Top StoriesГадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

Гүрж улсад ОХУ эсвэл Европын холбооны аль нэгийг сонгох шаардлага тулгарлаа

Товч агуулга: Кавказын бүсэд оршдог Гүрж улсын парламент гадаад агентын тухай хуулийг батлахад ойрхон байгаа юм. Тус хуулийг шүүмжлэгчид “Орос хууль” хэмээж, олон мянган хүн батлахыг эсэргүүцэн жагсаж байна. Барууны орнууд тус хуулийг батлахгүй байхыг уриалж, ОХУ эсвэл Европын холбооны аль нэгийг сонго гэх мессежийг хэд хэдэн удаа Гүржийн хууль тогтоогчдод өгөөд байгаа юм.


Гүржид “Орос хууль” хэмээн нэрлэгдээд байгаа хуулийн төслийг олон мянган иргэн эсэргүүцэж жагсаж байгаа. Европын холбоонд элсэхээр горилж буй есөн орны нэг нь Гүрж билээ.

“Орос хууль” хэмээн нэрлэгдээд буй гадаад агентын тухай хуулийг батлабал Европын холбоонд элсэх ажилд нь хүндрэл учирна гэж шүүмжлэгчид болон жагсаж буй иргэд үзэж байгаа юм.

Энэ сарын эхээр Гүржийн нийслэл Тбилисид 50 мянга гаруй хүн тэрхүү хуулийг эсэргүүцэж жагссан билээ.

Тус улсын парламент дөрөвдүгээр сарын 17-нд гадаад агентын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн. Гурав дахь буюу сүүлийн хэлэлцүүлэг тавдугаар сарын 12-нд болж дахин дэмжигдсэн байна.

Гүржийн парламентад Гүржийн Мөрөөдөл нам мажоритар. Гадаад агентын хуулийг тус нам санаачилсан.

Хууль хоёр дахь хэлэлцээгээр орсны дараа тус улсын Ерөнхийлөгч Саломе Зурабичвили тавдугаар сарын 18-нд гадаад агентын тухай хуулийн төсөлд хориг тавьсан.

Саломе Зурабичвили, зургийн эх сурвалж: Euro News

Тэрбээр “Өнөөдөр би Орос хуульд хориг тавилаа. Энэ хууль нь мөн чанарын хувьд Орос хууль. Манай улсын үндсэн хууль болон Европын стандарттай зөрчилдөж байгаа тул Европын холбоонд элсэх замд саад тотгор учруулж байна” гэсэн юм.

Гэвч Гүржийн парламентын хороо даваа гарагт /2024.05.27/ Зурабичвилийн тавьсан хоригийг няцаасан байна. Парламентын Хууль зүйн хорооноос ийм алхам гаргаснаар хууль тогтоогчид албан ёсоор санал хураах боломжтой боллоо.

Тэгвэл гадаад агентын тухай хууль ямар учиртай вэ?

Энэхүү хуулийн дагуу нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллага болон бусад ашгийн бус байгууллагууд санхүүжилтийн хориос дээш хувийг гадаадаас авч байвал “гаднын орны сонирхлын төлөө ажилладаг” хэмээн бүртгүүлэх ёстой юм.

Одоо яригдаж буй гадаад агентын хууль нь Гүржийн Мөрөөдөл нам өнгөрсөн жил санаачилсан хуультай бараг адилхан. Өнгөрсөн жил мөн томоохон жагсаал, эсэргүүцлийн аян явагдсан тул хуулийг батлаагүй байна.

Засгийн газрын эрхийг барьж буй Гүржийн Мөрөөдөл нам мэдэгдэхдээ улсынх нь улс төрийн тавцанд гаднаас үзүүлж буй сөрөг нөлөөг таслан зогсоож, гаднын үл мэдэгдэх этгээдүүд улс төрийн тогтворгүй байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилготой гэжээ.

ОХУ өмнө нь үүнтэй ижил хууль баталж, Кремлийг шүүмжилсэн хараат бус хэвлэлийн байгууллагууд, идэвхтнүүдийг хавчин дарах болсон. Ийм учраас Гүржийн сөрөг хүчин тус хуулийн төслийг “Орос хууль” хэмээн шүүмжилж байгаа юм. Сөрөг хүчний Үндэсний Нэгдсэн Хөдөлгөөн нам Гүржийн Мөрөөдөл намыг Москвагийн ашиг сонирхолд үйлчилж байна гэж буруутгажээ.

Гүржийн Мөрөөдөл намыг тус улсын экс ерөнхий сайд, ОХУ-д бизнес хийж тэрбумтан болсон Бидзина Иванишвили үүсгэж байгуулсан.

Ням гарагт /2024.05.26/ тус улс тусгаар тогтнолоо зарласан баярын өдрөөр Ерөнхийлөгч Зурабичвили болон Ерөнхий сайд Иракли Кобахизде нар үг хаялцсан байна.

Зурабичвили “ОХУ-ын заналхийлэл бидний дээгүүр эргэлдэж байгаа энэ үед Европтой түншилж, ойртох нь тусгаар тогтнол, энх тайвныг хадгалан, бэхжүүлэх жинхэнэ зам. Энэ замыг хорлон сүйтгэж, бусниулж буй хүмүүс манай улсын энх тайван, аюулгүй ирээдүйг уландаа гишгэн, сүйтгэж, эрх чөлөөт ардчилсан ертөнцийн бүрэн эрхт гишүүн болоход саад учруулж байна” гэжээ.

Харин Кобахизде Зурабичвилийг улсаасаа урваж байна гэж буруутган “Оршин тогтнохуйн аюул заналхийлэл, хэд хэдэн урвалт, тэр дундаа Гүржийн ерөнхийлөгчийн урвалт зэрэг үйл тохиолдоод байсан ч сүүлийн хоёр жилд ард түмэн болон тэдний сонгосон засгийн газраас хийсэн үндэслэлтэй алхмууд манай улсад энх тайван, амар амгаланг хадгалах боломжийг олгосон” хэмээсэн юм.

 Барууны орнуудын анхааруулга

Гадаад агентын хуулийн гурав дахь хэлэлцүүлэг явагдсаны дараа Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел парламентын шийдвэрийг маш санаа зовоосон үйл явдал боллоо гэжээ.

Зургийн эх сурвалж: France24

Тэрбээр “Энэ хуулийг эцэслэн батлах нь Гүржийн Европын холбоонд элсэхэд гаргасан ахиц дэвшилд нь сөргөөр нөлөөлнө” хэмээсэн юм.

Боррел өмнө нь “Тус хууль Европын холбооны үндсэн зарчим, үнэт зүйлстэй нийцэхгүй, хэвлэл мэдээлэл болон нийгмийн эрх чөлөөтэй ажиллах боломжийг хязгаарлана” гэж анхааруулж байжээ.

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель “Хэрвээ тэд Европын холбоонд элсэхийг хүсэж байвал ардчиллын зарчмууд, эрх зүйн нормыг хүндэтгэх ёстой” гэсэн байна.

Хуулийн хэлэлцүүлэг явагдаж байхад АНУ Гүржийн хууль тогтоогчид Кремль маягийн хууль эсвэл өөрсдийн эхлүүлсэн Евро-Атлантын ардчиллын зам хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй хэмээсэн.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.05.23/ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Гүржийн ардчиллыг сүйтгэсэн эсвэл сүйтгэхэд хамтран оролцсон” албан тушаалтнуудад аяллын хориг арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

Тэрбээр “Гүржийн удирдагчид уг хуулийн төслийг эргэн харж, ардчилал болон Евро-Атлантын замд хүрэх хүсэл эрмэлзлээ урагшлуулах алхам хийнэ гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Гүржийн хууль тогтоогчид ОХУ эсвэл Европын холбооны аль нэгийг сонгох чухал сонголт дээр тулж ирээн байна.

Эх сурвалж: Associated Press, Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 29, 2024 16:08

Зөв л хуул байна

Зочин
Зочин
5 сар 29, 2024 20:08

Хуул, хуул.

Холбоотой мэдээ

Back to top button