Сурвалжилга, Нийтлэл

Цэц дээр “дэнслэгдэх” Хэнтийн нөхөн сонгууль ба нэр дэвшигчид

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы индэр дээрээс УИХ өөрөө тарах тогтоол батлахыг уриалж, Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаяр оролцохоо мэдэгдсэн долоо хоног болж өнгөрөв. УИХ тарах асуудлыг олон нийт алга ташин хүлээн авдаг тул Ерөнхийлөгч төмөр замаа эргэхээр мордохоосоо өмнө зориуд жижигхэн улс төр хийсэн нь энэ байлаа. Түүний шаардсаны зоргоор УИХ сайн дураараа тарна ч гэж юу байхав.

Үүнээс илүү олны анхаарлыг татсан асуудал нь Хэнтийн нөхөн сонгууль юм. Бүр Д.Гантулгыг бүрэн эрхээсээ түдгэлзээгүй байхад Хэнтий аймгийг “усалж” эхэлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдлээ. Тэрээр “МАХН Хэнтийн нөхөн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч байгаа” гэж онцолж байснаасаа ч буцсангүй.

МАХН-аас Н.Энхбаяр тус тойрогт нэр дэвшихтэй зэрэгцээд Хэнтийн аймгийн АН-аас Ж.Оюунбаатарын нэрийг  намын төв байгууллагадаа уламжлав. Ж.Оюунбаатар нь Хэнтий аймагт Засаг даргаар ажиллах хугацаандаа чамгүй их бүтээн байгуулалтыг хийсэн. Аймагтаа нэр сайтай нэгэн билээ. Тиймээс ч АН удирдлагын хүрээндээ ч тэр,  Ж.Оюунбаатарыг дэвшүүлэхээр тохирч, бэлтгэлийг нь базааж буй.

Харин МАН-ын хувьд өнгөрсөн долоо хоногт Удирдах зөвлөлөө хуралдуулж, Бага хурлынхаа товыг зарласан. Бага хурал нь ирэх долоо хоногийн Мягмар гаригт хуралдаж, нэр дэвшигчээ тодруулах юм. Ер нь бол хөшигний ард Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө Хэнтийд нэр дэвшинэ гэдэг нь  тодорхой болчихоод буй.

Тэрээр энэ сарын  эхээр бүтэн долоо хоног сайд нартайгаа хамт Хэнтий аймагт ажиллаж, сумдуудаар нь тойрсон. Засгийн газрын хүрээнд шийдэж болох аж ахуйн шинжтэй олон ажлуудыг нь шийдэхээр болж, сайд нартаа чиглэл өгч явсан билээ. Анхлан УИХ-д түүнийг сонгож байсан Хэнтийн ард түмэн эдүгээ ч У.Хүрэлсүхэд “маш сайн”.

Тиймээс ч Бага хурлаар У.Хүрэлсүхийг Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөнө  гэсэн шийдвэр гарах хүлээлт үүсээд байгаа юм. Улс төрийн намуудын байдал товчхондоо ийм байна. Нөгөө талд Хэнтий аймагт нөхөн сонгууль болох уу гэдэг нь ихээхэн эргэлзээ үүсгээд байгаа юм.

Тодруулбал, ирэх даваа гаригт УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчих эсэхийг цэц хэлэлцэх юм. Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл нөхөн сонгууль зохион байгуулагдахгүй байх нөхцөл байдал үүсэх билээ. Цэц маргааныг хэрхэн шийдэхээс хамаарч, Хэнтийн нөхөн сонгуулийн хувь заяа шийдэгдэнэ.

Аль эртнээс цэц дээр маргаан үүсч, нөхөн сонгууль болохгүй байх нөхцөл байдал үүснэ гэсэн таамаг явсан. Гэвч улс төрийн намууд Сонгуулийн хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж, нэр дэвшигчээ зарлах процессыг өрнүүлж буй. Даваа гаригт цэц дээр Хэнтийн нөхөн сонгуулийн хувь заяаг дэнслэх нь ээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button