АНУ-ын эдийн засаг удааширна гэх айдас тархаж дэлхийн хөрөнгийн зах зээлүүд уналтад орлоо
Даваа гарагт /2024.08.05/ дэлхий даяар хөрөнгийн зах зээлүүдийн үнэлгээ их хэмжээгээр буурсан байна. Энэ нь АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширна гэх айдастай холбоотой юм.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2024.08.02/ АНУ-ын Холбооны нөөцийн сан мэдэгдэл хийхдээ бодлогын хүүгээ өөрчлөлгүй үлдээж, ажил эрхлэлтийн тухай тайлан нь тааруухан үр дүн үзүүлсэн байна.
Энэ нь дэлхийн хамгийн том эдийн засаг уналт руу чиглэж байна гэх айдас хөрөнгө оруулагчдын дунд тархахад хүргэсэн юм.
Ийм учраас хөрөнгө оруулагчид капиталаа Япон иен, Швейцар франк гэх мэт найдвартай валют болгон арилжиж эхэлжээ.
Үүний улмаас даваа гарагийн арилжаа хаагдахад Японы Nikkei 225 индекс 12.40 хувиар буурч нэгж нь 31,458.42 ам.долларт хүрсэн байна. Энэ нь 1987 оноос хойш нэг өдөрт үзэгдсэн хамгийн том уналт байв.
Мөн Японы Topix индекс 12.48 хувиар буурч нэгж нь 2,220.91 ам.доллар болжээ. Европын STOXX 600 индекс 2.6 хувиар буурч 487.15 оноод хүрсэн байна. Энэ нь хоёрдугаар сарын 13-наас хойш үзэгдээгүй үр дүн юм.
Германы DAX, Францын CAC 40, Их Британийн FTSE, Испанийн IBEX 35 индексүүд бүгд 2 гаруй хувиар буурсан байна.
“Erlen Capital Management” фирмийн менежер Бруно Шнеллер “АНУ-ын эдийн засаг суларч буйг илтгэх шинж тэмдэг илт харагдаж байна. Жижиглэнгийн борлуулалт, ажил эрхлэлт гэх мэт тайлангаас сөрөг үзүүлэлтүүд ажиглагдсан” хэмээжээ.
“Goldman Sachs” фирмийн шинжээчид АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал 25 хувь гэж тооцоолсон байна. Харин “JP Morgan”-ий шинжээчид эдийн засаг нь уналтад орох эрсдэлийг 50 хувь гэж үзсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.