БНХАУ салан тусгаарлагч гэсэн Лай Чинтэ Тайванийн ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авлаа

Нэгдүгээр сард Тайваньд парламент болон ерөнхийлөгчийн сонгууль явагдсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар БНХАУ салан тусгаарлагч гэж тодотгосон Ардчилсан Прогрессив намын Лай Чинтэ ялалт байгуулсан юм.
Харин парламентын сонгуульд сөрөг хүчний Гоминдан ялсан ч дангаараа засгийн газар үүсгэх хэмжээний суудал авч чадаагүй.
Тэгвэл Тайванийн Ерөнхийлөгчөөр найман жилийн турш ажилласан Цай Инвэнь өнөөдөр ажлаа Лай Чинтэд хүлээлгэн өгсөн байна.

Өнөө өглөө болсон ёслолын үеэр Лай Чинтэ ерөнхийлөгчийн, Хсиао Би Хим дэд ерөнхийлөгчийн тангараг өргөж албан ёсоор ажлаа хүлээн авжээ.
Нэгдүгээр сарын сонгуулиас хойш БНХАУ-ын засгийн газар Тайвань үзүүлэх дарамтаа нэмсэн юм. Тодруулбал Хятадын зэвсэгт хүчний сөнөөгч онгоц, тэнгисийн цэргийн хөлгүүд Тайваньд тогтмол ойртож очих болсон.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Тайванийн тухай хэрэг эрхлэх газар Лай Чинтэг “Тайвань бүсийн шинэ удирдагч” хэмээж, түүнийг тайван замаар хөгжих үү эсвэл мөргөлдөх үү гэдгээ тодорхой сонгох хэрэгтэй гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.