Папуа Шинэ Гвинейд болсон хөрсний гулгалтад 2 мянган хүн дарагдсан байна

Баасан гарагт /2024.05.24/ Папуа Шинэ Гвиней улсын Энга мужид хөрсний гулгалт болсон. НҮБ-ын Цагаачлалын агентлаг тус гамшгийн улмаас 670 гаруй хүн амь үрэгдсэн гэж тооцоолоод байсан юм.
Тэгвэл тус улсын засгийн газар даваа гарагт /2024.05.27/ мэдэгдэл хийхдээ хөрсний гулгалтад 2 мянган хүн дарагдсан гэжээ.
НҮБ болон засгийн газрын тооны зөрүү нь тус мужийн алслагдмал байршил, хүн амын нийт тооны тодорхойгүй байдал зэрэгтэй холбоотой юм.
Тус улсад хамгийн сүүлд явагдсан хүн амын тооллого 2000 онд явагдсан. Мөн хүн амын ихэнх нь алслагдмал уулын тосгонуудад амьдардаг байна.
Папуа Шинэ Гвиней улсын Батлан хамгаалахын сайд Билли Жозеф Энга мужийн хөрсний гулгалт болсон Майп-Мулитака бүсэд зургаан алслагдмал тосгон байрладаг байжээ.
Жозефын хэлснээр дөрвөн мянга гаруй хүн амьдардаг байсан аж. Гамшгаас амь гарсан Эвит Камбу “Reuters” агентлагт хэлэхдээ “Миний гэр бүлийн 18 гишүүн энэ зогсож байгаа шороон дор булагдсан. Гэвч би цогцсуудыг нь гаргаж чадахгүй болохоор энд ингээд зогсож байна” гэсэн юм.
Гамшиг болсон газарт хүрэхэд хэцүү байгаа учир амьд үлдсэн хүмүүсийг аврах магадлал цаг өнгөрөх тусам багасаж байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.