Top StoriesГадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

Тайвань шинэ ерөнхийлөгчтэй болов: БНХАУ эдийн засаг, батлан хамгаалахын шахалтаа нэмнэ

Өнгөрсөн бямба гарагт /2024.01.13/ Тайвань улсын иргэд томоохон ач холбогдолтой хоёр сонгууль өглөө. Тус улсын иргэд ирэх дөрвөн жилд хэн парламентад сууж, хэн ерөнхийлөгчийн алба хашихыг шийдсэн.

Санал хураалтаар БНХАУ-ын засгийн газар салан тусгаарлагч хэмээсэн Лай Чин Тэ Тайванийн ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа “Өнөөдөр бид Тайванийн ардчиллын түүхэнд шинэ хуудсыг эхлүүллээ” гэж хэлжээ.

Түүнтэй өрсөлдсөн Куоминтань намын Хоу Юүи, Тайванийн Ардын намын Ко Вэньжэ нар ялагдлаа хүлээн зөвшөөрсөн юм. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Лай Чин Тэд “Хүчирхэг ардчиллын тогтолцоо сонгуулийн үйл явцыг дахин харуулан” ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн байна.

Жо Байден ирэх долоо хоногт Тайвань руу албан бус төлөөлөгчид илгээхээр төлөвлөж байгаа ч Тайванийн тусгаар тогтнолыг албан ёсоор дэмжихгүй гэдгээ дахин мэдэгдсэн юм. АНУ БНХАУ-ын дургүйцлийг хүргэхгүйн тулд Тайванийн тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй ч тусгаар улс мэт харилцдаг билээ.

Лай Чин Тэ ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ч түүний Ардчилсан Прогрессив нам парламент дэх мажоритар байр сууриа хадгалж чадаагүй. Сүүлийн найман жилийн турш Ардчилсан Прогрессив нам парламент болон ерөнхийлөгчийн эрхийг барьсан.

Энэ хугацаанд орон сууцны үнэ өсөж, цалингийн хэмжээ зогсонги байдалд орсон байна. Ардчилсан Прогрессив нам мажоритар байр сууриа хадгалж чадаагүй нь ард түмэн эдгээр асуудалд дургүйцэж байгааг харууллаа. Парламентад нам нь олонх биш байгаа нь Лай Чин Тэн ажилд хүндрэл учруулах магадлалтай.

Тэгвэл одоо Хятадын засгийн газар салан тусгаарлагч хэмээсэн Лай Чин Тэ ерөнхийлөгчийн албанд гарснаар тус улсын БНХАУ, АНУ-тай хийх харилцаанд ямар өөрчлөлт гарч болох талаар харцгаая.

БНХАУ-аас ирэх дарамт шахалт нэмэгдэнэ

Он гарахаас өмнө БНХАУ сонгуультай холбогдон Тайваньд үзүүлэх улс төр, зэвсэгт хүчний дарамтаа нэмэгдүүлсэн. БНХАУ-ын Тайваньтай хийх дипломат харилцааг хариуцсан албаны дарга сонгуулийг энх тайван эсвэл дайны аль нэгийг нь сонгох ач холбогдолтой учир зөв сонголт хийх хэрэгтэй гэж хэлсэн.

Мөн Ши Жиньпин шинэ оны мэндчилгээндээ Тайванийг эх газрын Хятадтай нэгтгэх нь зайлшгүй зүйл хэмээсэн юм. Хятадын зэвсэгт хүчин Тайванийн ойролцоо армийн хөлөг онгоц, сөнөөгч онгоцоо бараг өдөр тутам илгээсэн.

Бямба гарагт сонгуулийн үр дүн зарлагдсаны дараа Хятадын Тайванийн хэрэг эрхлэх газрын (TAO) хэвлэлийн төлөөлөгч Чэн Бинхуа “Тайвань бол Хятадын Тайвань. Энэ сонгууль хоёр талын харилцааны хөгжил, хэв маягийг өөрчилж чадахгүй. Эцэст нь эх орон дахин нэгдэх л болно” гэж хэлжээ. Мөн Лай Чин Тэд баяр хүргэсэн улс орнууд дахь БНХАУ-ын Элчин сайдын яамд мэндчилгээг нь буруушаасан мэдэгдэл гаргасан байна.

БНХАУ-ын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд Хятадад Ардчилсан Прогрессив намтай харьцуулахад ээлтэй ханддаг Куоминтань намын Хо Юүи гарахыг хүсэж байсан гэхэд болно. Хо Юүи БНХАУ-тай яриа хэлэлцээг дахин эхлүүлэхийн зэрэгцээ үндэсний батлан хамгаалахын чадавхаа нэмэгдүүлэхийг амлаад байсан юм.

Гэхдээ тэр Тайванийг Хятадтай нэгтгэх талд алхам хийхгүй гэж мэдэгдсэн. Харин Лай Чин Тэ ерөнхийлөгч Цай Инвэнитэй адил Хятадтай яриа хэлэлцээ хийхийг үргэлжлүүлэн санал болгоно гэж сонгуулийн кампанит ажлын үеэрээ хэлсэн.

Тайванийн засгийн газар баасан гарагт мэдэгдэл хийхдээ /2024.01.12/ хэн ч ерөнхийлөгчөөр сонгогдсон БНХАУ дарамт, шахалт үзүүлнэ гэж таамаглаж байна гэсэн юм. Сонгуульд аль нэр дэвшигч ялалт байгуулсан ч Бээжингээс ирэх цэрэг, эдийн засгийн дарамт нэмэгдэх хандлагатай гэж тус улсын засгийн газрын албан тушаалтан сэтгүүлчдэд хэлсэн байна.

“Atlantic Council” тинк танкын Хятад судлаач Вэнь Ти Сунь “Ардчилсан Прогрессив намын ялалтыг Бээжин шүүмжилнэ. Үүнээс гадна ойрын хугацаандаа Тайванийн зарим экспортод хориг тавьж, Тайванийн хоолой дахь саарал бүсэд цэргийн үйл ажиллагаа явуулж айлган сүрдүүлэх магадлалтай” хэмээжээ.

Мөн тус тинк танкын шинжээч Кентон Тибаут “БНХАУ эдийн засгийн шахалт, батлан хамгаалахын талбарт хурцадмал байдлыг нэмэгдүүлнэ. Мөн АНУ болон Ардчилсан Прогрессив нам Ази, Номхон далайн бүс нутагт тогтворгүй байдал үүсгэн, мөргөлдөөн рүү түлхэж байна гэх ухуулгыг стратегийн дагуу ашиглах нь гарцаагүй” гэж хэлсэн юм.

Сонгуулийн дараа БНХАУ Тайванийг нэгтгэх нь дамжиггүй гэж дахин мэдэгдсэн ,мөн шинжээчдын дүгнэлтээс харвал Лай Чин Тэ БНХАУ-ын уур хилэн дор улсаа удирдах нь байна.

АНУ дэмжлэгээ үзүүлсээр байх болно

Барууны орон, ялангуяа АНУ-ын албан тушаалтнууд Ардчилсан Прогрессив намыг сонгуульд ялалт байгуулахыг илүүд үзэж байсан юм. Лай Чин Тэ сонгуулийн кампанит ажлынхаа үеэр БНХАУ-д тал зассанаас АНУ гэх мэт бусад ардчилсан холбоотнуудтай харилцаагаа бэхжүүлж Тайванийн дэлхий дээрх байр суурийг сайжруулна хэмээсэн.

Тэрбээр мөрийн хөтөлбөртөө зэвсэгт хүчнээ орчин үеийн хэрэгслээр тоноглон шинэчлэх ажлыг үргэлжлүүлж, улс төрөө гаднын нөлөөнөөс хамгаалан эдийн засгаа шахалт дарамтаас хамгаална гэж тусгасан юм. Мөн түүнтэй хамт улсаа удирдан, дэд ерөнхийлөгчийн албыг хаших Хсиао Би Хим нь АНУ дахь Тайванийн элчин сайд байсан гэдгийг дурдах нь зөв.

Хсиао Би Химийн туршлага АНУ, Тайванийн харилцааг бэхжүүлэхэд томоохон тус болох нь дамжиггүй. Гэхдээ Ардчилсан Прогрессив нам парламентад мажоритар байр сууриа алдсан нь Лай Чин Тэгийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг хязгаарлана.

Лай Чин Тэ, Хсиао Би Хим

Ямартай ч барууны талд ээлтэй намаас ерөнхийлөгч гарсан тул АНУ, Тайванийн харилцаа ирэх жилүүдэд батжих нь мэдээж. Тус намын Цай Инвэнь сүүлийн найман жил ерөнхийлөгчийн албыг хаших хугацаанд Тайвань АНУ-тай харилцаагаа бэхжүүлсэн. АНУ олон улс дахь Тайванийн хамгийн том дэмжигч болж, орчин үеийн зэр, зэвсэг худалдааг нэмэгдүүлсэн билээ.

АНУ-ын албан тушаалтнууд ерөнхийлөгчийн сонгуульд хэн ч ялалт байгуулсан Вашингтон Тайванийн талаар баримталж ирсэн бодлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн юм. Байден өнгөрсөн наймдугаар сард Тайваньд 500 сая ам.долларын зэвсэг худалдаалах төсөлд гарын үсэг зурсан.

Лай Чин Тэ ерөнхийлөгчөөр сонгогдсон тул АНУ болон Тайвань ирээдүйд үүнтэй ижил батлан хамгаалахын технологи худалдаж авах гэрээ нэмж хийн, хоёр улсын харилцааг бэхжүүлэх нь дамжиггүй. Гэхдээ АНУ БНХАУ-ын дургүйцлийг хэт их хүргэхгүйгээр алхмаа хийх шаардлагатай билээ.

Эх сурвалж: Reuters, Atlantic Council, CNN, Time

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZZOCHIN
ZZOCHIN
2024-01-15 11:05

MUU AMID YVSAN AAS .SAIN UH GEDGIINSHDEE. GEHDEE BI BODOHOD OO ....TAIVAN IIG BIE DAASAN ULS BHIIG L HUSDEG.

Холбоотой мэдээ

Back to top button