Сумын иргэдийн жижиг бизнесийг дэмжих хүүгүй зээлийн хөтөлбөрийг эхлүүлжээ

Баянхонгор аймгийн Шинэжинст суман дахь Баянхөндий төслөөс Хаан банкны орон нутаг дахь салбартай хамтран “Иргэдийн тогтвортой амьжиргаа дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлжээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн зорилго нь Шинэжинст сумын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд өрхийн бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран мэргэжлийн сургалт, зөвлөгөө өгөх, улмаар хүүгүй зээлд хамруулах юм байна. Энэ сарын эхээр Баянхөндий төслөөс уг хөтөлбөрийг иргэдэд нээлттэй танилцуулах үеэр Шинэжинст сумын жижиг, дунд бизнес эрхлэгч 50 орчим иргэн мэдээлэл авч, 26 иргэн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгч, бүртгүүлжээ.
Төслийн хүрээнд “Эрдэнэ Монгол” компани Хаан банкны орон нутаг дахь салбарт зээлийн сан үүсгэж, эх үүсвэрийн санхүүжилтийг байршуулснаар сумын иргэд тус банкнаас 10 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой бөгөөд зээлийн хүүг компаниас хариуцах юм.
Түүнчлэн хөтөлбөрт хамрагдагсдын бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг орон нутгийн иргэд, ААН байгууллагууд, уул уурхайн компаниудад сурталчлах, ханган нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар болжээ. Шинэжинст сумын хувьд ямаа, тэмээн сүрэг бүхий малчид олонтой бөгөөд малчдын орлогын гол эх үүсвэр нь түүхий ноолуур байдаг.
Түүнчлэн Эхийн голд удам дамжин жимс, хүнсний ногоо тариалсаар ирсэн ногоочид бий. Иймд нэн тэргүүнд эдгээр иргэдийн өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг хийж, хэрэгцээ чадавхийг тодорхойлсны үндсэн дээр уг хөтөлбөрийг боловсруулсан байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.