ЭРҮҮЛ МЭНД

СУРВАЛЖИЛГА: III эмнэлэг ЭМД-аараа MRI оношилгоо хийлгэх гэсэн олны хөлд дарагджээ

Өнгөрсөн аравдугаар сард Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт соронзон резонанс томографийн аппарат MRI, зургаадугаар сард зүрх, тархины судсан дотуур эмчилгээ, оношилгоог явуулах хамгийн сүүлийн үеийн, дэлхий дээр цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн ангиографийн аппарат суурилуулсан.

Ингэснээр иргэд Гуравдугаар төв эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалаараа өндөр түвшний хүчин чадалтай MRI  аппаратаар үйлчлүүлэх боломжтой болсон юм. ГЭХДЭЭ...

MRI ОНОШИЛГООНД ОРОХ ШААРДЛАГАГҮЙ БОЛОН ЭМЧИД ҮЗҮҮЛЖ, БИЧИГ ХИЙЛГЭЭГҮЙ ОЛНЫ ХӨЛД ДАРАГДЖЭЭ

Эмчид үзүүлээгүй, цав цагаан карт барьсан “Миний толгой өвддөг, би толгойгоо аппаратаар шинжлүүлмээр байна, эрүүл мэндийн даатгалаа төрд төлчихсөн учраас та нар надад үйлчлэх ёстой” гэсэн ууртай хүмүүс өглөөний 07 цагаас эхлэн энэ эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн гадна цуглах болжээ. Нэгэнт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ийм мэдээлэл тарчихсан нь үнэн учраас "Юуны өмнө эмчид үзүүлж, зайлшгүй MRI-д үзүүлэх шаардлагатай гэсэн заалттай байх, мөн харвалт өгсөн, зүрхний шигдээс болсон яаралтай өвчтөнүүдээ түрүүлж оруулна гэж эмч, сувилагчид өглөө эрт, хөдөө гадаа, дүүрэг бүрээс цугласан 50, 60 хүнд учирлана. Энэ л асуудлаас үүдэн эмч эмлчүүлэгсдийн дунд маш их үл ойлголцол үүсэж байгаа аж.

MRI оношилгоо бол маш өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ. Тухайлбал, нурууны MRI-д улсын хэмжээнд 320 мянган төгрөгөөр үзүүлдэг. Үүнээс 3 сарын хугацаанд 165 мянган төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхээ эдэлж, зөрүү болох 140 мянган төгрөгөө төлж үзүүлнэ.  Эдийн засгийн хүнд үед ийм боломжийг ашиглахаар хөдөөнөөс хүртэл хүмүүс ирчихсэн байв.

Цаг заваа зарцуулаад ирчихсэн хүмүүсийг буцаах хэцүү, авах боломжгүй нөхцөл байдлаас үүдэн эмч мэргэжилтнүүд сунаж ажиллаж байгаа ч ачаалал дийлдэхгүй байна. Уг нь хортой нөхцөлд ажиллаж буй эмч нарын ажиллах цагийн стандарт 6 боловч аргагүйн эрхэнд 8 цаг ажиллана. Таягаа тулаад ирчихсэн хүнийг буц гээд явуулах хэцүү, гэхдээ эмч ч гэсэн ар гэртэй, амьдралтай гэдгийг тэд хэлж байв.

Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Д.Дэлгэрцэцэг “MRI аппарат суурилуулж нээсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарснаас хойш бүх дүүргүүдээс, хөдөө орон нутгаас ч энэ аппаратыг зорьж олон хүн ирсэн. Өглөө болгон гадаа 50, 60 хүн ирж асуудал үүссэн. Бид яаж ч чадахгүйд хүрсэн. MRI аппарат 24 цагаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа ч хүний нөөцийн хувьд хүрэлцэхгүй байна. 2020 оноос хоёр техникч авч ажиллуулахаар зар тавиад төлөвлөгөөний дагуу явж байна. Эрүүл мэндийн яамнаас манай орон тоог нэмж баталж өгч байж энэ нь ажил хэрэг болгоно.

Одоогоор өдрийн цагаар бид Харвалтын төвд ирсэн харвалттай хүмүүст үйлчилж байна. Харвалт нь хоёр төрөл бий. Цус хурсан эсвэл судас нь бөглөрсөн харвалт. MRI нь судас нь бөглөрсөн харвалтыг илүү оношилдог. Тиймээс бид яаралтай тусламжаар ирж буй эдгээр хүмүүсийг нэн тэргүүнд авдаг. Мөн харвалтын тасагт хэвтэж байгаа судас нь бөглөрч харвалт өгсөн хүмүүсээ авч байна. Мөн мэдрэлийн мэс заслын хагалгаанд орсон хүмүүс, хүндрэл өгөх хүмүүсийг авч байгаа. Бидний хамгийн эхний зорилго бол хэвтэж байгаа, өвчтэй, эмгэгтэй хүмүүстээ хүрч үйлчлэх гэж зорьж байна. Нэг шинжилгээ хамгийн багадаа 20-60 минут үргэлжилдэг. Тэгэхээр таван хүн авбал таван цагийн хугацаа шаардагддаг. MRI гэдэг нь соронзон орон, дэлхийн татах хүчнээс 1.5  тесла буюу хэд дахин хүчтэй соронзон орон бий болж байгаа. Тиймээс хүн бүрийг оруулаад байхгүй, шүдний импланттай хүн хүртэл ороод гэмтэх, өвчин нь сэдрэх, зураг муу гарах зэрэг сөрөг үр дагавартай. Тиймээс шалгалт, хувцас солих гэх мэтээр хугацаа их шаарддаг стандарт, нормыг зайлшгүй мөрддөг”

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир:

ХҮНД ӨВЧТӨНҮҮДЭЭ ХУВИЙН ЭМНЭЛЭГ РҮҮ ТЭЭВЭРЛЭЖ, ШИНЖИЛГЭЭНД ОРУУЛААД БУЦАЖ АВЧИРДАГ БАЙСАН

-2019 он улсын Гуравдугаар төв эмнэлэг технологийн ямар шинэ ололт амжилттай жил болж өнгөрөв?

-Техник технологийн хувьд нэгдүгээрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, зүрхний судсан дотуур эмчилгээ оношилгоо хийх ангиографийн аппарат суурилуулсан байна. Мөн MRI буюу соронзон резонанс томографийн аппарат суурилуулсан байна. Энэ хоёр аппарат хоёул, улсын төсвийн хөрөнгөөр шийдэгдсэн, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай. Нийт 4.5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Засгийн газрын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөө авсан бол Эрүүл мэндийн сайдын багцаас ангиографын өрөөний засвар тохижилтын ажлыг шийдвэрлэж өгсөн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд MRI аппаратын дагалдах тоног төхөөрөмж, ажлах тусгай орчин буюу зэсээр хамгаалагдсан, соронзон долгионыг хязгаарлах өрөөний засвар тохижилтыг шийдэж өгсөн. MRI аппарат бол ажиллуулаад л эхэлсэн бол унтраана гэж байдаггүй, байнгын ажиллагаатай байдаг. Хэрэв унтраах л юм бол ажиллуулж буй гол эд болох шингэн гель нь ууршдаг тул эргээд түүнийгээ ажиллуулахын тулд шинэ аппарат авах хэмжээний их хөрөнгө гаргаж байж, үйл ажиллагаанд оруулдаг онцлогтой аппарат юм билээ. Тиймээс бүхий л дагалдах техник хэрэгсэл, өрөөний засвар тохижилтыг богино хугацаанд шийдвэрлэн оны өмнө ашиглалтад орууллаа.

-Өнөөдөр танай эмнэлэг улсын ачааллын хэдэн хувийг дангаар үүрч байгаа вэ?

-Гуравдугаар эмнэлгийн онцлог бол улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлэг. Зүрхний болон тархи, нурууны мэс заслыг улсын хэмжээнд дагнасан үйлчилгээ үзүүлдэг. Тархины харвалт, зүрхний шигдээсийн лавлагаа тасаг улсын хэмжээнд 20, 20 ортой ажилладаг. Энэ хэсэгт маш их ачаалал төвлөрч байгаа. Тиймээс улсын хэмжээнд хамгийн өндөр ачаалал хүлээж байгаа, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний хамгийн олон ортой ажиллаж байгаагаас ачаалал харагдаж байгаа байх. Тухайлбал, Нэгдүгээр төв эмнэлэгт эрчимт эмчилгээний 12 ор байхад манай эмнэлэгт нийтдээ 68  байдаг. Эрчимт эмчилгээний ороор тухайн эмнэлгийн ачаалал, тусламж үйлчилгээний лавлагаа, эмнэлгийн зэрэглэлийг харуулж байдаг.

-Танай эмнэлэгт өнгөрсөн хугацаанд энэ хоёр аппаратыг шийдээгүй байхад нөхцөл байдал ямар байсан бэ? Хэрэгцээ шаардлага мэдээж өндөр байвч, байхгүйн зовлонтой эмч нар өвчтөнүүдээ хэрхэн яаж дутууг нь нөхөж болгодог байв аа? Одоо үйлчилгээнд ямар дэвшил гарч байна?

-Энэ хоёр аппарат байдаггүй байхад бид үнэхээр хүндрэлтэй ажиллаж байлаа. Тухайлбал, MRI аппарат байхгүйгээс Гуравдугаар эмнэлгийн ойролцоо байгаа хувийн эмнэлгүүд болон Гэмтэл согог судлалын үндэсний төв, тэндэхийн хувийн эмнэлгүүд рүү хүнд өвчтөнүүдээ тээвэрлэх, зөөж аваачаад шинжилгээнд оруулаад буцаж авчирдаг маш их хүндрэл чирэгдэлтэй байсан. Гаднаас ирж байгаа хүмүүсээ заавал MRI хийлгээд ир гэж нааш цааш зөөхгүйн тулд бас л хувийн эмнэлэг рүү явуулдаг байсан. Одоо бид ажиллахад маш амар болсон. Учир нь зүрх, мэдрэлийн үндэсний лавлагаа төв эмнэлэг, тархи нуруу нугасны бүх хагалгаа энд төвлөрч хийгдэж байна. Тиймээс MRI оношлогооны аппарат маш олон жилийн өмнө суурилуулагдсан байх ёстой л эмнэлгийн нэг шүү дээ. Энэ жил ямартай ч суурилуулагдлаа. Одоо өвчтөнөө тээвэрлэхгүй, хүнд өвчтөнөө хүссэн цагтаа шаардлагатай үед нь харах боломжтой. 24 цагаар ч ажиллах боломж бий. Хүний нөөцөөс шалтгаалж техникч, ажилчдаа ээлжинд гаргаад оношлогоо хийх боломжтой. Маш олон жил MRI аппаратгүйн улмаас иргэд үйлчлүүлэгчид чирэгдэлтэй байсан. Нөгөө талдаа эдийн засгийн хэмнэлт хийх боломж ч бий болж байна. Хувийн эмнэлгүүдэд MRI аппаратын үйлчилгээ мэдээж өндөр өртөгтэй. Одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүс мэдээж төлбөр төлөхгүй, ЭМД-аараа үйлчлүүлнэ. Амбулаторийн журмаар үзүүлэх хүмүүс мөн ЭМД-аараа хийгдэнэ, мэдээж зарим нь тодорхой хувийн хөнгөлөлт, төлбөрөө холбогдох тушаал, журмын дагуу эдлээд явна.

-Энэ олон жилийн дараа ядаж ганц ч болов MRI аппарат суурилууллаа. Гэвч ганцхан учраас хүрэлцээ тун муу байна гэдэг нь эрэлтээс харагдаж байна. Тэгэхээр эмнэлэг ямар бодлого системээр эмчлүүлэгч, өвтөнүүддээ үйлчилж байгаа вэ? Мэдээж ЭМД-аа улсад төлөөд явж байгаа хэн ч үнэгүй аппаратад харуулчихсан гэсэн сонирхолтой байгаа.

-Тиймээ. Гэхдээ MRI оношилгоо гэдэг толгой дарааллан хийдэг шинжилгээ огт  биш. Энэ бол яг л мэдрэлийн мэргэжлийн мэс засал, зүрх судасны эмч нарын зайлшгүй тодорхойлсон шаардлагын дагуу хийгддэг. Дурын иргэн ирээд цусны шинжилгээ өгдөг шиг хийгддэг шинжилгээ биш, манайхан тэгж ойлгоод байгаа учир ачаалал нэмэгдээд байгаа талтай. Тиймээс мэргэжлийн эмч үзээд “Иргэн танд зайлшгүй MRI хийх шаардлагатай, онош тодруулах шаардлагатай байна” гэсний үндсэн дээр л хийнэ. Мэдээж хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн хувьд дандаа зүрх, тархи, мэдрэлийн асуудалтай хүмүүс байгаа тул эмчийн заалтаар шинжилгээгээ хийлгэнэ.

Мөн энэ аппаратыг хагалгааны үед ашиглаж болдог. Тухайлбал, тархины мэс заслын төв 50 гаруй жилийн турш улсын хэмжээнд 0-оос дээш насны бүх хүмүүст тархи, нуруу нугасны бүх эмгэг дээр мэс заслын тусламж үзүүлж байгаа. Хагалгааны үеийн MRI гэж байдаг. Хагалгааны тасгийн блокын хажууд байж байдаг жишиг өндөр түвшний үйлчилгээ үзүүлдэг улс орнуудад байдаг. Гэхдээ бидний хувьд одоогоор яг энэ түвшинд ашиглах боломжгүй байгаа.

Энэ MRI аппаратыг ажиллуулахын тулд сүүлийн дөрвөн жилийн турш эмч мэргэжилтнүүдээ багаар нь гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад сургах, инженер техникийн ажилтан эмч мэргэжилтнүүдээ ч нэг нэгээр нь явуулах байдлаар сургаж бэлдсэн. Сүүлийн жил хагасын хугацаанд дандаа Европын холбооны улсуудын өндөр түвшинд техник эзэмшсэн мэргэжилтнүүд, эмч, докторуудыг урьж авч ирэн, яг ажлын байран дээр хамтарсан сургалтууд зохион байгуулж, дадлагажуулсан. Үүний үр дүнд аппарат суурилуулсан даруйд ажиллуулж, ашиглах боломж бүрдсэн байсан.

-Өнгөрсөн долоодугаар сард суурилуулсан ангиографийн аппаратыг өнөөдөр ямар ямар өвчлөл, мэс ажилбаруудад ашиглаж байгаа вэ?

Ангиографийн аппаратыг 2 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр суурилуулсан. Манайх 2013 онд АНУ-ын Мянганы сорилтын сангаас хэрэгжсэн “Харвалт, шигдээс” төслийн хүрээнд нэг ангиографийн аппарат суурилуулж байсан. 3D программтай, хоёр рентген хоолойтой бүтэцтэй уг аппаратаар зүрх тархины гүнийн судсан дотуур өндөр түвшний мэс засал хийх боломжийг бүрдүүлсэн байдаг. Энэ аппарат 2013 оны 10 дугаар сард суурилуулагдсанаас хойш оношилгоо эмчилгээний маш олон шинэ ололт амжилтуудыг улсын хэмжээнд нэвтрүүлж, өнөөдрийг хүртэл үр дүнтэй ажиллаж байна. Тухайлбал, иргэдийн гадаад явах урсгалыг бууруулсан. Тархины судсан дотуур орж, тархины цүлхэн, тархины хавдар, судасны бөглөрөл, эмгэг сүлжээрэл гэх мэт олон төрлийн эмгэгүүдийн хагалгааг хийдэг. Тархийг огт нээхгүйгээр энэ хагалгааг хийнэ гэсэн үг. Өмнө нь тархины гүнд буюу хүрэх боломжгүй эмгэг байвал хагалгаа хийх боломжгүй гэдэг хариу өгдөг байсан. Энэ бол маш олон төрлийн эмчилгээний аргуудыг нэвтрүүлж, сүүлийн гурван жилийн дотор маш дэвшилттэй ажиллаж байгаа. ОХУ-ын Мэдрэлийн мэс заслын төвөөс зөвлөх профессор ирж хамтарч ажиллаж байна. БНХГУ-ын эмнэлгийн судсан дотуур тархины мэс засалч, эрдэмтэн профессор Ханс доктор мөн ирж ажилласан. Тэд “Монгол улс яг энэ чиглэлд дэлхийн түвшинд хүрчихсэн юм байна, цаашид хүндрэлтэй тохиолдлууд дээр эмч мэргэжилтнүүдээ сургах шаардлагатай байна. Яг энэ чиглэлдээ дэлхийн аль ч улсад хийгддэг өндөр түвшний хагалгааг хийгээд болж байна” гэдэг дүгнэлт өгсөн. Дээрх хоёр улсын эрдэмтэдтэй тархины судсан дотуурх мэс заслын чиглэлд цаашид хамтран ажиллана.

-Эдгээр аппаратууд дээр ажиллаж мэс ажилбар хийж буй зах зухаас нь харж байсан. Эмч нар нүдэнд харагдахгүй эмгэгүүдийг авахаар ажиллахдаа том том дэлгэцүүд рүү л харж ажлаа хийдэг, маш өндөр түвшний технологийн эрэн үе ирчихсэн байна. Ийм үед эдгээр хоёр аппарат дээр ажиллах эмч мэргэжилтнүүд дутагдаж байна уу? Улсын ачааллыг үүрдэг эмнэлгийн хувьд ганц, нэгхэн эмч нарынхаа нурууг авж байгаа болов уу гэж бодох юм?

-Залгамж халаа, дараагийн шинэ үеийг гинжин хэлхээгээр тасралтгүй бэлдэх тал дээр бодлого барьж ажиллаж байгаа. Ганц зүрх мэдрэлийн чиглэлд ч бус бусад чиглэлд эмч мэргэжилтнүүдээ бэлдэх үйл ажиллагааг бодлогоор явуулдаг. Ахмад, дунд үеээс залуус нь суралцаж, залуус нь 5-10 жилийн дараа дараагийн үедээ зааж өгдөг тогтолцоотой. Мэдээж эмч мэргэжилтнүүдийн орон тоог нэмж, өргөн хүрээнд бэлдэх шаардлага бий юу гэвэл бий. Эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр бид жилдээ хамгийн багадаа 10-15 оронд 100 гаруй мэргэжилтэн сургадаг. Зөвхөн манай эмнэлгээс гэсэн үг. 2017 онд гэхэд бид дэлхийн 16 оронд 117 эмч мэргэжилтнээ явуулсан, энэ бол хамгийн өндөр тоо. Манайх 734 ажилтантай, нэг эмнэлгээс ийм тоогоор нэг жилд мэргэжлээ дээшлүүлнэ гэдэг өндөр тоо.

-Улсын хэмжээнд байгаа ганц аппарат эвдрэх вий гэх айдас байна. Ийм эрсдэл бий юу? Хэрэгцээ шаардлага өндөр байгаа тул тасралтгүй л ашиглаж байгаа байх?

-Энэ маш чухал асуудал. 2013 онд суурилуулсан зүрх тархины судсан дотуур нарийн хагалгаа хийдэг өндөр түвшний аппарат 2016 онд шууд зогссон. Тэр үед ганц л ийм аппараттай байсан учир маш хэцүү зогсолт болсон. Ингээд бөөн асуудал үүсэж Засгийн газрын хуралдаанаар яаралтай орж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжилт гаргаж маш богино хугацаанд засаад эргүүлэн ажиллагаанд оруулж байлаа. Тэр аппарат бараг л 24 цаг тасралтгүй ажиллаж, улсын хэмжээнд өндөр байдаг зүрхний шигдээс, тархины харвалтын дараах мэс заслуудыг хийж байсан. Тиймээс элэгдэл хорогдол ашиглалтаас үүдэж ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй. Энэ чинь маш олон хүний амь настай холбоотой асуудал шүү дээ. Үүнээс хойш бид эрсдлээ тооцож, эрсдлин менежмент хэрэгжүүлэн, удаа дараа асуудлыг тавьж, энэ жил хоёр дахь ангиографийн аппаратаа суурилуулаад байгаа юм.

Тоног төхөөрөмж ганц байна гэдэг нь өөрөө эрсдэл юм. Гэхдээ жилээс жилд эрүүл мэндийн салбарын санхүүжилт нэмэгдэж байна. Ялангуяа сүүлийн хоёр жил бодлогын түвшинд бид бүхний практикаар тавьж байгаа санал, захиалгын дагуу нийлүүлэлтүүд оновчтой хийгдэж байгаа нь нэг талаар ажиллахад урам өгч байгаа явдал. Мэдээж улсын байгууллага хязгаарлагдмал төсвийн хүрээнд батлагдсан төсвийн санхүүжилтээрээ зардлын зүйл ангиар санхүүждэг. Хөрөнгө оруулалтууд мэдээж бүх л эмнэлэгт шаардлагатай. Гэхдээ улсын хэмжээний ямар гол ачааллыг ямар эмнэлэг хүлээж байна вэ гэдгийг тооцож, тав таван жилээр төлөвлөгдөж шинэчлэгдэж байх ёстой юм.

АНГИОГРАФИЙН ШИНЭ АППАРАТЫГ ЗҮРХНИЙ МЭС АЖИЛБАРУУДАД АШИГЛАЖ БАЙНА

Үргэлжлүүлэн бид Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгаар зочиллоо. Зүрхний шигдээстэй иргэнд мэс ажилбар хийж байгаа нь энэ. "Цацраг идэвхт бодистой" гэж анхааруулсан хаалганы цаана эмч, сувилагч, мэргэжилтнүүд эх орондоо хийлгэх боломжгүй байсан хагалгааг хийж байна.

Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн Ахлах сувилагч Б.Нямбаяр “Эм эмнэлгийн хэрэгсэл тасрахгүй бол манай тасагт айхтар дараалал үүсэхгүй. Хоёр аппараттай болсны ач нь тэр юм. Гадаадад явж хийлгэдэг байсан мэс ажилбаруудыг бид өнөөдөр эх орондоо өдөр тутамд хийж байгаа. Дээр байгаа хуучин аппаратыг ихэвчлэн мэдрэлийн чиглэлд ажиллаж байгаа бол энэ шинэ аппаратыг зүрхний чиглэлийн мэс ажилбаруудад илүүтэй ашиглаж байна. Яг одоогоор манай тасагт 2 техникч, дөрвөн сувилагч, нэг ахлах сувилагч, таван эмчтэй үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-09 12:59

Жинхэнэ хүний амийг, мөнгө санхүүтэй нь аварч байгаа эмнэлэг дээ.Ажлын амжилт хүсье!!!

Зочин
Зочин
2019-12-09 14:08

Hoorhii doo minii 3han saya irged! Ingej zuderch baih ch gej dee. 3r emneleg mash sain bnaa, bayar hurgeye! Irgen ooroo eruul mendee mash sain sahin hamgaaldag bolohson.

Зочин
Зочин
2019-12-10 07:34

Дэлхийн түвшинд мэргэшсэн зүрх тархины эмч нартай 3-р эмнэлэгийн хамт олонд баярл�##�аа

Зочин
Зочин
2019-12-10 09:43

Гайх�##�тай сайн эмнэлэг их ажлын ард ажрахгүй гарах болтугай.

зочин
зочин
2019-12-10 13:52

дотоод нөөц бололцоогоороо Mri ct ны эмч нарынхаа ц�##�инг нэм л дээ ажлын 10 цаг ажиллаж бгаа ш дээ

Zochin
Zochin
2019-12-10 20:26

3-emneleg duuregiin emnelegiin zarim neg harutsaa muutai emch nariig bodvol haritsaa saitai uls dayar uilchilj tsaindaa ch barag orohgui uilchildeg tom emnelegiin hajuud amidardag bolohoor eruul mendeer aih ayulgui setgel amar bainga uilchluuldeg shuu 3-emnelegiin emch nartaa bugded ajiliin amjilt eruul enhiig husii

Өанж
Өанж
2019-12-12 00:23

ХБНГУ гэж бичнэ ээ

Saran
Saran
2019-12-13 08:05

Emch nar helj yarihdaa: uvdsuniihee daraa ni bish, ert ilruulj onoshluul gee l uliglaad baidag ni ali ve dee.

Залуу
Залуу
2021-12-22 19:06

Мундаг эмч нар бнлээдэээ шүтсээн...

Холбоотой мэдээ

Back to top button