Гадаад мэдээДЭЛХИЙ

Нобелийн шагналт зохиолч Энн Карсон: Хүмүүс бид цаг хугацааг зогсоох арга замыг ямагт эрэлхийлдэг

Канадын яруу найрагч, эсээч, эртний Грекийн сонгодог зохиолын орчуулагч Энн Карсон энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналыг хүртэх болсон шалтгааныг Нобелийн комиссоос тодорхойлохдоо “Орчин үеийн утга зохиолд шинэ хэлбэрүүд бий болгосон, сонгодог хэв маягийг хадгалсан хөгжилтэй, шинэлэг байдал бүхий зоримог бөгөөд өвөрмөц бүтээлүүдийг нь үнэлж шагнаж байна” хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

Өдгөө 76 настай Энн Карсон Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэн 19 дэх эмэгтэй зохиолч бөгөөд түүний 2024 оны дөрөвдүгээр сард "The Paris Review" сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулж хүргэе.


-“Wrong Norma” номынхоо гарчигт орсон буруу гэсэн үгийн талаар ярьж өгнө үү.

Энн Карсон: “Канадчууд америкчуудаас юугаараа ялгаатай вэ?” гэж хүмүүс надаас асуухад би “Канадчууд нэг онцлогтой. Боловсон боловч буруу бодолтой байдаг” гэж хариулдаг. Үргэлж эелдэг байдаг хэр нь буруу. Номынхоо гарчигт “буруу” гэдэг үгийг оруулсан нь нэг талаараа канадчуудын энэ онцлогтой холбоотой. Нөгөө талаар, академик орчинд байнга мэдэрдэг нэг зүйлтэй холбоотой юм. Хүн академик орчинд байхдаа буруу зүйл хэлсэн, эсвэл буруу хэлэхэд ойрхон байна гэж үргэлж санаа зовдог. Энэ орчин өөрөө бүхнийг шүүн дүгнэж, шатлан эрэмбэлэх хандлагатай болгодог. Эрдмийн зэрэг дэвээ ахиулахын тулд хэлсэн үг бүр чинь буруу биш байх ёстой. Би энэ сэтгэлгээг саармагжуулахыг хүссэн юм.

Саймон Вэйл зөрчилдөөний тухай нэгэн эсээндээ үүнтэй төстэй санаа илэрхийлсэн байдаг. Хүмүүс философийн бүтээлд зөрчилтэй санаатай тулгарахаараа ихэд гайхаж, учрыг нь олох гэж будилдаг. Харин Вэйл зөрчилдөөнийг онцгойлон судалдаг хүн. Зөрчилтэй санаатай учрах нь оюун санаанд хэрэгтэй үйл явц гэж тэр үзсэн. Учир нь зөрчилдөөнт санаа сэтгэлгээг уян хатан болгож, өмнөх баригдмал байдлаас нь чөлөөлдөг.

Сэтгэлгээ тэлснээр хүн өөр зүйл, илүү өргөн хүрээний зүйл, эсвэл өмнө нь бодож байсан зүйлийнхээ цаана нуугдаж буй гүн давхаргыг эргэцүүлж эхэлнэ. Өмнө нь харж байгаагүй ертөнц гэнэт нээгдэх мэт. Миний бодлоор буруу байх боломж л ийм чөлөөтэй сэтгэх орон зайг бий болгодог. Маргааш би буруу гэх ойлголтын тухай ярихдаа өнөөдрийнхөөсөө огт өөр зүйл хэлж ч мэднэ. Хүн гэдэг призм шиг шүү дээ. Үзэл санаа нь өдөр өдрөөр нэг талаасаа нөгөө тал руугаа гялсхийн өөрчлөгдөж байдаг.

-Хэл гэдэг туйлын хувийн, бусдаас нууцлаг, хачин зүйл-

-Таны “Eros the Bittersweet” номыг уншиж байхдаа "найз нөхөд, хайртай хүмүүс нэг хэлээр ярьдаг" гэсэн зүйр үгийн талаар бодсон юм. Энэ үнэн эсэхийг мэдэхгүй байна л даа. Хүн бүр өөрийн гэсэн хэлээр ярьдаг. Хүмүүс хоорондын харилцаанд байнга орчуулга явагдаж байдаг юм шиг санагддаг?

-Үнэнийг хэлэхэд, хүн өөр нэгний хэлсэн үг яг ямар утгатайг хэзээ ч бүрэн мэддэггүй гэж боддог. Энэ бол зүгээр нэг орчуулгаас ч илүү зүйл. Харанхуй руу өөрийгөө шууд шидэж байгаатай адил. Хэл гэдэг туйлын хувийн, бусдаас нууцлаг, хачин зүйл. Үүнийг орчуулга гэж ойлгож болох л юм. Гэхдээ тэгж хэлэх нь бодит байдлыг зөөлрүүлж илэрхийлсэн зүйрлэл төдий санагддаг. Үнэндээ хүмүүс бие биеэ ойлгох боломж үүнээс ч найдваргүй байж мэднэ. Гэхдээ хүн болж амьдрахын нэг хэсэг нь өгүүлбэр бүрийнхээ тусламжтайгаар тэр найдваргүй байдлыг даван туулахыг хичээх явдал юм.

Зургийн эх сурвалж: Bozar

-Нэг хэлээр илэрхийлсэн санааг өөр хэл рүү бүрэн дүүрэн хөрвүүлэх боломжгүй тухай таны хэлсэн санаатай энэ төстэй юм. Та орчуулагчийн хувьд эх бүтээл болон орчуулгын хоорондох тэр орон зайд ажиллахдаа юуг мэдэрдэг вэ?

-Би тэр орон зайг хоёр зам, эсвэл хоёр улсын хооронд оршдог шуудуу гэж төсөөлдөг. Надад орчуулагчийн сэтгэлгээ үргэлж сонирхолтой санагддаг. Оюун санаанд нь хоёр хэл нэгэн зэрэг оршиж байдаг юм. Хоёр хэлээр бараг ижил боловч яг адил биш зүйлийг илэрхийлэхэд, хоёр хувилбар нь хоёулаа зэрэгцэн тархинд нь хөвсөөр байдаг. Эмили Дикинсон зэрэг зарим зохиолч энэ завсрын орон зайг өөрийнхөө эх хэлний хүрээнд ч бий болгодог. Дикинсон өөр хэлнээс орчуулж байгаа биш, харин өөрийгөө орчуулж байдаг. Тодорхой мөр, үг орчуулж бичээд дараа нь дарж хасаад оронд нь өөр үг бичнэ. Эсвэл хажууд нь гурав дахь хувилбарыг бичдэг. Заримдаа цаасаа эргүүлээд бүх л шүлгээ шинээр дахин бичиж эхлүүлнэ. Энэ бүх хувилбар нэгэн зэрэг оршиж байж л шүлгийг бүрдүүлдэг.

Оюун санаанд олон хувилбар ийм байдалтай зэрэг хөвж байдаг нь үнэхээр хачирхалтай. Тэр хувилбарууд зүгээр нэг ноорог биш, харин шүлгийг бүхэлд нь бүрдүүлж байгаа зүйл. Эмх замбараагүй, эцэслэн шийдэгдээгүй тэр л нэг бүхэл байдлаараа шүлэг оршдог. Орчуулга хийх үед энэ үзэгдэл арай өөр хэлбэрээр илэрнэ. Эх бичвэр нь байгаа. Тэр бичвэрт илт алдаа мэт харагдах хэсэг ч байж болно. Харин хуудасны доод талд тухайн хэсгийг оновчтой уншиж, ойлгохыг хичээсэн эрдэмтдийн олон жилийн турш дэвшүүлсэн өөр өөр тайлбарламжуудын хувилбарууд бий.

Ингээд л бичвэрийн тэр хэсгийг өөр өөрөөр ойлгож болох хэд хэдэн боломж оюун санаанд зэрэгцэн хөвж эхэлдэг. Тэдгээр нь бүгд хамтдаа шүлгийг бүрдүүлнэ. Ийм үед яах ёстойгоо би мэддэггүй. Гэхдээ грек шүлгийн эхийг уншиж, доор нь англи хэл дээрх олон хувилбарыг зэрэгцүүлэн харах нь үнэхээр сайхан туршлага болдог. Тэр зохиолч яг юу хэлсэн байж болохыг илэрхийлэх бүх боломж оюун санаанд зэрэгцэн оршдог.

Энэ сайхан мэдрэмжийг номын хуудсан дээр, эсвэл тэр бүтээлийн орчуулга гэсэн нэр дор хүмүүст дамжуулж чаддаггүй. Бүрэн илэрхийлэх хэлбэр байдаггүй юм. Компьютер бол дээрх холбоос, хажуугийн тайлбар зэргийг ашиглан ямар нэг хэмжээнд гаргаж болно. Гэхдээ хүмүүс тэдгээр олон холбоос дээр дарж уншихыг хүсдэггүй. Тэгээд ч тийм байдлаар харах нь жинхэнэ мэдрэмжийг орлохгүй. Эрдэмтэн хүний хувьд эх бичвэрийг олон хувилбартай нь нэг хуудсан дээр харж, тэдгээр нь оюун санаанд чинь зэрэгцэн хөвөхийг мэдрэх үнэхээр онцгой мэдрэмж. Үүний нарийн, гүн талыг үгээр дамжуулах боломжгүй гэж би боддог.

-Өмнө нь байгаагүй зүйлийг оргүй хоосноос шинээр бүтээх үйл явцыг та хэрхэн мэдэрдэг вэ. Тэр ч бас орон зайтай холбоотой юу?

-Эхлээд миний санаанд ямар нэг зүйл орж ирдэг, тэгээд сонирхол татвал тэр санаан дээрээ ажилладаг. Үнэг хашааны цаагуур гүйж өнгөрөхөд араас нь дагаж, хаана амьдардгийг нь олж мэдэхээр явж байгаатай төстэй. Зүгээр л мөрөөр нь мөшгөж байгаа хэрэг.

-“Wrong Norma” номын хамгийн нууцлаг зүйлсийн нэг нь тэр үнэг. Та тэр үнэгний тухай бичихдээ ямар нэг тогтсон утга, мэдрэмж бодож байсан уу. Эсвэл өдөр бүр өөрчлөгддөг байсан уу?

-Тэр үнэг хаанаас гарч ирснийг би мэдэхгүй. Рагнар Кьяртанссоны “The Visitors” цомогт зориулсан тайлбар бичихийн хажуугаар би зураг зурж байсан юм. Тэгтэл зурган дээр үнэг гарч ирсэн. Сүрлэг үнэг байсан болохоор “Энэ үнэгийг хаа нэгтээ заавал оруулах хэрэгтэй” гэж бодоод “The Visitors”-ийн тухай бичвэртээ нэмсэн. Зүгээр л санаандгүй гарч ирсэн үнэг. Өөрөө хүрээд ирсэн юм шиг л байсан. Тэгээд нэгэнт гарч ирсэн хойно нь би ямар нэг байдлаар түүнийг бүтээлдээ багтаах хэрэгтэй болсон.

-Өнөөдрийн гэрэл ямар байгааг хэн ч хэзээ ч уншихгүй энэ тэмдэглэлийн дэвтэртээ яг тохирсон үгээр илэрхийлж бичих тухай би гэрэлтэй ямар нэг тохиролцоо хийсэн мэт санагддаг-

-Та хамгийн бүтээлч байдалдаа хэрхэн хүрдэг вэ?

-Заримдаа би зүгээр л тухайн гэрлийн талаар бичдэг. Өнөөдрийн гэрэл ямар байгааг хэн ч хэзээ ч уншихгүй энэ тэмдэглэлийн дэвтэртээ яг тохирсон үгээр илэрхийлж бичих тухай гэрэлтэй ямар нэг тохиролцоо хийсэн мэт санагддаг. Тэр тохиролцоо юу болохыг би мэдэхгүй. Миний бүх бичвэрийн цаана энэ л байдаг юм шиг санагддаг. Гэрлийн тухай бичсэнийхээ дараа ээжийнхээ тухай, оройн хоолонд юу идэх тухай, эсвэл Прустын орчуулгын онолын тухай байж болно. Гэвч хамгийн чухал зүйл нь гэрэл байдаг. Яагаад тийм байдгийг, эсвэл тэр тохиролцоо хаанаас үүссэнийг би одоо ч ойлгодоггүй.

-Та “Snow” хэмээх бүтээлдээ ээжийгээ нас барахаас долоо хоногийн өмнө байрлаж байсан зочид буудлын жижүүртэй холбоотой нэгэн зөн совингийн тухай бичсэн. Танд ийм зөн совин үргэлж орж ирдэг үү?

-Нэг удаа л орж ирж байсан. Грекийн домогт Хэрмес бурхныг психопомп гэж нэрлэдэг. Энэ үг нь хэн нэгэн нас барах гэж байхад очиж, сүнсийг нь газар доорх ертөнц рүү хөтөлдөг гэсэн утгатай. Тиймээс би зочид буудлын ачаа зөөгчийг яг тийм үүрэгтэй хүн гэж төсөөлсөн. Харин Көрри бид хоёр түүний аавын оршуулгад явах замдаа Мичиган мужийн хаа нэгтээ, эзгүй хээр замаас нэг хүн авч явсан юм. Тэр хүн хаанаас гарч ирснийг Ертөнцийн эзэн л мэднэ. Эргэн тойронд юу ч үгүй уудам газарт, замын хажууд нэг хүн зогсож байсан. Тэр маш цэвэрхэн цэнхэр костюм өмссөн байлаа. Цэнхэр цамцтай, костюм нь хүртэл индүүдлэг сайтай, их нямбай харагдаж байсан. Машинд суусных нь дараа угаалгын газарт угаасан цэвэрхэн хувцас шиг үнэр үнэртсэн. Тэр үнэхээр тийм цэвэрхэн байсан юм.

Бид түүнтэй яриа өдөх гэж оролдсон ч тэр ярихыг хүсээгүй. Тэр гурван хотын цаана байдаг зам дагуух нийтийн номын сан руу явж байгаагаа хэлсэн боловч өөрийгөө хэн болохыг тайлбарлаагүй. Бид түүнийг номын сангийн дэргэд буулгаад цааш явсан. Тэр хүн психопомп байсан гэж бид дараа нь бодсон юм. Учир нь тэр үед Көрригийн аав таалал төгссөнийг бид хараахан мэдээгүй байлаа. Эсвэл тэр нас бараагүй байсан ч байж магадгүй. Ямар ч байсан тэр өдөртөө өнгөрсөн. Тэгээд бид тэр хүнийг хэн нэгэн нөгөө ертөнц рүү явах гэж байгаагийн дохио байсан гэж ойлгосон юм. Иймэрхүү зүйл хүнд тохиолддог. Гэхдээ байнга тохиолддог гэж хэлэхгүй.

Зургийн эх сурвалж: Reuters

-Та Көрритэй хамт Нью-Йоркийн их сургуульд уран бүтээлийн хамтын ажиллагааны тухай “The Egocircus” нэртэй хичээлийг олон жил заасан. Оюутнуудаараа ямар дасгал ажил хийлгэдэг байсан бэ?

-“Ямар нэг зүйл шатаагаад, үнсийг нь ашигла” гэдэг даалгавар өгдөг байсан. Бас “Зочид буудлыг сайжруул” гэсэн сэдэвтэй даалгавар өгдөг байлаа. Заримдаа “дарвуулт завь, цөцгийн тос, үхэл” гэх мэт гурван үг л өгнө. Тэгээд тэдгээр үгнээс ямар нэг зүйл бүтээх даалгавар өгдөг байсан. Өгсөн сэдвээр зохиол бичихийг нь огт хориглодоггүй байсан тул оюутнууд үргэлж ямар нэг зүйл бичдэг байсан. Харин Көрри бид хоёр тэднийг өөр ур чадваруудаа ашиглахыг уриалдаг байсан юм. Оюутнууд өөрсдийнхөө хийж чаддаг гэдгийг ч мэддэггүй байсан зүйлсээ шинээр олж илрүүлдэг байлаа.

-Бичих үйл явцад тань тусалдаг, бичихээс өөр ямар чадвар танд байдаг вэ?

-Зураг зурах, будах. Усанд сэлэхийг ч нэмье. Бас юм цэгцлэх. Би юм эмхэлж цэгцлэхдээ сайн.

-Усанд сэлэх нь таны бичих үйл явцад хэрхэн нөлөөлдөг вэ?

-Усанд сэлэх нь гунигтай, уур уцаартай болохоос сэргийлдэг. Заримдаа усан санд сэлж байхдаа юм бодно. Гэхдээ ихэнхдээ тийм ч сайн санаа байдаггүй. Усан санд төрсөн санаа зүүдэнд орж ирдэг санаатай төстэй. Зүүдэлж байхад бодит байдлын тухай өөрөөсөө асууж байсан бүх асуултад хариулах ганц өгүүлбэр олчихсон мэт санагддаг. Тэгээд нойрмоглон байж сэрж, тэр өгүүлбэрээ бичиж авна. Бичсэн зүйлээ өглөө нь харахад гадил авъя гэх мэт огт хамаагүй зүйл бичсэн байдаг. Бас би зүгээр л усанд дуртай. Зарим хүн гол усны ойр байх хэрэгцээтэй байдаг шүү дээ.

-Зүгээр л ямар нэг зүйлийн тухай бодоод, тэр санааг үнэн мөн чанарт хүрэх хүртэл нь дагах хэрэгтэй-

-Урлагт эго буюу “би”-гийн оролцоог арилгах тухай ярьдаг Жон Кэйжийн бүтээлүүдэд Көрри та хоёр дуртай гэдэг. Та 2016 онд хэвлүүлсэн “Float” номын эхэнд эшилсэн Кэйжийн “Аливаа зүйл өөрийг нь түшиж байдаг хоосон чанарыг тэмдэглэн баярладаг” гэсэн үгийг би одоо ч бодсоор байна.

-Энэ санаа зохиолчдод ч хамаатай. Зохиолчид дурсамж, сонголт зэрэг хуримтлуулсан зүйлсээ намтар гэж нэрлэж, зохиол бичих бүрдээ түүнийгээ эцэс төгсгөлгүй дахин ашиглах хандлагатай байдаг. Үүнээс л өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй.

-Зохиолчдын хүрээлэлд, ялангуяа уран зохиолын магистрын хөтөлбөрүүдийн эргэн тойронд дүр бүтээх, хүүрнэх өнцөг сонгох гэх мэт өгүүлэмжийн арга барилын тухай их яригддаг. Та бичих ур чадварыг ийм ойлголтуудаар авч үздэг үү?

-Хэзээ ч үгүй. Би энэ тухай боддоггүй. Хүмүүс ийм зүйл ярихаа л болих хэрэгтэй гэж боддог. Зүгээр л ямар нэг зүйлийн тухай бодоод, тэр санааг үнэн мөн чанарт хүрэх хүртэл нь дагах хэрэгтэй.

Зургийн эх сурвалж: Getty Images

-АНУ-д шүүмжлэлт сэтгэлгээг нийгмийн соёлын түвшинд үнэ цэнгүй болгож байна гэж би санаа зовдог. Та сэтгэгч, багш хүний хувьд үүнийг анзаардаг уу?

-Эргэлзэж тээнэгэлзэх талаар бодож эхлэхэд хүргэсэн зүйлсийн нэг. Багшилсан сүүлийн хэдэн жилдээ би эртний грек хэл, заримдаа бичих хичээл заадаг байлаа. Би сурч байхдаа эртний грек хэлний хичээл үзэхдээ эх бичвэрээ уншаад, мэдэхгүй үгсээ олж тэмдэглэн, толь бичгээс хайдаг байсан. Дараа нь утгыг нь мэдээд бичиж авна. Толь бичгээс үг хайх нь цаг шаарддаг үйл явц. Тэр хугацаа нь нэг төрлийн бясалгал, юм бодогдохгүй завсар үүсдэг. Огт бодохгүй байна гэсэн үг биш. Нэг үгийн утгыг мэдэхийг хүсэж, зөв тодорхойлолтыг нь олохын тулд толь бичгийн хуудаснуудыг эргүүлж сууна. Гэхдээ тэр мөчид хараахан эцсийн хариултад хүрээгүй байдаг.

Тэр мөч бол өдрийн бусад үед мэдэрдэггүй, өөр төрлийн цаг хугацаа, өөр төрлийн сэтгэлгээ. Энэ завсарт үгийн тухай бодол, түүнд хандах мэдрэмж дотор ямар нэг зүйл өрнөдөг учраас миний хувьд маш үнэ цэнтэй. Би үүнийгээ түр азнах гэж нэрлэдэг. Одоо үед хүмүүс эх бичвэрээ компьютер дээр нээгээд, мэдэхгүй үг таарахаар товч дарахад л утга нь шууд гаргаж ирдэг. Компьютер ихэнхдээ тухайн өгүүлбэрт тохирох утгыг сонгож өгнө. Ийм учраас үгийн уг түүхийг мэдэх, эсвэл өөр боломжит утгуудын дунд хэсэг хугацаанд эргэлдэн бодох боломж үлддэггүй.

Тэр завсар алга болох нь хэлэнд хандах хандлагыг бүхэлд нь өөрчилдөг. Энэ завсар бүрэн бодож эхлэх хүртэл тархинд амсхийх боломж олгодог юм. Нэг талаараа завсар бол оршин байдаггүй атлаа байгаа зүйл шиг. Гэхдээ үүнийг шашны гүн сэтгэгчдийн ярьдаг танин мэдэхүйн үүл буюу үл мэдэхүйн манантай адилтгаж болохгүй. Шашны гүн сэтгэгчид Ертөнцийн эзэн бол юу ч биш, Ертөнцийн эзний тухай юу ч хэлж болохгүй гэж ярьдаг. Учир нь Ертөнцийн эзний тухай ямар нэг зүйл хэлэх төдийд л түүнийг тодорхой хүрээнд хязгаарлачихна гэж үздэг. Харин миний ярьж буй зүйл бол тийм биш.

Энэ завсар бол мэдлэгт хүрэх замдаа яваа, хараахан эцэстээ хүрээгүй төлөв. Тэр мэдлэгт итгэл найдвар тавин, тодорхойгүй байдлыг түр зуур нээлттэй хэвээр нь үлдээж байгаа хэрэг. Ийм боломж алга болж байгаад би харамсдаг.

-Цаг хугацааг мэдрэх мэдрэмж хүмүүс анхаарлаа хэрхэн төвлөрүүлдэгтэй холбоотой болов уу. Их уншдаг хүн өдөржин дэлгэц ширтдэг хүнээс цаг хугацааг өөрөөр мэдэрдэг гэж та боддог уу?

-Ингэж асуухаар нэгийг нь нөгөөгөөс дээр гэж дүгнэхэд хүргэж магадгүй. Би сайн мэдэхгүй байна. Хүмүүс бид цаг хугацааг зогсоох арга замыг ямагт эрэлхийлдэг гэдэгт итгэлтэй байна. Цаг хугацаа зогссон мэт мэдрэмж анхаарлаа бүхэлд нь нэг зүйлд төвлөрүүлсэн үед л төрдөг. Тийм учраас бид ийм мөчүүдийг эрэлхийлдэг байх. “Netflix”-ээр кино үзэж байхдаа ч ийм байдалд орж болно. Эсвэл шүлэг бичиж байхад ч тийм мэдрэмж төрж болно. Аль аль нь хүнийг анхаарлаа бүрэн төвлөрүүлж, өөрийгөө тэр зүйлд умбуулан, эргэн тойрноосоо тасрах боломжтой орон зайд хүргэж чадна.

Цаг хугацааны тухайд миний сонирхдог ганц зүйл бол цагийг зогсоох арга олох. Учир нь цаг хугацаа зогсоогүй үед хүн уйтгар дунд шигддэг. Цаг хугацаа урсан өнгөрөхийг харж суухад юу ч тохиолдохгүй. Тэр хугацааг дүүргэж, зовлонгоос чинь түр ч болов холдуулах зүйл байдаггүй.

Уйтгар болон түүний эсрэг, нөгөөх байдал хоёрын хооронд завсрын төлөв гэж бараг байдаггүй юм шиг санагддаг. Нөгөөхийг нь юу гэж нэрлэх вэ. Мөнх оршихуй ч юм уу, эсвэл цаг хугацааг мартах. Цаг хугацаанаас ангид болж, тэр “өөр” төлөвт орох нь үнэхээр хөгжилтэй. Тийм хөгжилтэй болохоор цаг хугацааны тухай санаа зовохоо ч мартдаг.

-Та ийм байдалд хэдэн цагаар ч хамаагүй оршиж чаддаг уу?

-Хэдхэн минут л байх. Гэхдээ аз таарвал шүү.

Эх сурвалж: The Paris Review

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button