УРЛАГЯрилцлага

Ж.Ариунжаргал: Зураач мэргэжил сонгосон ч дуучин болох хүсэл минь үргэлж нэгт явж ирсэн

“The Voice” шоуны шилдэг оролцогч гэдгээрээ олонд танигдсан Ж.Ариунжаргал (ARIU RU) саяхан “Тал нутгийн охин” шинэ уран бүтээлээ олон нийтэд цацаж, уг дуу нь одоо “Youtube” сувагт 480 мянга гаруй хандалт аваад байна. Энэ дууг дуучин финалд үлдвэл тайзан дээр дуулахаар бэлдсэн байсан ч шилдэг хоёрт шалгарч чадаагүй тул нууц хэвээр үлдсэн. Аяыг нь Төрийн соёрхолт Д.Болд, үгийг Quiza нар нэгэн шөнийн дотор зөвхөн Ж.Ариунжаргалд зориулан бичиж, дуу нь ч бэлэн болов. Гэвч үзэгчдэд хүрэхийн тулд яагаад жил хагасын хугацаа шаардлагатай болсон тухайд бид ярилцлаа.

Түүнийг мөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин гэдгээр нь хүмүүс андахгүй. Өөрийгөө бүтээхээр, өөрийгөө танихаар бэдэрч буй шинэ, залуу уран бүтээлчид аавынх нь нэр, аавынх нь нэрийн өмнөх шагнал, хүндэтгэл, соёрхол түүнд хэрхэн тусдаг тухайд ч  ярилцав.

НАДАД ЯЛАХ ТУХАЙ БОДОЛ ОГТ БАЙГААГҮЙ, ТЭР ДУУГАА Л ДУУЛАХСАН ГЭЖ ХҮССЭН

-Уран зургийн ангид суралцаж байсан гэсэн. Багаасаа л дуулах дуртай, авьяастай охин яагаад дуулаачийн ангийг биш, зураачийн ангийг сонгож суралцах болов оо?

-Би багаасаа л зурах сонирхолтой, хоббитой байсан. Зурсан зургийг минь үзсэн аав болон хамаатнууд гоё зурж, “гартай юмтай” хүүхэд юм гэх зэргээр магтдаг, би ч түүнд нь баярлана. Ингээд л хоббигоо улам хөгжүүлж, өөрийгөө илэрхийлэх хэмжээнд аваачъя гэж хүссэн. Нөгөөтэйгүүр, өөрөөсөө “Би дуулахаасаа өөр юу хийж чадах вэ” гэж асуусан. Дуулахын хажуугаар өөрийн гэсэн мэргэжил эзэмших ёстой гэсэн аав, ээж хоёрын минь шаардлага байсан тул уран зургийн ангийг сонгон суралцах болсон гэж хэлж болно. Хэрэв дуучны карьераас “унах” юм бол гэнэт л газардана, тэр үед хоёр дахь чаддаг зүйл минь надад туслана гэж аав ээж хоёр минь бодсон хэрэг. Үүнийг нь ч би хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ дуучин болох хүсэл минь үргэлж нэгдүгээрт явж ирсэн.

-Та багаасаа л дуулдаг хүүхэд байв уу? Эсвэл...

-Тиймээ, жаахандаа л сургууль дээрээ дуулчихдаг, гоцолчихдог хүүхэд байсан. Өөрөө интернэт үзэж, дуу сурна. Монгол дуунаас илүүтэй англи дуунууд таалагдаж, сонгон суралцана. Үнэхээр дуртай байсан учраас ганцаараа байсан ч цаг нарыг ч мэдэхгүй, умартаад дуугаа сурна, дуулна. Ингэсээр өөрийгөө хөгжүүлж, удалгүй хүмүүс арга хэмжээнд урьж дуулуулан, өөрөө ч тэмцээн уралдаанд оролцох болсон. Тухайлбал, ахлах сургуульдаа Мон-Турк сургуульд англи дууны тэмцээнд оролцон түрүүлж байсан. Тэр үеэс л өөрийгөө тайзан дээр дуулах ёстой хүн юм гэдгийг мэдэрч эхэлсэн дээ.

-Таныг олонд таниулсан үйл явдал бол яах аргагүй “Voice”. Энэ тэмцээнд оролцоход хувь хүнээс зориг шаардсан уу? Хэрхэн шийд гаргаж байсан дурсамжаа эргэн сөхвөл?

-Манай улсад дэлхийн хэмжээний тэмцээн уралдаан зохиогдох боломжгүй мэт үе байсан шүү дээ. Гадны улсуудад зохиогдож буй “Voice” шоуг үзээд үнэхээр сайхан санагдана. Гэтэл гэнэт л Монголд зохиогдох гэж буйг дуулсан. Сонссон даруйдаа шууд л гүйж очоод бүртгүүлчихсэн. Надад ямар ч эргэлзээ байгаагүй.

-Одоо дүгнэхэд, “Voice” таны амьдралд юу өгч вэ? Хувь хүний хувьд, бас уран бүтээлчийн хувьд?

-Боломж нээж өгсөн. Дуучны карьераа эхлүүлэхэд надад маш том хаалга бүтнээр нь нээж өгсөн. Хувь хүний хувьд биеэ зөв авч явах, илүү ихийг боддог болоход нөлөөлсөн юм болов уу.

-Шоуны төгсгөлийн шатанд дуулах ёстой байсан дуугаа шилдэг хоёрт үлдэж чадаагүй тул дуулж чадаагүй. Ялагч болж чадаагүй гэхээсээ тэр дуугаа дуулж чадаагүйдээ илүү их харамсаж байсан шиг харагдсан.

-Яг тийм шүү. “Тал нутгийн охин” дуу минь байсан.

-Тэр өдрөөс хойш жил гаруйн дараа дуугаа дүрсжүүлж олон нийтэд цацлаа. Яагаад ингэж их удах болов оо?

-Дөнгөж “Voice” дуусахад “B production”-тай гэрээ хийсэн. Тал нутгийн охин дуу бол Болдоо ахын зохиол. Дуу хэдий бэлэн ч микс мастеринг, аранжировка хийнэ, клипийг нь хийнэ гээд их ажил дутуу. Клипний хувьд тэр зунаа Сүхбаатар руу явж хийгээд бэлэн болсон байлаа. Гэвч “B production”-д харьяалалтай артистийн хувьд продюсераа хүлээх ёстой. Продюсер Болд ах маань тэр жил тоглолт болон аялан тоглолтуудаа хийгээд тун ч завгүй. Би дур мэдээд хийчихье гэвч зохиогч нь байхгүй тул зөв, буруу хийх магадлалтай. Тиймээс хүлээгдэх шаардлага гарсан.

-“Тал нутгийн охин” дууг цацсаны дараа их зөөлөн, намуун сайхан дуу юм. Эсвэл яг л “Болд үнэртсэн”, “Болд сонсогдсон” дуу юм гэх мэт сайн бас саар сэтгэгдлүүд олныг ч сонссон байх. Энэ бүхнээс үл хамааран энэ дууг дуучныхаа хувьд та юу гэж ойлгож, хэрхэн мэдэрдэг вэ?

-Финал болно гэхэд энэ дуу минь зохиогдсон. Quiza ах үгийг нь, Болд ах аяыг нь шөнөжин сууж бичсэн юм билээ. Шөнө тэр хоёр маань чатаар мөр мөрөөр нь дууны үгийг илгээгээд л, “За ийм болж байна шүү” гээд явуулна. Үг нь ч таалагдаад л, ая нь ч таалагдаад л, хурдхан л дуулахын хүсэлд автсан. Гэвч финал дээр дуулж чадаагүй. Үнэнийг хэлэхэд, надад ялах тухай бодол огт байгаагүй, тэр дуугаа л “аймар” дуулахсан гэж хүссэн. Финалд хэн ч түрүүлж, хэн ч дуулж магадгүй учраас бид хувцас хунар, тайз засал, дэлгэцийн дүрсээ бүгдийг нь бэлдчихсэн байсан. Хамтлагийнхны тоглож буй нь ч “Би энэ дууг заавал дуулах ёстой, яг л дуулах юм байна” гэсэн бодол төрүүлж, дотроо үнэхээр их догдолсон байсан чинь хоёрт үлдэж чадаагүй. Үнэхээр хэцүү байсан. Энэ бүхэн намайг дуундаа ямар их дуртай болохыг хэлж байгаа байхаа. Дуу минь эхнээсээ л намайг илэрхийлсэн.

-Одоо танаас сонсогчид шинэ уран бүтээл хүлээж байгаа. Төлөвлөгөө бий юу?

-Бий. Таны хэлсэнчлэн хүмүүс “Тал нутгийн охин” дуунаас Болдоо “үнэртэж” байна гэх мэтийг хэлж байсан. Мэдээж зохиолч нь юм чинь Болдоо ах мэдрэгдэлгүй яахав. Харин одоо би өөрийгөө илүү илэрхийлсэн, аль аль тийш хөрвөж чаддаг болохоо харуулахаар дуу хийнэ гэсэн бодолтой байна.

-Та одоо “B production”-тай гэрээтэй хэвээр үү?

-Тиймээ, хэвээр.  

ААВ ЭЭЖ ХОЁР “ДУУЧНЫ КАРЬЕРЫГ ХОББИГОО БОЛГОЖ БОЛНО, ГЭХДЭЭ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШ ГЭДЭГ БАЙСАН

-Таны бага насны тухай яриагаа үргэлжлүүлье. Урлагийн гэр бүлд төрж, өснө гэдэг төрсөн цагаасаа л дуу хөгжим сонсож, түүгээр хөглөгдөж амьдрахын нэр юм болов уу.

-Мэдээж миний дээр заавал аавын минь нэр явдаг. Хүмүүс хүлээж авахдаа нэгдүгээрт, алдартай хүний хүүхэд, хоёрдугаарт, угаасаа л урлагаар өсөж, гэртээ хүртэл “чанагдаж” өссөн. Тиймээс л урлаг руу орсон гэж боддог. Мэдээж энэ нөлөөлсөн. Намайг бага байхад ээж ятгачин, хөгжмөө тоглоно, аав төгөлдөр хуурна дарна. Нот энд тэнд хөглөрнө. Өссөн орчин минь яах аргагүй хөгжмийн ертөнц. Гэхдээ аав ээж хоёр минь намайг дуугаар явчихна гэж бодоогүй юм шиг билээ. Би л чадчих юмсан гэж зүтгэсэн, энэ бол миний сонголт. Угаасаа л урлагийн хүний хүүхэд учир урлагийн хүн болно, болсон гэж хүмүүс ташаа ойлгодог шиг санагддаг. Үгүй шүү дээ. Аавын хийдэг зүйл, миний оролддог төрөл жанр хоорондоо холбоогүй. Аав ч намайг тэр бүр тоохгүй. “Охин сонирхлоороо л өрөөндөө юмаа хийж байна даа” гэж бодно. Хэрэв би ингэж зүтгээгүй бол өөр мэргэжилтэй, магадгүй зураач болсон байх байж.

-Эсрэгээрээ урлагийнхан “Урлаг хатуу, хахир ертөнц” гэж үздэг учир үр хүүхдээ холхон байлгаж, өөр мэргэжил сонгоосой гэж битүүхэн хүсдэг. Далдуураа өөр салбар руу түлхэх гэж оролддог. Танд энэ нь ажиглагддаг байв уу?

-Мэдээж. СУИС-ийн уран зургийн ангид орсон шалтгаан минь энэ. Үг бүр нь миний төлөө гэдгийг би мэднэ. Би эрэгтэй биш охин хүүхэд, бага охин нь. Ирээдүйд эрэгтэй хүний гар харахааргүй, өөртөө найддаг баталгаатай амьдралтай байгаасай гэж эцэг эх хүснэ. Тиймээс ч “Чи дуучны карьерыг хоббигоо болгож болно, гэхдээ мэргэжил болгож амьдралаа даатгаад явах буруу шүү, урлагийн амьдрал хэцүү” гэдэг санааг үргэлж ил, далд өгдөг. Энэ санаа миний ой тоонд бүр суучихсан. Юу ч бодохгүйгээр л аав ээжийн энэ үгээр, заавал өөр мэргэжилтэй болно гээд СУИС-д орсон.

-Гэвч СУИС-д орсноос хойш ч дуучны карьерт илүү их татагдаж, түүх үргэлжилсэн байдаг байх аа?

-Тиймээ (инээв. сурв). Сургуульдаа ороод удаагүй байхдаа жазз урлагт татагдлаа. Азаар тэр үед Германы Засгийн газрын санхүүжилттэй “Дэлхийн стандартын жазз”-ыг сургах Герман багш, Герман төлөөлөгчтэй сургалт болсон. Ээж Хөгжим бүжгийн сургуульд /Монгол Улсын Консерватори/ багшилдаг тул үүнийг анх олж мэдээд надад хэлсэн. “Хэрвээ чи үнэхээр их хүсээд байгаа юм бол жилийн чөлөө аваад сурч болно, гэхдээ эргээд заавал сургуульдаа орох ёстой” гэсэн. Би үнэхээр их баярласан. Гол нь жазз урлаг хүний дотоодыг сүнслэг маягаар илүү их илэрхийлдэг, ая нь явж байсан ч өөрийгөө хүссэнээрээ илэрхийлж, дураараа байж болдог жанр. Энэ нь таалагдсан. Сүүлдээ жаззаас гарч чадахааргүй боллоо. Гэвч нэг жилийн чөлөө аваад, эргээд сургуульдаа ор гэсэн даалгавар байсан тул аргагүй буцаад СУИС-даа очсон. Бүтэн жил чөлөө авсан учир анги нь, багш нь өөрчлөгдөөд, нэг л дасаж өгөхгүй, хэцүү боллоо. Тэгээд ч яг л өөрийн минь хүсээд байсан зүйл амьдрал дээр гараад ирчихсэн учир тэнд тогтохгүй байсан. Миний сул тал бол сэтгэлзүй нэг газар тогтохгүй бол тэнд байж чаддаггүй. Тэгээд л гарсан даа.

Гэвч даалгавар бий шүү дээ. Тиймээс хэдэн жилийн дараа соёл судлалаар суралцах гэж үзсэн ч бас л тогтоогүй.

НУУЛГҮЙ ХЭЛЭХЭД БИ ААВЫГ “GENIUS” ГЭЖ БОДДОГ

-Миний дээр үргэлж л аав минь нэр явдаг гэж та түрүүнд хэлсэн. Олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн урлагийн хүний үр хүүхэд байна гэдэг өндөр хариуцлага, олны зүгээс ирэх их хүлээлтийг тосож авах нэгэн байх ёстой л болдог. Та үүнд түүртдэг үү?

-Намайг яг ямар бодолтой байгааг хүн бүр мэдэхгүй, угаас хүний бодлыг гаднаас нь хараад дүгнэх боломжгүй. Заримдаа хэцүү. Хаа нэг газар очоод дуулахад, хөтлөгч нь нэрийг минь зарлахынхаа өмнө заавал “Хөдөлмөрийн баатар Жанцанноровын охин Ариунжаргал” гэдэг. Магадгүй үзэгчдийнхаа анхаарлыг л татахын тулд тэгж хэлдэг байх. Хаа нэгхэн “Voice” шоуны оролцогч Ариунжаргал гэж зарлана. Миний нэрний өмнө тэр хүний хийсэн бүтээснийг нь, нэртэй нь хамт зарлачихаар их хүнд. Би тэр хүний хажууд хийсэн бүтээсэн минь жаахан. Гэхдээ л “Өө, урлагийн хүний хүүхэд юмуу, тэгвэл угаасаа дуулах юм байна” гэдэг санааг тэгж зарласнаараа бусдад өгчихдөг.

-Таны хичээл зүтгэл, таны авьяасыг харахаасаа урьтаад аавын тань нэрээр дүгнэчихдэг байх нь ээ?

-Тийм. Хааяа хүмүүстэй танилцаад нэрээ хэлээд гараа барина. Дараа нь тааралдахаараа “Өө чи чинь өнөө Жанцанноровын охин. Нэр чинь хэн билээ” гэдэг. Аавыг цээжлээд намайг цээжилсэнгүй. Үүнд хааяа эзмэглэдэг.

-Гэхдээ аавын охин ааваараа бахархдаг уу?

-Бахархалгүй яахав. Жаахан байхад бүр илүү гоё. Аавтай хамт гадуур явна, хүмүүс их танина, таних танихдаа аавыг маш их хүндэлнэ. Зурагтаар гардаг хүмүүс аавыг танина. Гэвч том болж өөрийн бүхнийг хийж эхлэхэд дээр яриад байгаа зөрчилдөөн үүсэж эхэлсэн. Гэхдээ л, нуулгүй хэлэхэд би аавыг “genius” (гоц авьяастан. сурв) гэж боддог. Туулсан амьдрал, ааваас гарсан бүтээлүүдийг сонсохоор “яаж” гэж бодогддог.

-Та аавынхаа уран бүтээлүүдийг гадуур явахдаа сонсдог уу?

-Багаасаа хойш гэртээ, гадуур байнга л сонсоно, тоглолтууд дээр нь ч сонсоно. Ер нь би өөрөө зорьж сонсох шаардлагагүй байдаг. Энд тэнд явж байхад аавын аялгуунууд байнга л явж байдаг.

-Ааваараа олонд танигдаж гарч ирэхгүй юмсан гэсэн сэтгэлийг тань “Voice” шоуны  үеэр харсан. Оролцогчдыг танилцуулах хэсэгт, оролцогчдыг дэмжих хэсэгт бусад оролцогчид бүгд л гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад та аавыгаа нэг ч гаргаагүй, ээж тань л оролцож байсан санагдана?

-Тиймээ. Үүнийг бид гэр бүлээрээ ярилцаж шийдсэн. Угаас бид юу болохыг нь мэдэж байсан. Аав ч урлагт олон жил зүтгэсэн хүн, олны дунд ийм нөхцөл байдал үүсвэл яахыг угаас мэднэ. Би ч аавыг гаргаад хэрэггүй гэж бодож байсан, аав ч “Аав нь оролцохгүй, охиноо буруу таниулна, тиймээс дэмий” гэсэн.

-Гэхдээ танд зөвлөгөө өгч байв уу?

-Аавын үе, миний яг одоо байгаа энэ үеийн урлагийн хөгжил маш өөр учир аав надад шүүмж хэлдэггүй. Мэдээж хоолойны цар хүрээ, хэрхэн дуугаргах тал дээр магтаал биш, шүүмж хэлнэ. Энэ нь надад маш их тус болдог.

Харин хүмүүсийн дунд биеэ авч явах, хэрхэн “хүн” байх тал дээр их зөвлөдөг. Хамгийн гол нь одоо хийсэн байгаа зүйлдээ “багтаад”, “хамраа сөхөж” болохгүй гэдгийг үргэлж хэлнэ.

-Аав л хүн бол аав шүү дээ. Аав хүн ихэвчлэн үг дуу их цөөтэй, хайрын үгийг үргэлж л урсгаад байхгүй. Магтаал, зэмлэлийг ч их цөөн хэлдэг.Аав тань анхны уран бүтээлийг нь сонсоод магтав уу? эсвэл..

-Тэр ч хэцүү дээ (инээв. сурв). Аав нээрэн л яг тийм аав. Хайр нь их дотроо, хал нь гаднаа. Мэдээж  хааяадаа хайраа илэрхийлэлгүй яахав. Аавыг ойр дотныхон нь мэднэ. Ёжломтгой, үгээр тоглодог, үгээр хатгадаг, сэтгэлээ шууд илэрхийлэх нь цөөн, хошигноод л, бодоод өнгөрдөг. Аавдаа анхны дуугаа сонсгоход бид хоёулхнаа байсан юм. Урлагийн талаар ярих нь бид хоёрын хувьд их жирийн асуудал болчихсон. Маш ажил хэрэгч, цэгцтэй ярилцаад л дуусгадаг. “Аав, дуу хийсэн, сонсох уу” гэтэл, аав “Сонсъё” гэлээ. Дуустал нь сонсгоход “Хөөрхөн байна”  л гэж хэлсэн (инээв. сурв). Мэдээж ёстой мундаг байна гэж хэлэхгүй. Үүнээс ч гайхамшигтайг үзэж туулсан хүн нөгөө жаахан байсан бага охин нь “Дуу дуулсан” гээд бариад ирэхээр “Хөөрхөн байна” гэхээс өөрөөр юу гэлтэй билээ.

-Илэрхийлдэггүй ч миний үргэлжлэл болов уу гэдэг хүлээлт, бахархал байдаг л байх?

-Тийм байх, бахархаж байгаа нь мэдрэгддэг.

-Хүн бүр л аавын тань талаар ярилцаж, сонирхож байгаа энэ үед та манай уншигчдад ээжийнхээ талаар ярихгүй юу? Ятгачин бүсгүй гэсэн байх?

-Би ээжтэйгээ кинон дээр гардаг шиг тийм их дотно, нялуун биш. Гэхдээ ээж минь эмэгтэй хүний хувьд миний үлгэр жишээ. Ээж ааваас 19 насаар дүү. Хөгжим бүжгийн сургуулийг төгсөөд, УДЭТ-ын оркестрт ятгачин хийх болсон. Одоо чуулгаасаа гараад сургуульдаа багшилж байна. Ээж их шударга, маш зарчимч. Ээжээс өвөлж авсан зан чанар бол сайхан сэтгэл гэж боддог. Ээж үнэхээр сайхан сэтгэлтэй. Хаанаасаа ундраад байдаг юм гэмээр сэтгэлээр өөртөө байхгүйг ч бусдад бий болгож өгдөг, тийм л хүн. Эмэгтэй хүний храктер, байгаа байдлаа ээжээсээ өвлөсөн. Хааяа гаргаж байгаа зан, үг хэлж байгаа маньер нь ээж надтай, би ээжтэйгээ их адилхан санагдана. Гэрийн утас авахаар найз нөхөд нь шууд л “Өө, Отгоо” гээд л үргэлжлүүлээд ярьчихна. Ер нь миний ихэнх зүйлс ээжтэй адилхан.

БИД ЖИРИЙН Л НЭГ ГЭР БҮЛ. БИ ААВ ЭЭЖ ХОЁРЫН БАЙДАГ Л ОХИН

-Залуу хүний хувьд та дуунаас бусдаар өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна?

-Одоо яг л урлагтаа илүү анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байгаа. Гэхдээ би хэл суралцах их дуртай. Багадаа “Орос 14”-т суралцаж байсан орос хэлний суурьтай, англи хэл үргэлжлүүлэн суралцчихсан. Урлагт дурлаж, эдгээр хэлнүүдтэйгээ шууд холбогдсон. Жаахан байхад өөр орны үг амнаас минь гараад, ярих нь яагаад ч юм шиг их таалагддаг байсан. Одоо ч тэр хэвээрээ, Герман хэлэнд суралцаж байна.

-Нэг өдрөө хэрхэн өнгөрүүлж байгаа вэ? Оройдоо клубт амьд тоглолт үзүүлдэг байх?

-Би одоо “Fat cat jazz club”-т артист байж, хамт олонтой болж, цагаа тэнд өнгөрүүлдэг болсон.  Өглөөний хувьд тийм ч актив хүн биш, дасгал хөдөлгөөн хийгээд байдаггүй. Гэхдээ ууланд алхдаг. Ер нь байгальд их ойр байх дуртай. Кино их үздэг, гадаад кино, “Netflix”-ийг дуусгана. Ингээд л бусад үед дуу руугаа “яваад орчихно”, төгөлдөр хуураа тоглоно. Одоохондоо амьдрал минь урлаг дотроо л буцалж байгаа, энэ нь ч надад таалагдаж байгаа.

-Таныг ая зохиодог, үг бичдэг гэж сонсож байсан. Хүмүүсийн тэр бүр мэддэггүй нууц авьяасуудаасаа хуваалцвал?

-Тэр бүхнийг одоохондоо хүмүүст дэлгэхээс санаа зовж байгаа, бэлэн биш. Учир нь би туршлагагүй. Гэхдээ би хэзээ нэг өдөр өөрийн зохиосон үг, ая бүхий дуу гаргана гэж боддог. Энэ миний зорилгын нэг. Өөрийгөө 100 хувь илэрхийлэх зүйл минь тэр байх.

-Та одоо ямар дуу сонсож байна?

-Жазз дуунуудаа сонсдог. Гэхдээ их өргөн сонголттой. Сэтгэлзүй ямар байгаагаас шалтгаалаад сонголтууд заримдаа тэс өөр болчихдог. Дууны үгэнд их ач холбогдол өгдөг. Рэп дуу, уянгын магадгүй рок дуу байсан ч амьдралд, хүний сэтгэлзүйд ойр үгтэй дууг сонгож сонсдог.

-Таны баримталдаг зарчим?

-Хүн чанартай байхыг нэгдүгээрт тавьдаг юм байна. Ямар хувцастай, ямар дүр төрхтэй, юу хийдэг байхаас нь үл хамааран хүн чанартай хандахсан гэж хүсдэг.

-Таны хамгийн сайн зөвлөгч хэн бэ?

-Аавын хэлсэн хэд хэдэн үг бий. Гэхдээ л аавтай өдөр бүр ярилцаад, дотносоод суухгүй. Хааяа хааяа ярилцахдаа зүрхэнд орсон үгнүүд хэлдэг. Ихэвчлэн би найз нөхөдтэйгөө цагаа өнгөрүүлнэ. Гарын таван хуруунд багтахаар л цөөхөн найзтай, тэдний зөвхөн нэг нь л эмэгтэй. Түүнтэйгээ би нэгдүгээр ангиасаа хойш л найзалж, өнөөдрийг хүрсэн. Польшт суралцаж байгаа тэр найз минь одоо хамаатан садан, эгч дүүсийн минь нэг шиг. Хоолойны өнгө, нүдний харцнаас минь л бүхнийг ойлгодог. Миний бодлоор тэр найз минь хамгийн сайн зөвлөгч.

-Таны ойрын зорилго юу байна?

-Одоо яг суралцана. Гэхдээ нэг зүйл нь аав ээж хоёр надтай тэмцэхээ больчихсон. Заавал өөр мэргэжил эзэмш гэхээ байж, сургуулиа л төгс гэдэг болсон. Тиймээс угаас дуунаас холдож чадахгүйгээс хойш Герман улсад очиж, өмнө явсан шугамаар суралцах шинэ боломжоо ашиглахаар бэлдэж байна.

-Таныг найз залуутай юу гэж олон хүн асуулгасан шүү?

-Байхгүй (инээв. сурв) Үнэнийг хэлэхэд ойрдоо найз залуутай болох төлөвлөгөө байхгүй. Хажуудаа хүнтэй байх сайхан л байх. Гэхдээ одоо миний хийх гэж буй зүйлд  найз залууд зарцуулах цаг хугацаа байхгүй.

-Ярилцсан танд баярлалаа. Уншигчдад дайх сүүлийн асуултыг танд үлдээе.

-Хүмүүс намайг харахдаа 60-70 хувь нь шууд л аавыг түрүүлж хардаг шиг санагддаг. Манай гэр бүлийн хийдэг зүйл нь урлаг болохоос жирийн л нэг байдаг гэр бүл. Би аав ээж хоёрын байдаг л охин. Гэтэл биднийг ихэвчлэн “VIP” гэж ойлгодог. Ийм учиртай хүмүүс учир ингэж л амьдрах ёстой гэх. Хааяа муу муухай, худал хуурмаг хэцүү зүйлс сонсогдоно. Хэзээ ч манай гэр бүлд байгаагүй зүйлсийг байсан болгож ярилцана. Уг нь аав минь маш энгийн хүн. Эд хэрэгсэлд ч шуналгүй, байгаа нэг зүйлээ хуучиртал нь, хагартал нь, эвдэртэл нь хэрэглэдэг. “Надад энэ байхад шинээр яах юм бэ” гэж гайхдаг тийм л энгийн үзэл бодолтой. Аавыг хүмүүс ийм энгийнээр нь ойлгоосой, хүлээж аваасай гэж хүсдэг.

Миний урлаг руу явсан зам ч ааваас эсвэл ээжээс болоогүй. Үнэнийг хэлэхэд дуучин болох гэж харин ч тэднээс зөрсөн. Хэнээс ч үл хамааран Ариунжаргал гэдэг хүн л дуулах гээд зориод, хүсээд яваа юм шүү.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2019-12-05 23:49

Нэгт явна!!!!

зочин
зочин
2019-12-06 13:32

Ээж чинь тийм мундаг хүний төлөө юм бол нэг гэр бүл үймүүлж хүүхдүүдийг нь өнчрүүлэн аавтай чинь сууж чамайг гаргаа юу больж үз.Аавын чинь охин одоо болтол аавдаа гомдож явдагаа хэлсэн байсан чи даруухан бай хүмүүсийн сэтгэлийн шархыг битгий хөндөөд бай.

bibib
bibib
2019-12-11 17:17
Reply to  зочин

za boli boli, balai yum bichihiin

Зочин
Зочин
2019-12-10 15:12
Reply to  зочин

Энэнд энэ хүүхдийн буруу байхгүй,хүүхдэд амьдр�##�ыг нялзаахгүй ээ

Зочин
Зочин
2019-12-09 15:26
Reply to  зочин

Ene hvn ch gn hvnii vr shvv de etseg ehee hairlaj hvndetgeh n erhiin asuudal.Ym unshaad bogs uhah ym haij bhar oortoo heregteig n olj aw dugai ongorch sur

Зочин
Зочин
2019-12-06 14:14
Reply to  зочин

Тийм шүү

J
J
2019-12-08 09:35

Uhaalag saihan yariltslaga baina. Amjilt husie. Ene esreg komment yamar muuhai yum be? Eejiin asuudlaar damjuulaad ohin ru...

bibib
bibib
2019-12-11 17:18
Reply to  J

harin tiin buur gaihchihlaa

зочин
зочин
2019-12-08 12:17

Энэ охинд ямар ч буруу байхгүй. Амжилт хүсье.

Зочин
Зочин
2019-12-09 21:22

Энэ охиныг анх хараад�##� дурлаж билээ сайн сайхныг хүсье урлагын �##�тан замн�##� нь гэрэлтэй байг

Ариунжаргалд
Ариунжаргалд
2019-12-11 00:49

Нүдээрээ инээсэн нүдэнд дулаахан хѳѳрхѳн охин шүү

Зочин
Зочин
2019-12-11 15:12

Уха�##�аг хөөрхөн охинд улам их амжилт хүсэе.

Erdene9911
Erdene9911
2019-12-12 09:51

Saihan ohin ih uuhaalag amjilt husie amidrald ni az jargal eruul enkhiig eruue

Davaa
Davaa
2019-12-12 10:38

Az jargaliig husey.
Mundag aaviin mundag ohin?
Uran buteeliin undur amjilt husey.

Зочин
Зочин
2019-12-12 15:13

Хүн хорвоод эцэг эхээ сонгож төрдөггүй. Тиймээс энэ охинд буруу байхгүй шүү дээ. Алдаа оноогүй амьдр�##� гэж үгүй. Тиймээс энэ охинд өөрийн хүчээр явж байгааг нь битгий буруутга. Ухаантай сайхан охинд амжилт хүсье.????

Холбоотой мэдээ

Back to top button