Top StoriesНийгэм ярилцлага

Д.Тосон: Ургамлыг дангаар нь бус 2-3 төрлөөр нь хольж уувал илүү үр дүнтэй

Тэрбээр төвд бичиг судлаач-монгол бичгийн багш мэргэжилтэй. 1984-2000 он хүртэл дунд сургуульд монгол бичгийн багшаар ажилласан. Харин 44 насандаа элэгний хатуурал эмчилгээгүй гэсэн “хатуухан” онош сонсож. Үнэнтэй нүүр тулсан тэр цагт эзэмшсэн мэргэжил нь хэрэг болж, “Хар домын судар” номыг монгол бичгээр уншиж, төвд бичгээр судар номоос ч энэ чиглэлийн мэдээлэл нэлээд цуглуулжээ.

Ингээд цагаан мөөгний чадал хүчийг олж мэдэж, гурван жил хэрэглэсний эцэст хүнд өвчнөөсөө бүрэн ангижирсан аж. Энэ нь эмт ургамлыг судлах замд хөтөлж, тэр цагаас хойш 20 гаруй жилийг уг ажилд зориулан яваа нь энэ. Д.Тосон багш “Монгол оронд 2600 нэр төрлийн ургамал байдгаас хориод жилийн хугацаанд 130 ургамлыг таньж, судалж үүнээсээ 80 гаруйг түүж боловсруулан ард түмэнд түгээж явна” гэлээ.

Д.Тосон багшийн 2024 оны тавдугаар сард өгсөн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.

-Та өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

-Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат хүн. Сумын дунд сургууль, аймгийнхаа 10 жилийн сургууль төгсөөд 1979 онд МУИС-д элсэн орсон. 1984 онд төвд бичиг судлаач, монгол бичгийн багш мэргэжлээр төгсөж 2000 он хүртэл дунд сургуульд багшилсан. Тэр цагаас хойш элдэв төрлийн ажил хийж яваад сүүлийн 20 жил тасралтгүй эмийн ургамлыг судалж, хөөцөлдөж эмт ургамлаар амьсгалж яваа хүн байна.

Би багаасаа сониуч хүүхэд байсан. Тийм ч учраас долоодугаар ангид байхдаа монгол бичгийг бие дааж сурсан. Оюутан болчхоод лекцээ дандаа монгол бичгээр бичдэг байлаа. Одоо ч би хүний яриаг яг зэрэгцээд монгол бичгээр буулгаж чадна. Хожим ихэд сонирхон судалсан зүйл бол эмт ургамал юм. Учир шалтгаан нь би 44 настайдаа элэгний цирроз өвчнөөр өвчилсөн. Эмчилгээгүй гэсэн хариуг эмнэлгээс сонсоод өөрийгөө анагаах арга чарга хайж эхэлснээр эмийн ургамлыг сонирхож эхэлсэн түүхтэй.

-Төвд бичиг судлаач, монгол бичгийн багш мэргэжил тань эмт ургамлыг судалж эхлэхэд давуу тал болсон уу?

-Тийм ээ. Монгол бичгээр сайн уншиж ойлгодог учраас “Хар домын судар” номыг олж уншсан. Тэр л бүх юмны эхлэл болсон доо. Мөн төвд бичгээр ч судар номоос мэдээлэл авч байлаа. Жишээ нь, ходоодны хүнд өвчний үед чонын ходоодыг нүдээд идэх буюу тараг бүрж уувал эдгэмой гэх мэтээр эхэлдэг. Энэ мэтчилэн сонирхож уншсаар эмт ургамлыг судлахад хөтлөгдөж, амьдралын учир утгаа болгосон юм.  Зарим ном судрын хадмал эхүүд төвдөөр байна. Монголын анагаах ухааны нэршлүүд төвд,  монгол хадмалтай. Жишээлбэл, багваахай цэцгийг хүрмэн бахуур, мядагсанчин гэх мэтээр төвдөөр бичээд монгол бичгээр тайлбарласан нь бий. Товчхондоо, монгол бичиг, төвд бичгийг гадарладгийн хувьд, мөн өөрт тохиолдсон өвчин зовлон эмт ургамал руу орох шалтгаан болсон доо.

-Та хэрхэн эдгэсэн бэ?

-Элэгний цирроз гэх өвчнөөр өвдөөд эмнэлэгт үзүүлэхэд нэг судас хагарах гэж байна гээд намайг групп-т оруулж, бас Улаанбаатар хот руу "Шагдарсүрэн" гэж эмнэлэг рүү явуулсан. Тэнд очоод үзүүлэхэд элэгний архаг цирроз, В, С вирүс идэвхжилтэй гэсэн. Тэгээд нутагтаа очоод ургамал судлаад уншихад цагаан мөөгний тухай л ихээхэн гарч ирж байлаа. Хуучны ном сударт цагаан мөөгийг уутанд хийчихсэн аваад явж байдаг тухай ч өгүүлж. Ийм учраас цагаан мөөг л идэж үзье гээд гурван жил тасралтгүй хэрэглэсэн. Бие хөнгөрөөд арай л өөр болоод байхаар нь шинжилгээ өгсөн чинь вирүс устаж, элэг зөөлөрч эдгэрсэн байсан. Одоо 70 нас хүрэх гэж байна. Эмчилгээгүй гэсэн цагаас хойш 20 гаруй жил амьдарч, өвдөх өвчингүй, хөнгөн шингэн сайхан л явна.  

-Өөрөө эдгэрч үр дүнгээ хараад ийшээ гүнзгий орчихсон уу?

-Мөөг түүж идэж явахдаа ургамлуудтай танилцаж эхэлсэн. Эхлээд нэрийг нь хараад дараа нь өөрөө иднэ. Улмаар ном судартай тулгаж үзнэ. Ингэж өөр дээрээ туршиж л голдуу судалсан. Ингэхэд нэгдүгээрт, элэгний өвчнийг анагаасан. Хоёрдугаарт, би тэр цагаас хойш ядарч сульдахаа больсон. Тэгээд маш хүнд өвчнийг ч эмийн ургамал анагаадаг гэдгийг мэдээд учир ухааныг олохоор 20 гаруй жил зүтгэж байна даа.

Одоо бол жаахан гадарладаг болсон шүү. Монгол оронд 2600 төрөл зүйлийн ургамал байдгаас би 120-130 орчмыг л мэднэ. Тэгэхээр мэддэг гэхэд асуудалтай байгаа биз. Өөрийн тухайд бол өнөөдөр хөнгөн шингэн, ядарч сульдахгүй зундаа уул, хадаар явж ургамлаа түүж идээд явж байна.

-Таныг энэ хүртэл чиглүүлсэн хүн байдаг уу?

-Миний хамаатан Ц.Дарьзав гээд эмийн ургамлын хоёр ч ном бичсэн настан Дархан-Уул аймагт бий. Мөн “Монгол оронд ургадаг эмийн ургамлыг амьдралд хэрэглэх нь” ном байна. Миний багш гэвэл энэ хоёр байна даа.  

-20 жилийн хугацаанд 2600 ургамлаас 130-ыг л таньж, гадарлаж явна даа-

-Та өнөөдөр хэчнээн нэр төрлийн ургамлыг хэрхэн ард түмэнд хүргэж байна вэ?  

-Монгол орон дахь судлагдсан 2600 зүйл ургамлаас 130 нь нэн ховор, 318 нь ховор, 1600 зүйл элбэг ургамал гэж төрөлждөг. Эндээс би 20 жил үзээд хөөцөлдөөд судлахад үсрээд 130 ургамлыг танин мэдэж, гадарлаж эхэлж байна. Эмийн ургамлыг ном сударт бичсэнээс нь харахад хатаах, уусмалд боловсруулах, үрлэн хэлбэрт оруулах гэсэн гурван аргаар боловсруулдаг. Эндээс би хатаах, уусмалд дарах хоёр арыг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл 80 гаруй төрлийн ургамлыг дээрх хоёр аргаар бэлтгэж боловсруулдаг гэсэн үг.

эрлээч гэвэл...?

-Миний үзэж жаахан гадарлаж байгаа ургамлууд дотор ховор, нэн ховор ургамал 15-16 байгаа. Нэн ховор ургамлаас төвд ланца, ягаан мөгүүз, жинхэнэ онгол, монгол хүрээмэг, ховор ургамлаас шар алтанхундага, хонин арц, бадаана, ванжингарав, хөх дэгд, егүүшин элбэг зүйл ургамлаас багваахай, талын бирааг, сөөгөн боролзгоно, зээргэнэ, их зул, нүцгэн намуу гэх мэтээр явна даа.

-Нийтээрээ амнаас ам дамжсан яриагаар эрүүл мэнддээ хандах нь олонтаа. Эмийн ургамлын зөв зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгөөч?

-Хүмүүс ам дамжаад ийм ургамал тийм юманд сайн гээд сонсонгуутаа ууж үзье гэх хандлага нийтлэг. Миний зүгээс хэлэхийг хүсдэг зүйл бол орчин цагийн анагаах ухааны ололт амжилттай  уялдуулж явмаар. Сахартай бол лавлах хэмжээгээ харьцуулаад харчих. Нойр булчирхайн шинжилгээнээсээ цайралт нь харагдчихна. Элэгний асуудалтай бол В, С вирүсээ тоолуулчихна. Харин үүнийхээ дараа тохирсон ургамлаа мэддэг хүнтэй зөвлөж сонгон хэрэглэх нь зүйтэй. Тэгээд 1-4 сар хэрэглээд дахин шинжилгээ өгч, үзүүлэлтүүдээ харж үр дүнгээ мэдээд явах хэрэгтэй. Ганцхан жишээ хэлэхэд тайгын хунчир, цагаан мөөгийг элгэндээ хэрэглэж 2-3 сар болоод вирүсээ тоолуулахад маш сайхан үр дүн харагдана.

-Жор тунгийн тухайд...?

-Ургамал дээр нарийн жор, тун хэмжээ байдаггүй. 500 грамм усанд нэг атгыг хийж 300 грамм болтол ширгээгээд өдөрт нь ууна. Иймэрхүү л хэмжээ бий. Тун гэхээр тан болоод явчихдаг юм. Мөн ургамлыг хэрэглэхдээ хосолсон, гурвалсан байдлаар хэрэглэвэл их сайн. Ургамлын хоруу чанар гэж бий. Хоёр, гурван ургамал чинь нийлэхээрээ хоруу чанар нь саармагждаг. Би өөрөө шивэрт улаагана, шар цэцэг, хонин зээргэнийг эн тэнцүү хольж бөөрөндөө ууж үзсэн. Үүнийг уугаад 3-4 хоноход бөөр өвдөхөө больчихдог. Цаашдаа бөөрний өвчин даамжирдаггүй.  

-Хамгийн удаандаа хэр хугацаагаар уух вэ?

-Ургамлыг бүр их удаан уулаа гэхэд 30 хоноход үр дүн харагдах мэдэгдэх төдий болно. Цаашаа үргэлжлүүлээд хэрэглэхэд үр дүн сайжраад явдаг. Ер нь бол ургамал ихдэж, илүүдэнэ гэж байхгүй дээ.

-Та ургамлаа хаанаас, хэрхэн бэлтгэдэг вэ?

-Ерөөсөө л Хөвсгөл. Би аймгийнхаа нутаг дэвсгэрийг ерөнхийд нь бол гадарлана. Хаана, ямар ургамал байдгийг мэднэ. Хөвсгөлд уул уурхай ороогүй болохоор ургамал нь маш их чанартай сайн байдаг. Ямартай ч төрөл зүйл нь ховордож, устаж үгүй болох хэмжээнд хүрээгүй. Тэнцвэрт байдлаа хадгалж байгаа.

-Таны хамгийн эрэлт хэрэгцээтэй ургамал юу вэ?

-Цагаан мөөг шиг ховор, ид шидтэй, ач тустай ургамал ховор шүү. Өнөөдөр Хөвсгөлд л жаахан байх шив дээ. Гандмаг, далбан цагаан гэх мэт мөөг бий, бий. Цагаан мөөгний эмийн нэр нь хүрээмэг. Хүрээмэг гэвэл жинхэнэ цагаан мөөг гэж ойлгох хэрэгтэй. Гандмаг бол хүрээмэгтэй их төстэй, чадлаар ч дутахгүй сайн мөөг. Энэ хоёрыг хүнсэндээ хэрэглэх нь тохиромжтой. Ялангуяа элэгний өвчтэй хүн бол идээд л байвал вирус устаж, элэг зөөлрөөд эрүүлжээд л байна. Энэ бол ёстой баталгаатай шүү.

-Бусдын үр дүнгээс та хуваалцаач?

-Би ургамал түгээдэггүй байсан ч сүүлийн жилүүдэд бэлдээд, боловсруулаад өгч байгаа. Тэгэхэд бөөр өвдөж байсан танай ургамлыг уугаад зүгээр болчихлоо, зүрхээр оройд хатгаад байсан нь намдчихлаа, элэгний вирүс буучихлаа та дахиад ургамал олж өгөөч гэх мэтээр зөндөө л ярьдаг.

-Хүмүүст хандаад юуг хэлмээр байна?

-Хүмүүсийн эмийн хэрэглээ их байна. Ийм өвчтэй болж гээд л эмээр ёстой бөмбөгдөж өгдөг. Эмээ уудгаараа уу л даа, яахав. Гэхдээ завсар нь жаахан ургамал оруулчих. Хүмүүсээс асууж, ном уншиж байгаад ч юмуу жаахан ургамал оруулчхад ядаж эмэнд дасал болохгүй. Мөн гахай, тахианы мах ихээр идэж, пиво уухын оронд хөдөө хөл нүцгэн мөөг түүж, малынхаа махыг идээд явбал орчин үеийн өвчин тусах нь арай л бага байх болов уу.

Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд ургамлыг түүх цаг, уух хэмжээ, хугацаа гэж бий. Өнөөдөр ургамлыг өнгөцхөн амсах төдий хэрэглэж байгаа учраас хүн бүр үүний үр дүнг олж харахгүй байна. Ургамал гэдэг чинь газраас түүхээс эхлээд дэгтэй, журамтай, дүрэмтэй.

Ямар ургамлыг хэдийд түүх вэ, хаана хэрхэн хатаах вэ гээд л эхэлнэ. Хамгийн түрүүн гарч ирсэн ургамлыг 7-14 хоногт л түүнэ.Үүнээс хойш өт хорхой шавжид идэгдээд үгүй болно. Мэдлэг, мэдээлэлгүй хүн бол хугацаа нь өнгөрсөн хойно аваад өт хорхой, шавжийг нь харахгүй хэрэглэчихдэг. Ургамлыг дангаар нь хэрэглэхгүй заавал хосолсон, гурвалсан байдлаар хэрэглэвэл маш сайн үр дүн харна. Ингэхдээ заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав, эсвэл номоос унш. Эцэст нь хэлэхэд эмийн ургамлын хэрэглэнэ гэдэг нь зүгээр л аваад буцалгаад уухын нэр биш юм шүү.

Д.Тосон багшийн ургамал, ургамлын охь бусад мэдээллийг ЭНД дарж танилцаарай.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 27, 2024 15:11

Ийм мэддэг хүнээс зөвлөгөө авб�##�. Зүгээр байт�##� нэг жил үзүүлэхгүй �##�гасангуут л нэг юм нь өвдөөд бусад эрхтнээ бас өвдүүлчихдэг юм байна. Нойр булчирхайд хусны хаг ууж үзсэн. үнэхээр намдсан. Одоо бараг эм хэрэглэхээ больсон. Одоо бөөрний асууд�##�тай болоод байна. Асуудлын яг эх сууре нь бол эрдэс бодис витамины дутагд�##� юм шиг байна. Нөхөөд ууж л байна. Одоо өвдсөн эрхтнүүдээ эргээд тас эрүүл болгомоор байна.

Зочин
Зочин
5 сар 27, 2024 18:07

Muuhai legend muh l gedeg yum daa unen ch yum uu hudlaa ch yum uu Hun hundee l tohirol tohirohgui gej baih baihaa

Зочин
Зочин
6 сар 3, 2024 12:36

Yas urgasan hund yamar urgam#l uuh ve? Tuslaach ue soliulah hemjeebd hursen bn

Зочин
Зочин
7 сар 2, 2024 14:41

Хаяг хаана зардаг бэ авмаар бн

Х.Энхжаргал
Х.Энхжаргал
8 сар 8, 2024 08:39

Тосон гуайтай холбогдох утасны дугаар байв�##� өгч туслаач

Холбоотой мэдээ

Back to top button