БНХАУ: Өмнөд хэсэгт үер бууж хойд бүсэд ган нүүрлэлээ

БНХАУ-ын олон бүс нутагт цаг уурын эрс тэрс үзэгдэл тохиож эхэлжээ. Өмнөд бүсээр хүчтэй үер бууж байхад хойд нутгаар нь ган нүүрлэж байгаа нь хөдөө аж ахуйн салбарт хүнд цохилт болж байна.
Хэнань төв муж, зүүн талд байрлах Шандунь зэрэг газрууд дөрөвдүгээр сараас хойш бороо ороогүй юм. Үүнтэй агаарын өндөр температур хавсарсны улмаас хөдөө аж ахуй болон гэр ахуйн хэрэглээний усны хомсдол үүсжээ.
Орон нутгийн цаг уурын албанаас мэдээлснээр Хэнань мужид ирэх баасан гараг /2024.06.21/ хүртэл ямар нэгэн хур тунадас буухгүй байх магадлалтай байна.
Хэнань бол БНХАУ-ын гол үр тариа үйлдвэрлэгч бүс юм. Өнгөрсөн долоо хоногт төрийн өмчит “CCTV” телевизийн мэдээлснээр ган гачгийн улмаас 1.3 сая га тариалангийн талбайд үр суулгаж чадаагүй байна.
Энэ нь нийт тариалангийн талбайн 3.5 хувьд үр суулгаж чадаагүй гэсэн үг. Тус мужийн нийслэл Жэнжоу дахь хөдөө аж ахуйн товчоо өнгөрсөн пүрэв гарагт /2024.06.13/ ган гачгийн онгой байдлын дөрвөн түвшний арга хэмжээг эхлүүлсэн юм.
Пүрэв гарагт хамгийн бага түвшинд идэвхжүүлсэн ч нэг өдрийн дараа гуравдугаар түвшин рүү ахиулсан байна.
Нутгийн газар тариаланч “South Reviews” сэтгүүлд “Ган гачиг газар тариалан уснаас хамгийн их хамааралтай байдаг үр суулгалтын улиралтай давхцаж байгаа нь аюултай. Хөрсний чийг хангалтгүй байх нь соёололтод сөргөөр нөлөөлж, ургацыг бууруулдаг” хэмээжээ.
Ийм учраас тариаланчид халуун наран дор тариалангийн талбайгаа услах усны нөөц хайж, худаг дээр урт дараалал үүсгэсэн байна.
Хээрийн судалгаа хийж буй социологич Лю Хэ “Манай тосгонд 1,173 га тариалангийн талбай, 40 худаг бий. Гэвч худаг тус бүр нэг эсвэл хоёр айлын л хэрэгцээг зэрэг хангаж чадна. 1 га гаруй газрыг услахад ойролцоогоор 15 цаг зарцуулдаг” гэжээ.
Эх сурвалж: SCMP
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.