БНХАУ сарны цаад талаас дээж авчирсан анхны улс боллоо

БНХАУ тавдугаар сарын эхээр Чанъэ-6 нэртэй сансрын хөлгөө сар луу хөөргөсөн. Тус хөлөг Хайнань мужаас “Long March-5” пуужингаар ниссэн билээ.
Хөөрснөөсөө сар гаруй хугацааны дараа, зургаадугаар сарын эхэнд Чанъэ-6 сарын дэлхийгээс цааш харсан талд газардсан анхны хөлөг болж түүхэн амжилт тогтоосон.
Тус хөлөг хэдэн өдрийн турш сарнаас дээж цуглуулсныхаа дараа дэлхий рүү буцах замдаа гарсан юм.
Тэгвэл Чанъэ-6 мягмар гарагт /2024.06.25/ сарны цаад талын дээжтэйгээ дэлхий дээр газарджээ. Ингэснээр БНХАУ сарны цаад тал дээр газардаж, дээж авчирсан анхны орон боллоо.
“CCTV” мэдээлснээр хөлөг ӨМӨЗО-ны газар нутагт орон нутгийн цагаар 14:00 минутын орчим газардсан байна.
БНХАУ-ын Үндэсний сансар судлалын албаны (CNSA) дарга Жан Кежиан “Чанъэ-6 хөлгийн сарыг судлах төсөл бүрэн амжилттай явагдлаа” гэжээ.
Энэхүү төсөл амжилттай явагдсан нь сансар судлалын салбарт томоохон гүрэн болох зорилготой БНХАУ-ын хувьд томоохон ахиц юм.
Ши Жиньпин сансрын албадаа баяр хүргэхдээ “Сансар огторгуй, шинжлэх ухаан, технологийн хүчирхэг улс байгуулахад ач холбогдол бүхий дахин нэг том амжилт” хэмээжээ.
Бээжин 2030 он гэхэд сар дээр хүн буулгах зорилготой байгаа. Үүний дараа усны нөөцтэй гэгдэж буй сарны өмнөд туйлд байнгын бааз барихыг зорьж буй.
Чанъэ-6 хөлөг ойролцоогоор 2 кг гаруй дээжтэй ирсэн. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар авчирсан дээжийг судалснаар сар, дэлхий, нарны аймгийн хувьслын тухай шинэ мэдлэг олгож, цаашид саран дээр хайгуулын ажил явуулахад БНХАУ-д туслах юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.