Сэрэмжлүүлэг: Маргаашаас эхлэн гурав хоног дуу цахилгаантай аадар орно
Наймдугаар сарын 14-нд төвийн аймгуудын нутгаар, 15, 16-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Тиймээс болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Харин ЦУОШГ-аас гаргасан тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, 17, 18-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +30...+35 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байх төлөвтэй байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.