Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Кишидагийн оронд хэн Японыг удирдах вэ

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио лхагва гарагт /2024.08.14/ ирэх сард ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдсэн.

Түүнийг Японы ерөнхий сайдаар гурван жилээр ажиллахад амьжиргааны зардал нэмэгдэж буй явдалд олон нийт дургүйцэл ихэссээр ирсэн юм.

Тэрбээр “Олон нийтийн итгэлцэлгүйгээр улс төр үйл ажиллагаа явуулж чадахгүй. Би энэхүү хүнд шийдвэрийг олон нийтийг бодож, улс төрийн шинэчлэлийг урагшлуулах хүслээр гаргасан” гэж хэлсэн байна.

Энэ оны эхээр Японд явагдсан орон нутгийн сонгуульд Кишидагийн Либерал Ардчилсан нам хэд хэдэн ялагдал хүлээсэн. Ийм учраас дараагийн үндэсний сонгуулийн өмнө имижээ солих хэрэгтэй гэсэн яриа түүний нас дотор явах болсон нь үүнд нөлөөлсөн байж магадгүй.

Ирэх сард эрх баригч Либерал Арчилсан нам даргаа сонгох санал хураалт явуулах байсан.Тус санал хураалтад Кишида нэрээ дэвшүүлэх гэдгээ мөн мэдэгдсэн. Одоо есдүгээр сард Либерал Ардчилсан нам явуулах санал хураалтаар түүний оронд намын дарга болох хүн мөн шинэ ерөнхий сайдыг сонгох юм.

Кишидагийн залгамжлагч ард түмний Либерал Ардчилсан намд итгэх итгэлийг сэргээх, нэмэгдсээр буй амьжиргааны өртөгтэй тэмцэх мөн БНХАУ-тай үүсээд буй геополитикийн хурцадмал байдал гэх мэт асуудлуудыг шийдэх шаардлагатай тулгарна.

Зургийн эх сурвалж: Global News

Намын шинэ даргыг сонгох хүртэл юу болох вэ

Либерал Ардчилсан нам хэзээ шинэ даргаа сонгохоо мэдээлэхээс хэдхэн өдрийн өмнө Кишида албан тушаалаа хүлээлгэн өгч, санал хураалтад нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Тус нам гурван жил тутам нэг удаа даргаа сонгодог. Санал хураалт есдүгээр сард багтаж явагдах ёстой.

Тэр хүртэл Кишида намынхаа ерөнхийлөгч болон Японы ерөнхий сайдын үүргээ гүйцэтгэнэ. Одоогийн Японы парламентын доод болон дээд танхимд Либерал Ардчилсан нам олонх учир шинээр сонгогдсон намын ерөнхийлөгч улсынхаа ерөнхий сайд болох нь баталгаатай.

Зарим улс төрийн ажиглагчид шинэ ерөнхийлөгчөө сонгосны дараа Либерал Ардчилсан нам ээлжит бус сонгууль зарлаж магадгүй гэж таамаглаж байна. Учир нь 2025 оны аравдугаар сард парламент тарахаас өмнө доод танхим хэзээ ч хамаагүй сонгууль явуулах боломжтой.

Шинэ намын даргыг хэрхэн сонгох вэ

Тус намын шинэ дарга ерөнхий сайд болох тул Японы бүх иргэд ямар нэгэн байдлаар оролцох боломжтой мэт санагдаж магадгүй. Гэхдээ санал хураалтад Либерал Ардчилсан намын 1.1 сая гишүүн л оролцоно.

Санал хураалт хоёр өөр шаттай явагдана. Нэг нь намын гишүүд дунд явагдах бол нөгөө нь намаас парламентад сонгогдсон хууль тогтоогч нар дунд явагдах юм.

Энэ хоёр бүлэг нь тус бүр саналын 50 хувийг эзэлнэ. Либерал Ардчилсан намын санал хураалтыг намын бүлгийн удирдагч нар тэргүүлдэг байсан юм. Гэхдээ Кишида намын бүлгүүдийг тараах ажлыг санаачлан явуулсны дараа зөвхөн нэг л бүлэг үлдсэн байгаа. Ийм учраас энэ удаагийн санал хураалт өөр байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Хэн Кишидаг орлох бол?

Зургийн эх сурвалж: Japan Today

Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёошимаса Хаяаши Кишидаг иш татан мэдэгдэхдээ бүх сайд нар намын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж болно гэжээ.

Цахим бодлогын сайд Таро Коно, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Санаэ Такаичи нар Японы дараагийн ерөнхий сайд болох хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд асан, Төлөөлөгчдийн танхимын дөрөв дэх удаагийн гишүүн, Сангийн яамны хуучин албан тушаалтан Такаюүки Кобаяаши мөн нэр дэвших хүсэлтэй байгаа гэж сэтгүүлчдэд илэрхийлсэн байна.

Үйлдвэрийн сайд Кен Сайтог олон хүн намын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг уриалсан юм. Тэрбээр "Эдгээр дуу хоолойг нухацтай авч үзэх шаардлагатай гэж бодож эхэлж байна" гэсэн юм.

Мөн олон нийт дунд нэр хүндтэй Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба, Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошимицү Мотэги, Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми нар өрсөлдөж магадгүй байна.

Эх сурвалж: Associated Press, Japan Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-17 13:28

Ишиба болно гэж бна лээ

ЗОЧИН
ЗОЧИН
2024-08-17 17:44

Энэ нөхдийг хархад манай ШИНЗО АБЭ шиг ясны сайд хийчих хүн харагдахгүй л байна.

Холбоотой мэдээ

Back to top button