Top StoriesНийгэм мэдээНийгэм ярилцлага

Муу усны нүхнээс хүүхэд олсон Шонхорын сургагч Д.Чингэл: Мөрч нохой маань ирэх жил тэтгэвэртээ гарна

Шонхор дуудлагатай эрэн хайх, мөрч нохой нь 2017 онд зургаан сартайдаа албаны нохойн сургалтад хамрагдаж, өнгөрсөн хугацаанд 2800 гэмт хэргийн дуудлаганд очоод, 1500 гэмт хэргийн чиглэл гарган, 130 гэмт хэрэг илрүүлжээ. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт \2024. 05.04\ Сүхбаатар дүүргийн 18-р хороонд гурав болон таван настай хоёр хүүхэд алга болсон дуудлагыг хүлээн авч эрэн хайн, самналт хийсэн байна. Хоёр хүүхдийн гуталны үнэрийг алдалгүй мөшгисөөр гэрийн ойролцоо 300 метрээс эсэн мэнд олсон юм. Ийнхүү бид Шонхор дуудлагатай мөрч нохойны сургагч ахмад Д.Чингэлтэй ярилцлаа.

Түүний хувьд 2012 оноос хойш эрэлч нохойн албанд ажиллаж байгаа бөгөөд Шонхор дуудлагатай нохой түүний сургасан гурав дахь нохой юм.

-Эзнээ байхгүйд, санаад бэтгэрчихсэн байдаг-

-Анх хэрхэн Шонхорыг хэрхэн сургаж байсан бэ?

-ЦЕГ-ын сургалтын нэгдсэн төв дотроо, албаны нохой сургалтын хэлтэс дотроо
үржлийн хэсэгтэй. Үржил дотроо манай нохойг бойжуулаад, төрүүлээд,
гөлгөн байхад нь сонгосон. Анх 2017 онд Шонхорыг зургаан сартайд нь авч сургаж байсан. Өглөөний 5-6 цагийн хооронд хооллоод сургалтандаа хамрагдана. Орой 18 цагийн үед амраадаг. Ийм хэмнэлтэй зургаан сар хичээллэсэн. Араатан амьтан учраас өдөр болгон бэлтгэл хийхгүй бол мартах тохиолдол их бий.

-Тэгэхээр цаг ямагт хамт байдаг байжээ. Нэг нэгнээсээ холдож байсан уу?

-Хүүхэд өсгөж байгаа юм шиг л зааж, сургаж, эрхлүүлсэн. Тиймдээ ч их дассан. Жижүүртэй үед хэлтсийн гадаа нохойгоо үлдээчихээд гарч ирэх бүрд яг намайг хүлээж байсан юм шиг хаалга руу хараад хүлээгээд байж байдаг. Ижилхэн дүрэмт хувцастай олон цагдаа дундаас үргэлж эзнээ хайж, олж хараад танисан бол тэмүүлнэ.

Ээлжийн амралтаа аваад сарын хугацаатай амраад явсан хойгуур бүр гуниглаад, нүд нь нуухтаад, гархилаад байж байдаг.

Тийм болохоор хувцас болон эд зүйлээ нохойныхоо үүрэнд өлгөөд үлдээдэг. Санаж, бэтгэрдгийг нь мэддэг болохоор ер нь амралтынхаа дундуур зав гаргаад хэд хэдэн удаа эргэж ирдэг.

-Шонхорт ажиллахад хүнд байсан хэрэг бий юу?

-2017 онд хурдан морины хэрэг дээр очиж ажиллаж байсан. Тэр хэрэг бол үнэхээр нохойны тэвчээр болон чадвар, түвшнийг шалгасан. Мардлөг хийж байгаа газрын ойр орчим шавар намаг ихтэй. Аргамжаатай байсан морины аргамжааных нь үнэрийг битүүмжилж аваад, эрэн хайх, самналтын ажиллагаандаа ашигласан. Туулахад бэрх, шавар, намаг, голыг гатлахад албанд ороод удаагүй нохойны хувьд хүндхэн сорилт байсан. Ер нь нохойгоор хэрэг илрүүлнэ гэдэг бол цаг хугацаа шаарддаг. Техник технологи хөгжсөн учраас машин тэрэгний мөр, хүний мөр гээд бүгд холилдоод мөрөө алдах эрсдэлтэй. Тиймээс нохой үнэрээ алдсан байна уу, үгүй юу гэдгийг эзэн нь маш сайн нягталж, харах хэрэгтэй. Тэр хэргийг хоёр км газар мөрдөж морьдыг олсон. Яалт ч үгүй Шонхорыг сорьсон хэрэг байсан.

-Хэрэг илрүүлэх үед танд болон Шонхорт урамшуулал өгдөг үү?

-Өгнө өө \Инээв\. Шонхорын нормын хоолыг нэмэх, нэмэлт дусал хийх зэргээр шагнадаг.

-Шонхорын эрүүний үс цайж эхэлсэн. Ирэх жил тэтгэвэртээ гарна-

-Шонхорын эрүүл мэндийг хэрхэн хангадаг вэ, өмнө нь өвдөж байсан уу?

-Нохойны эрүүл мэнд, арчилгаа маллагааг хариуцдаг малын их болон бага эмчтэй. Жижүүрээс гарах, жижүүрээс буухад нь нохойг эрүүл байна уу, бэртэж гэмтсэн үү гэдгийг үздэг. Тэгэхээр үүрэг гүйцэтгэхийн өмнө болон дараад нь үргэлж эмчийн хяналтад байдаг гэсэн үг. Хэргийн мөрдлөгийн үеэр ч бэртэж гэмтэж байгаагүй. Албаны нохойнд дусал тариа, нэмэлт витамин хийж өгдөг. Тэрэнд л их хамрагдсан даа.

-Нэмэлт хэрэглэгдэхүүний талаар дурдвал?

-Манай нохой Герман хоол иддэг. Яг стандартын дагуу нохойнд өдөр нормоор хоол өгөх зохилтой вэ, түүгээр нь өгдөг. Байрлах байр нь зориулалтын өвлийн дулаалгатай үүр дотор нь модон үүртэй. Зун нь усанд оруулдаг бас арчилгаа, маллагаа ер нь яг л албанд яаж хэрэглэдэг, тэгж л хэрэглэж, арчилж маллаж сургадаг.

Албаны нохой бол хошуувч, хүзүүвч, цээживч болон урт, богино оосортой байдаг. Эрэн хайх, самналтын үед ч эдгээр хэрэглэгдэхүүнээ хэрэглэнэ. Эдэлгээ учир байн байн солиод байхгүй.

-Өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн хэргийн талаар яривал. Мөн өмнө нь хүн болон хүүхэд олж байсан уу?

-Өнгөрсөн долоон хоногт гарсан хэрэгт "Шонхор" маань мөшгиж явсаар хүүхдүүдийн хажуу талын айлын хашааг самардаад байсан. Тэгэхээр нь би хашааны нэг банзыг хугалаад хашаа руу ортол хүүхдийн уйлах чимээ сонсогдсон. Гэтэл хүүхдүүд гэрээсээ 300 метрийн зайд айлын хашаан дахь муу усны нүхэнд уначихсан байсан.

Өмнө нь Сэлэнгэ аймагт очиж эрлийн чиглэлд ажилласан. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд хүүхэд алга болсон дуудлагын дагуу хэргийн газарт 10 хоног ажилласан. Тэр хэрэг дээр самнан нэгжилтээр албаны нохойг ашиглаж ажиллаад хүүхдийг эсэн мэнд олсон.

-Албаны нохой хэдэн жил ажиллаад тэтгэвэрт гардаг вэ?

-7-8 жил ажиллаад л тэтгэвэрт гардаг. Шонхорын эрүүний үс цайгаад хөгшрөөд байгаа. Ирэх жил байгууллагаас тэтгэвэрт гарах эсэхийг нь шийднэ. Ерөнхийдөө долоо, найман жил бол нохойны хувьд хөгширсөн гэсэн үг. Өөр нь очих биеийн ачаалал ч тэр хөгшрөх тусам нь нэмэгдэнэ. Тиймээс тэтгэвэрт гарсных нь дараа дахиад шинээр нохой сургана даа.

-Тэтгэвэрт гараад хаачих вэ?

-Сургасан эзэн нь авдаг. Миний өмнөх хоёр нохой хоёулаа над дээр байж байгаад, жам ёсоороо хальсан. Шонхор ч гэсэн эцэс хүртлээ л надтай байна. Сургасан хүнээсээ өөр хүний үгэнд орохгүй шүү дээ.

-Манай улсад хамгаалалтын, эрэн хайх, хар тамхи мансууруулах бодис илрүүлэх гэх хэргээр нохой сургадаг -

-Та сая өмнөх хоёр нохойгоо дурдлаа. Шонхор тэр хоёр нохойноос юугаараа ялгаатай вэ, давуу тал бий юу?

-Өмнөх хоёр бол даналзаж, сагсалзсан том нохой байсан. Харин Шонхор минь их жижигхэн. Бүрэлдэхүүн машиндаа суухад Шонхор сандалны доор орчихдог. Тэр нь их амар байдаг. Хаана ч аваад явчихна.

-Яагаад албаны нохойнд овчерк сургадаг вэ?

-Давуу тал ихтэй. Манай улс эрс, тэс уур амьсгалтай. Мөн жилийн дөрвөн улиралтай. Аль ч улиралд овчерка хэрэглэх боломжтой. Өвлийн хүйтэнд мөр хөөх чадвар сайтай. Тачир үстэй нохойг бодвол даарч, бээрэх нь бага. Цаг уурын нөхцөл байдалд уусаж, ажиллах чадвар сайтай гэдэг утгаараа Герман овчерка сургадаг.

-Албаны нохой хэдэн төрөлд ажилладаг вэ?

-Малиуна, Лабрадор, Спанель гэх мэт 4-5 үүлдрийн нохдыг эрлийн, эргүүл хамгаалалтын, үнэрийн лабораторийн, хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр сургаж албанд ашигладаг. Албаны ноход улсын хэмжээнд хоногт дунджаар 40-50 гэмт хэргийн газарт очиж ажилладаг.

-Та ямар үед Шонхороор хамгийн их бахархаж байсан бэ?

-Өнгөрсөн жилийн долоодугаар сарын 01-ний өдөр БЗД-ийн Хил хамгаалахад гар утас алга болсон хэрэг гарсан. Тэр хэргийг Шонхор дуудлагатай нохой самнан, нэгжлэг хийгээд хайрган дотор булчихсан байхад нь олсон. Нохойны ажлаа хийж байгаа, үнэр олоод явж байгааг нь харахаар араатан амьтан сураад цагдаагийн байгууллагат
тус дэм болоод явж байна гэж бодохоор бахархах сэтгэл төрдөг.

-Одоо ямар тушаалыг сайн биелүүлдэг вэ?

-Бос, суу, байрандаа, хэвт, мөлх гээд энгийн тушаалыг сайн биелүүлдэг. Харин эрлийн үед битүүмжилсэн үнэрийг үнэрлээд ажиллагаандаа гардаг. Нохой хэр барагтаа мартаж, үнэрээ алддаггүй давуу талтай. Тэр ч утгаараа хүний хэлснийг сайн ойлгодог.

-Ярилцсанд баярлалаа.

-Нэмэлтээр дурдахад, Манай улсын цагдаагийн байгууллагад гэмт хэрэг илрүүлэхэд тусгайлан сургасан албаны нохойг ашиглаж эхлээд 70 гаруй жил болжээ.

1990 он хүртэл мэргэжлийн боловсон хүчнээ ОХУ-д найман жилийн давтамжтайгаар бэлтгэж байсан бол 1992 онд ЦЕГ-ын Албаны нохойн тасгийг байгуулж, цагдаагийн төв болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд  ажиллах боловсон хүчин болон албанд хөтлөх нохойгоо дотооддоо бэлтгэж эхэлсэн байна. Энэ цагаас хойш ажилласан нохдын тоо толгой болон цаашид сургах нохдын ерөнхий мэдээллийг нь албаны нууцад хамруулдаг аж.

Дэлхий дахинаа үнэрч нохойн чадварыг гүйцэх техник хэрэгсэл нэвтрээгүй учраас нохдыг хил гааль болон гэмт хэрэгт түлхүү ашигладаг болсон. Хүний хамарт таван сая орчим үнэр хүлээн авагч байдаг бол мөрдөгч нохойн хамарт 300 сая хүртэл үнэр мэдрэгч байдаг. Нохойн хамар үнэр ялгахад зориулагдсан. Нохой үнэр ялгахдаа хүнээс 10000-100000 дахин илүү. Мөн хүнээс 10 дахин илүү сонсох чадвартай гэх зэрэг онцлогтой байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-07 22:47

Дууст�##� нь дахин дахин уншив. Сайхан ярилцлага. Баярл�##�аа.

Зочин
Зочин
2024-05-08 10:42

Arai l aldaa ihtei bichdguuu???

Холбоотой мэдээ

Back to top button