Илон Маск “Tesla”-гаас 44.9 тэрбум ам.долларын цалингийн багц авна

“Tesla” компанийн хувьцаа эзэмшигчид пүрэв гарагт /2024.06.13/ Илон Маскт олгох $44.9 тэрбумын үнэлгээтэй цалин хөлсний багцыг сэргээхийг дэмжсэн байна.
Тус багцыг энэ оны эхээр “Tesla” компани бүртгэлтэй байдаг Делавэр мужийн шүүгч хүчингүй болгосон байсан юм. Хувьцаа эзэмшигчид түүнд олгох цалингийн багцыг эргүүлэн сэргээсэн нь тэд Маскийн удирдлагыг өндрөөр үнэлдгийг харуулав.
Маск нийтдээ 303 сая хувьцааны опцион хүлээн авна. Делавэр мужийн шүүх цалингийн багцыг хориглох үед тэдгээр опцион нийтдээ 51 тэрбум ам.долларын үнэлгээ хүрч байсан юм.
Харин одоо тэдгээр хувьцааны опцион нь 44.9 тэрбум ам.долларын үнэ хүрнэ. “Tesla”-гийн хувьцаа эзэмшигчид Маскийн цалингийн багцыг сэргээснээс гадна тус компанийг Делавэр мужаас Техас руу нүүлгэхийг дэмжжээ.
Гэхдээ Маск ойрын хугацаанд хувьцааны опционоо бүхэлд авч чадах эсэх нь баталгаатай биш. Учир нь “Tesla” компани Делавэрийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор ажилласаар л байгаа юм.
Маск энэ жил “Tesla”-гийн гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллах тухайдаа эргэлзэж буйгаа илэрхийлж байсан.
Тэгвэл пүрэв гарагт Техас мужийн Остин хотод болсон компанийн ээлжит уулзалт дээр Маск үргэлжлүүлэн ажиллана, ирэх 5 жилд авсан хувьцаанаасаа нэг ч ширхгийг зарах боломжгүй гэж хэлжээ.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.