Боливийн топ генерал ерөнхийлөгчийнхөө захиалгаар төрийн эргэлт хийх гэж оролдсон хэмээв

Лхагва гарагт /2024.06.26/ Боливи улсын засгийн ордон руу зэвсэгт хүчин нь хүчээр нэвтэрч төрийн эргэлт хийхийг оролджээ.
Гэхдээ тэд бүтэлгүйтсэн тул хэдэн цагийн дараа төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэх Боливийн генерал Хуан Хосе Зунигаг баривчилсан байна.
Оролдлого нь бүтэлгүйтсэний дараа цэргүүд буцахад тус улсын ерөнхийлөгч Луис Арсегийн дэмжигчид засгийн газрын ордны өмнө цугларч, улсынхаа далбайг мандуулан төрийн дууллаа дуулжээ.
Сайд нараараа хүрээлэгдсэн Арсе цугласан олонд хандаж “Боливийн ард түмэнд баярлалаа. Ардчилал оршин тогтнох болтугай” гэж хэлсэн байна.
Иргэд талбай дээр баярлан хөөрч байхад өөр нэгэн сонирхолтой явдал болсон байна. Генерал Зунига баривчлагдахынхаа өмнө сэтгүүлчдэд хэлэхдээ Арсе улс төрийн шалтгаанаар төрийн ордон руу дайрахыг тушаасан гэжээ.
Тэрбээр “Ерөнхийлөгч надад “Нөхцөл байдал маш хэцүү байна. Миний нэр хүндийг өсгөх ямар нэгэн зүйл бэлтгэх шаардлагатай байна” гэж хэлсэн” хэмээсэн юм.
Лхагва гарагийн төрийн эргэлт хийх гэсэн оролдлого олон сарын турш Боливид үргэлжилсэн эдийн засгийн хүнд байдалтай холбоо бүхий хурцадмал байдлын дараа болсон байна.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.