Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: И.Сүнжидмаа Улаанбаатарт ирж, БНСУ-ын эмнэлгийн шаардсан үзлэг, оношилгоонд орлоо

-Эхний ээлжид үзүүлэх эмч нарыг оллоо. Лхагва гарагт эхэлнэ. Тэгэхээр маргааш Улаанбаатар луу гарвал зүгээр байна аа.

-За, ойлголоо.

-Хотод ирвэл ангийн багшийндаа байх хэвээр үү?

-Болно оо, би багштайгаа ярья.


И.Сүнжидмаа охиныг сурвалжилсны дараа БНСУ-ын Квандон их сургуулийн харьяа, Гэгээн Маригийн эмнэлгээс хариу ирсэн. Тэд охиныг үнэ төлбөргүй эмчлэх боломжтой төдийгүй онгоцны тийзийн зардлыг ч даая хэмээсэн нь анхаарал татсан юм. Харин эмч нарын зөвлөлөө хуралдуулахын өмнө И.Сүнжидмаагаас хэд хэдэн төрлийн үзлэг, шинжилгээний бичиг шаардсан.

Улмаар найдвар гэрэлтсэн учраас солонгос эмнэлгийн шаардлагыг биелүүлэх хэрэгтэй боллоо. Биднийг тархины СТ, бүтэн биеийн MRI оношилгоо хийлгэхээс гадна нүд, сонсгол, мэдрэл, хэл ярианы эмчид үзүүлэхийг хүсжээ. Мөн генетикийн эмчийн тавьсан тодорхой оношийг эхний ээлжид шаардсан.

Тухайн үед И.Сүнжидмаа охинд 25 сая төгрөгийн хандив цуглаад байв. Цаг авна, дугаарлана гэхгүй үзүүлбэл энэ цугласан мөнгөнөөс багагүй хорогдох тул улсын эмнэлгийн эмч нартай ярилцаж, тохирох шаардлагатай байлаа. Ингээд эхний ээлжид цаг гарган үзэж өгөх ЭХЭМҮТ-ийн эмч нартай ойлголцоод, И.Сүнжидмаа руу утас цохисон нь дээрх бөгөөд долоо хоногийн өмнө юм.


Ийнхүү сүүлийн өдрүүдэд И.Сүнжидмаа ЭХЭМҮТ, “Гялс” төв, УГТЭ-ийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүллээ.

Энэ хүрээнд бид И.Сүнжидмааг,

  • Генетик
  • Мэдрэл
  • Зүрх судас
  • Бөөр
  • Мэс засал
  • Эрүү нүүрний гажиг заслын эмч нарт үзүүлж, холбогдох шинжилгээг хийлгэн, ЭХО-д харуулснаас гадна тархины СТ оношилгоонд орууллаа.

Генетикийн эмч И.Сүнжидмааг нэмэлтээр зүрх судас, бөөр, мэс засал, эрүү нүүрний гажиг заслын эмч нарт үзүүлэхийг санал болгосон юм. Түүнчлэн генетикийн хувьд нарийн үзүүлэлт гаргах кариотипын шинжилгээ авлаа. Тус шинжилгээний хариу нэг сарын дараа гарах юм.

Харин И.Сүнжидмаагийн тагнай цоорхой төрж, өдгөө өөрөө нөхөгдсөнийг эс тооцвол дээр хүрээнд эрүүл мэндийн өвчлөл одоогоор илрээгүй нь сайн хэрэг.

И.Сүнжидмаагийн хувьд танин мэдэхүй болон хэл яриа, мэдрэл, бөөр, зүрх судасны үйл ажиллагаа хэвийн байна.

Харин урьд өмнө генетикийн эмчид үзүүлж байгаагүй. Иймд кариотипын шинжилгээний хариу хэрхэн гарах нь анхаарал татаж буй.

Одоогоор И.Сүнжидмаад тавиад буй ганцхан тодорхой онош нь нүдтэй холбоотой. Тодруулбал, нүдний эмчид үзүүлэхэд түүний хараа тааруугаас гадна Congenital Eyelid Colobama буюу зовхины гаж хөгжилтэй гэж оношилсон байна.

Манай улсад бүтэн биеийн MRI оношилгоо хийдэг эмнэлэг цөөн, охины буцах цаг ч ойртсонтой холбогдуулан энэ хэсгийг л орхиж таарсан. Улаанбаатар хотод тус оношилгоог хийх эмнэлэгтэй холбогдон, цаг бичүүлсний дараа дахин Говьсүмбэр аймгаас авчрахаар төлөвлөв.


И.Сүнжидмааг Улаанбаатар хотод байрлах, эмнэлэгт үзүүлэх бүхий л хугацаанд хамт байлцсан ангийн багш С.Батхишигт талархал илэрхийлмээр байна.

С.Батхишиг дизайн, технологийн багш. И.Сүнжидмаа өөрөө хувцас загвар зохион бүтээгч, дизайнер болох мөрөөдөлтэй.

С.Батхишиг Улаанбаатар хотын төвөөс нэлээд зайдуу байх гэртээ охиныг байлгаж, гэр бүлийн гишүүн шиг нь асарч, халамжилж байв. Хөлд ороогүй ач хүүгээ тэврээд, халуун наранд, автобусаар И.Сүнжидмааг ЭХЭМҮТ, УГТЭ, “Гялс” төвд авчран, бүтэн дөрөв хоногийн турш үзлэг, шинжилгээнд оруулж тусалсан юм.

Бид И.Сүнжидмаагийн ангийн багш С.Батхишигтэй цөөн хором ярилцав.

Видео ярилцлага:

-Манай И.Сүнжидмаа ангидаа ямар охин бэ?

-Маш нийтэч, хөдөлмөрч сайн охин. Дизайн, технологийн хичээлдээ сайн. Өөрөө ч энэ чиглэлээр мэргэжил эзэмших мөрөөдөлтэй учраас би илүү тулж, анхаарч ажиллахыг хичээдэг. Манай ангийнхан И.Сүнжидмаагаа огт ялгаварлаж харьцдаггүй, сайн хүүхдүүд.

-Их засаг их сургуулийн харьяа, Дүрслэх урлаг, дизайн технологийн сургуулиас охины дөрвөн жилийн сургалтын төлбөрийг даах шийдвэр гаргаснаа илэрхийлсэн шүү дээ?

-Тийм ээ, бид энэ мэдээг дуулаад маш их баярласан. И.Сүнжидмаа маань энэ жил бүх хичээлдээ 90-ээс дээш үнэлүүлэх амлалт өгсөн байгаа (Инээв). Би ч мэргэжлийн хичээлд нь илүү анхааръя гэж бодож байна.

-Ангийн багшийн хувьд сурвалжилгын дараа хандивын аян өрнөж, БНСУ-ын эмнэлгээс нааштай хариу ирүүлээд буй явдлыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Магнай хагартлаа л баярласан. Миний амьдралын хүнд асуудал шийдэгдэж буй аятай л хүлээж авсан. Тийм болохоор чадах бүхнээрээ туслахыг хүсэж, Улаанбаатарт үзлэг шинжилгээнд ороход нь дагуулж явлаа. Миний охин мөрөөдлөө биелүүлж, сайн хүн болоорой.

Харин И.Сүнжидмаагийн хувьд “Би өөртөө илүү итгэлтэй болсон. Бас үнэхээр их баяртай байгаа. Хөөрхөн болчихвол мөрөөдөл бүхнээ биелүүлэхэд минь ямар ч саад учрахгүй. Надад туслахыг хүссэн, хандив өргөсөн бүх хүмүүст маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн ангийнхаа багшид, ангийн найзууддаа, гэр бүлдээ, бүх дотнын хүмүүстээ талархлаа илэрхийлье” хэмээсэн юм.


И.Сүнжидмаа охиныг Улаанбаатар хотод ирээд байх үед хандивын мөнгө 30 сая төгрөгт хүрлээ. Австрали улсад ажиллаж, амьдардаг Ө.Батсайхан ажлын хамт олноо нэгтгэж, нийт зургаан сая төгрөг цуглуулснаа энэ өдрүүдэд хандивлаж таарлаа.

Ө.Батсайхан утсаар холбогдоод “Танай сурвалжилгыг үзээд би маш их уйлсан. Чадах зүйлээрээ тусалж, дэмжмээр санагдсан. Бидний цуглуулсан мөнгө ийн зургаан сая төгрөгт хүрээд байна. Охинд яаж өгвөл зүгээр вэ?” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Тэрбээр мэндчилгээ дэвшүүлж, бусдад гэнэтийн бэлэг барьдаг “Үүл уул” хуудсын админд хандан, зургаан сая төгрөгийн хандиваа И.Сүнжидмаа охинд өглөө.


И.Сүнжидмаагийн кариотипын шинжилгээний хариу гарч, мөн бүтэн биеийн MRI оношилгоог хийлгэсний дараа бүх үзлэгийн бичиг баримтыг Квандоны их сургуулийн харьяа Гэгээн Маригийн эмнэлэг рүү явуулна. Улмаар эмнэлэг эцсийн хариугаа бидэнд мэдэгдэх хүлээлттэй байна.

ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний гажиг заслын тасгийн эмч нарын мэдэгдсэнээр, И.Сүнжидмаад багагүй хүнд төрлийн мэс ажилбар хийх өндөр магадлалтай. Иймд эмчлүүлэхээр явлаа гэхэд БНСУ-д хэд хоног байрших, зөвхөн гоо сайхны чиглэлийн бус, эрүүл мэндийн ямар тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болох нь тодорхойгүй юм. Тийм учраас И.Сүнжидмаа охины хандив зогсох бус үргэлжлэх нь бидэнд ихээхэн чухал байгаа.


И.Сүнжидмаа аав, ээжийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд амьдардаг. Ээж Ж.Одгэрэл нь гэр бүлийнхнээсээ өөр царайтай төрж, өнгөрсөн хугацаанд гадуурхал, хүнд бэрхийг бишгүй үзсэн юм. Гэвч түүнд охин үр заяасан. Охин нь түүний царайг өвлөж төрсөн болохоор Ж.Одгэрэл бидэнд “Би бүх зовлонгоо мартсан. Өөрийн туулсан бүгдийг л охиндоо үзүүлмээргүй байна” хэмээн ярьсан юм.

Мөн долоон жилийн өмнө Ж.Одгэрэл нь нөхөр Ж.Идэртэйгээ танилцсан. Ж.Идэр бүрэн хараагүй нэгэн тул эхнэр, охин хоёрынхоо царайг хэзээ ч харж байгаагүй. Хувь тавилангаар учирсан энэ гэр бүл ахуй амьдралаа дутуу гуцуу гэж голдоггүй. Ерөөс “Охин маань л гоо сайхны мэс засалд орж, хөөрхөн болчихвол бидний хэрэг бүтнэ” гэдэг.

И.Сүнжидмаа хэдхэн хоногийн өмнө төрсөн өдрөө тэмдэглэж, 16 нас хүрсэн. Улаанбаатар хотод байх хугацаандаа хичээлийн хэрэгслээ бэлдлээ. Хамгийн сүүлд буюу өчигдөр (2024.08.19) УГТЭ-т тархины MRI оношилгоо хийлгээд, тэр өнөөдөр гэртээ буцаж байна.

Бид шаардлагатай үзлэг, шинжилгээг хангаад, Квандон их сургуулийн харьяа Гэгээн Маригийн эмнэлэг рүү явуулж, ирсэн хариуг уншигч та бүхэндээ дахин мэдээлэх болно. Сайхан сэтгэлт та бүхэнд И.Сүнжидмаа охины өмнөөс мөн талархаж буйгаа илэрхийлье.

Хандивын данс: 5992134619 (Ж.Идэр), ХААН БАНК

ВИДЕО:

Анхны сурвалжилга буюу “Охиноо л хөөрхөн болгож, өөрийн туулсан зовлонг үзүүлмээргүй байна. Би бол бүгдийг мартсан" контентыг ЭНД ДАРЖ уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-20 13:02

Сайн байна Тэнгисээ
Улам сайн сэтгүүлч болоорой

Zochin
Zochin
2024-08-20 14:07

En survaljlagiig hiisen setguulch nartaa bayrlaa

иргэн
иргэн
2024-08-20 14:51

ХӨӨРХИЙ ОХИН ХЭВИЙН БОЛООД НИЙГЭМТЭЙГЭЭ ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АМЬДРАХ САЙХАН ЦАГ ОЙРТЖЭЭ.АМЖИЛТ ХИЧЭЭГЭЭРЭЙ ЧИ ЧАДНАА АМЖИЛТ МОНГОЛЧУУД ЯДАРСАН ЗҮДЭРСЭН НЭГНЭЭ ИЙНХҮҮ ӨӨД НЬ ТАТДАГ ТУСАЛДАГ УХААЛАГ АРД ТҮМЭН ШҮҮ БАЯРАЛЛАА ХАНДИВТ АЛЬ ЭРТ НЭГДСЭН БАЙГАА.

Зочин
Зочин
2024-08-21 00:39

Ohin min chi chadnaa. Hen ch harsan huurhun ohin bno gedegt itgeltei bn. Setgeliin tenheetei bgaarai. Amjilt shuu!

Зочин
Зочин
2024-08-22 14:33

Huurhiiduu ohin huuhed hagalgaand hurdhan orood huurhun bolchoosoi
Amjilt

зочин
зочин
2024-08-23 07:48

Хэчнээн их х�##�уун дулаан сэтгэл вэ! Эгүүр сайт болон сэтгүүлч Тэнгист маш их баярл�##�аа. Үзэг нь хурц, үйлс бүхэн нь санасанчлан бүтэж явахыг ерөөе!❤️

Зочин
Зочин
2024-08-25 06:03

Сайхан сэтгэлтэй үнэнч агшид нь баяр хүргэе. Ийм л байдаг даа. Монголд ийм сүүн багш зөндөө бусад хүмүүс бидний ц�##�ингаар амьдрах гээд үзээсэй. Бид ц�##�ингаасаа шавь нартаа үзэг б�##� дэвтэр номны мөнгө гаргачихна... Эрүүл болоод ирээрэй. Амжилт амьдр�##�ын гэгээлэг бүхнийг хүсье

Холбоотой мэдээ

Back to top button