СПОРТСурвалжилга, Нийтлэл

Дугуйн спортын шилдгүүд, дэлхийн медальтныг төрүүлсэн Н.Нармандах дасгалжуулагч

“Багш та
Алган дээр
Од тавьдаг шидтэн
Багш та
Амьдралд оч харвуулдаг хүчтэн
Ус мөрнийг
Далайд үдээд
Байрандаа үлддэг уулс юм
Тус бүтээж
Даяныг тэтгээд
Хариу нэхдэггүй өглөгч юм Та”
хэмээн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсан “Багш” найраглалдаа дуу алдан шүлэглэсэн удаатай. Бусдыг од болгон гэрэлтүүлж, их амжилтад хүргээд өөрөө даруухан бахархан суудаг, уулс мэт дүнхийж үлддэг хүн бол яах аргагүй багш, дасгалжуулагч. Өөрөө гялалзаж тодрохыг бус шавь минь л амжилт гаргавал бусад нь яах вэ, би яах вэ гээд хөлсөө арчин суудаг хүн бол дасгалжуулагч. Монголын дугуйн спортын өнгийг тодорхойлж, монгол түмний бахархал болсон олон шавьтай эрхэм бол яах аргагүй Н.Нармандах.

ДАШТ-ээс медаль хүртсэн, Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан Монголын анхны дугуйчин Ж.Өлзий-Орших, түүний дүү Өлзийсолонго, Өлзийбаатар, саяхан БНХАУ-д болсон олон өдрийн уралдаанд түрүүлсэн Б.Мягмарсүрэн, ОУХМ Э.Болор-Эрдэнэ, Ц.Солонго, триатлоны улсын анхны аварга Т.Очирбаатар, Монголын дугуйн холбооны генсек З.Наран тэргүүтэй олон шилдэг түүний шавь. Үүний сацуу УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Л.Элдэв-Очир тэргүүтэй улс төр, нийгмийн цөөнгүй зүтгэлтэн Н.Нармандах дасгалжуулагчийн удирдлагад дугуйгаар хичээллэж байсан юм билээ. Шавь нараа хамгийн өндөр амжилтад хүргэсэн, хамгийн өндөр оргилд мөрийг нь гаргасан дугуйн дасгалжуулагч тэр яах аргагүй мөн.

Спортын хүрээнийхнээс Нармандахыг таних уу гэж асуувал олонх нь дугуйн дасгалжуулагч уу, жүдогийн гавьяат уу хэмээн лавлах нь дамжиггүй. Түүнийг дугуйн Нармандах гэдгээр нь хүмүүс бүр ч илүү сайн мэднэ. Н.Нармандахыг дугуйн спортгүйгээр, дугуйн спортыг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголын дугуйн спортод оруулсан түүний хувь нэмэр, гаргасан амжилт их жин дарна. Үүний сацуу Н.Нармандахын шавийн шавь нарын талаар бичвэл цаг, цаас нэлээд орох нь гарцаагүй.

Ерөөс түүний шавь нараас салаалан, эл спортын А үсгээ заалгасан тамирчдын цөөнгүй нь Монголын дугуйн спортын өнөөгийн өнгийг тодорхойлж тэр ч бүү хэл мэргэжлийн дэвжээнд цойлж явна. Үүнийг Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй дугуйчин Б.Марал-Эрдэнэ, Монголын дугуйн спортоос мэндэлсэн дэлхийн анхны аварга Б.Тэгшбаяр нарын амжилтаас бэлхнээ харж болно. Тэд Н.Нармандахын шавь Ж.Өлзий-Орших гавьяат, С.Төмөрхуяг нарын шавь гэдгийг спортын хүрээнийхэн сайн мэднэ.

ДУГУЙН СПОРТООР АМЖИЛТ ГАРГАХ ИТГЭЛ ӨГСӨН ХҮРЭЛ МЕДАЛЬ

Н.Нармандах дасгалжуулагчийн бага нас Улаанбаатар хоттой тэр тусмаа 100 айлтай салшгүй холбоотой. Тэнд л ангийнхаа, гудамныхаа хүүхдүүдтэй дугуйгаар уралдан, алдартай тамирчин болохыг мөрөөдөж өсчээ. Үүнийгээ биелүүлэх, дугуйн спортод хөл тавихад нь их нөлөөлсөн тэмцээн бол “Залгамж” сэтгүүлийн нэрэмжит тэмцээн. Наймдугаар ангид сурч байхдаа тус тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргахдаа дугуйн спортоор илүү өндөрт дүүлэх итгэл төрж, урамшжээ. Улмаар хоёр жилийн дараа “Алдар”-ын Я.Баатар дасгалжуулагчийн шавь болж, дугуйн спортоор тууштай хичээллэж эхэлсэн юм. Зөвхөн эл спортоор хичээллэсэн төдийгүй дугуйтай амьдралаа холбохын, шилдэг дасгалжуулагч болохын эхлэл нь тэр байлаа.

Түүнийг Монголын шилдэг дасгалжуулагч гэдгийг хүмүүс сайн мэднэ. Харин тамирчин байсын үеийнх нь тухай тийм ч сайн мэдэхгүй болов уу. Н.Нармандах багийн УАШТ-ээс мөнгө, хүрэл, 1974 онд Монголд болсон олон өдрийн уралдаанд хоёр гараанд нь гуравдугаар байр эзэлсэн даруухан амжилттай.

АРЬС ШИР, НООСНЫ АРГА ЗҮЙЧ ХИЙГЭЭД ШУУГИУЛЖ ЯВСАН ҮЕ ТҮҮНД БИЙ

Тэрбээр дасгалжуулагч болж, шавь бэлтгэн, өөрийнхөө дутууг гүйцээхийн төлөө өнөөгийн МУБИС-ийн биеийн тамирын багшийн ангийг 1974 онд төгсжээ. Тухайн үед түүнийг Дорнод аймаг руу томилсон нь ажлынх нь анхны гараа байв. Тэнд хоёр жил ажиллаад байх үед нь Гавьяат дасгалжуулагч Ц.Чанцал дуудан, Төв аймгийн багт хамт уралдахыг урьжээ. Улмаар 1977, 1978 онд багийн УАШТ-ээс медаль хүртсэнийхээ дараа дасгалжуулагчийн албанд шилжжээ.

Түүний дасгалжуулагчийн замнал “Хөдөлмөр” нийгэмлэгтэй салшгүй холбоотой. Тэрбээр тус нийгэмлэгээс дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн юм. Ер нь бодсон, санаснаа хэнээс ч эмээхгүй, нуухгүй шулуухан хэлчихдэг нь Н.Нармандах дасгалжуулагчийг илтгэнэ. Үүнээсээ болж бусдад “зуулган”, хэлмэгдэж явсан ч үе түүнд бий. Тухайн үед “Хөдөлмөр” нийгэмлэг хагас, бүтэн сайнд амардаг байж. Н.Нармандах багш амралтын өдрүүдэд шавь нарынхаа бэлтгэлийг хийлгэхээр цэвэрлэгч нар дургүйцдэг байсан гэнэ. Үүнийг нь эсэргүүцэн, тэдэнтэй жаахан ам муруйтал дарга нь зэмлэн, арьс, шир, ноосны үйлдвэрийн арга зүйчээр томилжээ. Шавь нарынхаа төлөө явж байгаад шийтгүүлэн, тэс өөр салбарт ажилласан нь тэр.

Дасгалжуулагч хүнийг ноосны үйлдвэрийн арга зүйчээр томилсон ч Н.Нармандах барьц алдсангүй. Харин ч эсрэгээрээ ажилдаа эзэн болж, 13 үйлдвэрийн бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ. Үүнийг нь анзаарсан “Хөдөлмөр” нийгэмлэгийнхэн түүнийг 1982 онд буцааж авсан гэдэг. Тэгснийх нь үр дүн удахгүй гарч, дараа жил нь өсвөрийн УАШТ-ээс Н.Нармандахын шавь Л.Баттулга хүрэл медаль хүртжээ. Шавиа анх удаа улсын медальтан болгосон нь тэр. Түүнээс хойш тэрбээр дугуйн спортын аль ч төрөлд ганзага хоосон үлдэж байгаагүй гэнэ. Одоогоор УАШТ-ий бүх насны ангилалд багийн дүнгээр 36 удаа түрүүлээд байгаа юм.

ДАШТ-ий ХОС МЕДАЛЬТАЙ ШАВЬТАЙ МОНГОЛЫН ДУГУЙН ЦОРЫН ГАНЦ ДАСГАЛЖУУЛАГЧ

Тууштай хүнийг амьдрал шагнадаг гэдэг. Дугуйн спортоор шавь нараа амжилтад хүргэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, тууштай хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртсэн, Н.Нармандах. Тэрбээр Монголын дугуйн спортын тод од Ж.Өлзий-Орших гавьяатын анхны багш, түүнийг 17 жил дасгалжуулсан юм. Манай улсад насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр битгий хэл нэг медаль хүртсэн дугуйчин шавьтай Н.Нармандахаас өөр дасгалжуулагч үгүй. Тэрбээр Ж.Өлзий-Оршихыг ДАШТ-ээс анхны медалиа 1997 онд хүртэхэд нь Монголын дугуйн холбооны генсекээр ажиллаж байсан содон тохиолдлын эзэн. Тэгэхдээ шигшээ багийн дасгалжуулагчаар Болдбаатарыг томилж, Ж.Өлзий-Орших гавьяатыг ДАШТ-д оролцох бүх зардлыг нь зохицуулж өгчээ.

Н.Нармандах багш шавиа дэлхийн медальтан болж, монгол дугуйчны ур чадварыг дэлхийд таниулахад нь магнайгаа хагартал баярласнаа үргэлж дурсах дуртай гэнэ. Ж.Өлзий-Орших багшаа солин, өөр дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийх шийдвэр гаргахад “Миний шавь цалин хангамжтай газар бэлтгэл хийн, амьдралаа бодсон нь дээр. Энэ тухайгаа багшдаа хэлээд явсанд баярлалаа” гээд амжилт хүсээд үдсэн гэдэг. Тэгж цагаан мөрөөр явуулсных нь буянаар Ж.Өлзий-Орших 2001 онд Монгол Улсын дугуйн спортоос мэндэлсэн анхны төдийгүй цорын ганц гавьяат тамирчин болж, дараа жил нь ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртсэн юм.

ТОДОРХОЙ АМЖИЛТ ГАРГАСАН 800 ГАРУЙ ШАВЬТАЙ

Жүдо, чөлөөт бөхтэй харьцуулахад дугуйгаар хичээллэдэг, тэмцээнд оролцдог хүн Монголд тийм ч олон биш. Тийм мөртлөө УАШТ-ээс медаль хүртсэн, тодорхой амжилт гаргасан төдийгүй хоёроос дээш жил хичээллэсэн 800 гаруй шавь бэлтгэсэн нь дугуйн спортын хувьд яах аргагүй их хөдөлмөрлөж, олон жил уйгагүй зүтгэснийх нь илрэл. Тэднээс нэг гавьяат, олон улсын хэмжээний мастер цолтон ёс, 33 мастер, 33 дэд мастер төрсөн юм.

Н.Нармандах дасгалжуулагч болсноосоо хойш өнөөг хүртэлх хугацаанд бүх шавийнхаа тэмцээнд хэрхэн оролцсон, бэлтгэлээ яаж хийсэн тухай тэмдэглэл хөтлөн, хадгалдаг юм билээ.

ДУГУЙН ДАСГАЛЖУУЛАГЧААР ХАМГИЙН ОЛОН ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙГАА ЭРХЭМ

Манай улсад дугуйн дасгалжуулагчаар хамгийн олон жил уйгагүй ажиллан, хөдөлмөрлөж буй эрхэм бол тэр мөнөөс мөн. Дасгалжуулагчаар завсаргүй 41 жил ажиллана гэдэг урт хугацаа. Монголын дугуйн холбооны шилдэг дасгалжуулагчаар таван удаа тодорч, дэлхийн медальтнаас авхуулаад олон шилдэг шавь бэлтгэсэн түүнийг шигшээ багийн дасгалжуулагчаар огт ажиллуулаагүйд олон хүн гайхаж, харамсаж явдаг юм билээ.

МОНГОЛД АНХ УДАА ДУГУЙН КЛУБ БАЙГУУЛСАН

Н.Нармандах Монголын дугуйн спортод анхны жимийг нь гаргасан, томоохон гавьяануудын нэг нь энэ. Зах зээлийн ороо бусгаа үед цөөнгүй тамирчин, дасгалжуулагч спортоо орхин, өөр салбарт хөл тавьсан. Тийм хүнд үед Н.Нармандах дасгалжуулагч дугуйгаа орхих бус харин ч эсрэгээрээ “Залуус” нэртэй клубээ 1991 онд байгуулан, анхдагч болсон түүхтэй. Харамсалтай нь, клубээ түшиглэн байгуулсан үйлдвэрүүд хаагдсаны улмаас “Залуус”-ыг аргагүйн эрхэнд 1995 онд татан буулгажээ.

Тэглээ гээд Н.Нармандах багш бууж өгсөнгүй. “Монгол росцветмет” нэгдлийг түшиглэн хоёр жил тамирчдаа уралдуулсныхаа дараа “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн дэмжлэгээр, тэднийг түшиглэн “Алтан Дорнод Монголын залуус” клубийг дахин байгуулжээ. Тэгж бие даан олон улсын уралдаанд тамирчдаа сойн, бэлтгэл хийлгээд дөрвөн жил болсон юм. Үүнийхээ хажуугаар Н.Нармандах багш “Хөдөлмөр” нийгэмлэгт ажилласаар байв. Тус нийгэмлэгээс 2008 онд гарсны дараах үе түүнд амаргүй байсан гэдэг. Ивээн тэтгэгчгүй, ажилгүй явах үед нь төрсөн дүүгийнх нь хүүхэд дэмжин, “Дархан элит” клубээ 2012 онд байгуулахад нь туслажээ.

Үүний сацуу Н.Нармандах багш нийслэлийн 34 дүгээр сургуулийн нэгэн жижиг өрөөнд тамирчдаа бэлтгэн, олон шилдэг дугуйчин бэлтгэсэн юм. Тамирчдыг багаас нь бэлтгэн, олон жил уйгагүй дасгалжуулан, амжилтад хүргэдэг нь түүний гол давуу тал.

ДУГУЙН ШАВЬ НАРАА СПОРТЫН ЦӨӨНГҮЙ ТӨРӨЛД ТҮРҮҮЛГЭСЭН ОНЦГОЙ НЭГЭН

Дасгалжуулагч бүр өөр өөрийн гэсэн замнал, содон амжилттай. Н.Нармандах багшийн тухайд дурьдахгүй өнгөрч боломгүй цөөнгүй содон амжилт бий. Тэдгээрийн нэг нь 1991 оны цанын насанд хүрэгчдийн УАШТ. Тэрбээр тус тэмцээнд дугуйн шавь нараа ганцхан сар сойгоод оролцохдоо багаараа түрүүлж, шуугиулсан юм. Тэгэхэд зургаан шавь нь медаль хүртэн, хоёр нь дэд мастер цолны болзол хангажээ. Шавь нараа тэс өөр төрлийн УАШТ-д өрсөлдүүлээд түүгээр ч үл барам багаараа тэргүүлнэ гэдэг яах аргагүй “Үнэн үү” гэж асуумаар амжилт.

Яаж тэгж түрүүлсэн юм бол гэж уншигч та гайхаж магадгүй. Н.Нармандах шавь нараа дулааны улиралд дугуй, хүйтрэхээр цана, тэшүүрийн бэлтгэл хийлгэдэг байж. Тэгэхдээ цанын шигшээгийн тамирчидтай хамт базаадаг байж л дээ. Тэр бүхэн шавь нарынх нь амжилтад их нөлөөлж, олонх нь цанын улсын аварга болох хэмжээнд хүрсэн хэрэг.

Н.Нармандах дасгалжуулагч дугуйн шавь нараа өөр спортын төрлөөр цөөнгүй удаа цойлуулсны нэг нь энэ. Нөгөө нь 1987 оны Бүх ард түмний спартакиад. Тэр жил “Хөдөлмөр” нийгэмлэгийн шавь нараа тэшүүрийн төрөлд сойгоод багийн дүнгээр гуравдугаар байрт оржээ. Мөн 1986, 1987 оны өсвөр үеийн УАШТ-д хоёр, гуравдугаар байр эзэлсэн нь яах аргагүй содон амжилт.

Н.Нармандах багшийн шавь нар өөр спортын төрөлд шуугиулсан нь үүгээр үл хязгаарлагдана. Гүйн, усанд сэлж, дугуй унан өрсөлддөг триатлоны УАШТ-ийг анх удаа зохион байгуулахад нь түрүүлсэн Очирбаатар түүний шавь. Мөн хоёр дахь удаагийн УАШТ-ээс Н.Нармандахын шавь Цэлмэг хүрэл медаль хүртсэн юм. Тэс өөр спортын төрөлд тамирчдаа оролцуулаад улсынхаа шилдэг болгоно гэдэг үнэхээр амаргүй нь мэдээж. Хэр баргийн дасгалжуулагчийн барах даваа биш нь ойлгомжтой. Тэгэхэд спортын ийм олон төрөлд дугуйн шавь нараа түрүүлгэснээр нь олон хүн бахархдаг юм билээ.

Н.НАРМАНДАХАД ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛ ОЛГОЁ

Дээр дурдсан амжилт, дасгалжуулагчийнх нь замналаас харахад “Төр засаг түүний хөдөлмөрийг яагаад үнэлэхгүй байгаа юм бол” гэж уншигч танд бодогдож байгаа болов уу. Дэлхийн медальтан төрүүлсэн, хоёроос олон жил хичээллэсэн 800 гаруй шавьтай, дасгалжуулагчаар завсаргүй 41 жил ажилласан Н.Нармандахыг спортын хүрээнийхэн “Ард түмний гавьяат” хэмээн хүндэлдэг юм билээ.

Шагнал эзнээ олох сайхан. Дугуйн спортынхноос Гавьяат цол хүртэх магадлалтай, болзлыг нь хангаад удаж буй эрхмүүдийн нэг нь тэр яах аргагүй мөн. Түүний энгэрт Гавьяат дасгалжуулагч цол гялалзахад олон хүн “Шагнал эзнээ оллоо” хэмээн баярлах нь лавтай.

Н.Нармандах багшийн бие сүүлийн үед жаахан чилээрхэн, шавь нарынхаа бэлтгэлийг хийлгэж чадахгүй байгаа гэнэ. Тэрбээр ирээдүйд их дуулгана гэж яригдаж буй Энхжин гэдэг шавьдаа их итгэл хүлээлгэж яваагаа хэлсэн.

Энэ онд Монголын дугуйн холбооны 60 жилийн ой тохиож буй. Н.Нармандах багш ойд зориулсан ном бичин, ойн арга хэмжээний бэлтгэл ажил гээд тун ч зав муутай сууна лээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Энхээ.Ш
Энхээ.Ш
2019-12-09 04:07

Дэмжиж байна!Энэ хүний гавьяаг үнэлэх өдөр нь иржээ.Хийсэн бүтээсэн зүтгэлийг нь цагт нь үнэлээгүйгээс хичнээн сайхан хүмүүс чимээгүйхэн биднээс �##�сран оддог тэр систeмийг х�##�ах цаг нь болсон.

Рэнцэндорж
Рэнцэндорж
2020-02-18 00:38

Энэ агуу хүний дор бэлтгэгдэж хүмүүжиж явсан минь нэр төрийн хэрэг. Багш танийхаа нэрийг өндөрт өргөж явъя.

Холбоотой мэдээ

Back to top button