Нобелийн Утга зохиолын шагналыг хүртсэн 19 дэх эмэгтэй зохиолч Энн Карсон гэж хэн бэ
Канадын яруу найрагч, зохиолч Энн Карсон энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналыг хүртэв. Нобелийн комисс пүрэв гарагт /2026.10.08/ хэвлэлийн бага хурал хийхдээ “Орчин үеийн утга зохиолд шинэ хэлбэрүүд бий болгосон, сонгодог хэв маягийг хадгалсан хөгжилтэй, шинэлэг байдал бүхий зоримог болон өвөрмөц бүтээлүүдийг нь үнэлж шагнаж байна” гэжээ.
Ингэснээр тэрбээр утга зохиолын шагналыг хүртсэн 19 дэх эмэгтэй зохиолч боллоо. Сүүлийн жилүүдэд тус шагналыг хүртсэн эмэгтэй зохиолч нарт Хан Ган (2024), Анни Эрно (2022 он), Луиз Глюк (2020) нар багтаж байна.
Тэрбээр Торонтогийн их сургуульд суралцаж төгсөж, 1979 оноос хойш АНУ, Канадын их, дээд сургуулиудад сонгодог уран зохиол судлал, харьцуулсан уран зохиол, бүтээлч бичлэгийн чиглэлээр багшилж иржээ.
Карсон одоогийн байдлаар зохиол, орчуулгын 20 гаруй ном хэвлүүлж, Ланнаны утга зохиолын шагнал, Гриффиний яруу найргийн шагналыг хоёр удаа, Т. С. Элиотын шагнал, Астурийн гүнжийн шагнал, PEN/Набоковын шагнал зэрэг олон нэр хүндтэй шагнал хүртсэн байна. Түүний Канадын утга зохиолд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2005 онд Канадын одонгоор шагнагджээ.
Канадын яруу найрагч Карсоны бүтээлүүд шүлэг, үргэлжилсэн үг, харилцан яриа болон орчуулгыг хослуулсан, тодорхой нэг төрөлд баригддаггүй онцлогтой.
Тэрбээр эртний Грекийн уран зохиолын бүтээлүүдийг орчуулснаараа олонд танигдсан юм. Иймдээ ч сонгодог зохиолын нөлөө түүний уран бүтээлд хүчтэй шингэсэн байдаг. Карсон дуурийн цомнол эхлээд утга зохиолын шүүмж, шүлэгт романууд хүртэл өргөн хүрээг хамарсан бүтээлүүд бичдэг юм.
Түүний уран бүтээлийн онцлог хэв маягийг 2019 онд нийтлэгдсэн “Norma Jeane Baker of Troy” буюу “Тройн Норма Жин Бейкер” бүтээлээс тод харж болно. Тайзны энэхүү бүтээлд Еврипидийн “Елена” жүжгийн Тройн Еленагийн түүхийг Мэрилин Монрогийн амьдралтай хослуулан өгүүлдэг байна.
Нобелийн утга зохиолын шагналыг Шведийн академи тодруулдаг. Тус академи нь Швел хэлний асуудлаарх зүйлс дээр эцсийн шийдвэр гаргадаг дээд эрх бүхий байгууллага юм.
Шведийн академийн байнгын нарийн бичгийн дарга Ингрид Карлберг утга зохиолын шагналтныг олон нийтэд зарлахаас хэдхэн минутын өмнө Карсонд утсаар мэдээг дуулгажээ. “Утсаар ярихдаа надад ганц зүйл хэлж амжсан нь “Одоогоор Исландад байгаа болохоор салхины чимээ л сонсогдож байна” гэсэн үг байлаа. Тэр ихэд гайхсан ч маш их баярлан хүлээж авсан. Баярлаж буйг нь хоолойноос нь мэдэрсэн” гэж Карлберг хэлсэн байна.
Өнгөрсөн жилийн Утга зохиолын шагналыг Унгарын зохиолч Ласло Краснахоркай хүртсэн. Түүнийг Америкийн утга зохиол шүүмжлэгч Сьюзан Сонтаг апокалипсисийн мастер хэмээн нэрлэж байсан юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.