Японд жил бүр 68 мянган ахмад настан гэртээ ганцаараа нас бардаг

Японд жил бүр 65 ба түүнээс дээш насны 68 мянга орчим хүн гэртээ ганцаараа нас бардаг гэж тус улсын Үндэсний цагдаагийн газар мягмар гарагт /2024.05.14/ мэдээлсэн байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уг асуудлыг судлах үүрэг даалгасан ажлын хэсэг тодорхойлсноор нас барахыг нь хэн ч хараагүй, цогцос нь олдох хүртэл тодорхой хугацаа өнгөрсөн бол ганцаараа нас барсан гэж үзнэ.
Цагдаагийн албанаас гаргасан урьдчилсан мэдээллээр бол нэгээс гуравдугаар сарын хооронд 21,716 хүн гэртээ ганцаараа нас баржээ. Үүний 80 орчим хувь буюу 17,034 хүн 65 ба түүнээс дээш насных байсан юм.
Хүн амын бүтэц нь хурдацтай хөгширч буй тус улсын засгийн газар үүнтэй тэмцэх хэд хэдэн арга хэмжээ аваад байгаа. Тодруулбал Японы засгийн газар өнгөрсөн жилийн тавдугаар сард ганцаардал, тусгаарлагдсан байдалтай тэмцэх хуулийг баталсан.
Ганцаараа амьдардаг өндөр настнууд нас барснаар тус улсад эзэнгүй орон сууцны тоо их хэмжээнд хүрээнд байгаа юм.
Тухайлбал саяхан явуулсан судалгаагаар Японд эзэнгүй үлдсэн орон сууцны тоо 2023 онд саяд хүрсэн байна. Хамгийн сүүлд 2018 онд судалгаа явуулснаас эзэнгүй орон сууцны тоо 510 мянгаар нэмэгджээ.
Өөрөөр хэлбэл Япон дахь нийт орон сууцны 13.8 хувь буюу долоон орон сууц тутмын нэг нь эзэнгүй болсон байна.
9 сая гаруй эзэнгүй орон сууцны 4.43 сая нь түрээслүүлэх зар, 330 мянга нь худалдаалах зар тавьсан байна. Харин үлдсэн 3.85 сая байр статус тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.