Top StoriesЯрилцлага

“Харанга”-ын Х.Лхагвасүрэн: Бурхан эмэгтэй хүнийг үнэ цэнээ хэзээ ч мэддэггүй ганцхан алдаатай бүтээсэн

“Харанга”-ын хар азарга Х.Лхагвасүрэнтэй ярилцана гэдэг амар ажил биш дэг ээ. Цахим орчинд түүний 10 гаруй жилийн өмнө өгсөн ердөө хоёрхон ярилцлагыг унших боломжтой байна. Энэ тоог гурав болгож нэмэх тохиол “Харанга”-ын 35 жилийн ойн тоглолтод зориулсан амьд хөгжмийн наадмын бэлтгэлийн үеэр олдлоо.

Хоёр жилийн өмнө “Харанга”-ын таван гишүүний дунд суугаад нэгэн зэрэг ярилцсан нь сэтгүүлчийн карьерт маань тэвдэж, сандрахаа яаж ийгээд болиулах шаардлагатай болоход хүргэсэн томоохон үйл явдал юм. Тэр үед Х.Лхагвасүрэнгээс хамгийн их бэргэж байжээ.

Үнэндээ тэр айж халгамаар хүн биш ч язгуурын эрхэмсэг, ихэмсэг нь гарцаагүй юм.  Тийм байхаас ч аргагүй, ерөөс түүнийг тодорхойлох элдэв өмнөтгөл ямар ч ярилцлагынх нь эхэнд шаардлагагүй.

Тэр зарим асуултад маань нээлттэй хариулсан ч бичихгүй байхыг хүссэн бөгөөд “70 гараад эдгээрийг хэлнэ” хэмээсэнд нь би үнэнч байхаар шийдлээ. Харин энэ ярилцлага эргэлзээнгүй хамаг Монголд эрхэм Х.Лхагвасүрэнгийн ертөнцөөр бага ч гэсэн аялуулна гэж найдаж байна.

Ташрамд, энэ сарын 24-нд болох “Харанга”-ын 35 жилийн ойн тоглолтыг тэрбээр “Эрх чөлөөний баяр” хэмээн тодорхойлсон бөгөөд, өөрөө хэрэв залуу байсан бол энэ үеэр найз охиноо тэвэрчхээд, цагдаатай шар айраг тулгана гэж зүйрлэсэн юм.

-Олон олон нууцыг нь одоо хүртэл судалж тайлаагүй, оргилд нь өдийг хүртэл нэг ч хүн гарч чадаагүй Кайлас ууланд та очоод иржээ. Тэр ямар мэдрэмж төрүүлдэг газар байв?

-Эрт цагийн юм чинь эрт цагийн мэдрэмж төрнө. “Ээ, бурхан минь” гэсэн тийм мэдрэмж. Хүн хийсэн гэж үзээд байгаа шүү дээ. Мань мэт шиг амьтан хийгээгүй байж таарна л даа. Тэнд очиход хүч чадал хэрэгтэй. 4000 метрт хүрнэ, тэгээд түүнээс дээш л явна гэсэн үг.

-Ер нь уулыг, Төвөдийг сонирхох болсон нь хэзээнээс вэ?

-20 жилийн өмнө Лхас ороод л тэр. Тэгэхэд Кайлас явах гээд чадаагүй л дээ. Одоогийнх шиг жуулчдад зориулсан компани ч байгаагүй.

-Танд бурхны шашны болон амьдралын мөн чанарын тухай бодож, бясалгадаг замналд хөтөлж оруулсан номын багш гэж бий юу?

-Номын багш байхгүй, ном л бий.

-Анх, ямар ном?

-Янз, янз. Монголын уран зохиолын номуудад ч шингэсэн байдаг шүү дээ, анзаарч уншвал. “Алс холын ариун ууланд мөргөхөөр явлаа” гээд л. Э.Мулдашевийн номыг их төвлөрч уншсан.

-Атлант, лемур гээд өмнөх хүн төрөлтнүүдийн тухай сонин нээлтүүд бичигдсэн байдаг.

-Бидний үед орчуулагдаагүй байсан. Анх орос хэл дээр уншсан. Гайхамшигтай зүйл байгаа нь мэдрэгдсэн. Диваажинг Төвөдөөр Дэмчогийн орон гэдэг. Манай өвөөг Дэмчиг гэдэг байсан. Би үүнээс эхэлж гайхан, судалсаар цааш явсан.  

-Ихэвчлэн нүгэл үйлдэхгүй байх сан, эсвэл хийсэн нүглээ цайруулах сан гэх мэтийн тодорхой аминч эрмэлзлээр шашинд сүсэглэх нь элбэг биз дээ. Сүсэг, сониучирхлын араас “Юуны төлөө” гэдэг асуулт тавигдах ёстой. Таны хувьд тэр нь?

-Улс орон минь. Туг сүлдээ намируулсан тусгаар улс мөртлөө өндөр байшин, өргөн замаас өөр хөгжил ирсэнгүй. Хүн бол хөгжсөнгүй.

-Эх орны тухай үнэлж, цэгнэж бодно гэдэг тодорхой нас, төлөвшлийг давсны дараа ирдэг зүйл шиг санагддаг юм?

-Та нар залуу болохоор тэгж бодож байгаа юм. Би 17 насандаа цэрэгт явж, тангараг өргөөд л энэ зүйлийг бол мэдэрсэн. Би 1983 оны цэрэг. Цэрэг эх оронч үзлээр бидний үеийнхэн хүмүүжсэн. Тийм болохоор учиргүй талбай дээр очоод, орилоод байж чаддаггүй юм. Юм өөрсдөөс л шалтгаалдаг. Өөрсдөө, оюун ухаанаа хөгжүүлэх хэрэгтэй.

-Харин дуу хөгжим үүнд яаж нөлөөлсөн бэ?

-Дуу хөгжим өөрөө бурхан. Огторгуй тэр чигтээ хөгжим. Ламын энэ ном уншлага  ч бас дуу, хөгжим юм шиг. Хөгжмөөр дамжиж тарни амилдаг юм биш үү. Ер нь бурхны шашнаас өөр хүн гээчийг ингэж судалсан шашин гэж бий бил үү. Нэгд нэггүй судалж, тэмдэглээд орхисон, нэг ёсоор шинжлэх ухаан юм байна. Тэр үедээ тэгж шинжилж судалж байж. Физикийнхэн бараг л нэгдчихсэн явж байгаа шүү дээ. Эцсийн эцэст юмс энергиэ л дагадаг юм байна гэж. Үүнийг тэгээд сонирхохгүй байхын аргагүй. Тэгэхээр би багаасаа л сонирхдог байсан байж таарлаа.

-Х богд манай улсаас тодорч, бурхны шашин сэргэх, өөрсдөө ч сэргэн мандах эгзэгтэй цаг үед амьдарч байх шиг мэдрэмж төрөх боллоо. Гэхдээ бурхны шашны ихэнх сүсэгтнүүд зөвхөн банкны үйлчилгээ авч байгаа юм шиг ном бичүүлж, зул өргөх төдийд байгаа юм биш үү?  

-Тэр нь ч бас мухар сүсэг биш. Ном уншуулж байвал л сайн. Тэр үйлчилнэ. Ер нь зул өргөхийн ч юу нь буруу юм. Гал гэдэг хүн төрөлхтний хамгийн том ололт амжилтын нэг мөн биз дээ. Галаар бид дээшилсэн. Энэ бол хүн хөгжихийн нэр. Адаглаад уур уцаар, шунал уналаас ангижирч байгаа. Үүнийг шинжлэх ухаанчаар судлах л чухал байна. Урд ургасан чихнээс хойно ургасан эвэр дээр. Та нарт найдаж байна. Төвөд хэл судалсан хүмүүс Монголд олон байдаг юм билээ шүү дээ. Сахил хүртээгүй ламын дайтай. Тэд судлах, түгээх ажлыг сайн хийх ёстой юм болов уу. Би бол сүсэглэж л, хүмүүсийн бичсэнийг уншиж судалдаг төдий хүн.

Кайлас ууланд алхахад нэг мэдрэмж төрсөн. Би тэнд яг нэг хүнтэй юм яриад байх шиг санагдсан. Надаас асуугаад л. “Тийм, энэ миний зохиосон дуу” гэж би хариулаад л. Тэгтэл тэр хүний асуусны хариуг манай эхнэр утсан дээрээ гаргаж ирээд, “Нарыг хайрла” дууг тавиад байх юм. Бид хоёр хоорондоо огт яриагүй шүү дээ. Тэр хавьд л тийм байна. Амьтад нь их сонин, хүн шиг үйлдэл гаргаж байна. Том ногоон найз шиг юм зассан байна, сунаж мөргөх зориулалттай. Би тэнд мөргөж байтал миний үс гэзгийг янзлаад байх юм. Эхнэр л юм байх гэж бодтол нуруун дээр шувуу суужээ. Дээш доош яваад л миний үсийг шинельнээс гаргаж байсан.

-Тарвага бас тан дээр шавж харагдсан, тийм бичлэг сошиалд түгсэн байна лээ?

-Хараад байхад хүн бүр дээр очихгүй байна. Би шоколад өгөхөөр идээд л байна лээ. Нэг мөндөл яг хүн шиг хоёр гараараа миний шинельнээс татсан. Хүн татав уу гэтэл гурван лагайтай мөндөл. Ер нь л тэр хавьд явж байгаа хүмүүс, амьтад нь, уулстайгаа нэг бүхэл болж байгаа юм шиг санагдсан гэвэл онох юм байна. Яаж ч бодсон тэр байгалиар тогтсон зүйл биш ээ. Би түүнийг нүдээрээ л харъя гэж очсон.

-Дахиж очих уу?

-Очно л гэж бодож байна. 12 жилд нэг удаа тахилга хийдэг юм байна. 13-р зууны үеийн Саж ламын хийд тэнд байна. Хубилай хаантай уулзаж байсан Пагва ламын ордон ч байна. Хятадууд нураагаагүй байна. Потала ордонд Чингис хааныг бурханчлан бүтээсэн байгаа шүү дээ. Дэргэд нь Хубилай хааны хөрөг ч бий. Гэхдээ бидний үздэг Чингис хаанаас өөр төрхтэй юм билээ. Жаран хэд насалсан хүн шиг харагдаагүй. Бараг л 80 нас гарсан хүний төрх. Тэр хөргийг Хубилай хаан зуруулсан гэдэг. Потала ордонд бусад бурхдын дэргэд ийн Чингис хааны хөрөг залаастай бийг жишээ нь очиж харах л хэрэгтэй.  

-Кайласт ч очоод, “Харанга” 35 жилийн ойн тоглолтоо ч хийгээд, онцлог жил байна шүү, таны хувьд.

-Хөгжим бол ганцуудын нэг гэдэг. Нэг тэнгэр, нэг хайр гэдэг шиг. Тэр тусмаа рок хөгжим эрх чөлөөг эрэлхийлэгч. Дуугаар дамжуулж, бүгдээрээ гоё байя л даа гэсэн санаа шүү дээ. Ийм зүйлийг ярья гэвэл хэцүү юм. Эрдэмтэн мэргэд л сайхан ярьж чадах байх. Би ойр тойрны хүмүүстээ ч сонирхон асуухад нь “Өөрсдөө яваад үз” гэж хэлэхээс хэтрэхгүй байна. Ер нь тэр уул өөрөө дууддаг. Сонирхсон бол чи дуудагдсан байна. Зардлаа олох хэрэгтэй л гэсэн үг.

-Гэснээс, Монголын уулс дундаас таны анхаарлыг татдаг нь аль вэ?

-Ер нь ганц Монголын гэлтгүй юм байна аа. Уншаад байхаар дэлхийн хаана ч байх уулс нутаг орноо даадаг учиртай юм байна. Отгонтэнгэр уул бол барагтай Монголын Кайлас шүү дээ. Пирамид шиг. Дэргэдэх нуурыг нь харсан уу. Хүн ухчихсан юм шиг. Байгалиас яаж тэгж тогтов гэж гайхмаар. Ар талд нь гарч үзсэн үү. Хоёр ширхэг, яахын аргагүй пирамид бий. Дэлхийн энд тэндгүй пирамид олж нээж байна. Пирамидыг сонирхож унштал, энэ дэлхий дээрх хамгийн тогтвортой зүйл гэнэ. Хоёрдугаарт дэлхийн цаг хугацааг барьж байдаг гэдэг. Тэр дотор хэц хэнгэрэг нүдэхэд маш хол дуугардаг гэнэ. Зэрэгцээ ертөнц гэж бий бол тэнд хүрч сонсогдох хэмжээнд.

-Өнцөг буланг нь хэмжихэд ч математикийн хувьд сонирхолтой тоо гардаг.

-Харин тийм. Египетийн пирамидын тухай уншиж байхад, инженерийнх нь нэр Тоот гэж байна. Би гайхдаг байхгүй юу. Хамаг тоо тооцоог нь бодож гаргасан хүн Тоот гэдэг нэртэй байх ч шиг. Египет нэр байх л даа, гэхдээ монгол үг юм шиг.

-Ганц Монгол гэлтгүй юм байна гэснийх, бид чинь олон жил монгол гэдэг онцлог юм хайж л давхилдаж байна шүү дээ. Түүнийгээ олсон олоогүйн хооронд?

-Монголын хамгийн онцгой зүйл нь цэвэр усны хагалбар газар шүү дээ. Дэлхийн цэвэр усыг хамгаалах гэж заяасан улс юм байна, бид. Аа, бурхны шашин бол Манжийн үед биш бүр эрт цагт дэлгэрсэн байна. Энэтхэгээс ирсэн. Түүнийг Чингис хаан оруулж ирсэн байх бүрэн үндэслэлтэй.

Харин энэ төвөдүүд бол бүтээгдсэнээсээ хойш өөрсдийгөө дэлхийн төлөө залбирах ёстой улс гэж санадаг. Өөрийнхөө төлөө сунаж мөргөдөггүй. Ердөө л “Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд”, өөр зүйлийн хэрэггүй. Буян хийж байж өөртөө буян хураана гэсэн утгатай. Маш бие сайтай хүмүүс. Тамирчин цаашаа. Ямар ч уур уцаар, ядарсан зовсон шинжгүй. Сунаж мөргөж байгаад л нэг өндийхдөө нааш харж инээмсэглэх юм. Хүмүүс “Тэгвэл Төвөд мөргөснөөрөө хөгжих нь яасан юм” гэдэг. Тэд чинь өндөр байшин, өргөн замтай болъё гэж мөргөөгүй шүү дээ. Хималай бараадаж амьдардаг хүмүүс нь цахилгаан татуулахгүй байсан гэдэг. Учир нь тогорууны нисдэг зам таарчхаад байсан. Ингээд нэг баян хүн газар доогуур тог татаж өгсөн гэсэн, саяхан шүү дээ. Тэгж саяхан тог цахилгаантай залгаж байна. Энэ их өөр зүйлийг илэрхийлнэ.

Бурхны шашин олон замтай, бүгд өөр өөрийн гэсэн замаар явдаг шиг. Япончууд зэн буддизмаа барьдаг. Миний бодлоор монголчууд улааны талыг нь дэмжээд байх шинжтэй. Зоригийг үнэлдэг болохоор тэр юм болов уу. Зоригтой, идтэй шидтэй, дайсанд ялагдахгүй байхын тулд тугаа хүртэл зүрхээр тахидаг хэвээр байх гээд байна уу?

-Цэвэр усны хагалбар газар гэснийг та дэлгэрүүлээч. Ерөөсөө манай эндээс голууд эх авч, баруун тийшээ явсаар далайд цутгадаг болохоор их үндэслэлтэй санагдлаа?

-Яг тийм. Хөвсгөл далай бол дэлхийн цэнгэг усны 1 хувь шүү дээ. Бид үүнийг нухацтай бодож үзэж байх ёстой юм билээ шүү.

-Ийм зүйлсийг бодож бясалгасаар хувь тавилан гэдэг зүйлд улам бүр итгэхээс аргагүй болж байна уу?

-Учиргүй юм гэж үгүй. “Ёстой болоод” гэдэг үг бий шүү дээ. Ёстой болоод л тэр. Бид өнөөдөр яагаад 35 жилийн ой хийж байна вэ. Анхнаасаа учиртай л байсан байна. “Монгол хүн юугаар ч дутаж болохгүй” гэж бодоод л би ийм юм хийж яваа. Түүнээс өөрийгөө тийм мундаг хүн гэж боддоггүй. Тийм мундаг дуулж байна ч гэж боддоггүй. Хор шар юм уу, монгол хүн яагаад дутах ёстой гэж. Үндэстэн хойно хүн төрөлхтний хийж чадаж байгаа бүгдийг чадах ёстой. Хараад байхад, улс бүрд л над шиг хүн байна. Вьетнамд очлоо. Нэг гудамжийн төгсгөлд эрэгтэй эмэгтэй хоёр хүн амьд хөгжмөөр барууны хамаг гоё дууг дуулаад зогсож байсан. Хаа газар л ийм хүмүүс байна, төрдөг юм байна даа гэж би бодсон.  

-Тэгээд хүн төрсөн учраа ухаж бодон олж тодорхойлох ёстой юм уу, эсвэл өгөгдсөн чигт нь зүгээр л амьдрах хэрэгтэй юм уу?

-Атга арвай цацахад ганц нь зүүний үзүүрт тогтож байж бид хоёр чинь төрсөн гэж байгаа шүү дээ. Үүнийхээ буяныг л хийж амьдрах ёстой. Шүүдрийн усаар цай чанаад ч ээжийн ачийг хариулдаггүй гэдэг. Энд тэнд явахад сүм хийд таарвал би ороод л зул барьж, ээжийгээ даатгадаг. Би өөр хэнээс гуйх юм бэ. Эмнэлэг эмчилгээгүй гээд байгаа юм чинь.

Наймдугаар богдын үед гарсан үг гэсэн. “Ирээдүйд үр хойчис маань их зовох нь. Цаг үе нь хэцүү юм. Даасан ламтай, дагасан сахиустай, цагаан дээлттэйгээ байж л хорвоог барах нь дээ” гэж. Сахиус гэдэг нь чиний удмын сахиус. Дээд “эс” чинь чамайг харж л байгаа. Бид харж чадахгүй юм чинь. Цагаан дээлт гэдэг нь эмч юм гэнэ лээ.

Бид улам л хэврэг болоод байгаа. Би нүднийхээ болрыг солиулчихсан сууж байна. Дайн дажинд яваагүй, аав өвөөтэйгөө харьцуулахад айхтар сүртэй амьдрал туулаагүй. Та нарын үед улам л хэврэг болно. Тэгэхээр бясалгах гэдэг зөв юм байна шүү. Их юм бодох бас зовлон болно, мартаж чаддаг байх хэрэгтэй. Энэ тухай ярья гэсэн хүн бараг байдаггүй юм.

-Таны овгийн үсэг Х, мөртлөө бас “Харанга”-аар овоглож таарсан. Өөрөөс арав ах хүмүүстэй нийлж хамтлаг байгуулж, одоо Монгол таныг сонсож байна. Та өөрөө өөрийнхөө төрсөн учрыг юу гэж ойлгосон бэ?

-Хэрэггүй хүн л гэж үгүй. Цаг үеэсээ түрүүлж төрсөн хүн гэж ярьдаг. Үгүй гэнэ. Хүн цаг үедээ л төрдөг. Харин түрүүлж сэтгэдэг хүн бий гэнэ. Ээ дээ, бурхны шинжлэх ухаан бол аймаар шүү. Физикч О.Лхагваа гуайг мэдэх үү. Тэр хүн бол нэг юмны захаас атгажээ. Би утсаар залгаад, “Харангын Лхагваа байна. Амьдаа нь байна. Номыг тань авъя” гэж хэлээд цомгоо явуулсан. “Миний товчилсон номыг бас уншаарай” гээд. Дуу бол товчилсон ном шүү дээ.

Манай ээж насаараа телевизэд ажилласан, түүний буян их байна. Телевиз гэдэг намайг хүүхэд байхад тэнгэрийн умдаг л байлаа. Эргээд бодоход би сайхан хүмүүсийн дунд өсжээ. Хороололд байхад манай хажуу хаалганд “Тунгалаг тамир”-ын Эрдэнэд тоглодог Н.Баатар гуай амьдарч байв шүү дээ. Бид хүүхдүүд лифтэнд суух гэхэд Н.Баатар гуай есөн давхар луу явган л өгсөнө. Ийм хүмүүс нөлөөлнө. Тэгээд л ном шүү дээ. Манай номын сан гэж ээжийн цуглуулж хураасан хэдэн ном, жижиг тавиур. Одоо бодоход Жюль Верн намайг солиоруулсан. “Плутон орноор аялсан нь” зохиол надад хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Одоо яриад байгаа хөндий дэлхийн тухай тэнд бичсэн.

Би бодит Шамбалын орон байдаг гэдэгт итгэнэ. Бид зурагтаар хардаг болчихсон болохоор л дэлхийг дэндүү жаахнаар төсөөлдөг. Гэтэл хаяа хярхаг гэж дэлхийд алга. Олж нээгээгүй асар их юм байна. Хүний газар доош ухаж үзсэн хэмжээ өрөвдмөөр жаахан шүү дээ. Ингээд яриад байвал Итгэлт хамба ч сонирхол татах жишээтэй. Өөдөөс нь хараад суухад яг л бодлоороо ярилцах мэт мэдрэмж төрнө шүү.

-Самадийн байдалд орчихсон байгаа нь гэж тайлбарладаг?

-Манай төв Гандангийн доор гүн самадид суусан хүмүүс бий гэж бас ярьдаг шүү. Би эрт цагт сонсож байсан. Гандангийн хашааны зүүн талд гал тогоо нь бий. Гал тогооны яг доор хавьцаа байдаг гэж. Урд булангийнх нь эхний нэг бил үү хоёр дахь баганад хүмүүс очиж адис авч, мөргөөд байдаг. Би гайхдаг байсан юм.

-Тийм сониуч хүү байсан юм чинь өөр мэргэжилтэй болчих эрсдэл байсан уу?

-Хөнгөн хүнсний техникумд орж байсан. Хагас семестр сураад хаясан, тэр хөгжимгүй сургууль байсан. Би хаана хөгжим байна, тийшээ явах нь гарцаагүй байсан. Хөгжимд дуртай болохоор зодуулан зодуулан сураад зургаан жил труба үлээсэн.

-Тэгвэл хөгжимд дурлах анхны сэдэл хаанаас байх вэ?

-Манай аав “Соёмбо” хамтлагт эд нартай хамт тоглож байсан. Би аавтайгаа бараг найз. Хожим нь миний аав байсныг мэдсэн л дээ. Гэрт хөгжим байна, телевизэд ээж ажиллана.

Одоогийн Үндэсний телевизийн буурин дээр байна шүү дээ, Жарон хашорын суварга гэж байсан. Яг одоогийн энэ антенны нь доор. 1937 онд тэр суваргыг устгахгүй юу. Харин 1967 онд буурин дээр нь телевизийн антенн боссон. Би хожим тэр суваргыг судаллаа. Гэтэл “Ирээдүйг тольдон гийгүүлэгч” гэдэг суварга байжээ. Үндэсний телевиз тольдон гийгүүлэгч мөн биз. АНУ хойно, Япон урд байгаа. Хоногийн наад цаадхыг бид үзчихэж байгаа шүү дээ, телевизээр.

-Ямар сонин түүх вэ?

-Харин тийм. Манай хашаа бас тэр хавьцаа байсан. Би тэр хашаанд, гэртээ төрсөн гэсэн. Тэр хавтгайд Наймдугаар богд шагайн тойром хийдэг байсан юм билээ.

-Хөгжимд татагдах ч дуулдаг гэдгийг тань хүмүүс мэддэг байсан уу?

-Хоёрдугаар ангидаа л сургуулийн шинэ жил дээр үлээвэр хөгжимтэй дуулж байсан. Тэгээд түүнээс хойш салаагүй.

-Анх “Харанга”-ынхан таныг дуулуулж сориход ямар дуу дуулсан бэ?

-“Шүүдэр цэцэг”. Миний орцны дуу. Тэр үед би энэ хэдийг сайн таньдаг байсан. Тэд бол тасарчихсан байсан. Ц.Энхманлай надаас арав ах, аль хэзээний од шүү дээ. “Хөхөө шувуу” дуулаад л хүмүүс түүнийг “Манлай гуай” гэж дууддаг болсон байсан. Би 23-тай хамтлаг байгуулахад тэр 33-тай байсан байна.

Хүн бүр өөрийн гэсэн цаг хугацаатай гэдгийг А.Эйнштейн баталсан. Тэгэхээр өөрийнхөө зовлон, жаргалыг чи л үзэж туулна. Юм өөрөөсөө л болдог гэдэг тэр. Украин, Орос хоёр зовлонтой байна. Яг унших юм бол Украин урвагч талдаа хүмүүс. Ук Рай гэдэг орос үг чинь хязгаарын хүмүүс гэсэн үг. Монголчууд хүчирхэг байхад, Алтан улсын төв Киевд байсан. Тэнд базах хэрэгтэй байсныг мэдсэн байгаа биз. Вангуудыг бол мэдэж, барьж чадна гэж үзжээ. Гэхдээ “Баавгай”-нууд сэрсэн.

Индианчууд ч өгсөн архийг нь уусаар ийм хэмжээнд хүрч доройтсон. Одоо индианчууд  маш их хангамжтай юм билээ. Хангаад байхаар хүн байгаад л байдаг. Гэхдээ унтаж унтаж байгаад сэрдэг. Бид бол сэрж байна л гэж бодож байна. Очиж очиж зүгээр нэг хамтлагийн дуучин би Кайлас явж байна шүү дээ. Сонирхоод л. Би Э.Мулдашевийн номын гурав дахь ботийг өвөртлөөд, яг тулгаж хараад явсан.

Дөрөөлөн хөгжих гэдэг юманд монголчууд их сайн гэнэ. “Deep Purple” сонсоод л, “Энэ бид нарын хөгжим байна. Баруун монгол аялгуу сонсогдож байна. Бид яагаад чадахгүй гэж” гээд л энэ хэд бол эхлүүлсэн. Түүн шиг бид дөрөөлөн хөгжихөд анхаармаар санагддаг юм.  

-“Deep Purple” cонсдог байсан юм уу?

-Энэ хэд ид сонсож байсан байхгүй юу. Би 1989 онд Хасар Жагаагийнд (МУАЖ Б.Жаргалсайхан) очоод, анх Pink Floyd үзэж байлаа. “Ийм юм байдаг юм уу” гэж гайхаж байж дээ.

-Та хэнийг сонсдог байсан бэ?

-Бид нарын үед бол нийгэм арай чөлөөтэй болоод, поп маягийн хөгжмөөр бөмбөгдчихсөн. Итали хөгжим нэвтэрсэн. Тэднийг сонсоно, гэхдээ надад арай л хөнгөдөөд. Манлайтай л найзалмаар, ойлгосон уу. Рокууд бол өөр юм хэлээд байна шүү дээ. Энэ дотор бодогдож байгаа юмаа хэлж болдог стиль юм. Хөгжмийг ч хязгааргүй найруулж болдог.

-Юм хийе гэвэл өргөн боломжтой талбар.

-Тийм, тавуулхнаа мөртлөө тавиулаа юм шиг хийж болохоор. Рок хамтлаг бол нөөц бололцоогоо л дайчилдаг улс. Өөрийн чадах бүхнээ л хамтлагтаа гаргадаг. Нэлээд нас ахихдаа л ардаа вокаль зогсооно уу гэхээс өөрсдөө л үзээд байна.

-35 жилийн өмнө “Амьдрал” тоглолт хийхэд Монголд үнэхээр түүхэн үзэгдэл болж байжээ. Одоо дахиад, Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох нь гэхээр ямар нэгэн байдлаар сэтгэл хөдлөх юм уу?

-Ер нь хэрийн юманд хөөрөхгүй. Харин ч хөөрлийг дарахгүй бол хоолой гэнэт суувал яана.

-Удаан дууллаа. Тэд хөгжмөө тоглоно, та харин махан хоолойгоороо л дуулна. Энд цуцах гэдэг зүйл байна биз дээ?

-Байлгүй яах вэ. Ийм үед Чука ах чинь их хэрэг болно. Зарим газар дэмжиж орж ирнэ.

Хүн робот шиг нэг насыг бардаггүй юм байна. Анхны дуулж байсан тоналиуд дунд хэсэгтээ хүрэхээ байгаад ирнэ. 25 жилийн ойгоор бол аягүй хэцүү байсан. Одоо сэргэсэн, дуугараад л байна. Амьд тоглолт учраас тийм юм бий. Чиний хэлдгээр махан хоолой юм чинь. Учиргүй өнгө алдаж фактлахгүй, хүрэхгүй бол хагас хоолойгоор дуугарч аргална. Түүнийг фальцет гэнэ. Тэгээд л нөхөөд явчихна даа. Яг залуу байсан шигээ дуугарна гэвэл хэцүү. Хүн чинь бас л амьтан юм чинь. Арай жаахан муу санаатай л амьтан гэж би боддог.

-Хүний сэтгэлийг эзэмдтэл дуулна гэдэг авьяасаас гадна хөдөлмөр байх талтай. Учир нь хөдөлмөрийг хүмүүс авьяасаас дутуу үнэлдэг?  

-Л.В.Бэтховэн, В.А.Моцарт эд нар чинь дөрөв таван настай байхдаа авьяас нь цолгороод байх ч багштай болж, ноот сурч л байгаа шүү дээ. Ер нь өөрөө л дуртай байхгүй бол хаяад явмаар тийм ажил байхгүй юу, бас. Авьяастай төрсөн байх нь зөв. Түүнийг сургаж, урагшлуулах ёстой. Боловсролтон болох ёстой, түүний тулд хөлсөө гаргана. Бичлэг хийлгэнэ гэдэг сургууль гэсэн үг. “Энэ өнгийг ингэж авбал хүрэх юм байна” гэх. маягаар. Ах нар чинь шилний цаанаас хараад сууж байгаа. “Лхагваа, ингэмээр байна аа” гэнэ. Би тэднийг өөртөө суулгана.

-Ямар ч хөлс урсгахгүй л, байгалийн азтай өгөдлөөр насаараа дуулчхаж байгаа юм шиг хардаг шүү дээ?

-Тийм ээ. “Лхагваа шиг авьяастай төрсөн бол гоё байхгүй юу” энэ тэр гэж ярьдаг. Тийм амархан биш л дээ. Бүрээ үлээх ч амар байгаагүй. Толгой дээр түмпэнтэй ус тавиад нэг л доод өнгө үлээлгэнэ. Нураад унахдаа бүрээгээ л тэвэрч, хамгаална. Одоо цэргийн хөгжмийн дунд сургууль болсон, би түүнийг төгсөж, тэр диктатурт хүмүүжиж байж эд нартай дуулах хэмжээнд очсон. Надаас түрүүлээд сурчихсан хүмүүс байлаа. Би заримдаа “10 жилийн урдуур амьдрал ямар байна” гэж Манлайгаас асуудаг. Хүн гэдэг амьтан чинь ороолгуулж байхдаа таарсан юм биш үү. Өөрөө бүгдийг сурчихдаг юм гэж алга. Миний хөгшин найз Д.Лувсаншарав ярьдаг байсан юм, “Хүн алдах юм аа. Алдаагаа тэр дор нь засаж чадахгүй нь л хэцүү юм” гэж.

-30-40 нас хүрээд ирэхээр таныг хэн ороолгож байв?

-Өөрийгөө л ороолгоно доо. “Чи хар. Болсон болсон гээд байсан, юу болсон байгаа юм” гэж, дуугаа сонсоод л бодно.

ХБНГУ-д 1997 онд бичлэг хийлгэсэн юм. Богино хугацаанд бичүүлбэл л бага мөнгө үрнэ. Тэр үед би жинхэнэ хөлсөө дуслуулсан. Хоёр CD бичүүлсэн. Би 25 дуу дуулсан байх. Гурав хоногт дуулсан. Жаахан унтаад л, өдөр шөнөгүй дуулаад. Залуу байсан байна. Вокалиа хүртэл өөрөө дуулсан. 1997 оны CD-ийг сонсвол дандаа би дуулж байгаа. Тэр үед би их юм сурсан. Ингээд жаахан жаахнаар сургууль төгсөөд л явдаг шүү дээ, хүн.

-Ер нь боловсрол гэдэг диплом биш, өөрөө туулж ойлгох?

-Боловсрох ёстой. Боловсорсон жимс сайхан амттай. Боловсроогүй бол гэдэс өвтгөж мэднэ. Энэ хутагт хувилгаад, Х богд энэ тэр л төрдөг байх. Сэргээнгүүт л сэрчихдэг мэдээлэл сүнсэнд нь бий. “Харанга” хамтлагийг би урьдын сэргэх “мэдээлэл”-тэй байсан гэж бодож байгаа юм. Урд насандаа дуучин байсан гэж хэлж чадахгүй л дээ. Гэхдээ пянз шиг эргэлдэж байгаа амьдралд би дахиад дуулах тавиланг атгасан байх. Морин хуурч Чи Булаг, “Хүний нэг нас, зуны нэг ялаа” гэж хэлдэг. За, 70 бол дундаж нас даа. Манай аав 77-той бурхан болсон, тэгээд л ер түүнээс дотогшоо шүү. Зуны нэг ялаа л байхгүй юу. Чи Булаг тэгж байна, “Би тав дахь дүрийн морин гэгээн. Би хуураа аврах гэж тэнгэрээс ирсэн. Оронд нь нэг хүү ацагласан. Сэнтийдээ залж, адис авчхаад хуураа үүрээд гарсан” гэсэн. Өөрөө гэгээнтэн хүн байхгүй юу. Гэхдээ 10 дахь үедээ хичээж байж хуураа үүрэх тавиланд хүрсэн гэж ярьдаг. Би магадгүй 10 төрөлдөө хичээж байж хамаг Монголдоо алдартай болж чадлаа. Дараагийн төрөлдөө цаашилж мэдэх нь (Инээв). Гэхдээ миний хүсэл бол үндэстний хүсэл. Тэр хүслийг “Hu” хамтлаг тээж, монгол хэлээрээ дэлхийд дуулж байна.

-Та анх “Толин хул”-ыг морь дуулахгүй гэж хүлээж авч байсан гэдэг үнэн үү?

-Ер нь үнэн, гэхдээ захиалгат дуу байхгүй юу даа. Морь дуулахгүйдээ биш. 20 жилийн өмнө шүү дээ. “Юу вэ, рокоо бүтээ л дээ. Хэлэх юм зөндөө байна шүү дээ. Юун захиалгат дуу, юун морь” гэж л хэлж байхгүй юу. Түүнээс монгол хүнийг мориноос салгах ямар ч аргагүй шүү дээ. Ядаж байхад би өөрөө морь жилтэй, улс нь морин сүлдтэй. Морьтойгоо ертөнцийг барж байгаа үндэстэн бол бид.

Тэгэхээр нүүдэлчин заншлыг л алдчихмааргүй. Бид капиталист замаар замнаж байна л даа. Энэ нийгэм хэрэгтэй, харин хуулиа биелүүлэх ёстой. Ю.Цэдэнбалын үе шиг хөдөөтэй, хоттой баймаар байна л даа. Би гэхэд зуны амралт боллоо, Баянхошууд очиход л тэр хөдөө байлаа шүү дээ. Адуу мал, цагаан идээтэй. Тэгж өссөн учраас би морио унаж нэг, цоройж нэг Үндэсний наадмаа нээж байна. Б.Лхагвасүрэн гуайн хэлснээр нэг хэсэг уран бүтээл бол онгодын бүтээл, захиалгын бүтээл гэж хоёр хуваагдсан л даа. Толин хул” захиалгат бүтээл байсан, би дүрсээ бичүүлээгүй, хүмүүс сайн мэдээгүй. Гэтэл ӨМӨЗО-д аль хэдийнэ мэдчихсэн, 800 адууны баяр гэж хийхдээ биднийг урьж дуулуулсан. Тэгээд л монгол даяар дуулсан. Найман жилийн дараа тэгж анх түгсэн дуу юм.

-35 жилийн ойн тоглолтоо амьд хөгжмийн наадам болгож хийе гэдэг санааг та бүхэн өөрсдөө гаргасан уу?

-Ер нь энэ бол бидний мөрөөдөл л дөө. Бид хөгжмийн дуугаралтаас айгаад л хийдэггүй байсан. Өөрсдөө техникийн бэлтгэлээ хангаж, таван тийшээ гүйдэг юм чинь. Одоо бол залуус өөрсдөө хандлаа. Бид айсан хэвээрээ. Биднийг зүгээр л сургуулилтаа хий, бүрэн дүүрэн итгэж болно гэсэн. Ер нь бол залуу насны мөрөөдөл 35 жилийн дараа биелж байна. Залуустаа эрх чөлөөний баяр бэлэглэнэ. Өдөр 12.00 цагаас стадион онгойно, гоё биз дээ. Би л залуу бол тэнд найз охиноо тэвэрчихсэн, цагдаатай шар айраг тулгана. Эрх чөлөөний баяр. Тэнд майхан барьсан ч, сандлаа авчраад суусан ч болно.

-Ийм гоё зохион байгуулах юм уу?

-Тийм. Амьд хөгжмийн наадам болно. Амьд яваагийн баяр. Нэг өдөр стадионд 100 мянган цаас үрнэ л биз, харин үхэн үхтлээ мартахгүй. Заавал “Харанга”-д дуртай байх албагүй, олон дуучид дуулна. “Playtime” ялгаагүй. Ялгаа нь нэг хамтлаг ойгоо л хийж байна.

-Хэдэн дуу дуулах вэ?

-Бид бол хоёр цаг юм байна, тэгэхээр 15 дуу лав дуулна.

-Чанга уу?

-Гол нь “Харанга”-ын дуунууд. Нийтийн юм уу поп дуулбал гурав хоног дуулсан ч ядрахгүй. Энэ дуунуудыг чинь намайг залуу байхад бараг л хэмжиж байгаад хийчихсэн юм. Залуу насны эрчээр хусдаг л байж. 35 жилийн өмнө миний бүсэлж байсан бүс одоо үлдсэн байх юм. Тэгээд би “Нас явахаар үс үлддэггүй, бүс л үлддэг юм байна” гэж шоглож хэлсэн. Би сая бас АНУ-д явахдаа Queen үзлээ. Брайан Мэй, Рожер Тэйлор хоёр л үлдэж. Адам Ламберт гэж аймаар хоолойтой цэнхэр залуу гоцолж байна. Брайан Мэй 78-тай гэж байна. Урагш хойш гүйж байна аа. Энэ удаа сүүлчийнх гэж байна, тэд нар. Бөмбөрчин 81-тэй гээд хусаж л байна. Одоо хамгийн бүрэн бүтнээрээ нь Led Zeppelin байна уу. 50-иад жил болсон. Миний бас нэг хор шар, 40 жилийн ой хиймээр байна, тэр хооронд бас нэг тоглолт хийчихмээр байна.

-Шинэ үеийн монгол рокийн хөгжил гэхээр танд юу төсөөлөгдөж байгаа вэ. Хөнгөн хөгжим л хийгээд байна уу?

-Эдийн засгаас л болоод байна уу даа. Бидэн шиг юм хийгээд мөнгө олох хэцүү шүү. 20 жилийн өмнө “Ертөнцийн өнгө” гэж тоглолт хийхэд 2 мянган хүн л үзсэн байх даа. 2000-аад он хүртэл рок хөгжим байсан. Хөгжиж байсан. Тэгээд морин хуур үүрсэн. Гитар үүрсэн хүн ховордсон. Манай гэрээр хэдэн залуу байсан, тэд бүгдээрээ хожим нь хамтлаг болсон. Nighttrain, A Sound, Bulsara, Madness гээд. Тэр үед би ганцаараа ч амьдардаг байсан, залуусаа дэмжилгүй яах вэ. Lemons ч мундаг.

-Тэд танайхаар байдаг байсан юм уу?

-Рок хөгжимд ер нь дандаа ийм хүмүүс байсан. Миний үед би байсан. Манлайгийнхаар бас хүүхдүүд их очно. Гэр бүлтэй айлд төвөгтэй шүү дээ, жаахан юм сураад, манайд үргэлжлүүлж ирдэг байсан. 2010-аад он хүртэл нэг тэгсэн шүү. Бүгдээрээ л гоё хамтлаг болсон. Тоглолтын бэлтгэл дээр ирээд суучихна. Зарим нь гитар, өсгөгчтэй нь ломбардад тавьчихсан байсан. Сайхан гарууд бас байх юм. Би өмөөрөөд л, төлж өгнө. Яах вэ дээ, өөр аргагүй, мөнгөний хэрэгцээ үнэхээр гарсан л юм байлгүй. Хүн алдаж болно биз дээ.

Би хар цэрэгт байхдаа олон хүүхдийн хохирол төлж өгсөн. Нэг казак залуу байлаа. “Би таван жилийн ялтай, 30 мянган төгрөгийн хохирлоо төлбөл магадланд орно. Ээжтэйгээ уулзмаар байна” гэж ярьсан. Төлж өгсөн. Нэг л жишээ л дээ. Хожим нь соёлын өдрүүдээр Казахстанд явж байтал “Ах сайн байна уу?” гээд эхнэртэйгээ гараад ирсэн. Ээжтэйгээ уулзсан, гялайсан гэж байна лээ, хөөрхий. Хүний ганц хүүхэд. Ер нь хүн болж л өгвөл буян хийх ёстой юм билээ шүү. Би ээжтэйгээ өссөн болохоор тэр юм уу, ээжийг нь л учиргүй өрөвдөөд байсан юм.

-Таны сайн сайхан зан чанарууд олон нийтэд ил биш юм. Хүрээлэл нь л мэддэг байх. Та өөрөө ил байхаас цааргалдаг уу?

-Тэгж яах юм дээ. Ил байсан ч дургүйцэх хүмүүс зөндөө. Тус болж чадах бол чимээгүй л хийх хэрэгтэй. Зарлаж тунхаглах ямар ч шаардлага байхгүй. Аль болох олон хүнд тусалбал тэр буян юм гэсэн. Бидэнд үхэж байж л мэдэх зүйл олон. Тэр үед чи яг л амьд хүн шиг бодно. Үнэн байжээ гэж. Амьд хүн шиг л байдаг юм билээ.

-Та үхэлтэй ойр байж үзсэн гэж үү?

-Үхэж үү.

-Үхэж үзсэн хүн шиг ярилаа.

-Олон удаа өвдсөн гэсэн үг.

-Тэгэхэд дараа нь шал өөр хүн болж хувирдаг юм байна уу?

-Заавал ухаан суудаг. “Чи үхэх нь байна шүү. Хийх юм байгаа биз дээ, чамд” гэж бодогдоно. Ямар нэг зүйл надтай ярьж байсан. Тэр жил нэг өвдөхөд, толгой дээр хүн яриад байсан. Сайхан бүдүүн хоолойтой, миний таньдаг хүн шиг л. “Миний хүү жаахан тэсчих. Хэд хоног өвдсөн. Удахгүй өвдөх юмгүй, сайхан болно” гээд. Харах гэхээр харагдахгүй. Түрүүлж явсан ах дүүс нар нь тосоод авдаг л юм гэнэ лээ. Хагас дутуу сонирхсон над шиг хүнээр яриулах бас боломгүй санагдаад байгаа юм даа. Нэг их өөрийнхөө өнцгийг ярьсан хүмүүс болчихлоо шүү дээ, бид.

-Мэддэг, судалдаг хүмүүсийг дэмжих, олон нийтэд түгээх төсөл хэрэгжвэл та өөрийн хувь нэмрийг оруулах уу?

-Миний хэрэг гарвал бололгүй дээ. Дээд монголчууд Цагаан сараар намайг урьж дуулуулсан нь санаанд орж байна. Ердөө хоёрхон дуу, “Гүн цэнхэрхэн далай”, “Нарыг хайрла”-ыг дуулуулсан. Тэд ийм өөр. Би тийм үзэгчдийг одоо хүртэл хараагүй. Дандаа хадаг барьсан зритль байна гээд бод доо. Хөх нуур мужид. Нуураа дуулуулж байна, мөн нарыг хайрлаж байж амьд явна гэдгээ мэдэж байна. Анх Төвөд яваад миний ойлгосон зүйлийн хураангуй бол ерөөс “Нарыг хайрла” дуу. Дуу бол ерөөл магтаалын шинжтэй зүйл. Хүмүүс их дураар, өвдөхгүй, үхэхгүй юм шиг ярьдаг. Өвдөх болохоороо л сүсэглэнэ. Нүгэл ихтийн сүсэг их гэгчээр. “Айж үзээгүй л*лрууд” гэж би хэлдэг юм. Аймаар шүү дээ, тэр чинь. Амьдрал чинь. Хималай аймаар.

-Та айж үзжээ. Хаанаас?

-Жишээ авч бодох хэрэгтэй. Халх голын дайн саяхан шүү. Энэ бүгдийг бодож, айж явбал өлзийтэй.

-Өөрийгөө оронд нь тавиад уу?

-Зорилго биелээгүй байхад өвдөх энэ тэр бол аймаар. Тэр бүтээж амжаагүй зүйл, жаахан хүүхдээ үлдээгээд явах энэ тэр чинь ямар аймаар гээч. Үүнээс яагаад айхгүй, дураар зоргоор ярьж, хийж байна вэ. Үхэх бол нэг л хэрэг.

-Тантай найзалж нөхөрлөе гэвэл ийм сэдвээр ярилцах дайны байх шаардлагатай болоод байдаг уу. Найз цөөн үү?

-Багын найз гэж ч цөөн. Би наймдугаар ангидаа л тэр сургуулиас гарсан, ихэнхийг таних ч сүртэй юм биш дээ.

-Дуучин Б.Сарантуяатай таныг сайн найз гэж сонссон юм байна.

-Манай Сараа гэмгүй, мундаг шүү. Яах аргагүй бяртай, сайн дуучин.  

-Хамт дуу хийе гэж бодохгүй юм уу?

-Бид хоёрт “Анхны хайр” гэж ганц дуу бий. Өөжгий зохиосон.

-Одоо Б.Сарантуяа бүр л хүчирхэг болоод байна.

-Хүн чинь үхэн үхтлээ сурдаг. Үнэхээр гоц хүн гэж бас байна аа. 27 настай бурхан болсон олон хүн бий дээ. Боб Марлигаас эхлээд. Боб Марли “Ум нама шивая” гэж регги дуулж байгаа биз дээ. Сүүлд Тина Тернер бас дуулсан байна.

-Амьдралын сүүлийн жилүүддээ буддист болсон.

-Тэр тэгнэ ээ. Чи бурханд хэр ойртоно, чөтгөр тэр зэргээр ойртоно гэж хэлдэг. Бодож явууштай үг шүү.

-Найз гэснээс, дэргэдэх эмэгтэй нь ойлгохгүй бол ганцаардах уу?

-Хэрэв үе тэнгийнх бол хоёулаа ойлголцож байвал л гоё шүү дээ. Дэмжихгүй, тоохгүй байвал хэцүү. Эсвэл зүгээр л энэ орчлонгийн ээж байж болно. “Бурхандаа чи л мөргөчих” гэдэг эхнэр байж болно. Манай эхнэр тийм, цуг явбал ч явна, сүсэглэвэл ч сүсэглэнэ. Их дуртай, сонирхоно. Манай эхнэр надаас олон дүү, үнэхээр хойно ургасан эвэр л дээ.

Бурхан эрэгтэй хүнийг ганцхан өдрийн дотор бүтээчхээд, эмэгтэй хүн дээр өчнөөн удаж гэнэ. Тэгээд адагт нь “Ганцхан алдаатай бүтээлээ” гэжээ. Тэр нь юу гэвэл, ямар үнэ цэнтэйгээ хэзээ ч мэдэхгүй амьдрах тийм алдаа юм гэнэ лээ. Ямар үнэ цэнтэйгээ мэддэггүй учраас бурхан ч, шулам ч болж мэднэ. Гэхдээ ээж болдог, түүнээс ч илүү агуу зүйл эмэгтэй хүнд бий. Эр хүн яах вэ дээ, үсрээд аав болно. Үхээд сүнс нь төөрвөл чөтгөр, амьддаа архинд орвол архичин болно гэж шоглон хэлэлцдэг биз дээ.

-Хүүхдүүддээ эдгээрийг яаж ярьж өгөх вэ?

-Том хүү 30 гарсан, яривал ойлгоно, сонирхоно. Энэ талаар их мэдлэгтэй. Багаасаа л миний уншиж, судалж байгаа номууд дунд өссөн юм чинь. Одоо 10-тай, зургаатай хоёр хүүхэд байна. 60-80-аад оны рок л сонсоно. Хамтлагийнхны ихэнх нь бурхан болсныг мэдээд жаахан гутарч байна лээ.

-Хүчлэлтгүй, өөрсдөө татагдаад байна уу?  

-Охин хөлд ороод л өөрөө мост унаад, сунгалт хийгээд эхэлсэн. Хананд шахаад л сунгалт хийгээд байна. “Миний охин, өвдөнө ш дээ” гэхээр “Зүгээр ээ, аав аа” гээд л үзээд байна. Одоо бальетад явж байгаа. Тэгэхээр урд насандаа бүжигчин л байсан болов уу гэж бодох юм (Инээв).

-Би таныг 2000-аад оны шар хэвлэлд их гомдож, тэгээд сэтгүүлчдэд нээлттэй ханддаггүй юм болов уу л гэж таасан.

-Та нар шиг аятайхан юм бичье гэж боддог хүн байхгүй байсан. Сонин зарагдах чухал. Онгоцонд хар тамхитайгаа баригджээ гэж бичнэ шүү дээ.

-Таныг уу?

-Тийм. Би ямар Пабло юу. Тийм дураараа бичдэг байлаа шүү дээ. 1996, 1997 онд чинь заваан юм их бичдэг байсан. Архивт байдаг юм билээ. Чи олж уншвал гайхна.

-Ор үндэсгүй гүтгэлэг юм бол цагдаад өгч болдоггүй байсан юм уу?

-Харин цагдаа нь түүнийг уншаад миний араас явдаг байлаа. Саяын сонгууль арай нэг дээрдсэн нь л энэ юм. Хүмүүс улам л зүрх сэтгэлгүй болоод байна. Ж.Батмөнх дарга траншейнд хүүхэд амьдарч байна гэж сонсоод, бие нь муудаж нас барсан гэдэг. Хүмүүс урьд нь хүнлэг байсан. Хүнлэг, сайн сайхан зан чанар, увдис эрдмээ мартаагүй үед төрж өссөн минь зол. Би ч хүүхэд байж амжаагүй, гялс том хүн болчихсон л доо. Үеийнхэнтэй яриа нийлэхгүй. Ээжийгээ ч ярьдаггүй хүмүүстэй би юу ярих юм. Энэ нь арав ах хүмүүстэй нийлж хамтлаг байгуулахын, тэгж ойлголцохын цондон байж. Ээж маань л гэхэд тархи барьдаг хүн шүү дээ. Би ч бас барина, ойр хавийнхнаа барьж л ирсэн. Германд тааралдаад би Сараагийн хүүгийн тархийг барьж өгч байлаа.

-Сүүлд нь, хайр гэж таныхаар юу вэ?

-Орчлон хайр дээр л тогтоно. Бусад нь тогтвор муутай. “Харанга”-ын “Зэрэглээ” гэж дууг чи сонсох хэрэгтэй л юм байна даа. Хайр гэсэн ч, Love гэсэн ч дөрвөн үсэгтэй. Бурхны шашин бүгдийг хайрлахыг л номлодог. Тийм их юм бодоод хэрэггүй. Үнэн зүрхнээсээ л хайрла. Хайр бол тэр.

-Үүнд суралцах хэрэгтэй болох уу?

-Уг нь дотор байгаа юм байхгүй юу. Түүнийг зүгээр л сэрээх хэрэгтэй. Дотор байгаа тэр энэрэнгүй юмаа сэрээхэд хангалттай. Хамгийн оройд нь хайр л бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-17 09:47

Хамгийн ихээр хүндэлж, сонсож ирсэн гайх�##�тай мундаг дуучныхаа тухай сайхан мэдээлэлтэй боллоо.Урт нас�##�ж, улам ихийг бүтээгээрэй.

Ммоио
Ммоио
2024-08-18 19:47
Reply to  Зочин

Сайхан санагдлаа угаасаа шударга гар байсан шударгаараа үлджээ

Зоан 1
Зоан 1
2024-08-17 11:07

Дүү минь чи яасан ухаантай юм бэ. Сайхан уншлаа. Дахин ярилцлага өгөх хэрэгтэй. дуучинпаа, таны гэр бүл үр хүүхдүүдэд нь аз жарг�##� ерөөе. Квантын онолч Лхагваа бол 70- 80-аад оны МУИС- иас физикчдыг төгсгөсөн миний, бидний багш юм шүү. Өнөөгийн их соён гэгээрүүлэгч гэж хэлж болно.

Зочин
Зочин
2024-08-17 11:40

Гайх�##�тай сайхан. Буянд нь даган баясая ????????????

ЗОЧИН
ЗОЧИН
2024-08-17 11:48

САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ. УНШИЖ ОЙЛГОХОД ТАЙЛАГДАЖ БАРШГҮЙ ГЭГЭЭРСЭН, ӨӨРИЙГӨӨ ТАНЬСАН ХҮН ШҮҮ.

Ebe
Ebe
2024-08-17 13:07

Shaadag har tamhichin l#r ve

Ч. Туяа
Ч. Туяа
2024-08-18 09:14
Reply to  Ebe

Бүү атаарх

21 зуун
21 зуун
2024-08-18 03:54
Reply to  Ebe

Их шаах дуртай гөлөг бна ш дээ.

Уншигч
Уншигч
2024-08-24 08:13
Reply to  21 зуун

Өөрсдөө энэ хүний хөлийн чигчий хуруунд нь хүрэхгүй гарууд байгаадаа!!!

Зочин
Зочин
2024-08-17 13:42

Сайхан уншлаа, яасан сайхан цаг үед амьсг�##�ж буй юм бэ????????

Хасар
Хасар
2024-08-17 22:52

Хайран сайхан хүн. Хэтэрхий шашинжчихсан юм даа. Би Монгол хүн. Хэзээч би буддын шашинд мунхрахгүй. Хэзээ ч эзэн Чингэс ингэж буддизмд мунхрахыг тэвчихгүй

Даруу бай. Адууныхаа хирээр исгэр
Даруу бай. Адууныхаа хирээр исгэр
2024-08-18 03:58
Reply to  Хасар

Энэ иу хийсэн дээ ингэж их бииэ тоосон иум бэ. Байдагаас их дээрдэхгүй хошногоо бүлтийтэл дуулагч л биз дээ.

Зочин
Зочин
2024-08-17 23:02

Харанга Лхагваа их ухаан суужээ. Ойрын хэдэн жилд ийм сайхан ярилцлагатай таараагүй юм б.а. Өөрөөсөө 10 насаар ах нартай хамт өсөж хүмүүжсэн з�##�уу гэдэг нь үнэн. 60 аад оны ах нар мундаг үеийнхэн шүү. Гэхдээ УБ ын дээд зиндаанд �##�ь эрт ороод удсан хүн ийм амьдр�##�ын олон өнгө будгийг ялгаж с�##�гаад ярихтайгаа шүү. Хар т�##�д нь ч байлдаж явлаа. Улаан т�##�д нь �##��##�цаж явлаа гэдэг шиг санагдлаа.

Даруу бай. Адууныхаа хирээр исгэр
Даруу бай. Адууныхаа хирээр исгэр
2024-08-18 04:03
Reply to  Зочин

Тэнэг төрсөн тэнэг чигээрээ үхнэ гэж үг бий.

Уншигч
Уншигч
2024-08-24 08:10

Ухаантан минь эх орныхоо төлөө юу хийсэн бэ? Ядаж л эх оронч сэтгэлгүй гар байгаадаа чи!!!

Зочин
Зочин
2024-08-17 23:12

Мундаг эр юмаа. Хүндэлж явдаг шүү Лхагваа ахаа

heart land
heart land
2024-08-18 09:04

Бурхан гэдэг дор мухар сүсэг гэдэг мунхаг нэг ойлголт,Ертөнцийн бүх юм дор бүртээ Түүний нэг Эс гэдэг Гэгээрэлт нэгэн түгээмэл ойлголт бий.....Тий учирлахуй дор Харангын Лхавгааг ойлгож хүндлэгчид нь Бурханы эрүүл Эс мэт,үл ойлгож үл хүндлэгсэд нь хорт хавдрын эс мэт харагдмой.....!!!!!!!!!!

Ч. Туяа
Ч. Туяа
2024-08-18 09:13

Ёстой гоё байнаа. Дорноговийн охинтой сууж хүүтэй болсон гэж сонсоод ёстой эр хүн гэж шүтэж байлааштээ.Одоо Кайлас хүрсэн гэж уншаад бахархаж байна. Надад Мулдашевын 1-р боть бий. 2,3-ыг нь олж авья. Би ч бас Хүн-Байг�##�ийн шүтэлцээг номлогч, үлгэрч, домч өвөөгийнхөө сурга�##�ыг даган явахыг хичээж байгаа ч эмэгтэй хүн болохоор хүч чад�##� муутай байна. Гэтэл аугаа дуучин д�##�д хүслийг маань сэрээчихлээ.... Баярл�##�аа, Дуучин Лхагвасүрэнд, сэтгүүлч охинд.....

bitgiibhutsgulguu
bitgiibhutsgulguu
2024-08-18 09:34

chi hen yum be uuriiguu burhan gej bodson uu ...har tamhichin shorongiin hulgaich min shorongoosoo garch irchiheed darand hun dairch alsan bug chutgur shuu dee.mongolchuud duugiig sonsohgui bh estoi...buzartana shuu.tegeed naadah chin ulburch uhne

Зочин
Зочин
2024-08-18 12:34

Том том хуцсан атаархууу аминчхан хамаг баялгаааа нам дагасан өлөнгүүдэд ногоон автобусааа хуучнаар солиулсан ждү нүүрс гээд тонуулж байхтааа таарсан гуйлгачин улныхан чацаганууд ихдэээ бүүү тооо

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2024-08-18 14:43

Тэгвэл таны тэр бурхан чинь базаахгүй л бурхан байна даа, христос шашинтан минь.

Ebe
Ebe
2024-08-18 16:50

Soliotoi ulun har tamhichin piz da

Irgen
Irgen
2024-08-18 17:27

Burhan tgul er huniig bas une tsenegui yugiin butersen bn helj uguch neeh l em hunii une tsene yrisan hun l ywahiin tiim mundag tugs gegeersen huwilgaan bolloo yu ta

Зочин
Зочин
2024-08-18 18:17

Харангын Лхагва гэгээрч дээ…гэж ойлгов!

Уулын өвгөн
Уулын өвгөн
2024-08-18 18:38

Лхагваг гадна үзэмжээр нь харах нэг өөр дотоод сэтгэлийг харах бүр ч өөр юм бна.Цаг өнгөрч нас ахих тусмаа улам л ухаажиж яваад гүнээ т�##�архаж бна.Эрхэм дууч дүүд эрүүл энх уран бүтээлийн ундарга оргилуун зүрх сэтгэл хайраар дүүрэн эх орныхоо иргэн байх өлзийтэй ерөөл өргөе

Зочин
Зочин
2024-08-18 19:29

Нохой долоо б�##�дууш нь хар азрага битгий энгэж солиорч бай хөгшин төгцөгнүүд юу тоглох юм

Зочин
Зочин
2024-08-19 09:08

Гадаад улс орны тухай ам мэдэн бураагүй бол ч дажгүй л гэхээр байлаа. Даанч их мэдэмхийрч орос украйны дайныг хөндсөн нь юу ч мэдэхгүй гэдгээ нотлов.

Зочин
Зочин
2024-08-19 09:55

Грё дуулдаг'мэдлэгийн хүрээ өргөн,уншиж суд�##�ж бяс�##�гадаг мундаг дуучиндаа амжилт ерөөе.

Зочин
Зочин
2024-08-19 11:49

Их сайхан ярилцлага байна. Харахад ч Дуучин маань их энгийн хүн шүү

Наран
Наран
2024-08-19 13:52

Бурханы шашин л гэх юм .Бурханы шашин гэж яг ямар шашиныг бурханы шашин гээд байгаа юм?Монголчууд д�##�ай ламын шашиныг Сидхарта буюу бурхан буддын шашин гэж андуур ч төөрөлдөж дагаад 400 гаруй жил болсон( соцын үеийн 70 жилээс бусад )Цаад төвд өвгөний чинь шашин нь Сидхартагын бурддын ухаан буюу шинжлэн үзэх буддизм биш шүү дээ .

Зочин
Зочин
2024-08-19 16:13

Өөрөө өчнөөн эмэгтэйчүүдээр тоглочхоод одоо ингээд хуцаад сууж бх гэж

Зочин
Зочин
2024-08-19 16:41

2 хүн �##�сан бил үү дээ . хүмүүс мартсан уу

Lantu
Lantu
2024-08-19 17:37

Эмэгтэйчүүд бол ердөө бүтэхгүй дорд гарууд сардаа сарын юм ирсэн гээд өмхий үнэртүүлээд нээх ууртай юм байж байдаг

Уншигч
Уншигч
2024-08-24 08:06
Reply to  Lantu

Чи чинь харин хаанаас гарч ирсэн тийрэн бэ??? Эмэгтэй хүнээс лав төрөөгүй бололтой!!! Доод ертөнцлүүгээ үтэр түргэн �######�сугай!!!

Зочин
Зочин
2024-08-20 08:36
Reply to  Lantu

чи тэгээд юунаас төрсөн бол таарч байна даа ?

Зочин
Зочин
2024-08-20 08:38

Амьдр�##�д �##�даж, онож үзсэн хүн ийм л байдаг, юу ч хийж �##�даж онож үзээгүй хүн хүнийг шүүмжилж муулж сэтгэлээ хоололдог юм байна.

Зочин
Зочин
2024-08-20 17:16

Сайхан хоолойтой, сайн дуучин гэж бодож сонсож явснаас ийм ухаантай, амьдрахын утга учрыг ингэж сэтгэж ухаарч ярьж хүнийг бас сэнхрүүлж бишрүүлж чадах мундаг хүн юмаа, Харангын дууг шүтэн биширч сонсдог шүү, баярл�##�аа сайхан ярилцлага уншлаа, 40 жилийн ойн тоглолтыг үзнээ

Зочин
Зочин
2024-08-23 09:40

Сайхан ярилцлага болжээ. Нарыг хайрла дууг сонсохоор цаанаа л нэг сайхан мэдрэмж төрдөг. Ийм учиртай сүнслэг амьтай дуу байжээ. Өөрийгөө бас мэдрэмжтэй юм бн гээд ойлгоод дөвийлөгчлөө ккк.Бүх дууг нь сонсдог миний хувьд аугаа дуучин.

Зочин
Зочин
2024-08-26 22:45

Үнэхээр уха�##�аг, арай л өвөрмөц хүн дээ

Холбоотой мэдээ

Back to top button