Их Британи сонгуулийн өмнө бодлогын хүүгээ 16 жилийн дээд түвшинд үлдээлээ

Их Британийн төв банк сонгуулийн өмнө бодлогын хүүг 16 жилийн дээд түвшинд буюу 5.25 хувьд барьсан байна. Тус улсад долоодугаар сарын 4-нд парламентын сонгууль болох юм.
Пүрэв гарагт /2024.06.20/ тус банкны мөнгөний бодлогын хороо хуралдаж, мэргэжилтнүүд нь бодлогын хүүг хэвээр үлдээхийг 7:2 харьцаатай дэмжсэн байна.
Төв банкны орлогч дарга Дэйв Рамсден болон мөнгөний бодлогын хорооны гишүүн Свати Дингра нар л 5 хувь руу бууруулах санал өгчээ.
Тус банкны захирал Эндрю Бэйли инфляц 2 хувьд хүрсэн нь сайн хэрэг ч бодлогын хүүг багасгахад эрт байна гэсэн юм.
Тэрбээр “Эхлээд инфляцын түвшин бага хэвээр үлдэнэ гэдгийг баталгаатай мэдэх хэрэгтэй. Ийм учраас бодлогын хүүг 5.25 хувьд барихаар шийдсэн” хэмээсэн байна.
Их Британийн төв банк инлфяцын түвшнийг 2 орчим хувьд барих зорилготой. Бодлогын хүүг хэвээр нь үлдээх мэдэгдэл гаргахдаа тус банк 2024 оны хоёрдугаар хагаст инлфяц 2.5 хувь орчим байна гэж таамаглаж буйгаа мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.