Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбооны сонгууль: Францын парламент тарж, Бельгийн ерөнхий сайд огцорч, сөрөг хүчин босов

Европын холбооны улсуудад Европын парламентын 720 гишүүнээ сонгох санал хураалт өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас /2024.06.06/ ням гарагийн /2024.06.09/ хооронд явагдсан.

Тус сонгуульд 373 сая гаруй хүн санал өгөх боломжтой байсан бол ирц сүүлийн 30 жилд байгаагүй өндөр буюу 51 хувь хүрчээ. Гишүүн улс бүрд оногдох парламентын суудлын хэмжээ хүн амын тоотой пропорциональ холбоотой байдаг.

Европын холбооны хамгийн их хүн амтай Германд 96, Францад 81, Италид 76 суудал оногдох боломжтой юм.Швед, Португал, Чехэд 21 харин Мальта, Люксембург, Кипрт зургаан суудал оногдоно.

Тэдгээр суудлуудын төлөө гишүүн улсуудын намууд өрсөлддөг юм. Санал хураалтаар Европын томоохон орнуудын эрх баригч намууд тааруухан үр дүн үзүүлж, сөрөг хүчнийхэн амжилт үзүүлэв.

Тэгвэл одоо Европын их гүрнүүдэд сонгууль ямар үр дүнтэй гарсныг харцгаая.

Франц

Европын сонгуулийн хамгийн том цочир мэдээ Францаас гарав. Ерөнхийлөгч Эммануэль Макроны Сэргэн мандалтын нам Марин Ле Пенийн баруун үзлийн Үндэсний чуулган намд өвдөг шороодсон.

Тодруулбал Европын парламентаас Францад олгох нийт суудлын 15 гаруй хувийг л Макроны Сэргэн мандалтын нам авах төлөвтэй байна. Харин сөрөг хүчний Ле Пений Үндэсний чуулган нам 31-32 хувийн санал авна гэх тооцоо гарчээ.

Энэ нь Макроныг Францад ээлжит бус хууль тогтоох сонгууль зарлахад хүргэв. Өмнөх парламентын сонгууль 2022 онд явагдсан. Тэгвэл зургаадугаар сарын 30 болон долоодугаар сарын 7-нд парламентын санал хураалт авах болсон юм.

Шилжин суурьшигчдын эсрэг, үндсэрхэг үзэл санаагаар дэмжигдсэн Ле Пенийн Үндэсний чуулган намын сөрөг хүчин ийнхүү ялалт байгуулав. Францчууд энэхүү сонгуулиар Макроны эдийн засгийн бодлого, хөдөө аж ахуйн хууль, аюулгүй байдлын асуудлаар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхэд ашиглав.

Үндэсний чуулган намын Европын парламентын тэргүүлэх нэр дэвшигч Жордан Барделла ЕХ-ны нээлттэй хил дэх цагаачдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, ЕХ-ны уур амьсгалын хуулийг сулруулахаа амласан юм.

Макроны сонгуулийг эрт явуулах шийдвэр гаргасныг “Reuters” агентлаг мэдээлэхдээ “Эрх мэдлээ дахин тогтоох тулд явуулж буй эрсдэлтэй мөрий” гэсэн.

Энэхүү ээлжит бус сонгууль Макрон болон Сэргэн мандалтын намын хувьд томоохон мөрий. Учир нь тус сонгууль Ле Пений Үндэсний чуулган нам амжилт үзүүлэх магадлал өндөр байгаа юм.

Герман

Европын холбооны хамгийн чинээлэг, хүчирхэг улс болох Германы төрийг барьж буй нам ч мөн хүнд цохилт амсжээ.

Төвийг сахисан барууны үзэлтэй Канцлер Олаф Шольцын эрх баригч эвслийн нам консерватив үзэлтэй сөрөг хүчний эвсэлд ялагдав. Консерватив бүлэг дараагийн намар болох үндэсний сонгуульд бэлдэхийн зэрэгцээ Европын парламент дахь хамгийн хүчтэй Герман намын байр сууриа хадгалж чадлаа.

Мөн улс төрийн барууны үзэлтэй “AfD” нам сайн амжилт гаргасан. Тус намаас Европын парламентад нэр дэвшсэн хоёр шилдэг нэр дэвшигчийг тойрсон олон асуудал гарсны дараа ч гэсэн чамлашгүй амжилт үзүүлэв.

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен бол хамгийн олон санал авсан хоёр намын консерватив эвслийн гишүүн юм.

Урьдчилсан мэдээллээр бол Шольцын баруун төвийн Социал демократ нам 14 хувийн санал авчээ. Энэ нь тус намын Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш үзүүлсэн хамгийн муу үр дүн байлаа.

Харин Консерватив эвсэл 30.3 хувь, AfD нам 15.6 хувийн саналыг авсан гэх тооцоо байна.

Итали

ЕХ-ны Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн Италийн ахан дүүс нам Европын парламентын өмнөх сонгуультай харьцуулахад суудлын тоогоо хоёр дахин нэмэх урьдчилсан мэдээ байна. Ингэснээр Мелонид ЕХ-ны бодлогод нөлөөлөх шинэ хөшүүрэг ирнэ.

Франц, Германы удирдагчдыг сонгогчид “шийтгэж” байхад Мелонигийн намд 2022 онд болсон үндэсний сонгуулиас илүү дэмжлэг ирж, урьдчилсан мэдээллээр 28.6 хувийн санал авсан байна.

2019 оны Европын парламентын сонгуультай харьцуулахад Мелонигийн нам дөрөв дахин их санал авав. Италийн ахан дүүс намын дараа улс төрийн төвийг баримталсан зүүний үзэлтэй, сөрөг хүчний Ардчилсан нам 25.6 хувийн санал авчээ.

Францтай харьцуулахад энэхүү санал хураалт нь засгийн газрыг тогтворгүй нөхцөл байдалд оруулах магадлал бараг байхгүй гэхэд болно.

Бельги

Сонгуулиас үүдэлтэй өөр нэгэн цочир мэдээ Бельгид гаргасан юм.Тус улсын Ерөнхий сайд Александр Де Кроо Европын сонгуульд Фламандын либералууд болон Ардчилсан нам нь ялагдсаны дараа огцров.

"Бидний хувьд маш хүндхэн орой болж байна. Бид ялагдлаа. Маргаашаас эхлэн би Ерөнхий сайдын албан тушаалаас огцорно" гэж Де Кроо ням гарагт /2024.06.09/ дэмжигчдэдээ хандан хэлэхдээ сэтгэл хөдөлсөн байдалтай мэдэгдсэн юм.

Де Кроо огцрох өргөдлөө хаан Филиппт өргөн барьсан. Харин хаан тэрхүү хүсэлтийг нь хүлээн авахгүй байх эрхтэй.

Тус сонгуулиар барууны үзэлтэй, үндсэрхэг, цагаачлалын эсрэг Влаамс Беланг нам гол улс төрийн хүчин болно гэж урьдчилан таамаглаж байсан юм. Гэхдээ урьдчилсан үр дүнгээс харвал баруун жигүүрийн үндсэрхэг Шинэ Фламанд Холбоо 22%-ийн саналтайгаар тэргүүн байранд оржээ.

Ийнхүү цагаачлал, эдийн засаг болон аюулгүй байдлын асуудалд бухимдсан европчууд сонгуулиа өгөхдөө сөрөг хүчнийг дэмжин гаргаж ирэв.

Эх сурвалж: Associated Press, Euro News, CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button