Лавров: Орос, Украины энхийн хэлэлцээг БНХАУ зохион байгуулж болно

Зургаадугаар сарын 15-16-ны хооронд Швейцар улсад Украины энх тайвны талаарх уулзалт болно. Тус уулзалтад 70 гаруй орны төлөөлөл оролцоно гэдгээ мэдэгдсэн юм.
Харин ОХУ-д тус уулзалтад оролцох урилга Швейцарын албан тушаалтнууд илгээгээгүй байна. Кремль урилга илгээсэн байсан ч оролцохгүй гэж мэдэгдсэн байгаа.
Зеленский тэрхүү уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарыг оролцохыг онцгойлон хүссэн юм. Тэрбээр Байден оролцохгүй байх нь Путинийг баярлуулна гэжээ.
Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос, Украины хооронд энхийн хэлэлцээг БНХАУ зохион байгуулах боломжтой гэж хэлсэн байна.
Лавров РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө “Мөргөлдөөний үндсэн шалтгааныг эн тэргүүнд шийдэж, бүх талуудын ашиг сонирхлыг хамгаалан, аюулгүй байдлын тэгш зарчимд тулгуурласан хэлэлцээ хийх хэрэгтэй гэх БНХАУ-ын байр суурьтай бид санал нэг байгаа” гэжээ.
Тэрбээр нэмж “Би дахиад хэлье, энэ нь тэдгээр газар нутагт амьдарч буй хүмүүсийн хүсэл зоригийг тусгасан байх хэрэгтэй. Газар дээрх бодит байдлыг хүндэтгэх шаардлагатай” хэмээсэн байна.
БНХАУ жил гаруйн өмнө Украины дайныг шийдвэрлэх ерөнхий зарчмыг тодорхойлсон 12 зүйл бүхий баримт бичгийг гаргасан. Гэхдээ тус бичигт нарийн ширийн зүйлсийг тусгаагүй.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын дундуур БНХАУ-д айлчилсан. Энэ нь түүний ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдсоноосоо хойш гадаадад хийж буй анхны айлчлал байсан юм.
Тэрбээр айлчлалынхаа өмнө “Xinhua” агентлагт ярилцлага өгсөн. Тус ярилцлагад Путин Украины хямралыг энхийн аргаар зохицуулах Хятадын төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
ОХУ-ын талаас эзэлсэн газар нутгийг нь Киев, барууны орнууд хүлээн зөвшөөрөх нөхцөлтэйгөөр хэлэлцээ хийхийг хэд хэдэн удаа санал болгосон. Энэ нөхцөлийг нь Украин няцаасан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.