Венесуэлийн сөрөг хүчин арми, цагдаагийн албаа Мадурогоос нүүрээ бууруулахыг уриалжээ
Өнгөрсөн долоо хоногт Венесуэль улсад ихээхэн маргаантай ерөнхийлөгчийн сонгууль болсон.
Тус улсын сонгуулийн хорооноос гаргасан мэдэгдлээр бол Ерөнхийлөгч Николас Мадуро дахин ялалт байгуулсан юм. Гэвч сөрөг хүчин ялалт байгуулсан гэж олон хүн үзэж буй.
Хэд хэдэн барууны орон долоодугаар сарын 28-нд болсон сонгуульд сөрөг хүчин ялсан гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм. Мөн “Associated Press”, “Washington Post”-оос сонгуулийн тоо баримтад хийсэн дүн шинжилгээ сөрөг хүчин ялалт байгуулсан гэх үр дүнд хүрсэн байна.
Ийм учраас сөрөг хүчний удирдагчид болох Эдмундо Гонзалес Уррутиа, Мария Корина Мачадо нар улсынхаа аюулгүй байдлын хүчинд нээлттэй захидал илгээжээ.
Тус захидалд тэд сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан гэдгээ илэрхийлж, арми болон цагдаагийн албаа Мадурогоос нүүрээ буруулахыг уриалсан байна.
Захидал цахим орчинд нийтлэгдсэнээс хойш хэдэн цагийн дараа тус улсын ерөнхий прокурор Тарек Сааб мэдэгдэл хийхдээ Гонзалес, Мачадо нарын эсрэг хэрэг үүсгэн шалгахаа мэдэгджээ.
Мадуро 2013 оноос хойш Венесуэлийн ерөнхийлөгчийн албыг хашиж буй. Олон хүн түүнийг Венесуэльд дарангуйллын дэглэм тогтоосон гэж үздэг билээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.