Энэтхэгийн сонгууль: Нам нь өмнөхөөс бага суудал авсан ч Моди гурав дахь удаагаа яллаа

Дэлхийн хамгийн том сонгууль болох Энэтхэгийн парламентын доод танхимын гишүүдийг сонгох санал хураалтын сүүлийн шат өнгөрсөн бямба гарагт /2024.06.01/ дууссан.
Долоон шат дамжин явагдсан тус сонгуульд ойролцоогоор 640 сая хүн саналаа өгсөн юм. Дэлхийн хүн амын 10 гаруй хувь буюу 970 сая орчим энэтхэгчүүд санал өгөх боломжтой байсан.
Тэгвэл парламентын доод танхим буюу Лоб Сабхагийн 543 гишүүнийг сонгох санал хураалтад Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модийн Бхаратия Жаната нам хамгийн их суудал авчээ.
Түүний нам өмнөхөөс бага суудал авсан ч Моди ийнхүү гурав дахь удаагаа төрийн эрхийг барих боломжтой болов. Гэхдээ тэрбээр холбоотон намуудын авсан суудлуудын тусламж авч байж л эрх мэдлээ хадгалан үлдэх юм.
Бхаратия Жаната намын эсрэг Энэтхэгийн Үндэсний Хөгжлийн Нэгдсэн Холбоо (INDIA) нэртэй 28 намын нэгдэл өрсөлдсөн.
Одоогийн байдлаар Бхаратия Жаната 240 суудал авчээ. 2019 оны сонгуулиар тус нам 303 суудал авч байсан тул доод танхимд олонх байр суурийг авсан байдаг.
Намынх нь дэмжлэг суларсан тул Моди засгийн газар байгуулахын тулд Үндэсний ардчилсан холбоо (NDA) дахь намын эвслийн түншүүд дээрээ илүү тулгуурлах болно. Ингэснээр тус холбоо дахь жижиг намуудад илүү хөшүүрэг хүч ирэх юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.