дэмжсэн юм.
Харин өмнөх уулзалтаар зөвхөн нэг гишүүн л бодлогын хүүг нэмэхийг дэмжсэн байна. Английн төв банкны дарга шийдвэрээ танилцуулахдаа Эндрю Бэйли нөхцөл байдал зөв чиглэлдээ явж байгаа гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Тэрбээр инфляц ойрын хоёр сарын хугацаанд Төв банкны зорилтот түвшинд ойрхон хүрч, буурна гэж тооцоолж буйгаа хэлсэн юм.
Сүүлийн үед шинжээчид дунд энэ зун Английн төв банк бодлогын хүүгээ бууруулна гэж таамаглах болсон. Ихэнх шинжээчид найм эсвэл есдүгээр сард хүүг бууруулах магадлал хамгийн их гэж үзэж буй.
Гуравдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад Их Британид инфляц 3.2 хувь байжээ. Харин дөрөвдүгээр сард эрчим хүчний үнэ буурсан учир инфляцын түвшин Английн төв банкны зорилтот түвшин буюу 2 хувьд илүү ойртох төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж:BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.