Нэг дороос | Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит энэ сарын 11, 12-нд манай улсад төрийн айлчлал хийж байгааг нэг дороос хүргэж байна.
НЭМЭЛТ: 17.00 цаг
Монгол, Лаосын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНАЛАУ-д 2023 оны 11 дүгээр сард хийсэн төрийн айлчлалын үеэр талууд агаарын харилцаа, мал эмнэлэг, мал, амьтны хорио цээр, ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт Засгийн газар хоорондын гурван хэлэлцээр, аялал жуулчлал, байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах, соёлын хамтын ажиллагааны салбарт байгууллага хоорондын дөрвөн баримт бичигт гарын үсэг зурсан юм.
БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлалаар Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Үүнд:
- “Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНАЛАУ-ын Эрүүл мэндийн яам хоорондын санамж бичиг”
Талууд өөрийн улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл, хэрэгцээ, шаардлагад тулгуурлан, эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Ялангуяа оношилгоо, эмчилгээний арга, технологи, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцоно.
- “Монгол Улсаас БНАЛАУ руу үхэр, адуу, хонь, ямааны мах экспортлох, амьтны гаралтай бүтээгдэхүүний ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын ХХААХҮЯ, БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн яам хоорондын протокол”
Монгол Улсаас БНАЛАУ-д экспортлох үхэр, адуу, хонь, ямааны махны “Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-ний загвар, нөхцөл, шаардлагаа харилцан тохиролцож баталгаажууллаа. Ингэснээр хоёр улсын мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн зэрэгцээ мах экспортлох боломж бүрдэж байна. Тус баримт бичгийг 2023 онд байгуулсан Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгууллаа.
- “Хамтран ажиллах тухай Монгол Улсын төрийн албаны зөвлөл, БНАЛАУ-ын Дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”
Төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах, судалгаа хийх замаар хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
НЭМЭЛТ: 16.30 цаг
-Монгол Улс, БНАЛАУ-ын ерөнхийлөгч нар хэлэлцээ хийлээ-
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд хоёр нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Лаос Улс нь эртний түүхэн хэлхээ холбоотой, өв соёлын уламжлалтай, найрсаг дотно харилцаатай орнууд гэдгийг онцоллоо.
БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 17 жилийн дараа Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Монгол Улсад найрсгаар айлчлахыг урьж, элэгсэг, халуун дотноор хүлээн авч байгаа Монгол Улсын төр, засаг, ард түмэнд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Хүнд бэрх цаг үед хоёр улсын ард түмэн бие биеэ харилцан дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг дурдаж, дэлхий нийт, бүс нутаг, улс гүрнүүдийг хамарсан өөрчлөлт шинэчлэлийн бүхий л цаг үед Монголын ард түмэн Лаосын ард түмний талд бат зогсож, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах үйл хэргийг тууштай дэмжиж ирсэнд мөн талархлаа. БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь Монгол, Лаосын “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан харилцааны шинэ жарны хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдэв.
Төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярьж тохирсон санал, санаачилгууд бодит ажил хэрэг болж буйг сайшаалаа.
Мөн өнгөрсөн онд хүрсэн ололт амжилтаа энэ удаагийн айлчлалаар улам бүр бататган ахиулж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд энэ сул талаа давуу тал болгон ашиглаж, харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулан, улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгааг нотлов.
Төрийн тэргүүн нар өнгөрсөн онд “Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан юм.
Үүний мөрөөр “Монгол Улсаас Лаос Улс руу хөлдөөсөн хонь, ямаа, үхэр, адууны мах экспортлох олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-г тохирч буй нь хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлж, агаарын гарц нээх нь иргэд харилцан зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцоллоо.
Хоёр орны хооронд байгуулсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу зорчигч болон ачаа тээврийн хамтын ажиллагааг эхлүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотод байгуулах “Эко олон улсын цэцэрлэгт хүрээлэн”-д хоёр улсын найрамдлын бэлгэ тэмдэг болгон Лаос Улсын нэрэмжит талбай бий болгох боломжийг лаосын тал судалж, хамтран ажиллахын төлөө буйгаа тэмдэглэв.
Энэ нь иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, залуу, хойч үеийн найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдлээ.
Талууд бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцолж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.
БНАЛАУ нь 2024 онд АСЕАН-ыг даргалах болсонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох хүсэл эрмэлзлийг Лаос Улс үргэлжлүүлэн дэмжихээ нотолсонд талархал илэрхийлэв.
Монгол Улсын зүгээс Лаос Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд байршуулах монгол хивсийг хүлээлгэн өгч буйд лаосын тал талархал илэрхийлэв. Хэлэлцээний дүнгээр талууд хоёр улсын эрх зүйн орчинг бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
НЭМЭЛТ: 15:30
-БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийг угтах ёслол боллоо-
Шууд дамжуулалт:
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит өнөөдөр /2024.06.11/ хүрэлцэн ирсэн билээ. Өнөөдөр түүнийг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа 15.30 цагт Д.Сүхбаатарын талбайд болсныг фото сурвалжилгаар хүргэж байна.
Хоёр орны Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ.
НЭМЭЛТ: 13:50
-БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч Тонглун Сисүлит болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд нар угтаж авлаа.
БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд 17 жилийн дараа болж байгаа айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Монгол Улс, Лаос Улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Лаос Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 1980 оноос хойш хийж байгаа дөрөв дэх удаагийн айлчлал юм.
ЭХЛЭЛ: 09.00 цаг
-Лаосын Ерөнхийлөгч өнөөдөр манай улсад ирнэ-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Тонглун Сисүлитийг угтах ёслолын ажиллагаа 15.30 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.
Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар албан ёсны хэлэлцээ хийнэ.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Энэ айлчлал нь БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 2007 оноос хойш буюу 17 жилийн дараа болох бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баабар энэ айлчл�##�ыг ньяагаад гутаан доромжлуулахгүй байна аа...
БААБАР МЭТИЙН СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙГ НИЙГМЭЭС ТУСГААРЛАСАН ШӨ ХА ХА ХА
LAOSIIN ERUNHIILUGCHIIN AILCHLAL BOL , LUKASHENKOGIINHOOS TES UURSHUU...NIIGEM HUMUUSIIN HOORONDOH ZOVLON JARGAL IJILDUU....HEN HENIIGEE DEERELHEH DOROMJLOH ZUIL UGUI....ASHIG SONIRHOL OO IJILHEN HUVAALTCAH ZARCHIMIIG HUNDLEH HEMJEENII ULS SHUU.
Ed naraas neg ih suraad bh ymgui schyy dee Export aylal baahan Laos gadaad ajilchin avchirch yhtel ne ajiluulah geree hiehgui yu
ARD chi lal aa