Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд баавгай хүн рүү дайрах тохиолдол түүхэн дээд хэмжээнд хүрсэн тул дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна

Сүүлийн жилүүдэд Японд хүн баавгайтай тааралдах тохиолдол эрс нэмэгдсэн нь ноцтой асуудал болон хувираад байгаа. Баавгай хүн рүү халдах, суурин газарт нэвтрэх тохиолдол тус улсын Тохокү болон бусад алслагдмал мужуудад их бүртгэгдэх болжээ.

Баавгайн дайралт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

2025 оны дөрөвдүгээр сараас 2026 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд Японд баавгай хүн рүү дайрсан тохиолдол түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Тухайн хугацаанд баавгай хүн рүү 238 удаа халдаж, 13 хүн амь үрэгджээ. Үүний өмнөх жил баавгай дайрсны улмаас зургаан хүн нас барсан нь дээд үзүүлэлт болоод байсан бол 2025-2026 онд амь үрэгдсэн хүний тоо хоёр дахин нэмэгдсэн байна.

Мөн Япон улс даяар баавгай үзэгдсэн тохиолдол 50 мянга давжээ. Энэ нь хоёр жилийн өмнө бүртгэгдсэн дээд үзүүлэлтээс хоёр дахин өндөр тоо юм. Акита мужид л гэхэд баавгай үзэгдэх тохиолдол зургаа дахин нэмэгдэж, 8 мянга давсан байна. Нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор эрх баригчид олон нийтийн арга хэмжээг цуцалж, сургуулиудын үйл ажиллагааг зогсоон  иргэдийг харанхуй болсны дараа гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

Зургийн эх сурвалж: iStock

Баавгайн дайралт яагаад нэмэгдэв?

Мэргэжилтнүүд үзэж буйгаар баавгай хүнтэй тааралдаж, дайрах тохиолдол нэмэгдсэн нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой аж. Нэг талаас баавгайн тоо толгой өсөж байгаа бол мөн хүн амын тоо буурчээ. Ялангуяа хөдөө орон нутгийн оршин суугчдын тоо цөөрснөөр суурин газар болон баавгайн амьдрах орчны зааг бүдгэрсэн байна. Үүний улмаас баавгайнууд хүн ам суурьшсан бүс рүү улам ойртох болжээ.

Мөн цаг агаар дулаарч, жимс, жимсгэнийн ургац муудсан тул баавгай хоол хүнс хайж суурин газарт нэвтрэхэд хүргэж байна гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Баавгайн тоо толгойг бууруулах ажил ч хүндрэлтэй байгаа аж. Япон улс олон жилийн турш баавгайн популяцыг хамгаалж ирсэн. Үүний улмаас тоо толгой нь өсөж, анчдын тоо цөөрсөн байна.

Эрх баригчид ямар арга хэмжээ авав?

Японы эрх баригчид 2025 оны сүүлээс эхлэн баавгайн учруулах аюул, эрсдэлийг бууруулах хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Үүний нэг нь аюултай баавгайг шуурхай буудах зөвшөөрөл олгосон явдал юм. Японы парламент 2025 оны есдүгээр сард шинэ хууль баталж, хүн ам суурьшсан газарт нэвтэрсэн баавгай зэрэг аюултай амьтдыг шуурхай буудах эрхийг орон нутгийн захиргаанд олгосон байна.

Мөн Япон зэвсэгт хүчнээ дайчилжээ.  Тухайлбал Акита мужид зэвсэгт хүчин дайчлагдан ажилласан байна. Гэхдээ цэргүүд баавгай агнаагүй юм. Алба хаагчдыг галт зэвсгийн оронд баавгай үргээх шүршигч, хамгаалалтын хэрэгсэл, тор харвагч төхөөрөмжөөр хангасан байна. Зэвсэгт хүчин голчлон баавгайн хавх байрлуулах ажилд тусалжээ.

Дээрээс нь Япон эрх баригчид цагдаагийн алба хаагчдад галт зэвсэг ашиглах эрх олгосон байна. Тодруулбал 2025 оны арваннэгдүгээр сарын 13-нд цагдаагийн байгууллагад баавгай зэрэг аюултай амьтны эсрэг галт зэвсэг ашиглах эрх олгосон аж.

Баавгайн тоо толгой өсөж, анчид буурсан тул Японы Байгаль орчны яам баавгай агнах тусгай зөвшөөрөлтэй анчид болон бусад ажилтныг хөлслөхөд зориулж мөнгө төсөвлөжээ. Мөн цагдаа, зэвсэгт хүчнээс тэтгэвэрт гарсан хүмүүсийг анчны зөвшөөрөл авахад нь дэмжиж ажиллахаар төлөвлөж байгаа юм. Япон улс 2025 оны дөрөвдүгээр сараас 2026 оны нэгдүгээр сарын хооронд 14 мянган баавгай устгажээ.

Зургийн эх сурвалж: The Japan Times

Мөн иргэд баавгай үргээх зориулалттай робот чоно худалдан авч хашаа болон тариалангийн талбайдаа тавих болжээ. Тус роботыг үйлдвэрлэдэг “Ohta Seiki” компанийн ерөнхийлөгч Юүжи Ота хэлэхдээ баавгай хүн рүү дайрах тохиолдол  нэмэгдсэн тул роботын эрэлт их хэмжээгээр өссөн гэж хэлсэн байна.

Японы эрх баригчид эрсдэл өндөртэй бүс нутгийн оршин суугчдад жимсний модны ургацыг хураах, хүнсний хог хаягдлыг гадаа ил задгай орхихгүй байхыг зөвлөжээ. Мөн ой модны ойролцоо явахдаа баавгайг үргээх зорилгоор хонх зүүх, дуу чимээ гаргадаг хэрэгсэл авч явахыг уриалсан юм.

Эх сурвалж: Daily Jang, Strait Times, Reuters, SCMP

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button