Николас Мадуро| Дүн шинжилгээ ялагдсаныг нь харуулж буй ч тэр ноёрхсоор
Товч агуулга: Венесуэлчүүд саяхан ерөнхийлөгчийн сонгуулиа өгсөн. Барууны хэд хэдэн орон, эрдэмтэд, хэвлэлийн байгууллагууд дүн шинжилгээ хийснийхээ үр дүнд тус сонгуульд сөрөг хүчний Эдмундо Гонзалес ялсан гэж үзэж байгаа юм. Гэвч Үндэсний сонгуулийн хороо нь Мадурог ялалт байгуулсан гэж зарлав.
Долоодугаар сарын 28-нд Венесуэлд ерөнхийлөгчийн сонгууль явагдсан. Тус сонгуулийн гол хоёр өрсөлдөгч нь Ерөнхийлөгч Николас Мадуро, дипломатч асан Эдмундо Гонзалес нар байсан юм.
Венесуэлийн Үндэсний сонгуулийн хороо (CNE) мэдэгдэл гаргахдаа Мадуро 52 хувийн саналаар ялалт байгуулсан хэмээсэн. Харин Гонзалесийг 43 хувийн санал авсан гэж мэдэгдсэн байна.
Тус улсын хуулийн дагуу санал хураалтын явцад аудит хийх ёстой байдаг. Гэвч санал хураалт явагдаад арав гаруй хоног өнгөрөөд байхад аудит хийхэд шаардлагатай тойргийн түвшний үр дүнг сонгуулийн хороо гаргаагүй байгаа юм.
Мадуро 2013 оноос хойш Венесуэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Тэрбээр сүүлд 2018 оны сонгуульд ялалт байгуулахад АНУ тухайн санал хураалтыг “Ардчиллыг доромжилж буй хэрэг” гэсэн билээ.
Энэ удаагийн ч санал хураалтыг дэлхийн улсууд шүүмжилж хатуу шүүмжилсэн. Тухайлбал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Асар их баримт нотолгооноос харахад долоодугаар сарын 28-ний сонгуульд Эдмундо Гонзалес хамгийн их санал авсан гэдэг нь АНУ болон Венесуэлийн ард түмэнд илт байна” хэмээсэн байна.
Олон жилийн турш үргэлжилж буй эдийн засгийн уналт, болон 8 сая гаруй хүнийг дүрвэхэд хүргэсэн хүмүүнлэгийн хямралд орсон венесуэлчүүдээс сонгуулийн өмнө санал асуулга явуулахад Гонзалес тэргүүлж байсан юм.
Хараат бус сонгууль ажиглагчид санал хураалт шударга явагдахгүй гэдгийг эртнээс онцолсоор ирсэн.
Гонзалесаар удирдуулсан сөрөг хүчнийхэн саналын хуудасны 90 хувийнх нь бүртгэлийн хуудас бүхий материал тэдэнд бий гэж мэдэгдэл хийсэн байна.
Тэдгээр бүртгэлийн материалд дүн шинжилгээ хийснийхээ дараа сөрөг хүчин Гонзалесыг Мадурогоос хоёр дахин их санал авсан гэж мэдэгдсэн юм.
Үүнээс гадна хэд хэдэн эрдэмтэн, хэвлэл мэдээллийн газруудаас явуулсан дүн шинжилгээ мөн Гонзалесыг ялалт байгуулсан гэх үр дүнд хүрсэн байна.
“Associated Press”-ийн дүн шинжилгээ
"AP" агентлаг 24000 орчим бүртгэлийн хуудасны зурагт дүн шинжилгээ хийсэн байна. Зургийг Венесуэлийн сөрөг хүчнээс нийлүүлсэн аж.Эдгээр зурагт нийт саналын хуудасны 79 хувийн мэдээллийг агуулсан байсан юм.
Бүртгэлийн хуудас тус бүр саналын тоо бүхий мэдээллийг агуулсан QR код байжээ. "AP" агентлаг тэдгээр хуудасын зурагуудыг тусгай программын тусламжтайгаар тайлж, нийт 10.26 сая саналыг тоолж дүн шинжилгээ хийжээ.
Шинжилгээний үр дүнд сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонзалес 6.89 сая санал авсан гэж гарчээ. Энэ нь Үндэсний сонгуулийн хорооноос Мадурог авсан гэх саналаас бараг 500 мянгаар илүү байгаа юм.
Тэдний явуулсан дүн шинжилгээгээр Мадуро 3.13 сая санал авсан байна.Венесуэл одоо хүртэл тойргийн түвшинд сонгуулийн хариуг зарлаагүй байгаа.
Үндэсний сонгуулийн хорооны Ерөнхийлөгч Элвис Аморосо үр дүнг шинэчлэхэд саатал гарсныг технологийн дэд бүтэц рүү хийгдсэн томоохон халдлагатай холбоотой гэж тайлбарласан.
“Washington Post” сонины дүн шинжилгээ
Ням гарагт "Washinton Post" сонин сөрөг хүчнээс цуглуулсан 23000 гаруй саналын хуудасны бүртгэлд шинжилгээг дүн шинжилгээ хийснээ нийтэлсэн юм.Дүн шинжилгээгээр Мадуро нийт саналыг 30 орчим хувь буюу 3,131,103 санал, харин Гонзалес 67 хувь буюу 6,901,845 санал авсан гэж гарчээ.
"Washington Post"-ын шинжилсэн баримт нь нийт саналын хуудасны 79 хувьтай тэнцэх мэдээллийг агуулж байжээ. Мадуро үлдсэн 21 хувийн саналыг бүгдийн нь авсан байлаа ч гэсэн Гонзалес 1.5 сая гаруй саналаар илүүрхэнэ.
Цахим орчноос олж авсан саналын хуудасны бүртгэлээ жинхэнэ эсэхийг шалгахын тулд тус сонины сэтгүүлч сөрөг хүчний хадгалж буй олон зуун бүртгэлтэй тулгаж үзсэн байна.
Эрдэмтний анализ
Мичиганы их сургуулийн сонгуулийн судалгааны профессор Уолтер Р. Мебейн Жр. сөрөг хүчний санал хураалтын дүнг шинжилж, үнэн зөв гэх дүгнэлтэд хүрсэн юм.
Тэрбээр мөн өөр нэгэн судалгаанд бие даасан зөвлөхөөр ажилласан байна. Тус судалгаа нь 997 санал хураалтын байрнаас авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Дүн шинжилгээгээр Гонзалес 66 хувийн саналаар 31 хувийн санал авсан Мадурог ялсан гэх үр дүн хүрсэн байна.
Бразилын Пернамбуко холбооны их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Далсон Фигуэйредо тус судалгаанд мөн зөвлөхөөр ажилласан юм.
Тэрбээр “Хулгайлагдаж буй саналын тооноос харвал энэ бол Латин Америкийн түүхэн дэх хамгийн том сонгуулийн луйвар” гэж хэлжээ.
Барууны орнууд хэд хэдэн эрдэмтэд болон мэдээллийн алба нар сөрөг хүчин ялалт байгуулсан гэж үзэж байгаа ч Мадуро ноёрхсоор.
Гонзалес даваа гарагт /2024.08.05/ зэвсэгт хүчин болон цагдаагийн албандаа нээлттэй захидал бичиж Мадурогоос нүүрээ буруулан ард түмний талд орохыг уриалсан юм.
Гэвч захидал цахим орчинд нийтлэгдсэнээс хойш хэдэн цагийн дараа тус улсын ерөнхий прокурор Тарек Сааб мэдэгдэл хийхдээ Гонзалес, Мачадо нарын эсрэг хэрэг үүсгэн шалгахаа мэдэгдсэн.
Мөн Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино зэвсэгт хүчин Мадурод туйлын үнэнч хэмээжээ. Мадуро Венесуэлийг гартаа атгасан байдал үргэлжилсээр байна.
Эх сурвалж: The Guardian, Associated Press, Washington Post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Maduro ya##a