Нийгэм мэдээ

Бохирын шугам руу "ажилласан" масло хийсэн компанийн захирлыг шүүнэ

2023 оны аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Улаанбаатар орчим тодорхойгүй угаар, үнэр хот даяар тархсан. Холбогдох албаныхан буюу НОБГ, НБОГ, НЦУГ, УСУГ-ын хамтарсан ажлын хэсэг “Дүнжингарав” худалдааны төв орчмоос эхлэн Налайх дүүргийн нутаг дэвсгэр хүртэл шалгаж эцэст бохирын магистрал шугам руу ажилласан масло, тос хийснийг тогтоосон билээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн XI дүгээр хорооны нутаг, Хонхор дахь хэрэглээний бохир усыг татан зайлуулах 50 см-ийн диаметртэй төв коллектор шугам руу Налайх дүүргийн V хороонд үйл ажиллагаа явуулдаг, автомашины мотор, кропны хаягдал тос, масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэдэг гэх “Эко стандарт петролиум” ХХК хаягдалаа хийсэн нь тогтоогдсон.

Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал Б.Н-д Эрүүгийн хуулийн 20.11-1, 20.11-3 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан, хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож, зориулалтын бус газар хаясан, устгасан, уг гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.

20.11 дүгээр зүйл. Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях

20.11.1.Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан; хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газар хаясан, устгасан, улсын хилээр нэвтрүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.11.3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button