Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-д жуулчид их очдог газрын ариун цэврийн өрөөнд цаг бүртгэгч тавьжээ

252 агуй, хөндийнүүдэд 1500 жилийн өмнө сийлсэн 51,000 хөшөөтэй БНХАУ-ын Юньгангийн Буддын агуй бол жуулчид их очдог газар.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтдаг энэ газрын ариун цэврийн өрөө нь сүүлийн үед хөшөөнүүдээсээ илүү анхаарал татах болжээ. Хятадын хэвлэл мэдээлэл, сошиал платформуудад явах болсон бичлэгүүдэд эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд суултуурын хаалганы дээр цаг хэмжигч суурилуулсан байна.

Хүнгүй үед LED дэлгэц нь "хоосон" гэсэн үгийг ногооноор харуулдаг аж. Харин хүнтэй бол хаалга нь түгжигдсэн үед хугацааны минут, секундийг тоолж харуулдаг байна.

Хамгийн анх нийтлэгдсэн видео “Xiaoxiang Morning Herald” нэртэй төрийн өмчит орон нутгийн сонин дээр гарсан юм. Тус бичлэгийг нэгэн жуулчин явуулсан байна.

"Үүнийг технологийн хувьд нэлээн дэвшилтэт шийдэл гэж үзсэн. Гадаа нь дугаарлаж зогсох эсвэл хаалга тогших шаардлагагүй" гэж тэр жуулчин “Xiaoxiang Morning Herald” сонинд хэлжээ.

"Гэхдээ бас жаахан ичмээр байсан. Хянагдаж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан" хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна.

Тус жуулчны газрын ажилтан “Xiaoxiang Morning Herald”-д тодруулга өгөхдөө, эдгээр цагуудыг зочдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор суурилуулсан хэмээжээ."Эдгээр нь ариун цэврийн өрөө ашиглах хугацааг хянах зориулалттай биш" гэж ажилтан тайлбарласан аж.

Мөн "Хэн нэгнийг дундаас нь хөөх боломжгүй. Бид хугацааг тав эсвэл арван минут гэх мэтээр хязгаарлаагүй" гэсэн байна.

“Nanchang Evening News” нэртэй төрийн өмчит сонин паркийн өөр нэг ажилтныг эш татан мэдээлэхдээ цаг бүртгэгчийг 5-р сарын 1-нээс эхлэн нэвтрүүлсэн гэжээ. Тэр ажилтан "зочдын тав тухтай байдлыг хангахын тулд суурилуулсан, зарим зочид ариун цэврийн өрөөг удаан хугацаанд ашиглах үед урьдчилсан тооцоолоогүй нөхцөл байдал үүсэж магадгүй" гэжээ.

Ингэж тайлбар өгсөн ч ариун цэврийн өрөөнд цаг хэмжигч суурилуулсан нь Хятадын сошиал платформуудад шүүмжлүүлсэн байна

"Аялал жуулчлалын газар нь оффис биш. Хэн суултуур дээр удаан сууж цагаа өнгөрөөх юм? Ийм зүйл үнэхээр шаардлагатай байсан уу?" гэж нэг хэрэглэгч “Weibo” дээр бичжээ.

"Яагаад ариун цэврийн өрөөнийхөө тоог нэмэхэд мөнгөө зарцуулахгүй байна вэ?" гэж өөр нэг нь бичсэн байна. Зарим хүн тусламж дуудах боломжгүй байдалд орсон эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай хүмүүст хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button