Б.Баатар, Т.Шинэбаяр нарыг цагдаа, шүүхээр айлгаснаар ялагдагч тал нь Ерөнхийлөгчийн институц болж харагдлаа
Найруулагч Б.Баатар, сэтгүүлч Т.Шинэбаяр, Ерөнхийлөгчийн инстутиц гурвын дунд жинхэнэ "манаргаан" үсэрсэн долоо хоног болж өнгөрөв. Учир явдлын нюансыг тайлбарлавал,
Нэг. Найруулагч Б.Баатарыг "Туйлдаж гүйцлээ" жагсаалын дараа саатуулахдаа яллагдагчаар татсан үндэслэлд Ерөнхийлөгчийн гэх хаусны бичлэгүүдийг хийсэн гэж тодотголоо. Эндээс юу уншигдав.
Ерөнхийчлөн харахад, Х.Нямбаатар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унахад л хотын даргын албан тушаалаа эрт орой хэзээ нэгэн цагт өгөх нь тодорхой байв. Хэр сайн тэсэх үү гэдэг асуудал л байсан. Тэр нэг жил орчим тэсэж, хоёр Засгийн газар дамнан хотыг удирдаад буусан. Үүнтэй мөн адил Б.Баатар саатуулагдан шалгагдах нь ч үндсэндээ тодорхой байв.
Түүнийг "Үндэсний эв нэгдэл бусниулахыг завдсан" гэх үндэслэлээр ТЕГ-аас хэрэг үүсгэж, хэзээ мөд саатуулахын даваан дээр хил гараад явчхаж байв. "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийнхээ буянаар өвөрлөгчдөд Б.Баатар хүндлэгддэг. Тэндээ бүгээд байж болохоор байв. Ингэж байтал Америкаас "Тамгагүй төр" жүжгийг нь Бродвейн тайзнаа тоглохоор болж, удирдлага нь өнгөрсөн зун Монголд ирсэн.
Ингэснээр Б.Баатар ч Монголд ирж түүнтэй уулзах шаардлага үүсэж, Ерөнхийлөгч ч урлаг ойлгодог дүрд америк эрийн хажууд тоглох шаардлага үүссээн. Ингээд ирснийхээ дараа Б.Баатар харьцангуй тайвширч, дахин зугтчихалгүй эх орондоо байж байтал саяхны жагсаалын дараа саатуулж орхилоо. Үүнд Б.Баатарын хэт зэм ч байж болох, Ерөнхийлөгчийн инстутицын эмзэглэл, учраа олохоо байсан байдал ч нөлөөлөв.
Б.Баатарыг яг жагсаалын дараа саатуулсан явдал түүнд баахан ашигтай тусч, эсрэгээрээ анаж байгаад л алдаа гаргасан байж мэдэх процесс үүсэнгүүт нь Ерөнхийлөгчид хамаатуулсан хаусуудын бичлэгийг хийсэн дүрийг хорьчхож байгаа нь У.Хүрэлсүхийнхнийг баахан муухай харагдууллаа.
Энэ цагийг ингэж мэдрэхээ байснаа Ерөнхийлөгчийнхөн баахан бодсон бол Б.Баатар цаг нөхцөлөө яаж өөртөө ашигтайгаар эргүүлэх вэ гэдэг дээр төвлөрч болохоор болов.
Хоёр. Ерөнхийлөгчийн багийн залуус сэтгүүлч Т.Шинэбаяраар "дайсан"-уудаа матарлуулдаг байснаа эргээд өөрсдөө хүчрэхээ больж, харилцан зодоон эхлүүллээ.
"Улстөрчдөд нэг урдаг нохой хэрэгтэй байна" гээд бичихээр эхэндээ хүмүүс ойлгодоггүй байв. Яг л Б.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт багтахдаа "Сумны чинь зэв байя" гэснээ эргээд өнөөх рүүгээ харвасан шиг үйлдэл Ерөнхийлөгчийн багийнхан ба Т.Шинэбаяр нарын дунд үүслээ гэж харагдах боллоо.
Учир нь, сэтгүүлч Т.Шинэбаярыг МАН-аас Я.Содбаатар, Б.Жавхлан нар Ерөнхийлөгчийнхөнтэй холбож, тусгай үүрэг чиглэл өгдөг байсан гэх яриа тэдэн дундаас гарах болсоор удав. Гэвчиг Ерөнхийлөгчийн инстутицээс хувийн байдлаараа асар их алдаа гаргадаг энэ сэтгүүлчээсээ "хагацах" шаардлага үүслээ. Ингэхдээ бүр "шантааж" хийсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад Ерөнхийлөгчийн институцээс өгөөтхөв.
Өмнө нь Монголд, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчийг цагдаад өгч буйгаа ил зарлаж, шуудхан "дайн" үүсгэсэн кэйс ер байхгүй болов уу. Энэ удаа Америкт дипломат ажил хийж явсан, асар сайн нюанс ойлгох залуу нь Ерөнхийлөгчийн багаас ингэж тэрслээ.
Хүмүүс шагнал гуйдаг, Ерөнхийлөгчтэй уулзуулаад өгөөч гэж хүсдэг, Төрийн тэргүүний багийнхнаас. Маш олон хүнээс ирсээр байдаг энэ хүсэлтийг Т.Шинэбаяр дээр тэд "Редакц байгуулаад өг" гэж мөнгө нэхсэн гэх кэйстэй нь хамт шантааж гэж нэрлэлээ. Үүнтэй олон сэтгүүлч санал нийлэхгүй буйгаа илэрхийлэв. Т.Шинэбаяр мэргэжлийн сэтгүүлчийн үйл ажиллагааг мянга муухай харагдуулдаг ч тэр бол дуу хоолой. Тэгэхээр дуу хоолойг яагаад Ерөнхийлөгчийнхөн хорих гэв гэдэг эсрэгцэл үүсчхэж байгаа юм.
Ядахад, Б.Баатарт байсан гэх Ерөнхийлөгчийн хаусуудын бичлэгийг Т.Шинэбаяр пэйж хуудсаараа цацаж, өнөөх нь устав. Мөнхүү уг бичлэгийг ингэж цацсаны дараа Ерөнхийлөгчийн багийнхан Т.Шинэбаярыг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгч буйгаа мэдэгдлээ. Яаж ч харсан Б.Баатарыг саатуулахад нөлөөлсөн өнөөх л гүтгэлэг гэгдээд байгаа хаусуудын бичлэг Т.Шинэбаярыг ороочихлоо.
Тэгэхээр "Яагаад энэ бичлэгт орооцолдсон хүмүүсийг Ерөнхийлөгчийнхөн хорьж, цагдаад шалгуулаад байгаа билээ" гэх асуулт хүмүүсийн толгойд тор хийгээд орно.
Яг ингэж өөрсдөдөө итгүүлэх ханаа улам нимгэлэх гэсэн шиг Ерөнхийлөгчийн багийнхан Б.Баатарыг саатуулж, Т.Шинэбаярыг цагдаад өгөөтхөв. Энэ процесс цаашаа яаж өрнөсөн ч Б.Баатар хоригдох тусам "Ерөнхийлөгчийн тэр хаусуудыг л бичсэнээс болж" гэх үнэмшил хэн хүнд улам гүн сууж, Т.Шинэбаярыг "Яахнав дээ, энэ нэг хүүхнийг" гэх хөөрхийлөл ч лавшрах юм. Тиймээс л өөрсдөдөө зориулж зассан зам дээрээ Ерөнхийлөгчийн багийнхан "ялагдлаа" гэж харагдав.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэрээ Шинээ Мядгаа гээд “шорон” тодорхойлолтод багтагсад хаха удахгүй цувраад хэцүү нэртэд орцгооно