“Google хууль бус монополтой”
АНУ-ын шүүгч “Google” компанийг хайлтын системийн салбарт хууль бус монополтой гэх тогтоол гаргасан байна.
Сүүлийн үед АНУ-ын эрх баригчид технологийн аварга компаниудтайгаа үзэлцэх болсон. АНУ-ын дүүргийн шүүгч Амит Мехта даваа гарагт /2024.08.05/ гаргасан шийдвэр нь “Google”-ийн толгой компани “Alphabet”-ийг хэсэгчлэн тараахад хүргэж магадгүй юм.
Шүүгч Мехта “Шүүх дараах дүгнэлтэд хүрсэн: Google бол монополист бөгөөд монопол байдлаа хадгалахын тулд монополч шиг алхам хийсэн” гэжээ.
Мөн тэрбээр нэмж хэлэхдээ “Google” 2021 онд өөрийнхөө хайлтын системийг ухаалаг утас болон веб браузеруудын өгөгдмөл хайлтын систем байлгахын тулд 26.3 тэрбум ам.долларыг төлсөн гэсэн байна.
Одоогийн байдлаар “Google” компани цахим хайлтын зах зээлийн 90 хувь, ухаалаг утасны хайлтын 95 хувийг хянадаг байгаа юм.
Сүүлийн саруудад технологийн компаниудын хувьцааны ханш унах болсон. Тэгвэл шүүхийн шийдвэр гарсны дараа даваа гарагт “Alphabet” компанийн хувьцааны үнэ 4.5 хувиар буурчээ.
“Alphabet” компани “Шүүхийн шийдвэр Google хамгийн сайн хайлтын системээр үйлчилдэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч хэрэглэгчдэд хялбар байдлаар хүртээмжтэй байлгах ёсгүй гэж дүгнэж байна” хэмээн давж заалдахаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.